Tuesday, September 14, 2010

А.Гизаби: Хазарчууд маань сайн яваа нэгнийгээ “монгол” гэдэг


7.31-нд санаа нийлсэн бидний хэдэн нөхөд хазарчуудын эрх чөлөөний төлөө тэмцэгч, үндэсний хөдөлгөөний нэрт зүтгэлтэн Акрам Гизаби, Монголд суралцаж буй хазар оюутан, “Hazaras in Mongolia” сайтыг хөтлөгч Гулам Аббас нартай уулзсан юм. Үндэстэн судлаач, “The Mongols” сайтыг эрхлэгч Алхана Болд ах, үзэл санаа нэгтэн, “Hazara Changezi” сайтыг эрхлэгч АНУ-д буй Д.Бямбахүү дүү нар Д.Гизаби гуайтай намайг эчнээгээр танилцуулж, холбож өгснөөр энэ уулзалт явагдсанд талархаж байна. Болд ах өмнө нь А.Гизаби гуайтай уулзсан байсан тул, энэ удаад би үндэсний холбогдолтой санал төслүүд болон, андуудтайгаа нийлэн байгуулалцсан Дэлхийн монгол хэлтнүүдийн утга зохиолын нийгэмлигийн (ДМХУЗН) талаар нөхөдтэйгээ (ДМХУЗН-ийн ГЗ Д.Цогбадрах, УЗГ Я.Мөнхжаргал) хамжин нэлээд ярьж танилцуулав. Болд ах яриаг орчуулж өгч их тус хүргэхийн зэрэгцээ, нийтийн дунд өрнөсөн чөлөөт ярилцлагад идэвхтэй оролцож байлаа. 

Гизаби гуай:
-Би өвөг дээдсийнхээ өлгий нутагт ирж, эртний хүсэл мөрөөдлөө биелүүлэв. Надад харь оронд аялж явна гэх бус, Хазар орондоо суух мэт дулаан дотно сэтгэгдэл төрж байна. Үнэхээр бид ахан дүүс гэдгийг мэдэрлээ. Монголчууд хазаруудын талаар, санасныг бодоход хавьгүй ихийг мэдэж байна. “NTV” ТВ-ийнхэн (ангийн анд М.Буянбадрах нарын маань “Монголоо хайсан Монгол” цуврал нэвтрүүлгийг хэлж байна. Зох.) үүнд их их хувь нэмэр үзүүлсэн биз ээ. Тэднийг Афганистанд байхад бид тусалж байсан, харин тэд биднийг Монголд урин ирүүлж, тусалж байна.
Миний бие Хазар, Монгол түмнүүдийн хооронд найрамдал нөхөрлөлийн элч, зууч болъё гэж бодож байна. Монгол нөхөдтэй тодорхой зүйлүүдийг тохиролцлоо. Бизнэсийн хамтын ажиллагааны нөхцлийг бүрдүүлэх; оюутны солилцоо, Монголд хазар оюутан сургах явдлыг нэмэгдүүлэх; Монголд жимс ногооны аж ахуйг хөгжүүлэх, жимс экспортлох; Монголоос исламын стандартын дагуу мах бэлтгүүлж, Афганистанд импортлох зэрэг чиглэлээр ажил хэрэг хийгдэх болно. Энэ нь хазар, монгол түмэн танилцах, ойлголцох, ойртон нягтрахад дөхөм болно шүү дээ.
Дэлхийн монголчуудын холбооныхонтой уулзаж, чухал асуудлуудыг хэлэлцэх бодолтой байгаа. Дэлхийн монголчуудын холбооны тэргүүн Ц.Гомбосүрэн бид найзууд байгаа юм гэв.
Бид хоёр түмнийг ойртуулах тодорхой ажлуудыг нь сайшааж, Дэлхийн монголчуудын холбоонд хазарчуудыг элсүүлж, хазар нарыг монгол туургатны өнөр бүлд багтаах нь онц чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэж, Ц.Гомбосүрэн даргатай уулзахад нь туслахаа илэрхийлэв (Уулзалтаас хойш удалгүй холбож өгсөн). Би, бүх монгол туургатныг нүүлгэн ирүүлж нэгтгэхэд чиглэсэн Уугуулшууллын тухай; бүх монгол туургатанд  хоёр улсын хоорондын гэрээ, давхар иргэнчлэлийн журмаар Монгол Улсын паспорт олгоно хэмээсэн Элэгшүүллийн тухай хуулийн төслийг танилцуулж; 2001, 2007 онд хазарчуудын тухай бичсэн үгүүллүүдээ үзүүлж; энэ бүхнийг Гизаби гуайд илүү сайн танилцуулах, төслүүдийг хазар хэл рүү орчуулахыг Аббас дүүгээс хүсэв. Мөн эрхлэн гаргасан “Нэр төр” сонин дээрх хазар өнчин хүүхдүүдийг авчирч өсгөх, Төв Азийн Холбоог Азийн 6 стан (Афганистан орно), Оросын Буриад, Тува, Алтай улсууд, Хятадын Өвөр Монгол, Шинжаан-Уйгур орнууд зэргийн бүрэлдэхүүнтэй байгуулах саналуудаа хэлэв. Бид ДМХУЗН-ийнхээ үйл ажиллагаанд хазар зохиолчдыг оролцуулах, Монгол-Хазарын мэдээллийн хамтын ажиллагааг буй болгож, эрчимжүүлэх талаар ярилаа.
Гизаби гуай бидэнтэй санал ихэд нийлж буйгаа илэрхийлж, асуудлуудыг хазар нөхөдтэйгээ сайтар судлан үзнэ гэв.
-Хазарууд сая саяараа хилийн чанадад сууж байна. Байгаа тухайн орнууддаа дүрвэгч, цагаач л гэгддэг, янз бүрийн гадуурхалтай учирдаг. Хэрэв тэдэнд Монголд уугуулших боломж олдвол сайн байлгүй яах вэ.
Элэгшүүллийн тухай төсөл ч бидэнд тустай юм байна.  Би бүр өнөөдөр ч Монголын иргэн болмоор л байна. Монгол руу зорчих, Афганистанд эрхээ хамгаалахад Монголын паспорт хазаруудад их хэрэгтэй. Гэхдээ Афганистаны ЗГ-т ийм асуудлуудыг дэвшүүлэхэд эрт байна. Учир нь, талибанчуудын дараа, “ардчилсан засаг тогтлоо” хэмээж, хазаруудыг төрийн үйл хэрэгт оролцуулж эхэлсэн ч, аажимдаа паштун улс төрчид манайхныг төрөөс шахан түрж, ахин үндэсний дээрэнгүй үзэл, ноёлох, уусгах бодлого руугаа хэлбийж байгаа. Одоогийн ЗГ дээрх саналуудыг хүлээж авах байтугай, хазаруудын эсрэг үйл ажиллагаа, суртал ухуулга явуулахад ашиглаж болно. 

А.Гизаби гуай Хазарын Юсүфи баатрыг дурсах цуглаан дээр

ДМХУЗН-ийн үйл хэрэгт хазар зохиолчид дуртайяа оролцоно гэж бодож байна. Манай Хазар олон зохиолч найрагчтай шүү гэж байлаа.
Бид, “Өнөөгийн Монгол улс оршиж буй түүхэн бүс нутгийг Халх гэх бөгөөд, бүх монголчуудын хувьд халх бамбай, нөмөр нөөлөг болж ирсэн зуун зууны уламжлал буй. Хазар түмний хувьд ч халх хамгаалалт болж чадах ёстой. Та бүхэнд өмгөөлж түших олон монгол түмэн ахан дүүс бий шүү. Мөн хазарчуудад бидний талаар ойлгуулж; бидэнтэй хамтран ажиллах, нэгдэн нягтрах чигтэй хүлээлт, эрэлт хүсэлтийг буй болговол үйлс маань улам урагшилна” гэхчлэн хэлэв. Чингээд Гизаби гуайгаас өөрийгөө болон хазар түмний байдлыг танилцуулан үгүүлэхийг хүслээ. Гизаби гуай:
-Та бүхэн улс үндэстнийхээ эрх чөлөөний төлөө тэмцэгч гэдэг нь харагдаж байна. Эрхэм зорилготой, ухамсартай тэмцэл гэдэг бол хүнийг амьтнаас ялгаруулах гол шинжүүдийн нэг гэж би боддог. Манай Хазарт “Тэмцэл, эсвэл үхэл” гэсэн нөхцөл байдал зонхилж ирлээ дээ. Тиймээс би насанд хүрэнгүүтээ л хазарчуудынхаа эрх чөлөөний төлөө тэмцэлд татагдан орсон. 
Гэхдээ их төлөв хазарчуудын дуу хоолой болж, мэдээллийн фронтод тэмцэж ирсэн. Хүүхэд байхдаа л хазар угсаатайн тул, дарагдаж хавчигдаж, миний өмнө байнга паштун хүүхдүүдийг шударга бусаар гаргаж ирэхийг үзэж, ард түмнийхээ зовлон бэрхшээлийг ойлгож мэдэрч ирсэн тул, боломж гарангуут л эрх чөлөөний төлөө тэмцэнэ гэж боддог аснаа биелүүлсэн. 
Манай Хазарын агуу баатар  Баба Мазариг багахан удирдагч байхад нь танилцаж, үзэл санаа, үйл ажиллагааг нь дэмжиж, сурталчлан бичсээр, хазарууд үндэстний эцгээ гэж хүндэтгэн дээдэлж, Аав (Баба) гэж өргөмжилдөг болохыг нь үзэж байлаа. Саявтар эрсэдсэн Юсүфи баатрыг ч олонд таниулахад би тусалсан. Хазарын үндэсний олон удирдагч, баатрыг зүй ёсоор алдаршиж мандахад  нь хувь нэмрээ оруулсан. 
Мөн хазар түмнийхээ тулгамдсан хурц асуудлуудыг, паштун нарын фашист бодлогыг дотоод гадаадад ойлгуулж сэнхрүүлэхийн төлөө их бичсэн. Энэ паштун улс төрчид нөхцөл байдлыг аялдан дагаж, монархист, коммунист, талибан, дэмократ гээд мөн ч олон хувирлаа; хазарыг ялгаварлан гадуурхах, уусгах устгах бодлого нь л ерөөс хувирсангүй. Тэгвэл хазарууд тэгж янз бүрийн баримтлалтай болж огтхон ч хувираагүй, үндэсний эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх тэмцэлдээ л үнэнч байж ирлээ. Тиймээс ч, Зөвлөлтийн түрэмгийллийн үед хазарууд маш ширүүн эсэргүүцэл үзүүлсэн. Харин паштунчууд оросуудтай нийлээд манийгаа даралцаж явлаа. 
Тэр бүхний тухай, нийтэлж нэвтрүүлэхэд зориулан бичиж байтал “Амэрикийн дуу хоолой” тэлэрадиостанцийнхан (VOA) надад хамтран ажиллах санал тавьсан. Пакистанд VOA-тай гурван жил хамтран ажиллаад байхад минь, АНУ-д ирж ажиллах санал тавив. Түүнээс хойш Вашингтонд 20 гаруй жил ажиллаж амьдарлаа. Тэгэхдээ хазар түмнийхээ төлөө тэмцэлд оролцсоор ирлээ. 
Би зургаан хүүхэдтэй, бүгд дээд боловсролтой, хоёр нь мастэр. Тэдэндээ би “Та нар хамгийн том байшин, хамгийн үнэтэй машин авч, хамгийн сайхан ажил хийж , хамгийн сайхан амьдар. Хазарууд хэн болохыг паштунчуудад харуул. Тэнд хазарууд нуруу бөхгөр явдаг бол, паштунчууд дарладаггүй газар гэдгэр явах ёстой шүү” гэдэг. Ер нь манай хазарууд дарлал хавчлага байхгүй бол сэргэлэн, амьдралын арчаа, овсгоо самбаатай улс. Гадаадад бол афганчууд дотроос хазарууд илүү өнгөлөг явдаг. Пакистанд бол мундаг мундаг бизнэсч, улс төрч, уран бүтээлчдийг олноор төрүүлж, нэр нөлөөтэй болсон. 
Талибууд Афганаас хөөгдсөнөөс хойш би дайсангүй, хийх зүйлгүй болсон мэт хэсэг сатаарсан тал бий. Хазарыг дарлах нь арилсан шиг түр зуурын үзэгдэл байсныг ч хэлэх үү. Тэр үедээ би хазар түмнийхээ уг язгуурын талаар, өнөөгийн нөхцөл байдлын учир шалтгааны талаар уншиж гарлаа. Унших тусам л, хазарууд бид монголчуудтай элгэн садан, ахан дүүс болох нь тодорч байв.

Зураг дээр: (сууж буй нь) Акрам Гизаби, 
(зогсч буй нь) Я.Мөнхжаргал, Ч.Мөнхбаяр, Гулам Аббас

Хазарчууд олон зууны турш дайсагнасан хүрээлэл дунд байв. Хазаруудыг устгах ариун дайн гэж зарлагдаж, өрнөж байсан. Хазарууд ч эрслэн босч, хүч тэнцвэргүй тулалдаанд эр зориг, дайчин чанараа харуулж ирсэн. Дайны үе, дарагдсан үеийн аль аль нь л аймшигт зовлон, хэрцгийллийг хазаруудад авчирч байсан. Чингис хаан, бусад залгамжлагч хаад, Монголын байлдан дайгууллыг лалын шашны эсрэг хамгийн муу муухай явдал хэмээн Афган, Иран, Пакистаны үзэл сурталчид байнга улиглаж ирсэн. Та нар тийм муу муухай өв, үлдэгдлээс бүрэн татгалзаж, паштунд уусах хэрэгтэй гэж дайрч давшилна. Өвөг дээдсийн маань алуурчид, лалын шашны дайснуудын үр удам хазаруудыг  устгаж, газрын хөрснөөс арчих хэрэгтэй гээд л бас дайрч давшилна. Мянга мянгаар нь алж хядна. 
Хазарын түүхийг судлах, бичих, тэр бүү хэл хазар соёл уламжлалаа дагах, хазар хэлээр ярихыг ч хориглож байсан. Хазар үндэсний сургууль гэж байхын аргагүй. Тэгэхлээр хазарууд монгол угсаа гарвалиа мэдэх боломжгүй төдийгүй, мэдэхийг оролдох нь аминд халтай. Одоо ч Хазарт бид монгол гаралтай гэж чөлөөтэй ярьж болохгүй. “Тийм сүрхий монгол юм бол та нар тэр Монгол руугаа зайлцгаа, тонилцгоо. Манай Афганаас явахгүй бол хүйс тэмтэрнэ” гээд л шинэ харгислал өрнөхийг үгүйсгэшгүй. 
Ийм  учир Хазарт монголчуудын тухай, Монголын тухай тун хангалтгүй мэднэ. Өөрийгөө хазар гэж хэлэхээс эмээдэг, паштун, пэрс гэдэг хүмүүс ч цөөнгүй. Монголтой ямар ч холбогдолгүй, эндхийн уугуул ард түмэн гэх нь ч мундахгүй. Үхэл амьдралын зааг дээр байгаа хүмүүсийн байдал хэцүү шүү дээ. 
Хилийн чанадад очсон хазарууд харин монгол угсаа гарвалиа эмээлгүй судалж тодруулж, хаа ч гэсэн монголчуудтай нөхөрлөж байна. Гэхдээ хилийн чанадад ч таагүй явдал бишгүй тохиолдоно. Иранчууд адилхан шиа шашинтай хэрнээ, цагаачлан очсон хазаруудыг ялгаварлан гадуурхаж, харин өөр, сунна шашинтай, дайсагнасан харилцаатай байдаг паштун, тажик нарыг илүүд үзэхийг яана. Зөвхөн угсаатны гарваль, Чингис хааны байлдан дагууллаас шалтгаалаад биш, арьсны үзлээс болоод биднийг хялайдаг. Арьсны үзэл туйлширсан газар өдгөө ч зөндөө байна шүү. Бидний монгол төрх тэдний дайсагналын шалтаг болдог.  Пакистанд хазаруудыг алж хядаж байна. Ер нь хазаруудын аль олигтойг гадаадад ч, дотоодод ч сорчлон алах, хорлох бодлого бөөнөөр нь устгах бодлогын оронд гарч ирж, их хөнөөл учруулж байна. Үүнээс болоод, АНУ-д ч хазар гэдгээ нууж дарж явдаг хүмүүс буй. 
Энэ нөхцөл байдлууд манайхныг монголчуудын тухай мэдэхгүй байхад, мэдэхээс эмээхэд ч хүргэдэг. Гэвч хазар бид байнга ингэж явж болохгүй. Бидэнд жинхэнэ анд нөхөд, холбоотон хэрэгтэй. Тэр бол Монголын ертөнц гэж би бодох болсон. Афганистан, Иран, Пакистаны улс төрчид бидний жинхэнэ анд нөхөд байсангүй. Чингээд Хазар Монгол түмнүүдийн хооронд элч, зууч, гүүр болъё хэмээн би ирсэн юм. 
Сүүлийн үед би Иргэний хөдөлгөөний намыг байгуулалцан, улс төрд идэвхтэй оролцож байгаа. Хазарчуудынхаа сайн сайхны төлөө санаж сэдэж, эхлүүлж, урагшлуулж буй ажил наддаа л ахдахаар их байна. Нэг эрхэм үйлс маань - монгол ахан дүүстэйгээ нягт хэлхээ холбоог тогтоох. 
Энд ирээд хазарчууд болон монголчуудад адил төстэй зүйл ямар их болохыг үзлээ. Манай хазарууд Эрийн гурван наадамтай төстэйгээр нааддаг. Бөх барилдана, гэхдээ цээж нүцгэн, өмдтэйгээр золгоно. Афганистаны бөхийн шигшээгийн ихэнхийг хазарууд бүрдүүлж ирсэн, Токиогийн олимпод хазар бөх тавдугаар байр эзэлсэн нь манай орны дээд амжилт байсан чинь, сая хазар тамирчин хүрэл авч, анхны олимпийн медалийг улсдаа авчирлаа.  Бас морь, тэмээ унаж уралдана, морины давхиан дунд харвах, буудах зэргээр цэц мэргээ сорино. Хазарчууд аливаад гоц сайн нэгнийгээ “монгол” гэж магтдаг гэв.
Түүнийг хазар түмний туулж ирсэн гашуун зовлонгийн тухай хүүрнэн байхад, миний бие 2007 оноос “Stop Hazara Genocide” хэмээх акци зохион байгуулна гэж санаж явсаар эс гүйцэлдүүлсэндээ гэмшин, далайд дусал ч болов нэмэрлэхсэн гэж бодож суув. Ярилцаад байхнээ, хазарууд бараг 20 сая болж таарав уу, үгүй юу. Тэр нь ч сайн юм. Тэд олон болох тусам л наашаа чигтэй хазаруудын тоо олон байх юм шүү дээ.
Г.Аббас биеийн хэсгүүдийг хазараар нэрлэн хэлэх нь бүгд монгол үг байв. Алс холын ард түмэн төрсөн биеэ монголоор хэлээд, сайн яваагаа монгол гэж нэрлээд, эрийн гурван наадмаар наадаад, монголчууд гэж хавчигдаад, монгол зүс царай, төрхийг огт өөр төрхтнүүдийн дунд хадгалаад яваа нь юуны учир вэ гэдэг нь ойлгомжтой бус уу?
Тэрбээр хазар хэлэнд монгол үг 10 хувийг эзэлдэг гэдэг, би энд ирээд үзэхүл 20-30 хувь байж магад шиг билээ гэж мөн хэлэв. 
-Манай хазаруудыг тэрроризм, хар тамхи, лалын экстрэмизм авчирна гэж болгоомжлох улс цөөнгүй тохиолдох юм. Аль аль нь хазар түмэнд байхгүй. Манайхны уламжлал, зан характэр өөр гэж Аббас ярив. Ер нь тэдгээрийг паштунчууд “хувьчлаад” авчихсан байдаг юм билээ л дээ. Тэр, уламжлал, зан характэр “өөр” гэсэн нь “монгол” гэсэн шиг л дуулдав.
Д.Цогбадрах маань “Ирландад байхдаа, хазарууд шагайг манай монголчуудтай адилаар нэрлэдэг, шагай нааддаг гэж сонсч байсан” гэвэл хазар нөхөд баталж, бүгд шагай ээлжлэн хаяж хөгжилдөв. 
Гизаби гуай миний санаачлагуудыг хүлээж авах, хэрэгжүүлэх нь хэр байдгийг сонирхоход: “Үзэл бодол нэгтнүүд маань л лав сайн, өргөн олон дунд зэрэг, дарга нар маш муу хүлээж авдаг гэх үү дээ. Гэхдээ энэ дарга нар чинь миний санааг хулгайлаад, өөр нэр хаяг өлгөөд,  би анх сэдэв гээд явж байдаг, хэрэгжүүлэх гэдэг тохиолууд цөөнгүй гарсан юм шүү. Зөвхөн дарга нар ч бус. Тэгэхлээр би бас ч гэж нийгэмд нөлөөтэй байна” гэхэд нөхөд “Санааг чинь хулгайлдаг нь тусгүй ч, нөгөө талаар хулгайлах тусам хэрэгжилтэд эергээр нөлөөлөх юм биш үү” гэхчлэн, инээд хөөр үүсгэж байв.
Энэ уулзалтыг зохион байгуулахад Цогоо найз маань их тус хүргэсэн бөгөөд А.Гизаби, Г.Аббас нарын нэрийг монгол уран бичлэгээр буулгуулан дурсгав. Цаашид хэлхээ холбоотой, хамтын ажиллагаатай байхаа илэрхийлж хаягаа солилцлоо, бид...
Юунаас болж хазарын гэноцид үүсэв? Түрэг, пэрс цуснаас болов уу? Үгүй ээ. Хазар түмэн монгол цустайгаас л болж, түмэн зовлон бэрхшээлтэй учирсан буюу. Монгол цус зовлон бэрхшээлийн бус, аз жаргалын шалтгаан байх ёстой. Үүнийг би уулзалтын үеэр хэлсэн. 
Энд ч монгол цустайгаас болж бид түмэн зовлон бэрхшээлтэй учирч байна. Монголчууд минь, нөхцөл байдлыг орвонгоор нь, үндсээр нь өөрчлөх хэрэгтэй болж дээ.
Ч.Мөнхбаяр
MMX.VIII.II

No comments: