Tuesday, September 14, 2010

ОХУ задарч байна



ОХУ дахь төр улсын эрхгүй цор ганц ард түмэн бол оросууд гэж мэдэгдсэн үндэсний үзэлтнүүд БНОрос Улсыг тунхаглав

Оросууд “Бидэнд импэрийн хараал туссан” гэж ярих нь буй. Учир нь, Москвагийн хаант улс эргэн тойрны ханлиг, хаанлигуудыг хүчээр нэгтгэн захирч улмаар Орос импэрийг байгуулснаас олон сөрөг үр дагавар үүдсэн. Жишээ нь, өнөөгийн Оросын субъектүүдийн эрхзүйн бүрэн ойлгомжгүй байдал. Оросууд өөрсдөө хуульзүйн үүднээс бол, төр улсын ямар ч эрхгүй үлдсэн нөхцөл гэх зэрэг.
ЗХУ задарч эхлэхэд, ЗОУ-ын задрал мөн эхэлсэн. Үүнийг тогтоон барихын тулд Сахаров академич тэгш эрхтэй Евразийн улсуудын холбоог байгуулъя гэсэн. Горбачев нар ССР, АССР-ийн эрхийг тэнцүүлж, бүгдийг холбооны улс болгоё гэсэн. Тэгсэн бол, өдийд ЗХУ, ОХУ аль аль нь байхгүй, 40 гаруй тусгаар улс үүсэх байсаан.

Зөвлөлт Оросын Ельцин тэргүүтэй удирдлага задралыг зогсоох гэж яаран сандран Холбооны гэрээ гэдэг баримт бичгийг зохиож, субъектүүдийн юу л гэснийг зөвшөөрсөн дүр үзүүлж, хам хум гарын үсэг зуруулж авсан билээ. Өдгөө бараг субъект бүр, ялангуяа үндэснийх нь гэрээг өөр өөрийнхөөрөө л ойлгож тайлбарлаж байна. Гэтэл Орос өөрөө юу ч биш болчихоод байна. ОХУ дотор Орос гэдэг субъект байхгүй, үндэсний шинж чанартай гэж заагаагүй, орос олонхитой мужууд л буй. Ийнхүү орос үндэстэн өөрөө төр улсын ямар ч эрхгүй атал, орос субъектүүдийн нэгэн болох Москватай гэрээ байгуулъя гэдэг юу ч биштэй гэрээ байгуулсан гэсэн үг бус  уу гэж бусад субъектүүд алмайран гайхах нь улам их болж байна. Зөвлөлт Оросыг ямар ч болов аргаар хадгалж үлдэх гэсэн яаруу улс төрчид Оросыг субъект биш, юу ч биш болгож орхижээ. Тиймээс, энэ улсыг Орос гэж нэрлэх ямар үндэс байна, тэр гэрээг хууль ёсны гэж үзэх ямар логик байна гэсэн асуултууд урган гарч байгаа аж. Орос тэр гэрээнд гарын үсэг зураагүй тул, Оросыг хасч ч болно гэх хүртэл абсурд гэмээр ч, ул суурьтай санаа ч цухалзах болов. Уг нь Сахаровын томъёолол илүү зүйтэй, алсын хараатай байж дээ.
Холбооны Гэрээг Үндсэн хуулийн хэсэг болгоно гэж асан ч, болгоогүй байна. Холбооны гэрээ ОХУ-ын Үндсэн хууль батлагдаагүй байхад байгуулагдсан. Яаруу орос улс төрчид Үндсэн хуулиар Холбооны гэрээг байхгүй болгоно гэж бодож боловсруулан, баталсан аж. Иймээс Холбооны гэрээ, Үндсэн хууль хоёр нь их зөрчилтэй, тиймээс ч гэрээг хуулийн хэсэг болгож чадаагүй. Ингээд, Холбооны гэрээ Үндсэн хуулийнх нь дагуу бол хууль бус, хүчингүй болжээ. Гэвч, тэр л баримтын үндсэн дээр ОХУ оршин тогтнож байна, холбооны гэрээг орос улс төрчид байхгүй болгож чадаагүй юм. ОХУ өөрийнхөө хуулийн дагуу, олон улсын хуулийн ч дагуу хууль бус, байхгүй улс ажээ!
Оросын АССР-үүд тусгаар тогтнолоо зарлаж эхлэхэд Б.Ельцин нар тэдний дэмжлэгийг хүлээх, тэднийг бүр цааш түлхчихэлгүй, торгоон тогтоохын тулд “Хүссэнээрээ л тусгаар тогтнолыг авцгаа!” гэж мэдэгдсэн.  Тэгж мэдэгдэхээс ч өөр аргагүй байв. Учир нь ЗХУ-ын хуулийн дагуу бол /ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарах тухай хууль/, хэрэв ССР ЗХУ-ын бүрэлдэхүүнээс гарвал, АССР нь хувь заяагаа өөрөө шийдвэрлэнэ гэсэн зарчим буй.
Өдгөө ОХУ-д БНУ, хязгаар, муж гэсэн гурван шатлалтай субъект байна. БНУ нь тус бүрийн онцлогтой, өргөн эрхүүдийг эдэлнэ. Дотроо автономын субъекттэй мужийг хязгаар гэх бөгөөд нэлээд эрхтэй. Муж бол өөртөө засах бараг эрхгүй, шууд Кремлийн тушаалыг л биелүүлнэ. Тэр хамгийн эрхгүй нь оросуудын субъектүүд болчихоод байгаа.
Өнөөдөр ОХУ-д Татарстан, Чечень гээд холбооны гэрээнд гарын үсэг зураагүй улсууд багтаж байна. Чеченийг нь хоёр дайн хийж байж хүчээр нэгтгэсэн. Тусгай хавсралттайгаар гарын үсэг зурсан Башкортостан байна. Бүх автономит мужийг автономит БНУ болгоно гэсэн атал Еврейн мужийн статусыг дээшлүүлээгүй. Дөрвөн автономийг /хоёр буриад/ устгачихлаа. Бүрэлдэхүүнээс нь Чукот гарсан атал Магадан хязгаар хэвээр. Энэ мэтчилэн, хаос ноёрхож байна. Холбооны гэрээнд холбоо, субъект гэж юу болохыг заагаагүйг ч хэлэх үү.
Үндэстэн-улсын /тусгаар тогтносон БНУ-үүд/, үндэстэн-газар нутгийн /автономит муж, тойрог/, захиргаа-газар нутгийн /хязгаар, муж, 2 хот/ гэсэн субъектүүд бий. Хязгаар доторхи автономи хязгаараасаа илүү эрхтэй байх мэт ойлгомжгүй зүйл буй. Субъектийн статус, газар нутгийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөрчилж болохгүй.
Автономит тойрог холбооны гэрээнд шууд орж, гарын үсэг зурсан гэдэг ч, төв бус, хязгаар тэднийг захирна. Чукот тойрог ганцаараа хязгаартаа захирагддаггүй.
Орос муж, хязгаарууд БНУ-тай эрхээ тэгшитгэнэ гэж их тэмцэж ирэв. Киров, Тула хоёр үндсэн хуультай болов. Вологда тусгаар тогтнолоо зарлав. Нижегород БНУ, Эрхүү Красноярск хоёр нэгдээд нэг БНУ, Архангельск бараг БНУ болно гэв. Новосибирскийнхэн Сибирийн БНУ-ыг, Екатеринбургийнхан Уралын БНУ-ыг хүсэв. Дон, Кубаньд БНУ-ын хөдөлгөөн өрнөж байна. Калининградчууд бүр Прүсс улсыг байгуулна гэнэ.
Зарим Орос мужийнхан  бүгдийг нь бага эрхтэй болго, бүгдийг нь газар гэсэн нэг засаг захиргааны нэгж болго, гурван шатлалт холбооны гэрээг устга гэж байна.
Холбооны гэрээг зохиогчдын нэг Н.П.Медведев: “Бид тэр гэрээг тун удалгүй Үндсэн хуулиар устгагдах түр баримт, түр арга хэмжээ гэж зохиосон. Гэвч субъектүүдийн байр сууриас болоод устгаж чадаагүй. Жил ирэх тусам, устгах нь улам хэцүү болж байна” гэжээ.
Орос юу ч биш болчихсон гэдгийг ойлгосон зарим хүн радикал арга хэмжээ авч байна. Зарим нь БН Орос Улсыг байгуулснаа тунхаглав. “Оросын ард түмэн төр улсын эрхтэй. ОХУ-ын хуулинд тэгтэл оросын ард түмнийг дурдаагүй. ОХУ дахь төр улс байгуулах эрхгүй цорын ганц ард түмэн бол оросууд” гэж тэд хэлдэг нь үнэний хувьтай. БНОУ үндсэн хуультай, ерөнхийлөгчтэй /В.Попов/, зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай. БНОУ-ынхан тэр бүү хэл хуулийнхаа дагуу нэг эрдэмтнийг цаазаар аваад байна. Тэд бусад БНУ-тайгаа нэгдэж нийлэх сонирхол багатай.
Ч.Мөнхбаяр
MMX.VII.I

No comments: