Sunday, June 28, 2009

Монгол улсын Ерөнхий сайд С.Баярт илгээх ил захидал


Эх нутгийнхаа 43 хувийг чөлөөлье хэмээсэн 43 тэзис

(Дөрөвдүгээр хэсэг)

Ашигт малтмалаа аврах тэмцэлд төр түмнээ дуудсан уриалга

Монгол улс үндэстэн сөнөж мөхөхдөө тулаад байна. Неоколоничлол, геноцидийн /хүйтөрөлгүйтэл/ хорт бодлого олон жилийн турш хэрэгжиж ирсэн нь Их Нуралтад хүргэжээ. Энэ нөхцөл байдлаас юу аврах вэ? Гагцхүү, ашигт малтмалын асуудлын зөв шийдэгдэл буюу, дангааршлын зарчим л аварна.
Авралыг ойртуулах, бодитой болгохын тулд дараахь зайлшгүй тулгамдсан алхмуудыг хэрэгжүүлэхийг төр түмэндээ уриалж байна!

1-р бүлэг. “Ашигт малтмалын тухай” хуулийг дангааршлын зарчмын үүднээс шинээр тогтооё!

Юуны өмнө монголчууд ашигт малтмалаа эзэмших явдлыг боогдуулсан апартеид бодлогын үр болох, өнөөгийн “Ашигт малтмалын тухай” хүчингүй хуулийг бусад хүчингүй хууль тогтоомж, гэрээ зэрэг баримт бичгүүдийн хамтаар хүчингүйг нь хүлээн зөвшөөрүүлэх; ард түмний эрх ашигт нийцсэн, эрүүл саруул “Ашигт малтмалын тухай” хуулийг шинээр (цаашид шинэ хууль гэх) тогтоолгохын төлөө тэмцэцгээе.
Шинэ хуулиа тогтоолгохдоо :
1. Монгол улс үндэстэн ашигт малтмалынхаа бүрэн эрхэт эзэн гэддгийг баталгаажуулж, монголчууд ашигт малтмал эзэмшихийг үндсэндээ хориглоод байгааг цуцлая;
2. Бүхий л боломжийн хэрээр бие дааж, хариас аль болох бага хамааралтайгаар эзэмшиж ашиглах буюу дангаарших зарчмын үүднээс боловсруулъя;
3. Монголын төр түмэн өөрсдөө бие даан ашигт малтмалыг эцсийн бүтээгдэхүүн болтол нь эзэмшиж ашиглах явдлыг тал бүрээр дэмжихдээ Монголын төр УҮГ байгуулах, үндэсний бизнесменүүд тухайн салбарт үйл ажиллагаа явуулах, иргэд хувьцаат нийгэмлэг, бичил бага уурхай байгуулахыг тэтгэж; гадаадынхантай хамтран эзэмшихийг бус, гадаадын компани, мэргэжилтэн, ажиллах хүчийг хөлслөн ажиллуулах, чингэхдээ монгол туургатан гадаадынхныг уг ажилд татан оролцуулах чигийг эрхэмлэе.
4. Хөрөнгө оруулалтыг зөвхөн гадаадынхнаар гүйцэтгүүлнэ гэсэн байр сууринаас татгалзаж, дээрэмдэгдсэн баялгийнхаа нөхөн төлбөрийг авах, хөрөнгө бүрдүүлэх түгээмэл аргуудыг өөрсдөө ашиглах юм уу, гадаадын энэ чиглэлийн тусгай зууч компанийг хөлслөн ажиллуулах, ашигт малтмалын ордоороо барьцаалж зээл авах, донор орнуудын тусламжийг хэрэглэх, иргэдээсээ хувьцаагаар дамжуулан мөнгө цуглуулах, “51+” зарчмын дагуу гадаадынхантай хамтран эзэмших уурхайн орлогоос зориулах, баялгаа үнэлэн газар дор байгаа чигээр нь зарах зэрэг дотоодын хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх янз бүрийн арга буйг хэрэгжүүлье.
5. Зохих хууль харийнханд үйлчлэх байгууллагын журам шиг байгааг болиулж, гадаадын хөрөнгө оруулагчийг илүүд үзэх зарчмыг халж, стратегийн гэх хэдэн ордын л 34 хувь нь цаасан дээр “Монголынх”, бусад нь үндсэндээ 100 хувь гадаадын мэдэлд байгаа эмгэнэлт явдлыг таслан зогсоож, улс түмнийхээ төлөө бодлогыг шингээсэн хууль шиг хууль болгоё.
6. 50, түүнээс дээшхи хувийг заавал харийнхан эзэмших албатай мэт хэвшсэн барилыг өөрчилж, Монголын төр, хувийн хэвшлийнхэн ордын хэдэн ч хувийг эзэмшиж болохыг дээдлэн үзэж, харийнхны эзэмшиж болох дээд хувийг 49-өөр хязгаарлая.
7. Стратегийн, стратегийн бус орд гэж ялгаварлаж, эхний ангилалд багтсан цөөн хэдэн ордын баганхи хэсгийг Монголын төр, ихэнхи хэсгийг харийнхан эзэмших ёстой; удаахь ангилалд багтсан олон зуун ордын хувьд Монголын төр ч, түмэн ч ямар ч эрхгүй байх ёстой мэт томъёолсныг цуцлуулж, Монголын ашигт малтмалын бүхий ордыг ижил статустай болгон дээдлэе!
8. Хайгуул хийж олсон этгээд төрийн өмчийг хувийн болгож болох мэт заалтыг даруй устгаж, зохих шагнал урамшил, эрх авч л болох тухай заалтаар сольцгооё.
9. Хүчингүй хуулийн дагуу болон, бусад хууль бус замаар их төлөв харийнханд олгогдсон ашигт малтмалын лицензүүдийг хүчингүй болгож, “хөрөнгө оруулалт” гээчийг нь үнэн зөвөөр тогтоон, зохих төлбөр, торгууль, ял шийтгэлийг оноож, өөрсдийн зүгээс ч шаардлагатай төлбөрийг байгалийн баялгаараа хийн барагдуулж, ашигт малтмалын неоколоничлолоос чөлөөлье.
10. Авлигаар эрх авсан, байгаль орчныг хордуулсан, сүйтгэсэн, хууль бус олборлол хийж, хууль бус цагаачдыг оруулсан зэрэг олон тохиолдолд лицензийг хүчингүй болгох хатуу журамтай болцгооё, олгох болзлыг нэн чангатгая.
11. Цаг хугацаа өнгөрөх тусам улам үнэд хүрэх ашигт малтмалын нөөцийг аль болох богино хугацаанд шавхагдуулж, ашигт малтмалгүй амьдралд бэлтгээгүй улс орныг сүйрэл мөхөлд хүргэх гэж буйг таслан зогсоож, олборлолын хэмжээг харийнхны бус, Монгол улс түмний эрх ашгийн үүднээс тогтоож, гамнаж, ашиглалтын лицензийг талбайгаар бус, олборлох хэмжээгээр нь олгуулъя.
12. Авлигаар лиценз олгоод ашгийнх нь 10-15 хувийг авдаг явдал хавтгайрсан; хууль бус нууц олборлол өргөн дэлгэрсэн; манай хуулиудыг зөрчсөн хууль бус гэрээнд зориулж, хуулиас давах статустай тусгай хууль гаргуулах гэж оролдох болсон; лицензийг худалдах, баялаг, газар, өмч эзэмших эрх болгон гуйвуулсан зэрэг ноцтой гэмт хэргүүдийг дахин үл гаргуулъя.
13. Төрийн оролцоо стратегийн ордод 34 хувь, бусад тэг хувь байна гэж ойлгогдохоор зүйлчилснээс болж, 51-86 хувь эзэмшдэг ордуудаасаа харийнханд заавал өгөхөд хүргэж; ашигт малтмалын замаар Монголыг харьд нэгтгэх ч нөхцлийг бүрдүүлж; баялгаа эргүүлэн авъя гэвэл олон улсын шүүх, маргаан таслах байгуулагын шийдвэрээр гарцаагүй ялагдах, харийн цэрэг орж ирж харийнхныг хамгаалах, биднийг ялгаварлан гадуурхав гээд аль нэг улс цохилт өгөх магадлалыг ч үүсгэсэн “мийний талбай” шиг хуулийн хорлонгуудыг эгнэгт шахан зайлуулъя.
14. Бусад улс орон, гадаадын бизнесийнхэнтэй ашигт малтмалын салбарт харилцан үр ашигтай, хүндэтгэл итгэлцэлтэйгээр, шударгаар, дангааршлын зарчмыг хөсөрдүүлэхгүйгээр хамтран ажиллах асуудлаар нөхөрсөг яриа хөөрөөг өрнүүлж, нааштай үр дүнд хүрч, энэ талаараа ил тод мэдээлж байхаар зохицуулъя.
15. Ашигт малтмалын салбарт гадаадын шударга түнштэй хамтран ажиллах болбол, Эрдэнэтийн жишээний адилаар, эдийн засгийн олон салбарт бүтээн байгуулалтыг өрнүүлэх чигийг баримтлуулъя!
16. Ашигт малтмалын тухай шинэ хуультай уялдуулан , гадаадын хөрөнгө оруулалтын тухай, Татварын ерөнхий зэрэг холбогдох хуулиудыг ч өөрчилье.
17. Ашигт малтмалын талаарх, холбогдох үнэн зөв, ил тод мэдээллийг ард түмний өмнө нээлттэй байлгая!

2-р бүлэг. Улс түмэнд маань жинхэнэ гэрэлт ирээдүйг авчрах “Монгол Дубай” хөтөлбөрийг хэрэгжүүлцгээе!

Ашигт малтмалыг хөгжлийн хөдөлгүүр, их бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт болгож хэрэглэх “Монгол Дубай” хөтөлбөр нь аз жаргалын алтан түлхүүр болж өгнө өө. Монгол улсыг Дубайн гайхамшиг болгон хувиргах энэхүү хөтөлбөрийг шаардаж, дуу хоолой, сэтгэл зүтгэлээ нэгтгэцгээе ээ.
“Монгол Дубай” хөтөлбөр нь :
18. Дангааршил, бие даалтын зарчмыг онцгойлон шингээх;
19. Ард олноо, улам даамжрах, Их нуралт хэмээх хямралаас аврахын тулд :
1-рт, амьдралын гол баталгаа байх учиртай цалингийн доод хэмжээг 1000 доллар болгох /эсвэл харъяат бүр сард 2-10 хүртэлх мянган долларын тэтгэмж олгох/;
2-рт, хямралаас үүдэн хохирсон иргэн бүрийн хохирлыг төрөөс барагдуулах;
3-рт, хямралыг гэтлэн давахад зориулж, төрөөс ямар нэг ялгаваргүйгээр, Монгол улсын харъяат бүрд мөнгөн тэтгэлэг, ашигт малтмалын салбарын хувьцаа, даатгалуудын болон төлбөрүүдийн хөнгөлөлтүүд, орон сууцны болон бусад зээлийн батламж зэргийг багтаасан, амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд хүрэлцэх хэмжээний, хямралын үеийн тусгай багц тусламжийг ихэнхийг нь буцалтгүйгээр, хямрал арилж, эдийн засаг хэвийн голдрилд ортол байнга олгож байх;
4-рт, ашигт малтмалын үр шимд суурилсан тусламжийг олгохын сацуу, улс орныг хөгжүүлэх бүхий шатны арга хэмжээг хэрэгжүүлж байх учиртай ба, дээрх тусламжийг улс орныг хөнөөх, ард олны ёс зүйг завхруулах хэрэгсэл болгохыг цээрлэх зэрэг зорилтыг багтаасан байх;
20. Хүдэр баяжмал болон бусад хэлбэрийн түүхий эдийг экспортод гаргахыг хориглож, гагцхүү элдэв стандарт бэлдэц, эд анги, тоног төхөөрөмж зэрэг эцсийн бүтээгдэхүүний хэлбэрээр экспортод гаргахыг зөвшөөрөх;
21. Монголчууд бичил, бага, дунд олборлол-үйлдвэрлэл эрхлэхийг дээд зэргээр хөхиүлэн дэмжиж, төрөөс хөрс хуулах, цооног гаргах, тоног төхөөрөмж түрээслүүлэх, зээл олгох зэргээр тусалж; МАА, худалдаа- үйлчилгээ, барилгын салбарт ажилгүйдсэн хүмүүсийг уул уурхай-үйлдвэрлэлийн салбар луу шилжүүлэх;
22. Гадаадынхантай хамтран ажиллахдаа:
1-рт, Өөрсдөө асуудлыг хурцатгасан атлаа, бусад улсад буруугаа тохож, улс түмнүүдийн хооронд яс хаяж, аль алиных нь эрх ашгийг хохироодог, ямар нэг улсыг ашигт малтмалын маргаанаас болж цэрэглэн халдахад хүргэж мэдэх нөхцөл байдлыг үүсгэдэг явдлыг болчимгүй төрийн түшээдээр дахин гаргуулахгүй, харин улс түмнүүдийн эв найрамдлын гүүрийг босгох;
2-рт, Монгол улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах сонирхолтой гадаадын улс, байгууллага, хүмүүсийг ашигт малтмалын ажилд хувьцаа эзэмшигч, зээлдүүлэгч, хөлсний гүйцэтгэгчийн эрх үүрэгтэйгээр оролцуулах /өөрийн иргэдийг бол бүхий эрх үүрэгтэйгээр, өргөнөөр хөхиүлэн татаж оролцуулах/;
3-рт, Гадаадынхан дундаас монгол туургатан иргэд, ажиллах хүчинтэй хамтран ажиллахыг илүүд үзэх зарчмуудыг баримтлах;
23. Ашигт малтмалыг бие дааж ашиглахад чиглэсэн шинжлэх ухаан технологийн хүчирхэг бааз суурь байгуулах, чадварлаг боловсон хүчин, мэргэшсэн ажилчдыг бэлтгэх асуудлыг чухалчлан анхаарах;
24. Ашигт малтмалын баялагт суурилсан олборлолт-боловсруулалт-үйлдвэрлэлийн бага, дунд, цогцолборууд олноор байгуулагдах, тэдгээрийн тусламжтайгаар олон салбарт эрүүл эдийн засаг үүсч хөгжихийг дэмжих бодлого явуулах; ашигт малтмалын нөөц дуусах явдалд улс түмний амьдралыг хариуцлагатайгаар бэлтгэх диверсификацийн амин чухал бүтээн байгуулалтыг тусгайлан өрнүүлэх; хүн амд оногдох байгалийн нөөцөөр тэргүүлэх нөхцөл байдлаа ашиглан, дэлхийд тэргүүлэх хөгжил цэцэглэл, ирээдүйг цогцлоох;
25. Ашигт малтмалын ашиг орлогоос Чингис хааныхаа тунхагласан монгол туургатныг нэгтгэх үйлсэд зориулах;
26. Ашигт малтмалын салбарын мэдээллийг ил тод, бүрэн нээлттэй байлгах, хуурмаг сөрөг мэдээллийг хянаж няцаадаг арга хэрэглүүртэй болох зэрэг болон, “Ашигт малтмалын тухай” шинэ хуульд тавигдсан зорилтуудыг амьдралд хэрэгжүүлэхэд чиглэсэн байх ёстой.
“Монгол Дубай “ хөтөлбөр нь тусгай хуулийн хэлбэрт ч орж болох юм.

3-р бүлэг. Ашигт малтмалын гэмт хэрэгтнүүдийг яллах “Шүүлтийн өдрийг” шаардацгаая!

27. Шударга ёс тогтооход, эх орноосоо урвах гэмт хэрэг ахин газар авахгүй байхад тустай, ашигт малтмалын гэмт хэргүүдийг шүүх Шүүлтийн өдрийг шаардацгаая.
28. “Ашигт малтмалын неоколоничлол-геноцидийн тухай” тусгай хуультай болж, түүгээр гэсгээн цээрлүүлье.
29. Ашигт малтмалын салбарт үйлдэгдсээр ирсэн:
-Ашигт малтмалын неоколоничлол-геноцидийг бодлого болгон хуульчилсан, “Хууль бус, хүчингүй хэрэг”;
-Байгалийн баялгаа неоколоничлогчдоос эргүүлэн авъя гэвэл шүүхэд ялагдах, барьцаанд хураагдах, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө буруудах, харийн цэрэг орж ирэхэд хүргэх хорлонгуудыг элдэв хууль, гэрээнд нууцаар тусгасан “Мийний талбайн хэрэг”;
-Харийнханд ордыг бэлэглэлийн журмаар өгч, ашгаас нь хүртдэг “10-15 хувийн хэрэг”;
-“Их өр”-ийн дайтай мөнгийг хэдхэн баримт бичгийн тусламжтайгаар харийнханд завшуулж, Монгол улс түмэнд ямар ч ач тусгүй, харин хохиролтойгоор үгүй хийсэн “Тогтвортой байдлын гэрээнүүдийн хэрэг”;
-Эх орныхоо 66 хувийг шуудаар, 34 хувийг шууд бусаар өгч ирсэн “66 хувийн хэрэг”;
-Хэдэн зуун ордод хууль бусаар, нууцаар олборлол хийж ирсэн “Хэдэн зуун ордын хэрэг”;
-Монголыг харьд ашигт малтмалын замаар нэгтгэх гэсэн “Харьд нэгтгэгчдийн хэрэг”;
-Хамтарсан уурхайг “алдагдалтай” ажиллуулж, улмаар ард түмнийг хөрөнгө оруулалтын нөхөн төлбөр гэгдэх, хосгүй өндөр хүү, нөхцөлтэй өрөнд унагах “Их өрийн хэрэг”;
-Хариас тэрбум тэрбумаар нь зээлж, үрэн таран хийн, төлөөсөнд нь эх орноо золиослох “3 тэрбумын хэрэг”;
-Хариас бага хэмжээний, нэр төдий мөнгө зээлж хуурмаглан, төлөөсөнд нь их хэмжээний баялаг шилжүүлж өгөх “300 саяын хэрэг”;
-Монголчууд ашигт малтмал эзэмшихийг эсэргүүцдэг террорч, хорлон сүйтгэгч байгуулагуудын “Тоглоомын байгуулагуудын хэрэг”
гээд олон томоохон ялт хэргүүдийн гэм буруутныг тогтоож, хариуцлагыг хүлээлгэж, нөхөн төлбөрийг гаргуулж, улс түмнийг хохиролгүй болгоё.
30. Гадаадын компаниудын хөрөнгө оруулалт, татвар төлөлт, орон нутгийг хөгжүүлэлт, алдагдал, хохирол, нөхөн сэргээлт, бичиг баримт, жинхэнэ эзэн зэргийг аудит болон бусад арга хэлбэрээр шалгаж, Монгол улсад үйл ажиллагаа явуулж болох эсэхийг нь тогтоон журамлая.
31. Гэмт хэрэг үйлдсэн бол, дотоодын, гадаадын болон олон улсын статустай хэнийг ч дотоод, гадаад, олон улсын хуулиар, адил тэгшээр шийтгэж, шийтгүүлж, энэ үйл хэрэгт гадаадын болон олон улсын байгуулагуудтай хамтран ажиллаж, үл бүтэх явдалтнуудыг ул үндсээр нь үгүй болгоё.
32. Алдаатай зүйл хийж байснаа зарим хэмжээгээр хүлээн зөвшөөрөх болсон өнөө үед, “Ашигт малтмалын өршөөлийн хууль”-ийг гаргаж, бүх буруугаа бүрэн хүлээсэн, шүүхтэй хамтран ажилласан гэмт хэрэгтнийг өршөөдөг, нууцалдаг, хамгаалдаг; ашигт малтмалын гэмт хэрэгтнүүдийг тийнхүү зөв алхам хийхийг уриалж, шаардаж, урамшуулж байя.
33. Урьдын үг үйлийнхээ бурууг ойлгосон мэт зүйл ярих төдий дүр эсгэн, хариуцлагаас мултрахыг оролдож буй этгээдүүдэд ял завших боломжийг эс олгоё.
34. Хэрэв шаардлага гарвал, “Монгол дахь ашигт малтмалын неоколоничлол-геноцидийн хэрэг” хэмээх хүн төрөлхтний эсрэг гэмт хэргийг НҮБ, Гааг дахь Олон улсын шүүх, бусад олон улсын болон гадаадын шударга шүүхэд хандан, мөрдүүлж, шийдвэрлүүлье.
35. Монголын ашигт малтмалын асуудлыг дотоодын төдийгүй, олон улсын хууль-эрхзүйн үүднээс хянаж байя!

4-р бүлэг. Мөнх тэнгэрийн зарлиг доор эх орноо чөлөөлөх тэмцэлд эрслэн босоцгооё!

36. Гамшигт “цунами” болох нийгэм-эдийн засгийн Их нуралтаас сэргийлж, ашигт малтмалын асуудлыг цаг алдалгүй ард түмэнд нэн ач тустайгаар шийдвэрлүүлэхийн төлөө эрс шийдэмгий тэмцлийг даруй эхлүүлцгээе!
37. Гадаадын компаниудад “Энержи ресурс” шиг бай гэж уриалъя. “Энержи ресурс”-д хандсан шигээ гадаадын компанид ханд гэж төрдөө ч уриалъя!
38. Оюутолгойгоо алдаад, хариуд нь 10 хувийн хүүтэй 2 тэрбум долларын өртэй үлдэх; Монголчуудыг саахалтын газар ч ойртуулалгүй, буудаж хөөж байгаад хамаг баялгийг олон тонны даацтай машинуудаар 24 цагийн турш, бүхий боомт цэгүүдээр зөөн гаргаж буй; зарим аймаг харь улсыг санагдуулахаар дүр төрхтэй болж байгаа; гадаадын компаниуд Монгол улс түмнийг шүүхэд ялан, өмчийг нь булаах бослого дэгдээж эхэлсэн гэхчилэн, ашигт малтмалын неоколоничлол-геноцидийн хар дарам зүүд шиг олон олон жигшүүрт явдлуудыг үүрд тонилгон хөөж, ард түмнээ резерваци, бантустанаас чөлөөлж, газар нутгийн 43 хувь маань далай их баялагтайгаа харийнхны гарт орсон явдлыг таслан зогсооё.
39. Ашигт малтмалыг ¹1 асуудал болгож яриагүй, ашигт малтмалын гэм нүгэлтэй хэрнээ буруугаа хүлээгээгүй улс төрчид үл итгэцгээе.
40. Улс төрчдийн, ашигт малтмалын талаарх санал, амлалтуудыг гагцхүү популизм болон замхарч арилах боломж олголгүй, эздэд нь хэрэгжүүлэхийг байнга шаардаж, өр болгон нэхэж явцгаая.
41. Бичил олборлолын клондайкчуудын хөдөлгөөн, түр микронаци, анархист коммун зэрэг янз бүрийн хэлбэрийг үүсгэн байгуулцгаая.
42. Ашигт малтмалын асар их орлого дээр суурилсан дарангуйлал, харгис дэглэм, төрийн гажуудлууд тогтохоос сэргийлж, эрүүл нийгмийн төлөө бат зогсоцгооё.
43. Ашигт малтмалдаа эзэн болохын төлөө тэмцэхдээ хууль зөрчихгүй, хүчирхийлэлгүй, тайван эсэргүүцлийн арга хэлбэрийг сонгоцгооё.

Дээрх 43 тезисийг хэрэгжүүлэхийн төлөө тэмцэхийг төр түмэндээ уриалж байна. Эдгээр шаардлагыг биелүүлэхийн төлөө хамаг нөөц бололцоогоо дайчлан ажиллахгүй төр засаг монголчууд бидэнд огт хэрэггүй.
Ард түмээн! Сонор сэрэмжтэй байгтун. Алтан аяганаас ус уух тавиланг маань тагш будаагаар хэмжин үгүй хийх гэж буй дайснуудтай тэмцэцгээе! Хэрэв бидний амьдрал ирээдүйн хамгийн гол найдвар болсон ашигт малтмалын баялгийг цөөн хэдэн гурил будаагаар яаран сандран арилжваас Монгол улс түмэн сөнөж мөхөх болно оо! Монгол ахан дүүс минь! Одоо л эх ороноо хамгаалахаар эрслэн босохгүй бол, улс түмний, бид бүхний төгсгөл тулж ирлээ.
Хэн эх орныхоо төлөө тэмцэнэ, түүнийг Мөнх тэнгэр хайрлан ивээж, хэн тэмцлээс ухарсныг Мөнх тэнгэр гэсгээн цээрлүүлэх болно!
Дэлхийн улс орнуудын зүй ёсны жишиг рүү тэмүүлснээр л бид мэдэхгүй чадахгүй зүйлгүй болж, цэнгэлийн манлайд хүрнэ. Шинэ цаг, аз жаргалаа дөтлүүлэгтүн хэмээн төр түмэндээ уриалж байна. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашна аа. Шударга ёс, эрх ашиг, сайн сайхныхаа төлөө түрхрэн босоцгооё!

Чөлөөт сэтгүүлч Ч. Мөнхбаяр
2009.06.14

1 comment:

Unknown said...

Хувийн хэрэгцээ, бизнесийн хөрөнгө, бид та барьцаалах, аюулгүй байдлын шалгалт ямар ч хувь хүн, 2% нь байгууллагын $ 50,000,000-ын хамгийн дээд хэмжээ нь $ 3,000-ын доод хэмжээ, зээл олгох эрх нь компанийн хайлж байна дахин санхүүжилт санхүүгийн туслалцаа үзүүлэх шаардлагатай байна. И-мэйл Холбоо барих: janeoluda@outlook.com таны өргөдлийг боловсруулах таны мэдээллийг.

нэр:
хаяг:
улс:
утас:
нас:
хүйс:
мэргэжил:
ажлын байранд албан тушаал:
Зээлийн хэмжээ:
Зээлийн хугацаа:
Зээлийн зорилго нь:
сарын орлого:

Хүндэтгэсэн,
Жэйн Ahabah
Гүйцэтгэх захирал / MD Жэйн Ahabah санхүүгийн байшин (JAFH).