Tuesday, September 14, 2010

“Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо!” киноныхны сонирхолтой түүх



Гол дүрийн залуу жүжигчдийн хувь заяа гунигтайгаар эргэжээ

“Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо!” /Слушайте, на той стороне!”/ гэж сайхан кино байдаг. Чимээний атак гээчийг хийж, өөр дээрээ гал дууддаг маш аюултай ажил үүргийг гүйцэтгэгч, зөвлөлт-монголын отрядын тухай. Бас уярам хайр сэтгэлийн тухай.
Кинонд тоглохоор Зөвлөлтөөс М.Ульянов, В.Сафонов, Э.Леждей, Л.Вайнштейн, С.Старикова, Г.Юхтин, В.Павлов, Л.Кулагин, Н.Жантурин гээд баахан од мичид, ардын, гавьяат жүжигчдийн десант Монголд бууж, олныг алмайруулж байж дээ. Монголоос Ганболд, Чойбалсангийн хүү Нэргүй, Чимэд-Осор, Дамчаа, Дамдинбазар, Сувдаа, Гантөмөр гээд дутахгүй одод мичид оролцсон гэж байгаа.

Гол дүрийн, Гэлэг хошуучийн дүрд тоглодог Э.Ганболд намтар түүх ихтэй хүн. Драмын театрынхан Сонгинод тоглолт хийхэд, манай хүн билет тасалсан агаад, сангийн мөнгөөр нэг шил архи авчихаж. Үүнээс болж донгодуулан, Соёлын яамны шийдвэрээр Сэлэнгэ рүү цөлөгдөх болоод, дургүй нь хүрээд сайн дураар цэргийн албанд мордсон чинь, шууд дэслэгч болгоод, Офицерийн ордонд ажилла гэжээ.
Гэтэл монгол-зөвлөлтийн кинонд тоглохоор шалгуулах хүмүүсийн тоонд нэр нь орчихож. Офицер формтойгоо явж очиход улс амьтан “Чи хэдхэн хоногт яаж цэргийн дарга болчихоо вэ?” гэж алмайран гайхаж байжээ.
“Отрядынхан”-тайгаа ингээд л хагас жил нөхөрлөж. Сафоновын хамт генерал формтойгоор бунхант индрийн, хүндэт гийчдийн дунд чимээгүй очиж зогсоод л зургаа авахуулчихаж. Ойролцоо байсан Данзан гэдэг генерал “ийм их гавьяа шагналтай, залуухан хэн гээч генерал вэ?” гэж ихэд гайхсан гэдэг.
Отрядын ахлагч Буровын дүрд тоглодог Сафонов бор дарсанд нэлээд дуртай нэгэн байж. Э.Ганболдтой архидаад, Ю.Цэдэнбал даргын “Найрамдал” медаль олгох ёслолыг тасалжээ. Зөвлөлтийн ардын жүжигчнийг архидуулж гэр орондоо хонуулсан, төрийн тэргүүнээ хүндэтгээгүй гэсэн шалтгаанаар Э.Ганболд гуайг маань намаас хөөн хэлмэгдүүлж дээ.
Тус киноны үйл явдал жүжигчдийн амьдралын бодот үйл явдалтай дүйцэж байсан нь сонин. Сафонов Леждей хоёр урьд нь хайр сэтгэлийн холбоотой /охин нь нэрт жүжигчин Е.Сафонова/ байсан ч тааралгүй салаад, энэ киноны үеэр эргэж нийлжээ. Тэднийг учраа олоход нь туслах гэж киноныхон бүгд эрвийх дэрвийхээрээ чармайжээ. Чингээд “Улаанбаатар” зочид буудалд хуримаа хийсэн аж. Сафонов ахин архи хэтрүүлэхгүй гэж андгайлж байж, Эльзатайгаа суусан бөгөөд, хэлсэн амандаа хүрчээ. Ийнхүү Э.Ганболд гуайтай савсан нь хамгийн сүүлийн уулт нь болж дээ.
Гэлэг хошуучид дурладаг адтай бүсгүй, түүнд санаатай залуухан байлдагч хоёрыг санана уу. Тэдний дүрийг бүтээсэн Светлана Старикова, Лев Вайнштейн хоёр бас дотносож дээ. Старикова Зөвлөлтийн хамгийн хөөрхөн жүжигчдийн /бас хамгийн сайхан хоолойтой/ тоонд орж байв. Вайнштейн ч хөөрхөнчүүдийн тоонд ордог. Даанч, Л.Вайнштейн тэр үеийн олон хүний адилаар, эсэргүү үзэлтэй, диссидент маягийн нэгэн асан тул, тэд ханилж суутлаа ойртож чадаагүй аж.
Яруу найрагч Ш.Дулмаагийн нөхөр, нэрт жүжигчин Э.Ганболд гуай олон ч кинонд тоглосон, дүр бүтээсэн гавьяатай нэгэн. Тэрбээр Юрий гэдэг нэртэй байсан ч, “Гурван найз” кинонд багадаа тоглоход нь нэрийг нь Ганболд болгон өөрчилжээ.
Кинонд тоглосон зөвлөлтийн жүжигчдийн ихэнх нь өдгөө бурхан болжээ. ЗХУ-ын ардын жүжигчин В.Сафонов /1926-1992/, ЗОУ-ын гавьяат Э.Леждей /1933-2002/, ЗХУ-ын ардын жүжигчин М.Ульянов (1927-2007), ЗОУ-ын ардын жүжигчин В.Павлов /1940-2006/, ЗКазахУ-ын ардын жүжигчин Н.Жантурин /1928-1990/, Л.Вайнштейн /1941-1990/ гээд л. М.Ульянов бол “Ворошиловын мэргэн бууч” гэдэг алдартай кинонд тоглосон шүү дээ, бас Г.Жуковын дүрийг 15 кинонд бүтээсэн гэж байгаа. Н.Жантурин гэж, япон генералын дүрд тоглосон, дандаа дайсан болж явдаг жүжигчин байв даа.
Л.Вайнштейн АНУ руу цагаачилж, тэнд таксины жолооч, рестораны хаалгач зэрэг ажил хийж, ядарч зүдэрч явсаар, 1990 онд кино бизнесийнхэн Оростоо буцаж ир гээд ашигтай санал тавихад сэтгэлийн хямралд автаж, бас буцахаар зэхэж байгаад, мафийнхны тэнэсэн суманд өртөж үрэгдсэн эмгэнэлт түүхтэй. Дурлалт бүсгүй С.Старикова нь мөн бүтэлгүй явдлуудтай учирч, тэр киноноос хойш дуу оруулагчаар л ажиллах болсон аж. Тэд ханилан ижилссэн бол юу ч болоо билээ…
Ч.Мөнхбаяр
MMX.VII.II

No comments: