Saturday, June 20, 2009

Монгол улсын Ерөнхий сайд С.Баярт илгээх ил захидал


Эх нутгийнхаа 43 хувийг чөлөөлье хэмээсэн 43 тэзис

(Гуравдугаар хэсэг)

14. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай

I. Монгол хүн Монгол улсад амьдрах ямар ч аргагүй болсон

С.Баяр сайд аа, тантай ярилцаагүй удав. Амьдралын бэрхшээл, хэвлэн нийтлэх боломжоос шалтгаалаад, эхэлсэн яриагаа удтал завсарлачихжээ.
Ашигт малтмал Монголын ард түмний өмч учраас, өөрийнх нь юмны тоос төдийг өөрт нь түгээхдээ “Эх орны хишиг”, “Эрдэний хувь” гэхчлэн сүр бадруулж, хаад хоёд, хагарсан баячууд халааснаасаа гаргаад гудамжны гуйлгачинд өгч байгаа юм аятай авирлаж, улс төрийн шоу хийхийг олон хүн таашаадаггүй. Хуваарилаарай, түгээгээрэй, зохицуулаарай л гэж ард түмэн дарга нарыг местэн дээр нь байлгаж байгаа. Тиймээс үүргээ даруухан, дүрэм журмынхаа дагуу биелүүлмээр. Энэ янзаар бол, жорлонгийн ус татахад иймээ тиймээ хишиг буян гэсэн бичиг урсч ирээд байдаг болох нь.
Тэр айхавтар хувь хишиг хэдэн жилийн дараа үзэгдэх нь ч тодорхойгүй. УИХ-ын сонгуулийн өмнө гялайлгаж гэмээнэ, сард 10 доллар л авсан хэрэг болох юм байна билээ шүү дээ. Ердөө л 10 доллар. Хамаг бүхнийг 10 доллараар шийдээд, авлигадаад, халхавчлаад, аргалаад, залилаад, худалдаж аваад, сөнөөчих гээд байдаг болж.
Сард яаж 10 доллараар амьдрах вэ? Монгол хүний үнэ цэнэ 10 доллар уу? Тийм л болчих гээд, болгочих гээд байна.
Өөрсдийнх нь юмны үйрмэгийг нь л өгөхдөө нүд улаан, мөнгө цагаан болгох чиглэлээр, худалдагддаг, авлигадуулдаг болгох чиглэлээр тренинг, дрессур хийгээд байна. Ашигт малтмалын үр шим бид бүхнийг амьтан болгоход хэрэглэгдэх ёсгүй.
Улс үндэстний сайн сайхныг амлахын оронд, 10 мянгыг амлаад л, улс үндэстэн гэдэг ойлголтыг үгүй хийх ажил л явуулж байна. Харь гүрэн арван нэг хоёрыг амлавал, бас дагаад л, цөлд согтуу дуулалдаад, тайгад согтуу зодолдоод дуусахаар л бэлтгэл сургууль хийлгээд байна шүү дээ.
Дарга нар, 1-рт, ашигт малтмалын орлогоор л улсаа хөгжүүлэх боломжтой, гэтэл энэ тухай ярьдаггүй, 2-рт, ашигт малтмалаа харийнхнаас чөлөөлж байж л уг орлогыг олох боломжтой, үүнийг ч мөн ярьдаггүй, тийм ч болохоор улсаа хөгжүүлэхгүй гэдэг нь ойлгомжтой, улсаа хөгжүүлэхгүй байж “хувь хишиг” түгээх нь сүйрүүлж сөнөөх л нэг арга болно.
Эсвэл ерөөсөө тоос тортгийг биш, өгөх ёстойг нь өгөөд байх хэрэгтэй байна. Тэгвэл, тэр мөнгийг нь ашиглаад, бизнес хийгээд монголчууд хөл дээрээ босоод ирж болно. Стратегийн гэх 15-хан ордын ашгийн 34 хувиас жинхэнэ ногдох хувийг түгээхэд сар бүр, өлгийтэй хүүхдээс өгсүүлээд харъяат болгон 2500 доллар авах боломжтойг АМГТХЭГ-ын дарга байсан хүн олон нийтэд зарлан мэдэгдсэн. Хэрэв 1000 гаруй орд, 8000 гаруй илэрцээ монголчууд бид 100 хувь ашиглавал ногдох хувь ямар байх вэ?
Ашигт малтмалын үр ачаар Улсаа хөгжүүлэх юм уу, их хэмжээний мөнгө түгээхгүй л бол Монгол Улсад монгол хүн амьдрах ямар ч аргагүй болсоон, эрхэм сайд аа. Геноцид эцсийн шатандаа орлоо.

II. Засгийн газар “Монгол Дубай” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй

С.Баяр дарга аа, Монгол Улс ямар ч ашигт малтмалгүй болчихсон юм биш үү. Антарктидад ашигт малтмал хайх нэг хүн явуулсан гэж юу яригдаад байна вэ?
Оюуныг хоосруулах бодлого 19 дэх жилдээ явагдаж байхад, оюун дээр л (ашигт малтмал дээр) суурилсан хөгжил бидэнд тохирно гэх боллоо. Ашигт малтмалаа харийнхны гарт бүрэн алдчихаад, Антарктидийн ашигт малтмал дээр л суурилсан хөгжил бидэнд хэрэгтэй гэх гээд байна уу?
1990 оноос л Япон манай улсыг хөгжүүлээд өгье гэж гуйсан юм гэдэг. УИХ-ын Японы лоббичид тэр тухай баримт нотолгоотой ярьдаг. Манай ашигт малтмалаас хувь авахгүй, харин гаргасан зардлаа л (бүгдийг нь ч биш) бэлэн бүтээгдэхүүнээр авна, тэгээд манайд уурхай, боловсруулах, хайлуулах, эд анги цутгах үйлдвэрүүд бариад өгнө, харин бүтээгдэхүүнийг нь Японд л худалдаж үзээрэй гэхэд нь хөөгөөд явуулдаг, тэгээд Япон Монголыг эзлэх гэж байна, ирж суух гэж байна, Япон маш хорон муухай санаа гаргаж байна гэж суртал нэвтрүүлэг явуулдаг байж гэнэ шүү дээ. Харин тэр хөөсөн улс Монголыг яаж хөгжүүлэв, харийн ямар улсыг оруулж ирэв дээ?
Япон Монголыг байтугай Солонгос, Тайвань, Зүүн-Өмнөд Ази, Бразилийг хөгжүүлчихсэн айл ажээ. Тусламжийг нь баясаад л хүртчихсэн бол, өдийд манайх шиг хүн ам цөөн улс дороо хөгжөөд, төвшинд нь хүрчих байсан. Арабын орнууд шиг мөнгөө багтааж шингээж ядаад, гадаадад уул овоо шиг их авдар үүсгэчихээд, хямрал нүүрлэхэд харин бөөн боломж гарч ирлээ гээд, гадаадын хямдарсан үйлчилгээ, таваарыг оруулж ирээд, хөгжсөн дээрээ бүр суга хөгжөөд явах байсан юм.
Хаврын чуулганаар УИХ-ын хэлэлцэх асуудлын дарааллын 12-рт Оюутолгойн асуудал, 29-рт Эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх бодлого орсон байв. Өмнүүр нь гялгар ууттай тэмцэх зэрэг ямар ч ач холбогдолгүй, утгагүй зүйлүүд зөндөө орчихсон. Ашигт малтмал л 1-р асуудал байх учиртай, бүр яаралтай шийдэгдэх ёстой шүү дээ!
Монгол Хятадыг дамнасан, Оюутолгойн дайтай зэсийн том орд олдсон гэж дуулав. Өнөөгийн янзаар бол, орд дагаж Монголд нь геноцид, неоколоничлол нүүрлээд, Хятадад нь хөгжил цэцэглэл ирэх юм байна л даа. Яг л Замын-Үүд, Эрээн хоёр шиг дүр зураг харагдах биз.
Монгол ухаан гэж байхгүй хэмээн дарга нар мэдэмхийрэх болж. Тийм ээ, тэдэнд байхгүй, гэхдээ байдаггүй юм биш, надад гэхэд бүх дарга нарт байгаагаас их байж мэднэ. Монгол улс үндэстний эрх ашиг, сайн сайхны төлөө, Монголын онцлог, нөхцөл байдлыг мэдэрсний үндсэн дээр сэтгэхийг монгол ухаан гэнэ шүү дээ. Монгол ухаангүй бол монгол хүн ч биш, Монголын хүн ч биш. Элдэв харийн дээрэмчдэд эх орноо бэлэглэж, нэг зүсмээр нь дарга нар хооллож, үртэс хогоор нь өлбөрсөн ард түмнээ хуурч, золбируулж байгаад зүйл дуусгана гэх “Үртэсний бодлогыг” таслан зогсооцгооё, С.Баяр дарга аа!
Ашигт малтмалтай бусад нь Дубайг бүтээгээд, бүгд босс болоод, саятан болоод явж байхад, бид ер нь яачихсан заяа нь хаясан улс вэ? Ерөөсөө л “Монгол Дубай” хөтөлбөр боловсруулан ажиллаж, Улаанбаатарыг Улаандубай болгох хэрэгтэй байна. Тэгээд бүр Дубайг биш, Улаанбаатарыг шагштал нь хөгжих боломж бидэнд байна шүү дээ.
Манай дарга нар саятан дээдсүүдийн хот Дубайд бишгүй л хөгжин цэнгэдэг биз. Тархи нь ажилладаггүй юм бол, Дубайг шууд дуурайсан ч болно шүү дээ.
Бүх монгол туургатнаа нэгтгээд ч, арав хорин саяулаа Дубай шиг хөгжиж цэцэглээд явах боломж, баялаг нь бий.
Фридланд: “Монголд Калифорнийн дайтай газар минийх болчихлоо. Тэнд би өөрийн хил хязгаартай Фридланд гэдэг улс байгууллаа, хаан нь боллоо, хууль нь боллоо” гэх ухааны юм ярьж сайрхсан л гэсэн. Тэр тэгж болоод байгаа юм бол хэсэг бүлэг монголчууд ч Монгол улс эрүүл саруул засагтай болтол, ашигт малтмалаа дагаад, улсын доторхи улс буюу микронаци байгуулан сууж болохгүй гэх зүйлгүй юм шив дээ?

III. Ашигт малтмал дээр суурилсан аймшигт дарангуйлаас сэрэмжилцгээе!

Ашигт малтмалаа монголчууд ашиглалаа гэхэд нийгэм ардчилсан байх ёстой. Эсбөгөөс, ашигт малтмалын асар их орлого дээр суурилсан аймшигт дарангуйлал тогтож болно. Туркменбашигийн дэглэм гэж ямар юм байлаа. Саддамын дэглэм ямар байв? Саудын Арабад ард түмнийхээ эрх чөлөөг боогдуулдаг, эр эм, арьс өнгөөр ялгаварлан гадуурхдаг, янз бүрийн харгис хүч, үзлийг дэмждэг, санхүүжүүлдэг, дэлхийн хамгийн бурангуй дэглэмийн нэг оршиж буй ч, хаан нь дэлхийг авлигадчихаад дуугаргахгүй байна (манайхан ч дэлхийг авлигадаад, амыг нь бөглөчихдөг, нүдийг нь таглачихдаг болсон юм биш үү). Иранд ямар дэглэм байна? Венесүэлд юу болж байна.
Эрдэс баялгийн асар их орлого дарга нарыг хялбар солиоруулдаг бололтой. Солиоролтой дарга нарын аймшигт дарангуйллыг тогтоолгохгүйн төлөө ерөнхий сайд та ч, монголын ард түмэн ч хичээж, сэрэмжилж, урьдчилан сэргийлж, тэмцэх ёстой!

IV. Далдганах, далдганахгүйн ялгаа

“Харийнхныг дагаж далдганах” гэдэг манай төрийн уламжлалт бодлого байна уу, үгүй юу.
Оюутолгойн гэрээг Монголын хуулиудтай маш их зөрчилдүүлэн далдганасан гэх юм.
Хуулиндаа “манай төрийн оролцоо стратегийн ордод 34 хувь” гээд заачихсан чинь, 51 хувь байсан Эрдэнэт, Монгол-Оросынха мтарсан уул уурхайн газрууд, 50 хувь байна гэсэн Асгат, 86 хувь байна гэсэн Тавантолгойн хувиудаасаа харийнханд заавал өгөх учиртай болж, далдганалаа.
Монголчуудын хэрэглэдгээс хоёр дахин хямд үнээр Хятадад нүүрс өгч далдганадаг гэнэ.
Гурван зуу, гурван зуун саяын зээлээр хоёр улсад Монголоо хувааж өгөх шахуу юм болж, нэгнээс нь тэр мөнгөндөө хуучин ХАА-н техник, бордоо, зэвсэг, нөгөөгөөс нь Монголд гэхээсээ илүү, өөрт нь л хэрэгтэй дэд бүтцийг авахаар тохиролцон, далдганав ч гэх шиг.
“Хайгуул хийж олсон л бол харийн тэр этгээдийнх, түүний оруулсан хөрөнгө гээчийн зөвхөн 34 хувьтай тэнцэх хувьцааг худалдан авах эрхийг жинхэнэ эзэн нь болох Монголд олгох, тэгэхдээ төлөх төлбөрөөс нь хамаарч хэдэн хувьтай тэнцэх хувьцаа эзэмшихийг нь харийн этгээд тогтоох ёстой” гэсэн галзуу солиотой заалт хуулиндаа оруулж далдганав.
Далдганаад л байлаа, далдганаад л байлаа, бид. Тэгээд эцэст нь юу болов?
Далдганаагүй Киргизэд Орос 330 сая доллар бэлэглэж, 1,7 тэрбум доллар хөнгөлөлттэй зээлдүүллээ (3 тэрбум ч билүү). Киргизэд бол манайх шиг их баялаг байх ч үгүй. Киргизээс Орос авах ч үгүй. Гол нь, Киргизийг Америк руу хэлбийлгэхгүй л гэж, Баруунд талтай ардчилсан удирдагч Бакиевийг нь татах гэж л тэглээ шүү дээ. Ухаант Бакиев урьдын дарангуйлагч Акаевийн элгээр нь мөлхүүлчихсэн улсаа хөл дээр нь босгоод, гүйдэг харайдаг болгох л юм гэнэ билээ.
Хэдхэн улсад сая Орос 12 тэрбум долларыг хөнгөлөлттэй зээлдүүллээ. Армянд гэхэд л, Орост өгье гэсэн ч, өгөх юу ч байхгүй. Оростой тэрслэхгүй, Барууныг дагаж далдганахгүй байхынхаа төлөө л тэд ийнхүү шагнуулсан.
Монгол Оростой тэрсэлдэггүй, Барууныг дагаж далдганадаггүй. Тэглээ гээд ямар шагнал хүртэв, яаж биднийг харж үзэв? Их өр ч яахав, ОХУ Зөвлөлтийн үеийн бүх гадаад авлагаа хүчингүй болгочихсон, их гүрнүүд “хүйтэн дайны зорилгоор ашиглаж байсан улсуудынхаа өрийг өршөөе” гээд тохиролцчихсон ч байсан, саяын тэр олон тэрбумын зээлийн асуудалд бол ямар ч хамаагүй юм, аль эрт шийдэгдчихсэн, дуусчихсан асуудал.
Харин тэр зээл бол шинэ асуудал. Болзлыг нь хангах нь байтугай, өчнөөн дахин давуулаад биелүүлчихсэн Монголд хэдэн тэрбумын зээл өгөв үү? Зөвхөн Оростой тэрсэлдэггүй, Барууныг дагаж далдганадаггүй төдийгүй, Оросыг дагаж далдганадаг, Баруунтай тэрсэлдэг болчихсон Монгол тэр Киргизээс илүү үнэлэгдэх ёстой бус уу. Юу ч өгөөгүй Киргизийг бодвол, Монгол өчнөөн баялгаа өгөх гээд байгааг ч хэлэх үү. Яаж манайхыг үнэлэв, авч үзэв?
300 сая доллар л хөнгөлөлтгүй зээлдүүлэх агаад, тэр нь нөгөө хуучин техник, зэвсэг, бордоо. Ийм л байна. Тэртэй тэргүй өөрөө дагаж гүйгээд, хамаг юмаа өгөөд байгаа Монголд мөнгө зараад яах юм? Дагаж далдганах, далдганахгүйн ялгаа гэж ийм л байдаг юм байна. Бусад улсад Орос гуйж юмаа өгдөг, харин Монгол Орост гуйж юмаа өгдөг, ийм л зураглал харагдаж байна.
Сүүлийн үед дарга нар, энэ монголчууд гадаадын компаниудаас ашигт малтмалаа авчих гээд байх юм, гадаадын улсуудад өгчихье л дөө, тэгээд яаж авахыг нь харъя гээд омогшоод байдаг болоо юу даа. Тэр улсуудын ЗГ-тай Монголын эх орончид санасан оносноо яриад, хэлэлцээд, баялгаа авчихаж чадна ш дээ. Нэг нь байгалийн, нөгөө нь хүний асар их нөөцтэй хоёр улс заавал манай дарга нарын тусламжаар явъя гэхгүй. Тэдэнд Бакиев шиг хүн хэрэгтэй. Улсаа худалддаг хоосон толгойтнууд, хоолны савнууд огт хэрэггүй, сохор зоосны ч үнэгүй гэдгийг тэдгээр дарга нар санууштай.

V. Ашигт малтмалын луйварчин дарга нар
өөрсдийгөө илчилж эхэллээ


Л.Г гэдэг дарга хурын үүл бол үндэсний баялаг гэж ярилаа. Тэнгэрт хөвж яваа үүлсийг та нарыг баялаг тэр шүү гэж заачихаад, дээшээ харан ангайж байхад нь газрын хамаг баялгийг нь үгүй хийх нь ээ дээ, янз нь.
Ашигт малтмалын геноцидэд АНУ буруутай мэтээр, уг геноцидийг санаачлагч намын хэвлэлд гүтгэн бичжээ. “Айвеноу Майнзыг магтаж бичдэг, ярьдаг хүмүүст л виз өгөхөөс бус, эсэргүүцсэн хүнийг нутагтаа хөл тавилахгүй гэдэлзээд байх шинжтэй” гэж санаанаас зохиосон гүтгэлгээ үргэлжлүүлжээ.
Олон дарга нарын гайхалтай хоёр нүүрийг ард түмэн харсан. Урьд тэд бүгд Оюутолгойн гэрээ зөв гээд л хэлээд байсан. Одоо болохоор буруугий нь гайхаад л, 180 градус эргэснийг нь ээ. Үүнд хууртаж болохгүй. Тэд ахин хэдэн ч удаа, хэдэн ч градус эргэж болно, харин Монголын төлөө л эргэхгүй.
Ард түмнээ зовоож зовоочихоод, тэгээгүй юм шиг, иргэний хөдөлгөөнийхний, шударга сэтгүүлчдийн үгийг давтаад л хариуцлагаас мултарчихна гэж байхгүй. Манай улсын үхлийн түвшин өндөр. Ашигт малтмалаа зөв ашиглаад, зөв нийгмийг байгуулсан бол хичнээн хүн үхэхгүй байж, зовохгүй байж вэ гээд л бодоод үзэх хэрэгтэй.
Гэм буруутнууд хариуцлагаас мултрах бол маш ноцтой асуудал. Ингэж болдог юм байна гээд л улам их гэм бурууг үйлдэх болно. Тэдэнд нэг л аврал буй нь, хнуулийн байгууллагатай хамтран ажиллах явдал. Харин шударга хөдөлгөөн, сэтгүүлчдийг тоть мэт давтан, “төрөл арилжих” нь итгэл төрүүлэх арга биш, аврал нь ч биш.
“Өө, энэ хөөрхий эх орноосоо урваад, эх орноо худалдаад гүйгээд байсан чинь одоо харин зүйтэй юм ярьдаг болчихож, гоё гоё” гэж хандаж болохгүй. Улс орон, ард түмэнд учруулсан хохирлоо барагдуулах л ёстой. “Тэр нөхөр 100 хувь урвахаа болиод, урвалтаа төдөн хувиар багасгасан байна” гээд л зөвтгөчихөж болохгүй. Урвагч л бол урвагч. Хэрэг хийчихээд, хариуцлага хүлээхгүй юм бол хууль байгаад яах билээ.
Урьдын гэм балгаа “тэр туйлын буруу” гээд л өөрсдөө хүлээн зөвшөөрөөд байхад нь, хуулийн хариуцлагад шуурхай татах хэрэгтэй байна. Зүйтэй гэж байсныгаа буруу гээд байгаа “өөрийгөө илчлэх” хөдөлгөөнийг нь зөвөөр ашиглах хэрэгтэй. “Өөрийгөө илчилснээрээ” буруугүй болж байгаа биш бөгөөд, эртхэнээс хуулийн байгууллагатай хамтран ажиллаж, ялаа хөнгөрүүлэх ганц л зүй ёсны боломж буйг дарга нар ойлгох ёстой.
МАХН-ын байрны хажуугаар явсан хүнийг барьж аваад, өчнөөн жилээр яллачихлаа л гээд байна. Улс түмнээ галдан шатаасан дарга геростратуудыг яах вэ?
Сонин сонин зүйл дуулдах л юм. Энэ хоёр нэр дэвшигчийн маань нэг нь ашигт малтмалын геноцидийг санаачлагч, хуульчлагчдын нэг, нөгөөгийнх нь ЗГ өнөөг хүртэл олгогдсон лицензийн 87 хувийг дангаар тараасан ч гэх шиг. Хэвлэл дээр: “Ц.Элбэгдорж өөрөө Тогтвортой байдлын гэрээ (ТБГ) байгуулаад л байгаа байж, “ТБГ гэдэг гай гамшигт үгүй гэж хэлцгээе!” гээд л малилзаад явж байсан. Түүний харийнханд өгсөн цайрын ордын ашгийн 34 хувь гэхэд л иргэн бүрд 500 доллар оногдохоор. Харийнханд өгсөн бүх ордынх нь ашгийн 34 хувь Монголын өсвөр үеийнхэнд 2000 жилийн турш хүүхдийн мөнгө олгоход хүрэлцэнэ” гээд л, мөн ч их бичигдэж байна даа.
Энэ үнэн үү, С.Баяр дарга аа? Улс оронд маань хэнийг сонгох ямар гээч сонгууль явагдаад байна вэ?

VI. Монголын дарга нар Гаагын шүүхэд шилжиж болзошгүй

“Алтан Дорнод Монгол (АДМ)” гээд л сайхан нэртэй, муухай компани манай өчнөөн алтыг цөлмөж зөөсөн, манайд 52,5 тэрбумын татвараа төлөөгүй, гэтэл ЗГ-аас маань 1 тэрбум доллар нэхэж шүүхдээд, Франкфуртын шүүх дээр ялалт байгуулж байна. АДМ манай баялгийг барьцаалан зээл авч байсан тул, Заамарын орд маань АНУ-ын банкинд хураагдах нь. “Востокнефтегаз” гэдэг оросын компани бас шүүхдэж байгаа. ЗГ маань “Бороо Гоулд”-д мөн л өртэй болчихсон юм гэсэн. Хамаг баялгаа өгчихөөд, яагаад Монгол улс өртэй болоод байна вэ? Санаандгүй ийм юм болчихов уу? Үгүй ээ, дарга нар энэ бүхнийг харийнхантай нийлж, санаатай зохион байгуулсан.
Оюутолгойн гэрээнд бас Монгол улс шүүхдүүлж, ялагдах учиртайг тусгасан шиг байсан. Бүр шүүхээ сонгочихсон, шүүх хурал ямар сценариар явагдаж, Монгол яаж ялагдах учиртайг зохиогоод биччихсэн байгаа юм биш үү.
Энэ бүхэн бол геноцид. Монголын нийгэм, эдийн засгийн бүх салбар ээлж дараалан сүйрч байсан, сүйрч ч байна. Коминтерний Шмераль ч билүү, Шмель ч билүү дарга “Монголын хүн амаасаа газар нутаг нь бидэнд илүү ач холбогдолтой. Тиймээс ямар ч арга замаар хамаагүй, энэ газар нутаг дээр бид бэхжих хэрэгтэй” гэж хэлсэн байдаг. Хүн нь хэрэггүй, газар нь хэрэгтэй л гэсэн геноцид санаа шүү дээ. Тэрхүү большевист геноцидийг хэрэгжүүлж байсан номенклатурч дарга нарын хойчис өнөөдөр үйлсийг нь үргэлжлүүлж, геноцидийн бизнес хийж, хүн амаас нь газар нутгийг нь чөлөөлж өгч байна. Ингэж үзэхээс өөр арга алга.
Монголчууд амьд явах эрхгүй болчихсон юм уу? Устгагдах төлөвлөгөөнд эргэлт буцалтгүй орчихсон уу? Үүнд санаа зовохгүй байхын аргагүй.
Геноцид бол хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг. Саяхан, ажиллаж байгаа төрийн тэргүүн, Суданы ерөнхийлөгч Омар аль Баширийг Гаагын шүүх геноцидийн хэрэгт татаж, баривчлах тогтоол гаргасан. Дэлхий ертөнц, цаг үе ингэж л өөрчлөгдөж байна.
Хар арьстнуудыг хавчин гадуурхаж, алж хөнөөж байгаа “Жанжавид” бүлгийнхнийг дэмжлээ гэж Баширийг хэрэгт татжээ. Тэгвэл манайд түүнээс хавьгүй өргөн хэмжээний геноцид явагдаж байна. Дотроо ашигт малтмалын, худалдаа-үйлчилгээний, үйлдвэрлэл-тариалангийн, барилгын, МАА-н, санхүүгийн, ёс суртахууны, оюуны, эрүүл мэндийн, экологийн, үндэс угсааны, хэлмэгдүүлэлтийн, неоколоничлолын, шашны гээд салбар хүйтөрөлгүйтгэлүүдтэй.
Дарга нар маань Гаагад дуудагдахаасаа өмнө тэр харийн найз нартайгаа хамт эртхэн олон улсын шүүхтэй ч хамтран ажиллах хэрэгтэй болж. Гишгэх газаргүй болж буйгаа ойлгохгүй байлаа гээд нэмэр болохгүй. Монгол улсын хуулиас гадна, олон улсын хууль гэж байдаг. Аль аль хуулийг нь зөрчөөд байгаа гэмт хэрэгтнүүдэд аль аль хуулийнх нь дагуу хариуцлагыг хүлээлгэх хэрэгтэй гэдэгтэй та маргахгүй биз ээ.

VII. Гэмтнүүдийг Чингисийн монголчууд өршөөхгүй

Ашигт малтмалын асуудал нэг ч өдөр тайван эс суулгана. Өдөр бүр шинэ гай гамшгийн тухай элдэв зүйлс сонсогдоно, бодогдоно.
Тогтвортой байдлын гэрээ, эрдэс баялгийн талаарх төрийн бодлого гээч нь эх орныхоо 66 хувийг шуудаар, 34 хувийг шууд бусаар харийнханд өгөх л арга саам гэх юм. Монгол улс өөрийнхөө баялгаас үнэндээ цаашид юуг ч бодтоор эзэмшихгүй тул бүхэнд гадаадынхны л гар харж гуйланчилсан, их л бодож эрчүүд нь зарц боол, эмс охид нь биеэ үнэлэгч болж хэсэг оршоод, мөхнө ч гэлцэнэ.
“Рио-Тинто”-гийнхныг Мадагаскарт ирэхэд нь, “зэр зэвсэг оруулж ирж, төрийн эргэлт зохион байгуулж болзошгүй” хэмээн ардчилсан хувьсгалчид шалгаж. Тэр компани Мадагаскарын дарангуйлагчийг санхүүжүүлдэг байжээ. Ийм компанитай хамтран ажиллаж болох уу?
“Тавантолгойн гэрээ” гэж аюул гарч ирэх гэж байгаа гэнэ. Орд бүр маань дарга нарын зүтгэлээр ард түмний эсрэг аюул болон босч ирэх учиртай юм гэж үү?
3 тэрбумын арилжааны зээл гэж гамшиг нүүрлэнэ ээ гэж байна. Арван жилийн дараа төлж эхлэх зээлийн 50 хувийг өмнөд хөршийн бараа бүтээгдэхүүн хэлбэрээр авна гэсэн. БНХАУ үүнийхээ төлөө Монголын баялгийг давуу эрхтэй эзэмших эрхтэй болно гэж бичиж байна. Бүхий байгалийн баялгаа алдчихсан Монгол 10 жилийн дараа юугаараа их өрийг төлөх вэ?
Оросын Думд, “Манай бизнесийг хавчин гадуурхдаг Монголд цохилт өгөх хэрэгтэй” гэж яригдсан гэнэм. “АНУ эрх ашгаа Персийн буланд яаж хамгааллаа” гээд барьцсан ч гэсэн. Дарга нар минь дайныг даллав уу?
Тайван суух арга алга. Цаг алдаж болохгүй. Би л хувьдаа ашигт малтмалын төлөө тэмцэгчидтэй нийлж нэгдэх болно. Гэмтнүүдийг Чингисийн монголчууд өршөөхгүй.

VIII. С.Баяр сайд аа, хамт хувьсгал хийцгээе!

Ашигт малтмалыг тойрсон гэмт хэргийн талаар би анх 2003 онд бичлүү дээ, ашигт малтмалын талаарх уриалгаа 2007 онд гаргаж төр түмэндээ хүргэж байсан. Тэрхүү уриалгаа ноднин 25 зүйлт болгож, мөн хүргэсэн. Энэ захидлын төгсгөлд ч шинэчилсэн байдлаар хавсаргана. Хэрэв төрд маань бодлого, чиглэл олддоггүй юм бол миний уриалгыг баримтлал болгочиход ч болохгүй нь юу байх билээ.
Миний бие алдаж будилж байж ч болох юм. Тэгвэл намайг ухааруулаад сэнхрүүлээд, үнэнийг ойлгуулаад аль. Юу болоод байна вэ? Дарга сайд та бүхнийг харийнхан ална тална гээд хүчээр гэм хийлгээд байна уу? Тийм бөгөөс ард түмэндээ, дэлхий дахинд үнэнийг хэл, буруутныг хашраагаад, гэсгээн цээрлүүлээд өгнө.
Ашигт малтмалын геноцидийг, бүхий геноцидийг та эхлүүлээгүй, тиймээс гол буруутан нь та бус. Харин та хүсвэл геноцидийг таслан зогсоох дорвитой алхам хийж чадна. Илэн далангуй л ярилцъя.
Өнөөдөр байдал маш ноцтой, түгшүүртэй байна, түүнийг би өдрөөс өдөрт мэдэрч байна. Ард түмэн маш их ядарч. Зовж зүдэрч. Цөхөрч. Гинжнээсээ өөр алдах юмгүй болж. Олон хүн хувьсгал хийхээс буцахгүй болсон байна. Хувьсгалт нөхцөл байдал, хувльсгалын тохироо бүрдсэн байна. Түүний үр дүнг урьдчилан хэлэхэд хэцүү. Сайн ч байж болно, муу ч байж болно. 1990 оны хувьсгал Зөвлөлтийн дарлалыг шинэ номенклатурын дарлал, геноцид, неоколоничлолоор л солилоо. Болзошгүй хувьсгал эрүүл нийгмийг авчирч болно, эсхүл хаос, туйлшрал, хэт тэгшитгэл, уналт, харгислал, дайн ч авчирч болно.
Хувьсгал гарч, өөрсдийг нь түлхэн унагахыг хүлээлгүй, удирдах постон дээр байгаа хүмүүс угтаад, хамтраад хувьсгал хийсэн ч болох биш үү. Хувьсгал гэдэг маань зөв бодлого байж ч болно. Горбачёв зөв бодлогын хувьсгал хийж л байсан. Монголын хэн нэг төрийн зүтгэлтэн ч тэгж болно шүү дээ. Дарга нарыг ухаараач, сэхээрээч, зөв бодлого явуулаач, хувьсгал хийгээч гэж уриалж байна. Тэгвэл ард түмэн дэмжинэ, магадгүй “Монгол улсын ерөнхий сайд Баяр ура!” гээд хашгирна. Заавал талцан тэмцэлдэхгүйгээр хувьсгал хийж болно. Хэрэв эв нэгдэлтэйгээр хувьсгал хийх аваас, сөрөг зүйл гарахгүй.
Өөрчлөн байгуулалт, ил тод байдал, Дорнод Европын ардчилсан хувьсгалууд төлөвшилд минь их нөлөөлсөн. Монголын ард түмний ардчилсан хувьсгал надад гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Тэр хувьсгалын үйл хэрэг эхлээд л зогсчихсон. Дуусах ёстой гэж боддог. Энэ нийгмийг бүх монголчууд нийлээд хамтдаа хувьсгах хэрэгтэй байна, С.Баяр дарга аа.
Яриа минь ашигт малтмалаар эхлээд, ардчилсан хувьсгалын үйл хэргээр төгсөж байна. Ингэх л ёстой. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

(Үргэлжлэл бий)
Ч.Мөнхбаяр. MMIX.V.XI

Р.S. Алдаж эндсэн аваас, хүлцэл өчье

No comments: