Дэлхийн казахууд Баян-Өлгийд чуулж,
аймгийг Алтайн Дубай болгож хөгжүүлнэ гэжээ
Баян-Өлгий аймгийн наадамд Казахстанаас нэг дуучин хүүхэн ирээд, Монгол улсын төрийн далбаанаас зуурч шонгийн бүжиг хийв, бас наадмын үйл ажиллагаа гагцхүү казах хэлээр явагдсан тул монголчууд юу ч ойлгосонгүй, бас ерөнхийлөгчийн элчийг хүндэтгэсэнгүй гээд л шуугиан дэгдээд байна.
Тэрхүү шонгийн бүжиг хийсэн хүн нь Казахстаны ардын жүжигчин, Макпал Жунусова гээд л их л тохитой томоотой, намбатай эмэгтэй байдаг юм байна. Казахстандаа ардын болон “зохиолын” дуу дуулдаг, рок попын ч хүн биш, ер нь шонгийн бүжиг хийхээр хүн огт биш юм билээ. Харин яагаад Монголд шонгийн бүжиг хийчив?
Макпал дуучин юмны учир мэдэхгүй, гэнэн цайлган нэгэн бус. Нөхөр нь Казахстаны том улс төрч агсан. Эмгэнэлтэй нь, зэрлэгээр жанчуулж, дараа нь алагдан, энэ хорвоог орхисон юм билээ. Жунусова хатагтай нөхрийнхөө улс төрийн залгамжлагч маягтай, харин ч улс төр, учир жанцанг сайн мэдэх хүн. Ямар нэг бэлгэдлийн алхам хийсэн нь тэр юм болов уу. Тэнд Монголын төрийг байхгүй болгоно гээд, далбааг нь унагах гэж ноцолдоогүй байлтай.
Түүнийг дуулж байхад зарим хүмүүс эсэргүүцэж, түрхэрсэн бололтой. Казахстаны хэвлэлд, үзэгчид дуучин руу тэмүүлэхэд цагдаа арай гэж тогтоон барьсан гэжээ. Эсвэл хатагтайд баяр хүргэх гэсэн хүмүүс түрхрэв үү. Дуучны хачирхалтай авир аашийн дараа олон түмэн хийморь лүндаа гутна гэж эвгүйрхээд, төрийн далбаанд хүндэтгэл үзүүлж чадахгүй болсон аж.
Казах хэл мэдэхгүйн учир, үнэхээр зарим монголчууд маань тэр бүрий зүйлийг ойлгоогүй аж. Хэвлэл дээр гарсан мэдээллүүдийг үзэхэд тийм сэтгэгдэл төрөв. Уг нь Баян-Өлгийд энэ жил жирийн нэг наадам болоогүй, их том баяр наадам болсон. Дэлхийн казахуудын чуулган зэрэгцэн зохиогдлоо. Аймгийн 70 жилийн ой боллоо.
Газар газрын олон казахууд хуран чуулсан нь, дан казахаар наадмыг хөтлөхөд нөлөөлсөн байж болно. Ер нь төрөөс энэ мэт арга хэмжээг, хэлний хувьд хэрхэн хөтлөн явуулж байхыг тогтоож өгүүштэй. Монгол хэлээр хөтөлбөл олонх болох казахууд ойлгохгүй. Хоёр хэлээр хөтөлнө гэвэл, аливаа арга хэмжээ хоёр дахин урт болж сунжрах нь мэдээж.
Дэлхийн казахуудын чуулганы хүрээнд өргөн хэмжээний янз бүрийн л наадам, хурал зохион байгуулагдсан юм билээ. Арван мянган хүний багтаамжтай цэнгэлдэхэд 20 мянган хүн цуглаж байсан аж. “1860 оноос хойш казахууд Монголд суурьшин ирсэн итүүх”, “Оспан-Батыр” , “Бүх казахуудыг Казахстанд нүүлгэн ирүүлэх тухай” зэрэг эрдэм шинжилгээний хурал болсон.
Үндсэн чуулганы явцад Баян-Өлгийд үйлдвэрлэл хөгжүүлэх, мэргэжлийн ажилчид бэлтгэх, Казахстантай шууд холбосон зам тавих, Дорнод Казахстаны их сургуулийн салбарыг байгуулах, Монголын Баян-Өлгийгөөс бусад газар оршин сууж буй 60 мянга орчим казах хүмүүсийг эх соёлоос нь холдуулахгүй байх гээд өөр асуудлууд ч яригдсан.
Баян-Өлгийн МАА, эрдсийн түүхий эд Хятад, Орос руу аливаа боловсруулалтгүйгээр, нэн хямд үнээр гарч буйд хуралдагсад их зовнижээ. Аймгийн ихээхэн хэмжээний түүхий эд дээр суурилах үйлдвэрлэл хөгжүүлэх, амьдралын төвшинг эрс дээшлүүлэх бүрэн бололцоотой гэж дэлхийн казахууд үзсэн аж. Алс хэтдээ Баян-Өлгий Монголын хамгийн өндөр хөгжилтэй газар болж мэдэх нь ээ.
Оросын Кош-Агач районоор дайруулан 32 км зам тавихад л Баян-Өлгий, Казахстан хоёр шууд холбогдох юм байна. Кош-Агач өөрөө ч казахуудын район аж. Өлгийчүүд Казахстан орох нь бидний Эрээн орохоос хавьгүй амар хялбар болох юм байна.
Дорнод Казахстаны их сургуулийн салбарын хичээлийн, дотуур байр, стадион баригдаж байгаа. Баригдаж дуусахыг хүлээлгүй, бэлэн байр ашиглан сургалт явуулах гээд багш нар ирчихсэн. Өлгийн залуус дээд боловсрол эзэмших гэж ийшээ тийшээ явах ямар ч шаардлагагүй болох гэнэ. Казахаар боловсролоо эзэмшээд л, аймагтаа юм уу Казахстанд ажиллана.
Улаанбаатар, Налайх, Ховд, Дархан, Эрдэнэт зэрэг казахууд олноор суудаг газруудад казах сургууль, соёлын төв, сүм барихад чухалчлан анхаарах аж.
Макпал Жунусова
Урьд бүх казахыг Казахстанд авчрахад л голлон чармайлт тавьж байсан дэлхийн казахуудын бодлого өөрчлөгджээ. Өссөн төрсөн нутагтаа олон казах хүн амьдарсаар байх болно гэдэг нь өнгөрсөн 20 жилд тодорхой хамрагдсан тул Казахстанаас бусад оронд буй казахуудын амьдрал, соёлын байдлыг оршин сууж байгаа орон нутагт нь дээшлүүлэхэд үйл ажиллагаа чиглүүлэхээр болж буй юм байна. Баян-Өлгий аймгийнхны хувьд түүхийн шинэ үе шат эхэлж байна гэхэд болно.
Дэлхийн казахуудын зүгээс дээрх бүх алхмуудыг Монголын төртэй яриад, гар хөлийн үсгээ зурчихсан гэнэ. Тэр аймагт казах талын маш их ажил хийгдэх нь. Харин монгол талын юу хийгдэж байна вэ. Юу ч хийгдэхгүй байгаа бус уу. Дарга нар маань ажлаа хөнгөвчлөх гэсэндээ ч тэр үү, харь улсуудад найр тавиад ч тэр үү, орон нутагт бүх эрхийг өгнө, Монголын төрөөс хамааралгүй болгоно гэх шахуу юм л солиордог болсон шүү дээ. Тэр нь ч амжилттай хэрэгжиж, орон нутгийн дарга нар гэх дураар дургиж, дунд чөмгөөр жиргэсэн, тусгаар тогтносон хан вангууд болоод байгаа. Хабыл даргын тухай гэхэд л юу юу яригддаг билээ дээ.
Баян-Өлгий харь улс шиг болчихжээ гээд л очсон монгол хүн бүр хэлж ирэх юм. Орчуулагчтай л явахгүй бол бүгд л “монгол хэл мэдэхгүй” гэдэг аж. Казахаас өөр үндэстэн хүн төрийн албанд томилогдон очвол, бүүрэлхүүлээд ажил үүргээ гүйцэтгэх аргагүй л болдог юм байх, тэр талаар элдвийн л мэдээллүүд дуулддаг.
Нөхцөл байдал тийм болсонд юуны өмнө манай нам засаг л буруутай. Орон нутгийг, ялангуяа үндэсний цөөнхийг онцгойлон анхаарах ёстой гэдгийг умартаж зөнд нь хаясан. Нам засаг маань өөрсдөө Баян-Өлгийгөөс явсан л байхгүй юу. Тэнд монгол хэлний сургалт, монгол-казах түмнүүдийн найрамдал нөхөрлөл, нэгдэл нягтралыг хөгжүүлж бэхжүүлэх ажилд оргүй алга болсон. Төр маань казахуудыг цааш нь түлхэж ирсэн бүлгээ.
Хэрэв Баян-Өлгий харь улс шиг болсон бол үүнд казахууд ч, монголчууд ч буруугүй. Тэд үүнийг хүсээгүй. Гагцхүү орон нутгийг зөнд нь хаях, төр засгаас холдуулан түлхэх, улс орныг хагалан бутаргах бодлого явуулж ирсэн дарга нар маань түмэн гэм нүгэлтэй гэдгийг давтан хэлмээр. Бүр хариуцлага хүлээх учиртай тодорхой хүмүүс нь байж байгаа.
Уг нь, Баян-Өлгий Ховд аймгийн хэсэг асан. Гэтэл оросууд Ховд аймгийг хэсэглэн тасчиж, шинэ аймаг байгуулгасан. Эхэндээ Баян-Өлгийд казахууд цөөнх, урианхай болон бусад монгол түмэн олонх байв. Мөн оросуудын заавраар Баян-Өлгийг монголчуудаас “цэвэрлэсэн” байдаг. 1990 оны дараа Баян-Өлгий Монгол төрийн хайр халамжийг төдийлөн үзэхээ байж (бусад орон нутгуудын адилаар), Казахстан, Турк зэрэг түрэг, лалын улсуудын хайр халамжийг илүүтэй үздэг болсон буюу.
Төр шиг төр байсан бол дэлхийн казахууд “Та бүхэн ийм алхмууд хийхийг дэмжиж байна. Гэхдээ тэд Монгол улсын иргэд учир эх орондоо бүрэн чөлөөтэй амьдарч ажиллахын тулд монгол хэл соёлыг эзэмшиж мэдэж, монгол түмэнтэй найрамдал нөхөрлөлтэй, нэгдэл нягтралтай байх ёстой. Тэгэхлээр та бүхэн казах талаас ийм тийм, бид монгол талаас ийм тийм зүйл хийж, харилцан уялдаатай хамтран ажиллая” гэх ёстой байсан байхгүй юу. Хэрэв тэнд монгол талаас гэх юу ч хийгдэхгүй байсаар ахул, нэг л өдөр автономи болъё, тусгаар тогтноё, Казахстантай нэгдэе гэвэл яах вэ? Дарга нар маань хор найруулаад, авлигаан хийгээд, зөвшөөрвөл яах вэ? Цаашдаа 20 аймаг маань ч хөвөрч цувраад алга болох бус уу?
Казах бол Монголтой яахын аргагүй ахан дүү ард түмэн юм. Овог аймгууд нь бараг адил бүтэцтэй, Алтан ургийнхан захирч байсан, эрт үед нэг байгаад тасарч салсан тийм л ахан дүүс. Монголчууд бид Дундад азийн стан улсууд болон Афганистантай стратегийн холбоотон байж, Европын холбоо гэдэг шиг Төв Азийн холбоог байгуулах учиртай гэж би санал дэвшүүлсэн. Нэгэн улсын харъяат монгол казах бид бүр ч илүү нэгдэл нягтралтай, нэгэн өрх бүлийн ахан дүүс байх учиртай.
Элгэн садан нүүдэлчин ард түмнүүдийг эвдрэлцүүлэх гэсэн оролдлого, явуулгуудыг шүүмжлэн бичихэд минь, хутган үймүүлэгчид харин намайг “хоёр ард түмний хооронд яс хаяв” гэж гүжирдэх гэдэг. Тийм биш гэдгийг нийтлэлүүд минь бэлээхэн гэрчилнэ.
Үнэндээ Баян-Өлгийд тэр шонгийн бүжиг, элдэв таагүй явдлууд тохиолдоогүй ч байж болох юм. Юу үнэн бэ гэвэл, нүүдэлчин ахан дүүс эвтэй найртай, амь нэгтэй явбал ямар ч дайсанд дийлэгдэхгүй гэдэг л үнэн.
Ч.Мөнхбаяр
MMX.VIII.III
P.S. Энэ матэриалыг бичиж байхад Монголын ислам шашинт байгууллагуудын ээлжит чуулган явагдаж байв. Чуулганд, Күвэйтэд суугаа элчин К.Сайран, Түрк, Саудын Арабын төлөөлөгчид оролцохоор иржээ. Дэлхий улам л давчуухан болж байна шүү, таминь ээ.
P.P.S. Энэ үгүүлэл Интэрнэтэд нийтлэгдэхээс (сонинд нийтлэгдсэн) өмнө, Баян-Өлгийд очсон О.Магнай улс төрчийн яриа олонд хүрлээ. Тэрбээр, "Баян-Өлгий Монголын Косово болох нь байна. Казахуудын нам байгуулагдах гэж байгаа гэнэ. Энэ асуудлыг ҮАБЗ-д хэлэлцсэн агаад, тэр талаарх нууц матэриалыг УИХ-ын казах гишүүд задруулан түгээж, байдлыг улам хурцатгаж байна" гэв.
No comments:
Post a Comment