Tuesday, September 14, 2010

Ховорхон авьяастай сэтгүүлч, зохиолч, шинийг санаачлагч Ч.Мөнхбаяртай хийсэн онц сонирхолтой ярилцлагууд


Өөрийн чадварыг тал бүрээс нь нээхүйн талаар нилээд амжилтад хүрсэн сэтгүүлч, зохиолч Ч.Мөнхбаяртай уулзаж ярилцлаа. Тэрбээр Монголын Чөлөөт Ардчилсан Сэтгүүлчдийн Эвлэлийн анхны шагнал, сонинуудын оны шагналуудыг хүртэж байжээ. Мөн Монголын уран зохиолын 8 боть, “Монголын шилмэл өгүүллэг” антологид бүтээл нь орсон. Шог хошин зохиолын уралдаануудад түрүүлж байсан. Олны анхаарлыг татсан санаа санаачлагуудыг дэвшүүлсэн. Нийтлэлийн номууд бичсэн. Романы зохиогч, хэд хэдэн ном орчуулсан ба өөрийн чадварыг нээж ашиглаж яваа хүмүүсийн нэг юм.

Чадвараа зоригтой нээ, 
тэгвэл үр өгөөжийг нь заавал хүртэнэ

-Та сэтгүүл зүйд хэрхэн хөл тавьсан бэ?
-Би унших дуртай хүүхэд байлаа. Аав ээжийн захиалсан хэвлэлийг уншина. 3-р ангиасаа зөвлөлтийн хэвлэлийг захиалж уншиж эхэлсэн. Эхэндээ оросоор муу ойлгодог байсан ч, 10-р ангидаа “Филателия СССР” сэтгүүлийн уншигчидтай захидлаар харилцдаг болчихсон байлаа.
Тэгэхдээ, янз бүрийн сонин хэвлэл дээр гарсан сэтгүүлчдийн бичлэгийг амтархан, шохоорхон уншиж, эдэн шиг бичдэг болохсон доо гэж бодно доо. Болмоор ч юм шиг санагдана. Хүүхэд байхдаа үгүүлэл, шүүмжлэл маягийн юм бичиж сонин хэвлэлд аваачиж өгдөг байлаа. Сэтгүүлч ах эгч нар төвөгшөөсөн, уурласан, дургүйцсэн янзтай “Ийм нийтлэл байдаггүй юм”, “Ингэж бичдэггүй юм” гээд л хялайна. Яасан хилэнтэй, их зантай улс байгаав дээ. Одоогийнхон ч ялгаагүй дээ. Бичлэгийн шагналаас минь хороох гай гарч ирэх нь үү гэсэн улс л байдаг.
10-р ангидаа Шажинбатын “Элс цас” романыг шүүмжлээд “Утга зохиол урлаг” сонинд очсон чинь хожим нь олигарх болсон нэг ихэмсэг залуу “Ийм шүүмж байдаггүй юм” гээд бараг харсан ч үгүй ширээн дээр өөдөөс чулуудаж билээ. Ингэж урмыг минь хугалж байсан ч би бууж өгөөгүй. Харин ч заавал сэтгүүлч болно доо гэсэн бодол маань хүчтэй болдог байлаа.
10-р анги төгсөх жилээ би Монголын Сэтгүүлчдийн Холбооны дарга Л.Түдэвт сэтгүүлч болмоор байна, манай сургуульд хуваарийг нь ирүүлж өгөөч гэж захидал бичсэн. Дараа нь Л.Түдэв гуай уруу утасдахад тийм тийм хүмүүстэй уулз гэсэн. Гэсэн ч тэдгээр нь биесээсээ зайлуулж түлхсээр би гэдэг хүн өчнөөн хүнтэй уулзсан. Мундаг том хүн болж харагдах гэж аавынхаа пиджакийг өмсөөд л явдагсан. Гэр орныхноосоо үүнийг нууна. Учир нь намайг автын инженер болгоно гэдэг. Би өөр хүсэлтэй байлаа. Ингээд л нууцаар хөөцөлддөг, аав ээжийн ажил тарахад гэртээ ирчихсэн, гэмгүй царайлаад сууж байдагсан.
Гэтэл нэг эгчдээ ам алдсанаас болоод гэрийнхэн  мэдчихсэн. Сэтгүүлч болох үнэхээр дуртайг минь ойлгоод, хөөцөлдөх ажлыг маань өөрсөд дээрээ авцгаасан. Тэр жилдээ би хуваарь авч чадаагүй,надруу ирэх замдаа л алга болчихсон юм гэдэг. МУИС-ийн түүхийн ангид шалгалт өгөөд, арын хаалгагүй учир оноогоо луйвардуулж, “улаан шугамны” дор орсон. Нас хүрээгүй тул цэрэгт явсангүй. Харин ирэх жил нь хуваариа авч чадлаа. Уг нь би сэтгүүл зүйн холбогдолтой нэг ч юм хэвлүүлж амжаагүй  байсан юм шүү дээ.
Гэтэл нэгэн нэр нөлөөтэй эрхэм агсан: “Конкурс өгөх гэж байгаа хүүхдүүдийг би судалсан. Гэтэл чи ажил эрхлэлтийн зөрчилтэй байна. Манай хүүгээс яавч илүү оноо авч болохгүйг сануулья. Илүү оноо авах л юм бол хэргийг чинь илчилнэ” гэж над руу ч, ээж аав уруу ч утасддаг байлаа. Сэтгүүлчдийн холбоо арван хэдхэн хүүхдийг 4 хуваарьт өрсөлдүүлэх тусгай конкурс зохион байгуулах болсон байв. Гэтэл тэр хүн уг арван хэдэн хүүхдийг нэгд нэгэнгүй мөшгисөн л байгаа юм даа.
Би ч илчлэгдэх вий гэж айгаад, өөрийн мэдлэгийг дарж, их эрсдэлтэйгээр хяналтын ажлаа бичиж өгсөн чинь нөгөө хүүхдийн араас 2-р байрт ашгүй орчихвоо. Уг нь Германы 4, Москвагийн 2, Ленинградын 2, Свердловскийн 2 гээд нийт 10 хуваарь байсан юм билээ. Гэтэл Германы, Москвагийн нийт 6 хуваарийг тас нууж том даргын хүүхдүүдэд конкурсгүй өгсөн. Надаас бага оноо авсан 2-ыг Ленинград руу явуулсан. Намайг болохоор хамгийн бага оноо авсан хүнийг илгээх ёстой байсан Свердловск гэдэг хаалттай хот уруу явуулсан.
Тэр хотод өөрчлөн байгуулалтын эмх замбараагүй байдал ноёлоод монгол оюутныг тоохоо ч байчихсан, манай оюутнууд ч нэлээд хэмжээгээр арилжаа наймаа, наргиан цэнгээнд татагдсан байсан. Гэтэл би сэтгүүлч болохыг л хүсч байв. 1990 оны хавар би, коммунист үзэл суртлын хичээл заалгахаас татгалзаж байна гэсэн өргөх бичгийг сургуулийн захиргаандаа өгсөнөөс гол нь шалтгаалаад Монгол руу шилжүүлэгдсэн. Гэтэл Монголд сэтгүүлчийн анги байхгүй гээд намайг МУИС-ийн монгол хэлний 1-р дамжаанд оруулчихсан. Уг нь би чинь Свердловскд 3 жил байсан хүн шүү дээ.
Монголд ардчилсан хувьсгал ялчихсан байв. Үймээн самуун, уналт доройтолд идэгдсэн Оросыг бодвол маш сайхан байв. Үеэл дүү Ш.Одонтөр ардчилсан хувьсгалын партизан,оюутны “Бамбар” сонины босс болчихож. Намайг хэдэн нүүр материал бичээд аваад ир гэхэд алмайран гайхав. Ноороглож ноороглож хэдхэн юм бичсэн, орчуулсан болж өгтөл “Өө, таныг хэдэн нүүр авчрах юм байх гэсэн чинь...” хэмээн урамгүй дуугараад халаасаа уудалж “Таны шагналыг шууд одоо өгчихье дөө” гэсэн. Өөрөө надтай хуучлах зуураа ноороглох ч үгүй бичнэ. Естой л нүүр нүүрээр нь бичээд тавьчихсан сууна. Дүүгээ бишрэв. Өмнө нь “Хөдөлмөр” сонинд дадлага хийж байхдаа редакцийн тушаасны дагуу шал дэмий хэд гурван л юм бичсэн надад ингэж итгэл хүлээлгэж байдаг. Урам зориг орж бичиж гарав. Харин ноороглодогоосоо салж чадахгүй л байв.
Гэтэл Одгоо дүү маань хувийн сонин гаргацгаая гэв. Монголын анхны хувийн сонин “Шинэ үе”-ийг 1990 оны 12-р сард гаргацгаасан даа. Цоо шинэ чөлөөт хэвлэлийн зарчмыг үүсгэхээр шийдэцгээж “Монгол хуваагдмал байна” гэж зоригтой бичиж, пан монголизмыг сурталчилав. Манайхны орж өгөхгүй байсан поп рок руу ч орцгоолоо. Дуулиан шуугиан хөөцөлдөж, би эмгэг анатомийн музей, задланг сурвалжилж, дүү моргонд явж ороод хүүр хөдлөн өндийхийг үзэж цочсон зэргийг одоо санахад инээдтэй. Яг сонин сайн зарагдахаа байсан үе таарсан нь харамсалтай. 20000 хувь хэвлүүлсэнийг ч хэлэх үү. Ингээд сонин гаргахаа болив.
Дүү маань хэл шинжлэл рүүгээ шимтэн орж, би сэтгүүлч болох мөрөөдөлтэйгөө үлдэв. Янз бүрийн сонин хэвлэлд материал өгнө. Ихэнхи нь гаргахгүй шүү дээ. 1991 онд МУИС-д сэтгүүлчийн анги нээгдэж, тийш оръё гэхэд онц сурлагатан намайг дуртайяа авав.
Манай ангид намайг бодвол хэдийнээ сэтгүүлч болчихсон Бат-Амгалан, Буянбадрах, Онон зэрэг ланжгарууд оржээ. Тэд бараг л бага ангиасаа “Улаанбаатар” сонинд материал бичиж нийтлүүлсээр олны танил болсон бөгөөд уг сонины зардлаар сурахаар ирсэн гэнэ. Манийг “энэ юу л болов гэж” гэсэн шиг ихэмсгээр харах нь хор шарыг бадраана. “Монголын залуучууд” сонинд дүү Ш.Одонтөрийн хамт нэг цалинг хувааж авахаар орцгоов. Эрхлэгч С.Батмөнхийн “Муухай монгол хүн” хэмээх номыг дүүртэл нь өрчихсөн, халаалт ч байхгүй нэг умгар жижиг өрөөнд орцгооход би хичнээн баясч байв даа. Даанч дүү маань сонинд орсныгоо, хэл шинжлэлийн хүрээлэнд оров хэмээн “эндүүрч” удалгүй халагдсан. Би ганцаар нөгөө өрөөндөө үлдсэн. Баяр бахдал намайг эзэмдэж байдагсан. Халаасандаа албан байгууллагын түлхүүртэй, өрөөндөө ганцаар суудаг. Тэгэхэд би 22 настай байв.
“Шинэ үе” сониныг гаргасан гэж үнэлэн, Алмас хочтой Ц.Батбаяр ах бид 2-ыг ажилд ор хэмээн ятгаж, Т.Даваадорж ах дэмжиж, С.Батмөнх эрхлэгч дор нь асуудлыг шийдэж байсансан. Гэтэл тэд бүгд бурхан болжээ, хөөрхий.
“Монголын залуучууд” сониныхон ажлаа бараг хийдэггүйг би алмайран гайхдаг байв. Ийм сайхан боломж байхад яаж ингэж чадна вэ гэж боддог байв. Өөрөө бол бичнэ, бичнэ, бичнэ. Эрхлэгч, редактор, ажилтнууд бүгд л намайг магтдагсан. Шуурхай зөвлөгөөн дээр эрхлэгч, ажилтнуудыг тархийг нь эргэтэл загнав. Харин намайг магтаж, үлгэр жишээ ав хэмээнэ. Таг дуугүй суусан ажилтнуудын ч нүд сэргэж, эрхлэгчийг дэмжин, намайг магтаж гардагсан.
Анд нөхөд болсон “Улаанбаатар” сонины 3 маань өөрсөд дээрээ хүрээд ир гээд Ү.Хүрэлбаатар эрхлэгчтэйгээ уулзууллаа. Манайд дадлага хийх нь үү гэхээр нь ажиллая л гэлээ. Бас нэг тал цалинтай болов шүү.
Хөгжилтэй байдал эхэллээ. Би “Монголын залуучууд” сонин дээр жаахан ажиллаж байгаад “Улаанбаатар” сонин дээр очиж ажиллана. Энэ 2 сониныхон хоорондоо ямар ч харилцаагүйг би мэднэ л дээ. Харин С.Батмөнх эрхлэгч маш өндөр шаардлагатай, сэтгүүл зүйн талаар коммунист маягийн төсөөлөлтэй хүн байв.  Ү.Хүрэлбаатар эрхлэгч бараг шаардлага тавьдаггүй чөлөөт байдлыг хөхүүлэн дэмждэг байв. Түүнд нь тааруулан ажилладаг би 2 сонин дээр ээлжлэн очихдоо 2 өөр хүн болж хувирна. Тун ч зугаатай. Бас ч гэж нууц агент ч юм шиг бахдалтай.
С.Батмөнх эрхлэгч намайг орлогчоороо авна, өөр ажилд шилжихээрээ местэн дээрээ тавина гэлээ. 2 сонинд зэрэг ажилладагтаа бантсан би бодож байж больё л гэв.
“Улаанбаатар” сонин дээр сууж байтал Ү.Хүрэлбаатар эрхлэгч “Чи л ганцаараа байж байна шүү! Ерөөсөө чамд бүтэн цалин олгож байх боллоо. Ний нуугүй хэлэхэд “Улаанбаатар” сонины ирээдүйтэй боловсон хүчин гэж чамайг би ер нь тоогоод байгаа шүү” гэлээ. С.Батмөнх эрхлэгч ч намайг ажил дээрээ ганцаараа байж байдаг гэдэгсэн. Тэр үед хууль ёсоор бол оюутан хүнийг жинхэнэ ажилтнаар авч болдоггүй байсан юм гэнэ лээ.
“Монголын залуучууд” сониныхон намайг дадлагын оюутан гэхчлэн хэлж байдагт нь миний дургүй их хүрнэ. Орлогч болохоор минь яах бол гэж бодно. Нэг удаа “Монголын залуучууд” сонины баяр Налайхад боллоо. Энэ үед л “дадлагын оюутан” гэсэн үгэнд онцгой их дургүйцсэн юмдаг. Магтаж сайшаадаг ч гэлээ, энэ үгнээс ер салахгүй шүү. Сэтгэлийн хөдлөлөөр, баярын дараа л энэ сониноос гарсан. “Улаанбаатар” сониндоо дагнан ажиллах болсон. Энд ажиллахад ямар ч сайхан байв даа. Найз нөхөд, хамт олон гээд л. 1992 оныг би амьдралынхаа хамгийн сайхан он жил гэж үздэг. Тэр онд би сэтгүүлчийн гараагаа ид эхэлж, сэргэн мандаж явлаа.
Ингэж л, сэтгүүлч болно гэсэн чин сэтгэлдээ хөтлөгдсөөр нэгэн чадвараа нээсэн дээ. Түүнээс хойш өдий хүртэл сэтгүүлч хэвээр л явна. Ямагт нууц нэрээр бичдэгийн улмаас хүмүүс намайг мэддэггүй. Гэхдээ би бичсээр л байгаа. Харин, хөлс мөнгө л өгвөл юуг ч “бичдэг”, хүн алахаас ч буцахгүй, сэтгүүлч нэрийг гутааж байдаг этгээдүүдийн үйлддэгийг хийж яваагүй юм шүү! Гагцхүү шударга үнэнийг л эрхэмлэж ирсэнээсээ би хэлбийхгүй, гуйвахгүй.
-Таны нэр “Монголын сүлд хийморийн гайхамшиг”, “Монголын 108 гайхамшиг” номууд дээр үзэгддэг. Ном бичих чадвараа яаж нээв?
-Урьд нь би ном бичихийг дааж давшгүй хүнд хэцүү ажил гэж үздэг байлаа. Гэтэл Батжаргал гэдэг найз маань ном орчуул гээд өглөө. Итгэж найдсанд нь баясаад, дор нь орчуулчихлаа. Хэд хэдэн ном орчуулав. Манлай найздаа анагаах ухааны амаргүй номуудыг ч орчуулж өгч байсан. Энэ нь надад хөдөлмөрийн сахилга бат, тогтвортой ажиллагааны дадал, ажлын тэсвэр тэвчээрийг суулгалаа.
Батжаргал маань, гадуур Хятадын фэншүгийн шашин дэлгэрээд мөн ч муу муухай юм болж байна даа, хоёулаа “Монгол фэншү” үүсгэе гээд санаагаа ярьж, ном бичихийг санал болгосон. Ингээд би үндсэн хэсгийг нь бичиж, найз маань шинэ дом, домын хэрэгслийн талаас нь бичсэнээр “Монголын сүлд хийморийн гайхамшиг” ном буй болсон. Би энэ номонд, монгол үндэсний шинэ шашны үзэл санааг, Мөнх хөх тэнгэрийг бишрэх шүтлэгээс ургуулан гаргаж ирэхийг зорьсон. Дараа нь найз маань номын үзэл санаан дээрээ тулгуурлан, тусгай төв нээн ажиллуулж үзсэн. Номын үзэл санааг маань дэмжсэн нэгэн залуу байнгын үйл ажиллагаатай тусгай төвийг Эрдэнэт хотод ажиллуулдаг гэж сонссон.
Үүний дараа найз маань Монголын түүх соёл, байгаль дэлхийн гайхамшигтайг харуулсан “Монголын 108 гайхамшиг” ном бичихийг санал болгож, санаа оноогоо хэлсэн. 108 үгүүлэлтэй, 2 дэвтэртэй, 600 гаруй зурагтай ланжгар ном болсон доо. Энэ номыг бүтээхэд дүү Мөнх-Эрдэнэ буюу Эрка дүү маань их тусалсан. Цаашид найз, дүүгийн хамт “Монгол гайхамшигууд”, “Монголын 88 гайхамшиг” номуудыг ч мөн бүтээсэн.
Сүүлийн үед Монгол, монголчууд бол язгуураасаа муу муухай, зэрлэг бүдүүлэг, тэнэг мунхаг, сөнөхөөс өөр тавилангүй гэж бичээд мэргэшчихсэн, үүнийхээ төлөө харь эздээсээ шан хүртэж гол зогоодог сүүлгүй ноход олноор буй болсон. Тэгвэл энэ ном маань бидэндээ Монгол эх орон шиг сайн сайхан нь үгүй билээ гэсэн санааг, хий хоосон уриа лоозонгоор биш. баримт нотолгоогоор илэрхийлсэн ном  юм.
Эдгээр номууд миний хувьд Монголыгоо судалж мэдэх нэгэн сургуулийг төгсгөсөн мэт үр ачийг өгсөн. Номтой ийнхүү холбогдсоноор, номын бизнес эрхэлье гэх санаа төрсөн. Түүнийгээ хэрэгжүүлж эхлэв.
Дүү Эрка маань ч ном бичдэг болсонд баясч явдаг. Кино сонирхогчийнхоо хувьд бичсэн “Дэлхийн шилдэг кинонууд” номоо хэвлүүлээд гаргачихсан гэж байгаа. Компьютерийн ном ч бичсэн. Дүү Мөнхзориг маань ч роман бичиж байсан, шүлэг үгүүллэг бичнээ, бас.
-Та уран зохиолын авьяас билгээ хэрхэн таньж, нээж, гаргаж ирэв?
-Би тийм авьяас билигтэй хүн биш шүү дээ. Уран зохиолд дуртай, бичих ч дуртай.
Аав ээж маань сургуульд ороогүй байхад л бичиг үсэг, тоо зааж өгсөн. Хүүхэд нас маань уран зохиол, зөгнөл мөрөөдлийн ертөнцөд умбаж шумбаж өнгөрсөн дөө.
1-р ангиа төгсөөд л зохиогчийн бяд чадал амтагдаад болоогүй юм байлгүй. “Эрвээхэй” гэдэг шүлэг бичээд л тавьчихсан. 2-р ангидаа эгэл нэгэн дунгийн тухай үгүүллэг бичсэн. 6-р ангидаа хүүхдийн зохиолч болъё гэж баахан юм эрээчсэн. Аль багадаа л зохиолч болно гэж шийдсэн юмдаг. 8-р ангидаа чонын тухай үгүүллэг бичээд уран зохиолын багшдаа үзүүлсэн чинь яруу найргийн “Нахиа” дугуйлан руу илгээсэн. Т.Очирхүү найрагч агсан, Д.Хүү багш нар удирддаг байсан даа. Шүлгийн талаар ойлгож авсан, бичсэн, ойшоогдсон. Т.Очирхүү багш манай Мөнхбаяр бол улс төрийн сайн шүлэгч болно ч гэлүү, иргэний уянгаар овоо явна ч билүү магтаад л байдаг байлаа.
Гэхдээ би шүлэгч болохыг хүсдэггүй, үргэлжилсэн үгч болохыг зорьдог байсан л даа. 9-р ангид орох зун, ямар ч гэм зэмгүй хүүхдүүд чамирхаж дэгжирхэж, ангийнхандаа болон охидод мундаг улс болж харагдах гэсээр байгаад хүнд гэмт хэрэгт холбогдчихдог тухай үгүүллэг бичээд зохиолч Дашдондогт үзүүлсэн чинь “Дүү минь чи хаанахын ямар зохиолоос хуулснаа үнэнээр нь хэлчих” гэж урман дээр минь ус асгаж билээ. Харин пионер, банди нарын зөрчлийн тухай шал дэмий үгүүллэгийг минь “Пионерийн үнэн” сонин дор нь хэвлэж байсан. 10-р ангиа төгсөөд нэг үгүүллэг бичиж, С.Пүрэв гуайд үзүүлэхэд “Нааштай тал байна, гэхдээ гурван жил бичсэнийхээ дараа хүрч ир” гэж байсан. “Намайг тэр багш тэгж ингэж зааж сургаж байж хөлийг минь дөрөөнд хүргэсэн” гээд л улсууд ярьдаг. Миний амьдралд яг тийм зүйл тохиолдсонгүй ээ. Тэр нь ч болж. Тэгээгүй бол хэн ч болчих байсан юм билээ. Зарим хүндэлж явдаг, ачтай тустай хүмүүсээ би багш, номын ах гэх нь бий л дээ.Жишээ нь, Ү.Хүрэлбатар эрхлэгч маань байж байна. 
Нэгэнтээ зохиолчийн ажил алба гэж Монголд үгүйгээс хойш, сэтгүүлчийн мэргэжлийг би сонгосон. Уралын хотод уйтгарлан суухдаа цөхрөлийн, егөөдлийн аясыг хослуулсан зүйл бичиж байдаг байв. Рок хөгжмийн аяз, нийгмийн эмх замбараагүй байдал, нэвтрэн орж ирж буй урлаг, уран зохиолын урсгалууд бичсэнийг минь тэр гэхийн тэмдэггүй юм болгочихно. Гэвч хамгийн гол нь бичих л хэрэгтэй гээд л, бичээд л байдаг байв. Харин нэг их бичиж байгаагүй. Боломжоороо л.
Эндээ ирээд, 1991 оны хавар “Юу ч биш” гэдэг модернист өгүүллэг бичив. Өрнийн уран зохиолын багш Төмөрхуяг агсанд үзүүлэхэд талархаж дэмжиж, Готовын Нямаа агсанд үзүүлэх хэрэгтэй гэсэн. Тэр сайхан хүн маш их урам өгч, “Чи бол зохиолч болчихсон хүн байна. Миний үгүүллэгийг уншаад санаа оноогоо хэлээдхээч” гэж байсансан. Уг нь тэрбээр “Цог” сэтгүүлд тавьж өгнө хэмээн баясгасан ч, тэр сэтгүүл 1998 он хүртэл гараагүй юмдаг.
Тэр хавар “Монголын залуучууд”-ынханд харуулахад, манай Алмас л мэднэ гэв. Тэрбээр “Зохиолын эхэнд буу гарсан бол төгсгөлд заавал буудах ёстой. Гэтэл энд тэгсэнгүй” гэж байсан. Харин эрхлэгч С.Батмөнх үзнэ гэж аваад, 1993 он хүртэл “үзсэн”. Манай “Улаанбаатар” сонины эрхлэгч Ч.Хүрэлбаатар “ажилтан бүр нүүр авч, хэн болохоо харуулцгаа” гэсэн. Тэр нь 1993 он л доо. Тэгээд би өөрийн  нүүрэнд үгүүллэгээ тавихаар Ү.Хүрэлбаатар эрхлэгчид өгсөн.
Гэтэл “Улаанбаатар” сонины нарийн бичгийн дарга Галсансүх маань түүнийг олж үзээд талархан дэмжиж, “Дебют” гэсэн тусгай булан нээж байгаад үгүүллэгийг маань сүр сүндэртэй тавьж өгсөн. “Кино” сонины эрхлэгч материал нийлүүлээч гэхэд нь Мэрилин Монрогийн тухай модернист өгүүллэгээ өгч орхисон. Гэтэл Галсаа яаж ч юм олж үзчихээд, дор нь нийтэлчихсэн. Намайг тэр их л дэмжиж байсан даа.
Энэ хоёр үгүүллэг манийг тухайн үеийн алдартан болгосон. Хүмүүс миний тухай ярьж, бичиж байв. УБИС-ийн эрдэмтэн багш С.Энхбаяр миний үгүүллэгийг заах хичээлийн программдаа оруулсан. Г.Нямаа гуай “Юу ч биш” үгүүллэгийг “Монголын уран зохиолын шилдэг 8 боть”-д оруулав. “Модернист Мөнхбаяр” л гэлцэх болов.
Саяхан би мухар олгойн хүндрэлтэй мэс засалд орж, гараад бие олигтой дээрдэхгүй, гэртээ сууж байв. Дэлхийд чөтгөрийн хүү төрж, бөөн гай тарьж байгаа тухай “Омен” гэдэг кино үзсэн юм. Гэтэл уг киноны үйл явдал Монголынхтой төстэй санагдаад, бас үргэлжилсэн үг бичмээр бодогдон, шууд л хэрэгжүүлсэн. Өвчнөө ч мартчихсан. Нэг мэдэхэд 4 cap өнгөрсөн, 300 хуудастай роман биччихсэн байв. Амьдралын минь хамгийн аз жаргалтай сарууд байж магадгүй.
Монголд чөтгөрийн хүү мэндэлж, хамаг бүхнийг доройтуулж байгаа тухай улс төр адал явдлын роман л даа. Одоо худалдаанд байгаа. Цааш нь үргэлжлүүлж, “Монгол Омен-2”, “Монгол Омен-3”-ыг ч бичих бодолтой байгаа.
Зохиол бичих ч мөн сайхан юм билээ дээ. Хамгийн сайхан ажил л гэж надад бодогдсон. Гэртээ сууж байгаа атал хаа л бол хаана аялаад л, сүүлдээ бүр баатрууд маань өөрийнхөө амьдралаар амьдраад надаас хамаарахгүй шахам болчихно.
-Та янз бүрийн содон санал санаачилга дэвшүүлж байсан. Тэр тухайгаа ярина уу?
-Тийм ээ. Латин үсгийн санаачилга анхных минь байх. Би хар багаасаа зөвлөлтийн юманд, большевик нийгэмд талгүй сонин хүүхэд байсан. Барууны зүйлс, чөлөөт нийгэмд л татагдана. Энэ нь латин үсэгт ойртоход нөлөөлсөн. Дөрөвдүгээр ангидаа нэг хэсэг хувийн тэмдэглэгээгээ латин үсгээр бичиж байсан. Янз бүрийн цаг үед л латин үсгээр бичиж байв даа. 10-р ангиа төгсөөд байхдаа монгол латин үсгийн анхны хувилбараа зохиосон. “Монгол орон латин үсэгт шилжчихвэл...” гэсэн романтик бодолд автаад л. Би ер нь элдвийг сэдэж, ямагт шинэлиг зүйл рүү тэмүүлж байдаг хүүхэд байлаа л даа.
1990 оны өвөл би нэгэн лекцэн дээр бүрмөсөн залхсан янзтай сууж байлаа. Тэр үед надад барууны залуусын протестийн, рокийн, хиппийн үзэл санаа ойр байсаан. Нийгмээс арилж өгөхгүй байгаа большевизм, нийгэмд төлөвшиж өгөхгүй байгаа ардчилал, шударга ёс -энэ нөхцөл байдал их л бухимдуулна. Тэгээд л энэ лекцэн дээр би шууд латин үсгээр бичиж гарав. 1991 оны хавар бас л протест, бунт хиймээр санагдаж, латин үсэгт шилжицгээе гэсэн уриагаа өөрийн зохиосон дүрмийн хамт нийтлүүлэхэд бэлэн болголоо.
Ингээд л үүнийг маань нийтэлж болох хэдэн арван хэвлэлээр гүйдэг ажилтай болсон. Онцгой тангараг тавьж хоорондоо тохирсон мэт, нэг нь ч үл нийтлэнэ. Бүх л хэвлэлийн шинэ дугаарыг горьдлого өвөрлөн, залбиран байж нээнэ, бас л урам хугална. Сэтгүүлч Цогзаяабаатар ах маань “Цоо шинэ үсэг, тоо зохиосон гээд нэг мэдрэл муутай хүн намайг бүр амраахгүй юм. Тэрийг нь би ойрын үед тавьж өгөх санаатай. Чинийхийг тэрнийг дагалдуулаад л тавьчихъя. Яг таарна” гэдэг байлаа. Хандлага ийм л байв.
Зарим сонин нь цаасгүй болчихно, зарим нь зураг буулгадаг хэвлэлийн плёнкгүй болчихно. Би хүлээсээр л. 1991 оны намар “Бодлын солбицол” дээр санаачилга маань анх нийтлэгдсэн. Өөрчлөн байгуулалтын сүүл үе, ардчилсан хувьсгалын дараахь хэдэн сард л нийгэм сонсголтой, хараатай байсан шиг. Дараа нь таг дүлий, юм үзэхээ байсан шиг ч бодогдож байв. Түүнээс хойш санаачилгаа бишгүй л нийтлүүллээ, баяр баясгалан авчирсангүй. Уншигчид дэмжиж байгаа нь ч, эсэргүүцэж байгаа нь ч эс мэдэгдэнэ. Яг л хад чулуу гэсэн үг.
1992 онд, “Улаанбаатар” сонинд байхдаа би латин үсгийн тухай материалын төлөө сониныхоо оны шагналыг хүртлээ. 1993 онд латин үсгийг сурталчилсныхаа төлөө, Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэлийн анхны шагналыг Ц.Элбэгдорж , Д.Цэрэнжав, Д.Төрмөнх, Хөвсгөлийн Пүрэвдорж зэрэг нэрт сэтгүүлчидтэй хамт авч явлаа. Эвлэлийн ерөнхийлөгч Ц.Дашдондов гуай латин үсгийг дэмждэг хүн байв. Миний байгуулсан нийгэмлэгийн гишүүн ч байсан.
1993 оны хавар Монгол латин үсгийн нийгэмлэгийг байгуулав. Билгүүн номч Ш.Гаадамба, хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ендон, шинэ үсгийн дүрмийг зохиолцсон Осор багш гээд л олон нэр төртэй хүмүүс нийгэмлэгт маань элссээн. Даанч нийгэмлэгийг маань яам бүртгэхээс татгалзсан. Монгол бичигт шилжинэ гэж байсан нь нөлөөлсөн байх л даа.
Нийгэмлэг байгуулагдсаны дараа л нааш анхаарал хандуулж эхлэв. Гэхдээ магтсан ч, муулсан ч нөгөө нэр хүндтэй гишүүдийг л дурдах юм уу, намайг нэрлэсэн ч, тэдгээр хүмүүсийн гар хөл болсон зарц боол мэтээр бичнэ
Тэр үед Монгол бичгийн кампани гэж нугалаа гаргаад байв. Ямар ч бэлтгэлгүй, нөхцөлгүй байхад нялх хүүхдүүдэд Монгол бичгийг хүчээр тулгаж, сургасан ч юмгүй оюуныг нь эрэмдэглэж, бичиг үсэггүй харанхуй болгож байсан харгис хэрцгий үйл явдал л даа. Энэ кампанийг хэрэгжүүлэгчид болохоор мөнгө хөрөнгө идэж завшихыг л гол болгоно, хувийн жаргал хөөцөлдөцгөөнө. Үүнийг би эсэргүүцэж их бичсээн. Анх дуугарахыг нь ч би дуугарч, гол бичихийг нь ч бичиж, хорт кампанийг зогсооход багагүй үүрэг гүйиэтгэсэн. Харин уг кампанийхан Мөнхбаярын ард ардчилсан хүчнийхэн зогсож байна л гэж бурдагсан. Өөрсдөө Ху намынхан л даа. Одоо тэдгээр гэмт этгээдүүд ял шийтгэлгүй өнгөрсөндөө эрэмшиж, хэрэг хуучрав хэмээн зоригшиж, дахин кампани өрнүүлнэ хэмээн өндөлзөх болсон нь харамсалтай. Идсэн завшсан нь дундарчихсан юм байлгүй.Монгол бичгийг би үндэстний минь нэгэн гайхамшиг гэж үздэг.Луйварчдыг бол үгүй.Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй юм. 
1997 онд нэгэн захирал эрхэм агсан намайг болон үеэл дүүг минь дуудаж, “насны хоолтой болгоно, латин үсгийн бичиг сачиг, элдэв материалаа авцар, нийгэмлэгийг чинь сэргээнэ, нийгэмлэгийн дүрэм зохио, зохион байгуулах хурал хий, латин үсгийг хэвлэл мэдээллээр сурталчил” гэсэн. Дүү бид хоёр хэлсэн бүгдийг нь л гүйцэлдүүлсэн. Энэ хэлсэн бүгдийг нь биелүүлэхэд латин үсгийг мандуулна гэсэн дарга нар юугаар ч туслаагүй. Одоо энэ Мөнхбаярын хэрэг гүйцлээ гэж хандсан. Өөрсдөө гадаад, дотоодоор зугаалсан, идсэн, уусан.
Ардчилсан намын санаачилсан луйвар бүхнийг Ху нам өлгөн авч, үргэлжлүүлдэг хойно доо. 2001 онд, Ху нам хүрээлэн дээр суурилсан нууц луйварыг таслан зогсоож, статистикийн газар дээр суурилсан луйвар сэдэвээ хөөрхий. Бас л намайг дуудсан шүү дээ. “Үндэсний латин бичиг зохионо, чамайг хамтын зохиогч болгоно, дүрэм мүрмийг чинь харна, бичсэн материалуудыг чинь ашиглана, толь зохиох ажилд дайчилна” гэсэн. Тэр үед би дүрмээ олон дахин шинэчилсээр нэлээн гайгүй болгочихоод байв. Миний 1999 онд зохиогчийн эрхийг нь авсан дүрэм суурь нь болсон нь, одоогийн энэ латин үсгийн албан ёсны цагаан толгой болсон дүрэм шүү дээ. Тэгээд л Мөнхбаярын хэрэг гүйцсэн, цаагуур нь улс амьтан идэж уугаад л сууж байгаа.
Хүн гэдэг сонин амьтан. Тухайн үедээ мачийн эсэргүүцэж, монгол бичгийг магтаад, идэж уухад нь ч оролцоод явж байсан хүмүүс, латин үсгийг дэмжээд, монгол бичгээ муучлаад, идэж уугаад л явдаг юм билээ. 2001 онд нэг сэтгүүлч бүсгүйд луйварчид латин үсгийг сурталчлах захиалга өгсөн чинь, цаадахь нь анх би латин үсгийн санааг дэвшүүлж байна гэж бичээд л баллаж өгсөн. Гэхдээ луйварчид үүнд эмзэглээгүй. Идэж уух нь л гол юм чинь. Харин луйварчин биш Мөнхбаярыг бол холдуулах л хэрэгтэй гэж байгаа юм.
Тэд хичнээн зуун сая төгрөг залгиад юу ч бүтээгээгүй. Харин би өдий хүртэл латин үсгийн дүрмээ боловсронгуй болгоод л, нийтлүүлээд л, сурталчилаад л явж байна. Би 1991 онд л дээгүүрээ тэмдэгтэй үсэг бий болгох санаа дэвшүүлсэн. Гэтэл тэд тэмдэггүй, нэг авиаг хоёр гурван үсгээр бичих үл гүйцэлдэх санааг ярьж ирсэн. Ер нь латин үсгийг мэдэхгүй, ямар нэг өөр хэлний цагаан толгойтой л хольж хутгасан хүмүүс байдаг шүү дээ. Цагаан толгой зохиох хурал дээр би тэмдэгтэй үсэг байх хэрэгтэй гэж хэлээд хэлээд нэмэр болоогүй. Тэмдэгтэй үсэгтэй болбол зардал нэмэгдэж, идэж уух юмнаас нь л хорогдоно гэж болгоомжилцгоодог юм билээ л дээ. Бас ажил нэмэгдчихнэ гэж түвэгшээдэг хэрэг. Монголоо нэг аятайхан латин үсэгтэй болгочихъё гэж бодохгүй шүү дээ.
Аль 1992 онд би тэмдэгтэй латин үсгийн нүүр гаргаж байв. Гэхдээ компьютерчдэд тийм үсэг ол, ийм үсэг хий гэхэд намайг Ангаригаас ирсэн хүн үзсэн юм аятай алмайрч, огтхон ч ойлгодоггүй байсан. 1992 онд дүү Эрка маань 8-хан настай байсан. 2004 онд 20 настай дүүдээ энэ санааг хэлсэн чинь дор нь ойлгож, шаардлагатай үсгийг шинээр хийж, гаднаас оруулж, кириллээс наашаа цаашаа хөрвөдөг болгочихсон. Ингээд би юуг ч өөрийн зохиосон латин үсгээрээ хэвлэж чадах болсон. Гэхдээ хараахан бүрэн чөлөөтэй хөрвөдөг болоогүй л дээ. Үүний тулд программист хэрэгтэй. Дүү маань компьютерийн инженер, график-дизайнч юм.
Намайг ингэж ахиж дэвшиж явахад, латин үсгийн талаар АН -ын болон, МАХН-ын асар их хөрөнгө зарцуулсан хоёр ч хөтөлбөр юунд ч хүргээгүй. Санал болгосон үсгээр нь бичиж болох ч үгүй. Толгойлогч нь латин үсгээр гадаад үг бичиж болдоггүй гээд сууж байна. Харин 20 жилийн турш латин үсгийн нэгэн чигт санаагаар явсан би зорьсондоо хүрэхэд ойрхон байна. Удалгүй нийгэм латин үсгийн луйварчдын хэн нь хэн бэ гэдгийг ойлгож, залхаан цээрлүүлж, хохирлыг барагдуулгаж, тэрхүү мөнгийг миний мэдэлд өгнө, харин би жинхэнэ хөтөлбөрийг гардаж хэрэгжүүлэх юм.
Миний бас нэг ач холбогдол өгч байгаа санаачлага бол уугуулшуулал. Энэ нь хилийн чанадын бүх монгол туургатныг улсдаа нүүлгэн ирж, уугуул болгоно, уугуулшуулна гэсэн үг. Олон улсын үгээр бол репатриаци.
Жинхэнэ эх оронч монгол хүн бүр элэг нэгтнээ авчиръя гэж боддог нь лавтай. Би ч мөн адил. 9-р ангидаа бичил панмонголист бүлгэм байгуулж байсан. Бүх монголчуудыг нэгтгэх нь социализмын үйл хэрэгт ач тустай гэж таарсандаа л сурталчилж явдаг байсан. Дараа нь социализм гээгдсэн л дээ. 2001 онд анх бүх монголчуудаа нүүлгэж авчиръя гэж уриалга гаргасан. 2006 онд уугуулшууллын тухай хуулийн төсөл зохиож, УИХ, Ерөнхийлөгчид өргөн барьсан, төслөө өргөнөөр сурталчилсаар ирлээ.
Ерөнхийлөгчийн ТГ-ынхан эхлээд овоо нааштай хүлээж авч, надтай хэдэн удаа уулзсан, гэхдээ дараа нь таг чиг болцгоочихлоо. Уг нь ерөнхийлөгчид толилуулах албан ёсны танилцуулгыг ч надаар зохиолгоод л сүрхий ажил хэрэгч байсансан. УИХ-аас гадаад иргэдийн холбогдолтой хуулийг шинэчлэхдээ судална л гэсэн, бас бүтэн жил таг. Саналыг маань булшлах гээд байна уу, үгүй юу.
Удалгүй би ахиж саналаа хүчтэй дэвшүүлнэ. Болохгүй бол жагсаал цуглаан хийсэн ч яадгийм. Панмонголистууд бүгдээрээ л саналыг маань талархаад байгаа шүү дээ.
Уугуулшууллыг эсэргүүцэх хүмүүс цөөнгүй, тэдэнтэй ярилцаад, шинжээд ирэхлээр, эсвэл харь гаралтан, хөлсний этгээд, эсвэл ухаан муутай байдаг. Үнэхээр буруу шүү гэх зөв зүйтэй хүн тохиолдсонгүй.
Тэр олон хүнийг яаж тэжээх вэ гэдэг. Манайхан чинь алт баялгаараа дэлхийг тэжээгээд байгаа биз дээ. Өөрсдийнхөнтэйгээ хувааж идвэл өлзийтэй байхгүй юу. Эрлийз хурлийз ирнэ ээ л гэдэг. Хуулинд бол эрлийз хурлийз авна гэсэн юм байхгүй шүү дээ. БНХАУ-ын иргэдээс монгол хэлний шалгалт авна. Тэгээд ч эрлийз хурлийз ороод ирлээ гэхэд Монголын хүн амд уусаад л цэвэршчихнэ. Монголоо гэсэн санаатай хүмүүс ирэх болох нь маш чухал. Ийм санаа манайд их л үгүйлэгдэж дутагдах болсон. Манайхан зүс царайнаас өөрийг бодохгүй байх нь олонтаа. Санаа, ухаан чухал шүү дээ.
Саяхан би ашигт малтмалын талаар уриалга гаргалаа. Уугуулшуулалд хэрэгтэй болохоор, ашигт малтмалын тэмцэлд аргагүй оролцлоо. Арслан нартай уулзаж, “Та нар ямар нэг компаний өмчөөс төрийн эзэмших хувийг нэмэгдүүлье л гэж тэмцээд байх юм. Хуулиа өөрчлөхийн төлөө тэмцэх хэрэгтэй ш дээ” гэхэд тэмцэгчид намайг ихэд дэмжиж, үг хэлүүлж байсан. 
“Монгол улсын хуулийг:
1-рт: Гадныханд үйлчлэх байгууллагын журам шиг байгааг болиулж, Монгол улс түмэнд үйлчлэх хууль болгоё.
2-рт: Монголын төр түмэн өөрсдөө бие даан ашигт малтмалыг эзэмших явдлыг тэргүүн эгнээнд тавьж үзэж, тал бүрээр дэмжих зарчмыг чухалчлан оруулъя.
“Монголчууд ашиглаж чадахгүй, хөрөнгө тэдэнд байхгүй” гэдэг үг бол харийн луйварчдын басамжлал, манай гар хөл бологчдынх нь доромжлол. Бусад улс гүрэн ордоо “барьцаалж” зээл аваад, үе шаттайгаар ашигладаг нийтийн жишиг буй! Бүгдийг өөрсдөө хийх боломжгүйд хүрлээ ч, хөлс мөнгийг нь өгөөд гадаадын компани, мэргэжилтнээр гүйцэтгүүлэх боломжтой. Ажлын хөлсийг нь шүү! Гэхдээ манай улс чинь нэг тэрбум долларын валютын нөөцтэй болсон шүү дээ, тэрийгээ хэрэглэе л дээ.
Энэ салбарт манай төр УҮГ байгуулах, үндэсний бизнесменүүд идэвх санаачлага гаргах, мөн бичил, бага уурхай үүсч хөгжихийг бодлогоор дэмжих ёстой!
3-рт: ашигт малтмалаас төсөвт орох ашгийг :
А. Монгол улсын хөгжилд нэмэрлэх хөрөнгө оруулалт,
Б. Ард иргэдийн амьдралын төвшин, нөхцөл байдлыг сайжруулах нийгмийн хөтөлбөрүүд гэсэн чиглэлээр хэтийн төлөвтэй зарцуулах зарчмыг мөн чухалчлан тусгах ёстой» гэсэн 3 гол санааг илэрхийлсэн уриалгыг 30 минутад бичиж орхиод, бүх хэвлэл мэдээлэл рүү илгээсэн.
Лав л нэг хэвлэл тавьсан байна билээ. Харин бусад нь нийтэлж, нэвтрүүлээгүй янзтай. Тэгсэн атлаа харийн луйварчдын хөлсний материалаар бүгд хахаж цацацгаахыг нь яана! Манайхан ийм л байна шүү дээ. Өөрсдийнх нь юмыг луйвардчихаад, өчүүхэн бичил хэсгээс нь өгөхөд л тэнгэрт тултал хуцацгаана гээч!
Миний өөр нэгэн санаачлага бол Монгол шашин. Энэ шашны хүчээр нийгмийн оюун санааг эрүүлжүүлэх бодолтой байна. Их хаан биетээр, хүчээр, үзэгдлээр, ухаарлаар, ямар нэг байдлаар эргэн ирж, гэмтнүүдийг хайр найргүй залхаан цээрлүүлж, заримыг нь яахав өршөөж, хулгай луйвар хийгээгүй мань мэтийг ивээн жаргаана гэхчилэн олон санааг энэ шашиндаа тусгах бодолтой явдаг. Ер нь олон санаа дэвшүүлсэн дээ.
-Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Төгсгөлийн үг болгож юу хэлмээр байна?
-Та намайг зөвхөн сайн сайхан зүйлээ ярь, хэн нэгэнд сайн жишээ болохуйцаар үгүүл гэсэн тул өөрийгөө баахан магтчихлаа. Уг нь би маш их нүгэлтэй хүн. Гэхдээ энэ дэглэмийн хэдэн арван мянган хулгайч луйварчных шиг тийм их нүгэлтэй байна гэж юу байх вэ.
Гэм нүгэлээ цайруулахын тулд ээж аав, дүү нараа өргөж асрахыг чармайна, улс үндэстнийхээ төлөө тэмцэж явах болно. Унтахын өмнө нүдээ аниад, хоёр зүйлийг төсөөлөхөд сэтгэл минь сайхан болж, улмаар зүүрмэглэж эхэлдэг. Тэр нь юу вэ гэвэл, тусгай сэнтий дээр суусан аав ээж, дүү нарыгаа толгой дээрээ өргөж, аагим халуун өдөр Алтайн өндөр уул өөд авирч мацаж явна гэх нэг төсөөлөл, ган төмөр баатар болчихоод гэмтнүүдийг гэсгээн цээрлүулэн, ял асууж байна гэх бас нэг төсөөлөл.
Миний өнөөдрийн яриагаараа хэлэх гэсэн санаа бол, өөрийнхөө ямарваа нэг чадварыг зоригтой нээж, гаргаж ирж байгаарай, ямар ч урт удаан хугацааны саад бэрхшээл тохиолдохоос ч бүү шантраарай, тууштай байгаарай, тэгэж чадвал, чадварынхаа үр өгөөжийг заавал хүртдэг юм шүү гэсэн санаа юм. Би чадварынхаа үрийг суулгаж, арчилж тордсоор ирсэн, одоо тэр моддын маань үр жимс боловсорч, ач тусаа өгөөмөр ихээр өгч эхлэхийн яг босгон дээр нь байгаадаа баяртай байдаг юм шүү.
Ярилцсан Н.Батжаргал

P.S. Найз Н.Батжаргал маань 2007 онд эрхлэн гаргасан "Өөрийгөө нээхүйн гайхамшиг" номондоо энэ ярилцлагыг надтай хийж, нийтэлж байсан юм.

1 comment:

Sansar Choinyambuu said...

Сайхан ярилцлага байна. Та ч багаасаа л их өвөрмөц хүүхэд байж дээ. Би ч багадаа эг дэлхийг эргүүлчмээр ч юм шиг санагддаг үе байсан шүү