Sunday, June 28, 2009

Уран зохиолын “Олимпийн аварга” төрүүлцгээе


Бид өөрсөддөө ямар үнэлэлт дүгнэлт өгөхөөс эс хамааран, орчин үеийн Монголын уран зохиол дэлхийн төвшинд хүрээгүй байгаа нь гашуун үнэн билээ. Олон зууны тэртээх өвөг дээдсийн маань туурвисан “Монголын нууц товчоо”-г хилийн чанадад үнэт дурсгал хэмээн зарим хэмжээгээр мэдэж буй ч, бусдыг огт үл мэдэх нь баримт мөн. Янз бүрийн хэлээр орчуулж, түгээж, сурталчлаад байхад л тэр шүү дээ.
Монгол хүн олимпийн алтан медаль хүртэж, монгол хүн дэлхийн төвшинд байж чадахыг нотоллоо. Гэхдээ гагцхүү бие бялдраараа гэж үү?
Тийм биш ээ. Миний бие Монголын орчин үеийн уран зохиолтой зохих хэмжээгээр танилцсаны хувьд, манай туурвилчдад дэлхийн төвшинд хүрч болох шинж тэмдгүүд ажиглагддагийг мэднэ.
Гэвч Монголын нийгмийн хүнд хэцүү нөхцөл байдал зохиолчдод маань хийх ёстой үндсэн ажлаа хийх боломжийг олгодоггүй. Амьдралын түмэн бэрхшээлд нухлуулахын завсар чөлөөгөөр яаран сандран бичсэн зүйл, бүхий таатай нөхцөл байдлаар хангагдсан гадаадын баян зохиолчдын туурвилтай яахан өрсөлдөж чадах билээ. Дээрээс нь, бүтээлээ нийтлүүлэх, суртачлах, борлуулах, орчуулах нөхцөл нэн хүнд гэдгийг санагтун.
Ийм байхад яаж Монголын уран зохиол дэлхийн төвшинд хүрэх билээ?
“Дэлхийн төвшинд хүрч яах юм?” гэсэн асуулт тавигдаж магад. Хэрэв Монголын уран зохиол дэлхийн төвшинд хүрэхгүй бол, Монголын бие бялдраас өөр юу ч дэлхийн төвшинд хүрэхгүй, бие бялдар ч мөн хүрэхээ байна гээд л хэлчихье.Монгол улс үндэстэн сөнөнө өө гэсэн үг. Нэмж нуршаад хэрэггүй биз ээ.
Хэрэв, Монголын уран зохиол дэлхийн төвшинд хүрвэл монгол хүн бүрийн цээжинд цог гэрэлтэж, оюун ухаан дэвжин бадарч, улс үндэстэн сэргэн мандана аа. Энэ бол үнэн. Уран зохиолын хүч агуу.
Тиймээс “Уран зохиолын Олимп” хэмээх төслийг хэрэгжүүлье гэсэн саналыг миний бие дэвшүүлж яваа билээ. 2009.06.06-ны “Монголын зохиолчдод хандсан 12 зүйлт уриалга”-даа ч мэдэгдэж, МЗЭ-ийн их хурлын зарим төлөөлөгчдөд танилцуулсан.
Дэлхийн төвшинд хүрэх гэж авъяас оюунаа шавхан дайчилж бүтээсэн, уран бүтээлийн урьд өмнө байгаагүй өндөр шатанд гарч байж чармайн туурвисан шинэ зохиол бүтээлээс бүрдсэн “Уран зохиолын Олимп” хэмээх 81 ботийг ард түмэндээ өргөн барих нь эл төслийн эхний зорилго юм.
81 боть бүтээлээс хамгийн шилдгүүдийг өндөр чанартайгаар орчуулгаж, гадаадын томоохон хэвлэлийн газруудтай гэрээ байгуулан түгээлгэж, дэлхийд нэр алдрыг нь жинхэнэ ёсоор цуурайтуулан, олон улсын бестселлер, хүндэт шагналуудын эзэн болгон мандуулах, өөрөөр хэлбэл “олимпийн аваргыг “зохиолчид дундаасаа төрүүлэх нь гол зорилго.
Олимп гэдэг бол зөвхөн спортын наадам бус, шилжсэн утгаараа оргил гэх санаа билээ. Улс түмэн маань олимп гэх үгэнд онцгой мэдрэмжтэй болсны тул, оргил гэхийг ийнхүү олимп гэж хэллээ.
81 ботийг бүтээхийн тулд юуны өмнө төр маань онцгой анхаарах учиртай гэж бодогдоно. Монголын соёлын хөгжил дэвшил бол төрийн үйл хэрэг мөн билээ.
Төр хэмээх хүчирхэг өндөрлөгийг онцлон ярьсны учир гэвэл, төсөлд маань хэдэн тэрбум төгрөг шаардагдана. Хамгийн хүчтэй спонсор болох төр маань энэ мөнгийг хандивлаж чадна.
“Хэдэн тэрбумын хэрэг юусан билээ?” гэж хэн нэгэн гайхаж магад. Нэг шилдэг ботийн төлөө ядаж 10 сая төгрөгийн шагнал өгөхгүй бол, яаж бусад асуудлыг умартан байж, шилдэг бүтээл туурвихсан билээ.
81 боть номын дэлгүүрт очих хүртэл зохиогчоос гадна өөр олон ажил үүрэгтний хөдөлмөр, зохиогчийн шагналаас гадна төрөл бүрийн зардал шаардагдана.
Шилдэг бүтээлүүдийг адил төвшинд орчуулгах, гадаадад сурталчлах, түгээхэд их хэмжээний мөнгө шаардагдана. Энэ бүхнийг багцаалаад үзэхэд л тэрбум тэрбумаар хэмжигдэж байгаа юм.
Мөнгө байлаа гээд бүх зүйл бүтчихгүй. Зохион байгуулалтын өндөр төвшин хэрэгтэй. Энэ төслийн бүх зүйл дэлхийн төвшинд байх шаардлагатай.
Төсөлд оролцогсод бүгдээр дэлхийн жишгээр үнэнч шударга байх ёстой. Тийм байж эс чадваас, дэлхийн жишгээр шийтгэл хүлээнэ.
81 ботийг бүтээх 81 зохиолчийг тендерээр шалгаруулна. Ямар зохиолыг яаж бичиж байж дэлхийн төвшинд хүрэх вэ гэдгээ зохиолч тендерийн материалдаа тодорхой бичсэн байх шаардлагатай.
Чингээд төсөлтэй гэрээ байгуулж ажлынхаа явцаас хамааран, үечлэн шагналаа авч байх болно. Хариуцлага алдвал, мэдээж, төслийн мөнгийг хууль ёсоор эргүүлж төлнө.
Энэ мэтчилэн яриад байвал яриад л байх. Төсөл бүхлээрээ тархинд минь эргэлдэж байна. Төсөлд ажилтны болон, гэрээт зохиолчийн үүргээр оролцохыг хүсч байна. Санаачилсны тул, надад ямар нэг давуу эрх олгогдож болох мэт. Төслийн ямар ч ажлыг хийхэд бэлэн, ямар ч жанраар бичиж чадна.
Зохиолч бүтээлчдээ санал бодлоо хуваалцахыг, саналыг минь дэмжихийг хүсч байна.

МЗЭ-ийн гишүүн Ч. Мөнхбаяр

MMIX.VI.XV

No comments: