Saturday, June 20, 2009

Монголын нийт зохиолчдод хандсан 12 зүйлт уриалга


Энэхүү уриалгыг зохиолчдын их хурал дээр уншина гэж бэлдсэн ч чадаагүй. Учир нь, “нэг хүн өдөрт нэг л удаа санал шүүмжлэл хэлнэ” гэж байсан.
Илтгэлүүдийн дараа, тэдгээрийн талаар үг хэлэх нэрийн хуудсыг аялуулсан. Гэтэл, нэрээ өгсөн хүмүүс “чөлөөт индэр ажиллуулж” эхэлсэн. Үүгээр “чөлөөт индэр”-ийг хаасан. Нэрээ өгөөгүй (үг хэлэх ганц эрхээ чөлөөт санал шүүмжлэлийн цагт үлдээхийн тулд) миний бие уриалгаа цэцэрлэгт уншиж, зохиолчдын халуун талархлыг хүлээсэн билээ. Үүнийгээ дор сийрүүлье:

Сайн байцгаана уу, намайг Ч.Мөнхбаяр гэдэг.

“Монголын нийт зохиолчдод хандсан 12 зүйлт уриалга”-аа та бүхний анхааралд толилуулъя аа.

Би МЗЭ-д элсээд хагас жил боллоо. Надад л лав ач тустай зүйл юу ч мэдэгдсэнгүй. Тэр бүү хэл, 80 жилийн ойн арга хэмжээг мэдэлгүй өнгөрүүлсэн. Их хурлыг ч мэдэлгүй өнгөрүүлэх дөхлөө. Холбоо харилцаа хөгжөөд байхад ядаж энэ үйл явдлуудыг мэдээлчихэж болно шүү дээ.
Уран зохиолын Их нуралт болох гэж байгаа шинж тэмдэг ажиглагдаж байна. Монголын уран зохиолын ертөнцөд маш их сөрөг зүйл харагдаж байна. Ард түмэн энэ ертөнцөөс маань холдож, хөндийрч байна. Яаж энэ байдлаас гарах вэ?
Үндэсний үзэлтэй хүний хувьд би Монголын уран зохиол сөнөж мөхөхийг хүлцэн тэвчиж чадахгүй. Тиймээс үзэг нэгт анд нөхөд та бүхэндээ дараахь зүйлүүдийг уриалъя гэж бодож байна.

1-рт, МЗЭ-ийг хамгийн хуучинсаг, хоцрогдсон, уран зохиолын бурангуй дарангуйлал, дэглэм тогтоосон, уран зохиолын хэлмэгдүүлэлт явуулдаг байгууллага болсон гэж хаа сайгүй шүүмжлэн бичиж, ярьж байна. Үнэхээр тийм бол МЗЭ-ийг үндсээр нь өөрчлөн шинэчилцгээе!
2-рт, МЗЭ маань олигархиудын дэглэмд хүчин зүтгэдэг, тэдэнд таатай зохиолч бүтээлч, зохиол бүтээлийг ивгээдэг байгууллага болчихлоо гэж олон хүн бухимдаж байна. Энэ үнэн бол, зохиолчдын байгууллагыг ямар нэг дэглэм, дарангуйллын ноёрхлоос ангид байлгацгаая!
3-рт, Уран зохиолын зарим жанр чиглэлийг ялгаварлах гаж үзэгдэл газар авлаа. Хошин шог, хүүхдийн, детектив, улс төрийн гээд л янз бүрийн жанр чиглэлийн бүтээлүүд шоовдорлогдох байдалтай өдий хүрснийг таслан зогсооё!
4-рт, Уран зохиолын уралдаан залилангийн хэрэгсэл боллоо. Ямар найраа явагдаж буй нь хэнд ч дуулдах болсон нь үнэн. Уралдааны залиланг зогсоох хуулийн арга хэрэглүүртэй болцгооё.
5-рт, Уран зохиолын уралдаан, арга хэмжээ нь залилан, мөнгө завших, оюуны өмчийн хулгай, архидан согтууралт, танхай, заналхийлэл, дээрэм гээд янз бүрийн гэмт үйлийн талбар болжээ. Баахан хор найруулж, өчнөөн хүн бухимдуулчихаад, “хэрэг гүйцлээ” гээд л, хэв журмаа ч сахиулахгүй, арга хэмжээгээ болон оролцогчдоо, шагнал хүртэгсдээ хамгаалахад анхаарахгүй, зодолдуулаад, агсам тавилцуулаад, архидуулаад орхичихдог байдлыг зогсоох хэрэгтэй. Уран зохиолын аливаа арга хэмжээгээ зохион байгуулалт сайтай, цэвэр ариун байлгаж, ёс зүйгүй авирласан хэн нэгэнд хариуцлага оногдуулдаг болцгооё!
6-рт, Янз бүрийн шагналыг дэндүү хавтгайруулан олгохоо больё. 80 жилийн ойгоор зохиолч бид бүр олны доог шоог боллоо. Ингэж шагналын үнэ цэнийг унагаад яах юм бэ? Аваад ч, өгөөд ч хэрэггүй боллоо ш дээ. Бүтээл туурвилыг биш, өөр янз бүрийн юмыг үнэлж Ардын уран зохиолч цолоороо хүртэл шагнасан шүү дээ. Бүгд гарамгай туурвилч болчихоогүй нь мэдээж. Шагналыг өгөх хүнд нь өгдөг, утга учиртай болгоцгооё!
7-рт, Зохиолчдын байгууллагаа зохиолчдыг тэжээдэг, бодот дэмжлэг үзүүлдэг, ядарсан зүдэрснийг тэтгэдэг, эрх ашгийг нь хамгаалдаг байгууллага болгоё. Биднийг амьдрах, бүтээл хийх нөхцлөөр хангах бодлого явуулж чаддаг, энэ талаар төртэй хамтран ажиллаж чаддаг тийм л байгууллага хэрэгтэй.
Төр ч биднийг дэмжиж, бүр цалинжуулж, төрийн албан хаагчтай дүйцэх атлаа чөлөөт статустай болгож, ажиллуулах учиртай байна. Ийм хөтөлбөр хэрэгжүүлж байж л Монголын уран зохиолыг аврана. МУЗ мөхвөл Монголын соёл мөхнө, монголын соёл мөхвөл Монгол улс үндэстэн мөхнө, Монгол улс үндэстэн мөхвөл хүн төрөлхтөн мөхөж эхэлнэ. Үүнийг төрд ойлгуулах байгууллага хэрэгтэй. Монголын онцгой нөхцөл байдалд ингэхээс өөр арга байхгүй.
МЗЭ-ээ зохиолчдыг амьдруулдаг, ажиллуулдаг, бүтээж туурвиулдаг байгууллага болгоцгооё. Зохиолч биднийг зохиолчийн хөдөлмөрөөрөө амьдрах баталгаатай болгох тийм л зүтгэлтнүүдийг сонгоцгооё. МЗЭ-ээ амьдралын баталгаагаа болгоцгооё.
8-рт, МУЗ хараахан дэлхийн түвшинд хүрээгүй байна. Хүрэх ёстой! Үүний тулд төр, зохиолчдын байгууллага маань дэлхийд алдаршиж мандсан зохиол, бүтээлчийг төрүүлэх талаар онцгойлон анхаарах хэрэгтэй. Уран зохиолын олимпийн аварга төрүүлэхийн тулд тусгай хөтөлбөртэй ажиллах шаардлагатай.
Юуны өмнө, авъяаслаг зохиолч бүтээлчдээрээ дэлхийн түвшинд хүрэхийг чармайсан 81 ботийг шинээр бүтээлгэх хэрэгтэй. Хангалттай хөрөнгө мөнгийг ч үүнд зарцуулах ёстой.
Уран зохиолын олимпийн аварга төрүүлэх зорилготой 81 ботийн ажилд зохиолч бүтээлчдийг тусгай тендерээр шалгаруулан оролцуулна. 81 ботид орсон гарамгай бүтээлийг гадаад хэлээр хэвлэж, сурталчлан алдаршуулна. Хариуцлага алдсан бүтээлчээс төр гонорар болгож өгсөн мөнгөө буцааж аваг.
81 ботио бүтээцгээе! Олимпийн аваргыг төрүүлцгээе! Монголын уран зохиолыг шинэ түвшинд гаргацгаая!
9-рт, Ямар ч ойлгомжгүй, утгагүй, эрүүл ухаангүй зүйл бичих; танин мэдэхүй, гүн ухааныг толгой холбож, үг хэлхэн давтах; ур чадвар, мэдлэг боловсролын дутагдлаа эс засах; монгол хэлнийхээ цэг таслал, үгийн бүтэц, утга, өгүүлбэр, найруулга, зөв бичгийн дүрэм гээд наад захын зүйлийг эс мэдэх; гоё үгээр хэт хөөцөлдөх; бүх бүтээлдээ бүх зүйлийг тоочин нурших; тулга тойрсон сэтгэлгээнд баригдах; нэгэн хэвэнд цутгагдах; залхуурах гээд алдаа дутагдлууд сүүлийн үеийн зохиол бүтээлүүдэд их ажиглагдаж байна. Дэндүү авьяасгүйчүүдийн тусгай урсгал ч орж ирж байна. Шүлгэнд өгүүлбэрзүйг баримталдаггүй, цэг таслал тавьдаггүйгээс болж үл ойлгогдож, гуйвж байна.
Урлан бүтээхүйн уналт доройтлыг сөрөн зогсоцгооё!
10-рт, Бичсэн хугацаа, нас, хөрөнгө чинээ, угсаа гарал, эрхлэх ажил, нутаг ус, яс үндэс, улс төрийн үзэл баримтлалаар нь ялгаварлах, харгис дэглэмд морь нохой мэт зүтгэх, авлигадах, рэкэтлэх, үе үеэрээ сөргөлдөх, хуулах, хуулсан гэж хий хардах, архидан согтуурах, хэрүүл зодоон хийх гээд урлан бүтээхүйгээс гадуурхи алдаа дутагдал ч их байна.
Ёсзүйн уналт доройтлыг ч сөрөн зогсоцгооё!
11-рт, Ерөөл магтаал, PR, зар сурталчилгаа, дурсамж зэргийг нэрээр нь нэрлэж сурцгаая. Жинхэнэ уран зохиолын шүүмжийг хөгжүүлэн бадрааж, туурвил бүтээлийг дэвжээцгээе!
12-рт, Уран зохиол улс түмэнд ач тустай байх ёстой. Өнөөгийн дэглэмийнхний түмэн гэм нүглийг илчлэх, ард түмнээ ухааруулж сэхээрүүлэх, ардчилсан хувьс-галын ариун гэгээн үйлсийг үргэлжлүүлэхэд ч уран бүтээлээ чиглүүлцгээе!

Энэхүү 12 зүйлийг үзэг нэгт зохиолч нөхөддөө уриалж байна. Алдаа дутагдлуудад би өөрийгөө ч хамруулж хэлсэн юм шүү.Арилгаж засацгаая! Шударга ёсыг тогтооцгооё! гэсэндээ хэлсэн юм.

Монголын уран зохиолд хувьсгал хийцгээе!

Их хурлын төлөөлөгч та бүхэндээ баярлалаа.
2009.6.6

No comments: