Sunday, June 28, 2009

Аборт гэж амьд ургийг хэсэг хэсгээр тасчин тарчилгахыг хэлнэ


Хорт бодлоготон Монголд абортыг чөлөөтэй болгосноор 600 мянган монгол үрсийг тамлан хяджээ


МУИС-д хамт сурч байсан ангийн анд С.Юричевагийн бүтээсэн “Бүхий сэтгэлээсээн хайрлана /Я всей душой тебя люблю/” хэмээх баримтат киног үзээд нэн цочирдсон билээ. Аборт /уг нь хиймэл аборт гэж хэлэх учиртай, гэхдээ тэр чухал биш/ гэж арай ч тийм аймшигтай хэрцгий зүйл гэж санадаггүй байлаа.
Түүнээс хойш абортын асуудлыг эргэцүүлэн явах болов. Өнөөдөр дэлхий даяар абортыг жигшүүрт аллага хэмээн үзэх нь жишиг болоод байна.
Яагаад тэр вэ? Яагаад гэвэл аллага мөн болохоор л тэр. Монголчууд маань үр бүрэлдсэнийг хүн бүрэлдлээ гэж үздэг мэргэн ухаантай байж. Тиймээс ч эхийн хэвлийд байснаа насандаа нэмэн тоолдог уламжлалтай.
Сүүлийн үеийн анагаах ухаан хэвэл дэх ураг нь хэвшмэл ойлголтоос илүү мэдрэмжтэй, тусгахуйтай, хариу үйлдэлтэй болохыг тогтоогоод буй. Шинэ технологийн дагуу хэвэлд буй ургийн зургийг авахад ямар нэг зүйлд баясан инээж байв!
Гэтэл аборт гэдэг маань юу билээ. Тусгай тасдагчаар ургийг хэсэг хэсгээр нь тасчин гаргахыг л хэлнэ. Тасарсан хэсгүүдийг эвлүүлэн үзэж, “бүрэн гаргаж уу, үгүй юу ” гэдгийг бүртгэж байгаад л, тасдаад л байна, тасдаад л байна. Цаана нь хамгийн эмзэг үедээ байгаа, хамгийн нялх хүмүүн тарчлан зовж байдаг ажгуу.
Нялх үрийг ийн, хар дарсан зүүдэнд ч оромгүйгээр тамлан тарчилгах нь өөр ямар ч хэрцгий явдалтай зүйрлэмгүй аюумшигтай.
Нэгэнтээ амаржих цаг болоогүй тул яс үл сална, багтаж үл гарна.Чингээд л ийнхүү тасчин цувуулдаг ажгуу.
Эмийн арга буй гэдэг. Тэр нь эхийн эрүүл мэндэд эрсдэл учруулдаг тул энгийн тасчилтыг л сонгодог байна.
“Би хүүхэд гаргамааргүй байна аа” гэсэн яльгүй тунирхал бяцхан хүмүүнийг мөчилж алахад хүргэх нь олонтаа.
Нөгөө шинэ технологиор абортын явцын зургийг авсныг С.Юричевагийн кинонд үзэв. Тарчлан зовж, уйлж орилж, багажаас бачимдан зугтавч яаж ч чадалгүй мөчөө тасдуулж байгаа тийм л бяцхан үр харагдсан даа.



“Хоёр жаахан залуу хөтлөлцөн, подваль дахь хувийн эмнэлэг рүү инээлдэж ороод л, үр хөндүүлчихээд, тэр дороо бөөн баяр болоод хөтлөлцөөд гараад ирж байна. Төр үүнд ямар ч хяналт тавьдаггүй. Бүр татварын хяналт ч байхгүй. Монголд хамгийн чөлөөтэй байгаа юм бол аборт!” гэж Болдсайхан эмч халаглан бичжээ.
БНМАУ хүн амаа өсгөх бодлого баримталдаг асан тул абортыг хориглодог байж. Эхийн амь насанд аюултай нөхцөлд л зөвшөөрдөг байжээ. Аборт гээч юм угаасаа монголчуудын дунд байгаагүй учир болоод л байж.
“Монголчуудын эсрэг маш хорт бодлого явагдаж буйн нэг салаа мөчир нь абортыг чөлөөтэй болгосон явдал, үүнд нэгэн тодорхой этгээд юуны өмнө буруутай” гээд л үндэсний үзэлтнүүд мөн ч их ярьж бичсэн.
Болдсайхан эмчийн тооцоолсноор абортыг чөлөөтэй болгосноос хойшхи 20 жилд 600 мянган монгол үр алагдаж дээ. 600 мянга. Ойрд түмнийг манжууд хядахад өдий тооны хүмүүс алагдсан нь хүн төрөлхтний түүхийг цочирдуулсан баримт билээ.
Гэтэл өнөө цагт хорт бодлоготнууд, мунхаг эмс эрс, нүд улаан, мөнгө цагаан болсон эрлэгийн элч нар нийлээд тэр аймшигт хядлагыг давтжээ. Абортын геноцид гэж явагджээ!
Энэ бол хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг. Монголд хүн төрөлхтний эсрэг маш олон гэмт хэрэг үйлдэгдэж байна. Үүнийг монголчууд бид таслан зогсоох ёстой!
Өнөөдөр дэлхий дээр:
1-рт, абортыг яасан ч зөвшөөрдөггүй лал шашинт зарим улс;
2-рт, зөвхөн эхийн амь насанд аюултай бол зөвшөөрдөг лал, католик шашинт голдуу нэлээд улс;
3-рт, бас ургийн ноцтой гажиг, хүчиндэлт зэрэг тохиолдолд абортыг зөвшөөрдөг бүр олон тооны улс;
4-рт, бас үр хүүхдээ тэжээж чадахгүй нэн ядуу бол зөвшөөрдөг нэлээд олон буурай хөгжилтэй улс;
5-рт, абортыг чөлөөтэй болгосон арван хэдхэн улс;
6-рт, абортыг ямар ч хязгаарлалтгүй болгосон ганцхан Монгол улс байна.
Энэхүү арван хэдэн улсыг абортыг эсэргүүцэгчид, энэрэнгүй үзэлтнүүд, хүний эрхийг хамгаалагчид жигшин зэвүүцэж байна.
Ёс суртахууны уналтад орсон, Зөвлөлтийн болон соцлагерийн бүрэлдэхүүнд байсан хэдэн улс, хүн ам, суурьшлын нягтшил нь хэтэрсэн хэдэн улс абортыг чөлөөтэй байлгадаг аж. Коммунист дэглэмтэй байсан улсуудад нь чөлөөт абортын эсрэг хөдөлгөөн хүчтэй өрнөж, гутамшигт эрх чөлөөнөөс татгалзагч орнуудын тоо нэмэгдсээр.
Басхүү абортыг чөлөөтэй зөвшөөрсөн гэх эдгээр оронд аборт хийлгэх нь тийм ч их чөлөөтэй биш гэдгийг хэлэх хэрэгтэй. ОХУ-д гэхэд л 9 тохиолдолд абортыг зөвшөөрсөн байдаг.
Гагцхүү Монгол улсад л бүх тохиолдолд зөвшөөрөгдсөн байна!
Чөлөөт аборттой дээрх улсуудыг нэгтгэх нэг шинж гэвэл, тэдгээр нь хүн амаа өсгөх сонирхолгүй юм уу, бууруулах сонирхолтой байгаа юм. Газар нутаг, байгалийн баялгийн хувьд хязгаарлагдмал, хүн ам хангалттай улсууд хүн амаа өсгөх сонирхолгүй байх нь түгээмэл.
Гэтэл Монгол улс абортын байдлаараа чөлөөт аборттой гэгдэх дээрх улсуудын дэргэд ямар ч утга учиргүй харагдаж байна. Газар нутаг уудам, байгалийн баялаг бараг хязгааргүй; зуу зуун сая хүн амтай улсуудын дунд орших хэрнээ хүн ам цөөн. Ёс суртахууны уналтад орсон учраас аборт чөлөөтэй байх шаардлагатай, геноцид хийгдэж болно гэх үү?
Солиотой бодлого, шийдвэрийн талаар ярихаар өөрийн эрхгүй солиотой үг өгүүлбэр биччих гээд байх юм даа. Тэгж ярихгүй ээ, хө.
Эрүүл ухаан л хэрэгтэй. Абортын геноцидийг таслан зогсоохын тулд, абортыг хориглосон хуультай болъё. Шууд эхэлцгээе!

Монгол Улсын Хууль
Үр хөндөлтийг хориглох тухай
(төсөл)

Нэгдүгээр бүлэг
Нийтлиг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад үр хөндөлтийг хориглохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Үр хөндөлтийг хориглох тухай хууль тогтоомж
2.1. Үр хөндөлтийг хориглох тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүгийн хууль болон, хууль тогтоомжийн холбогдох бусад актаас бүрдэнэ.

Хоёрдугаар бүлэг
Үр хөндөлтийг хориглох болон зөвшөөрөх

3 дугаар зүйл. Үр хөндөлтийг хориглох
3.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт үр хөндөлтийг энэ хуулийн 4 дүгээр зүйлд зааснаас бусад тохиолдолд хориглоно.

4 дүгээр зүйл. Үр хөндөлтийг зөвшөөрөх
4.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт үр хөндөлтийг дараахь тохиолдлуудад зөвшөөрнө:
1) эхийн эрүүл мэндэд төрөлт аюул учруулах;
2) ураг эмчилгээгүй хүнд эмгэгтэй байх.

Гуравдугаар бүлэг
Хууль бусаар үр хөндсөн болон, Монгол Улсад үр болгосон хөндөлтийг чөлөөтэй болгосон гэмт хэрэгт оногдуулах шийтгэл

5 дугаар зүйл. Хууль бусаар үр хөндсөн гэмт хэрэгт
оногдуулах шийтгэл

5.1. Энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш, тус хуулийн 4-р зүйлд зааснаас бусад тохиолдолд үр хөндсөн үйлдлийг бага насны хүүхдийн амь насыг онц хэрцгийгээр, бүлэглэн хөнөөсөн гэж зүйлчилж; үр хөндөх үйлчилгээ үзүүлсэн этгээдийг шунахайн сэдлээр бүлэглэсэн гэмт хэрэгт оролцсон гэж зүйлчилж Монгол Улсын Эрүүгийн хуулийн дагуу шийтгэнэ.

6 дугаар зүйл. Монгол Улсад үр хөндөлтийг чөлөөтэй болгосон гэмт хэрэгт оногдуулах шийтгэл
6.1. Дээрх үйлдлийг хүн амын аймаглан устгасан гэмт хэрэг гэж зүйлчилж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн дагуу шийтгэнэ.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Дэмбэрэл

Ийм хуулийн төсөл байж болох уу? Арай хатуудчихав уу? Тасдагчаас бачимдан зугтаж байсан бяцхан үрийн царайг санаад л зохиочихлоо. Уншигч олон минь санал бодлоо нэмэрлээрэй.
Ч.Мөнхбаяр
MMIX.VI.XVI

P.S. С.Юричевагийн бүтээсэн киноны нэрийн учир гэвэл, төгсгөлд нь, хэвэлд буй бяцхан үр эхдээ эрхлэн үгүүлснийг шадалсан “Бүхий сэтгэлээрээн хайрлана” гэсэн нэртэй шүлгийг жаахан охин, хөвүүн хоёроор уншуулсан байж билээ.

No comments: