Saturday, June 20, 2009

Монгол оронд монголчууд руугаа улангасан дайрдаг адгийн шааруудын нацизм дэлгэрлээ


Гэтэл 3-р Рейхэд герман цусаа хүндэтгэнэ хэмээн
эрлийзүүдэд тэгш эрх олгож байжээ


Монгол оронд маань яс үндсийн сэдвээр гоочилж чичилдэг тун ч муухай “нацизм” дэлгэрч, төрийн бодлого, түмний шүтлэг мэт болох нь ээ. Энэхүү, улс түмнийхээ эсрэг өдөөсөн үзэгдлийг адгийн шааруудын “нацизм” л гэмээр байна. Учир нь, өөр улсын нацистууд бусад үндэстний эсрэг ханддаг бол, адгийн шаар “нацистууд” маань өөрийнхөө үндэстний эсрэг ханддаг.
Саяын сонгуулийн үеэр нэр дэвшигчийг захчин хэмээн нүд үзүүрлэсэн нь нэгэн жишээ. Монгол улсын маань цөөнх ястнууд хүн биш юм уу? Бас Шинжаанаас ирсэн гэж дайрч давшиллаа. Хилийн чанадын олон сая монголчууд хүн биш, хог болох нь ээ.
Адгийн шаарууд өөрөөс нь илүү гарсан хэнийг ч хужаа луухаан хэмээн солиорч, ямар ч ял зэмгүй хийрхэж байдаг нь энгийн үзэгдэл болсон. Гэтэл, угсаатны сэдвээр ялгаварлан гадуурхах гээч нь маш ноцтой үр дагавартай, хүнд гэмт хэрэг мөөн. Зарим улсад ийм хэрэг үйлдэгчийг цаазаар авдаг байна.
Үндэсний төлөө санаа зовсон дүр үзүүлэвч, өөрийн өгөр арьсны төлөө л улс үндэстнээ хагалан бутаргах, тогтвортой байдлыг нь алдагдуулах, бусад улс үндэстэнтэй эвдрэлцүүлэх балаг тарьж явагсдыг хатуу чангаар гэсгээн цээрлүүлэх цаг болсоон.
Монголоо ойшоохгүй, мэдэхгүй, харьд худалдагдсан ч тоохгүй, худалдахаас ч буцахгүй явдал хавтгайрсан манайд монгол хүнээ захчин, хужаа гэхчлэн ад үзэж, алахаас буцахгүй галзуурах болсон нь олныг хамарсан сэтгэцийн өвчний шинж үү, эсвэл гахай нохойн шинэ ханиад уу?
Монгол улс үндэстнийг мөхөөх гэсэн хорт бодлогын л нэг хэсэг буй заа. Үндэстний үзлээр (өөрөө хэлбэл завхралаар нь, завхайрлаар нь) “нь” үндэстнийг хөнөөнө гэдэг ээ мөн айхавтар хорон санаа аж дээ.
Даян дэлхийн түүхэнд гараагүй үндсэрхэг гэгдсэн Германы нацист дэглэм ч герман цустнууддаа манай тэнэг “нацизмыг” бодвол хавьгүй эрүүлээр ханддаг байжээ.
Израилийн “Вести” сонинд гарсан дорхи өгүүллийг харцгаая:

Гитлерийн армид 150 мянган еврей цэрэг,
офицер байлдаж байв


Гуравдугаар рейхэд “мишлинге” гэсэн нэр томъёоллоор арий үндэстэн арий бус үндэстний дундаас гарсан хүмүүсийг нэрлэж байв. 1935 онд батлагдсан герман үндэстний хуулиар мишлингенарыг нэгдүгээр үеийн буюу эцэг, эхийн нэг нь еврей, хоёрдугаар үеийн буюу өвөө, эмээгийн нэг нь еврей гэж ангилах болсон ч хэдэн мянган мишлинге нар нацист дэглэмийн үед амар тайван амьдарч байлаа. Тэд ердийн журмаар цэрэгт татагдан вермахт буюу Германы зэвсэгт хүчин, люфтваффе буюу нисэх хүчин, кригсмаринд буюу тэнгисийн хүчинд алба хааж, зарим нь дээд офицерийн бүрэлдэхүүнд багтан генерал цол авч, хороо дивиз арми командалж байв. Эндээс зуугаад мишлинге нацист дэглэмийн өмнө хүндтэй гавьяа байгуулагсдад олгодог эр зоригийн төлөө төмөр загалмайгаар шагнагдсан байна. Түүгээр ч үл барам хорин цэрэг, офицер гуравдугаар рейхийн цэргийн дээд шагнал болох рыцарийн загалмайгаар шагнагдаж байжээ.
Нацистуудын удаан хугацааны турш сурталчилж байсан зурагт хуудсан дээрх дуулга өмссөн хөх нүдтэй, шаргал үстэй цэргийн зургийн доор “Төгс төгөлдөр герман цэрэг” гэсэн бичиг байдаг байв. Тэрхүү төгс төгөлдөр арий цэрэг бол вермахтын Вернер Гольдберг гэгч еврей эцэгтэй хүн байжээ. Түүнчлэн вермахтын хошууч Роберт Борхардт гэгч 1941 оны зун танкийн дайралтаар Зөвлөлтийн фронтыг сэтэлсэн учир рыцарийн загапмайгаар шагнажээ. 1983 онд тэрбээр нас барахынхаа өмнө Германы сурагчдад “Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы талд байлдаж байсан ихэнх еврей ба хагас еврей нар армидаа алба хааж эх орноо шударгаар хамгаалах ёстой гэж үздэг байсан” гэж ярьдаг байжээ.
Галаха еврей (галаха-еврейн ёсны хуулийн дагуу еврей эхээс төрөгсөдийг еврейгээр тооцох) хурандаа Вальтер Холландерт Гитлер өөрөө түүнийг арий үндэстэн мөн гэсэн хувийн үнэмлэх гардуулж байв. Ийм үнэмлэхийг олон арван дээд тушаалын эрлийз офицеруудад Гитлер гарын үсгээ зуран батламжилж өгсөн байдаг. Холландер дайны жилүүдэд I, II зэргийн төмөр загалмай мөн маш ховор олгогддог Германы алтан загалмай тэмдгээр шагнагдаж байв. 1943 онд Курскийн цүлхэнд болсон тулалдаанд түүний удирдсан танк эсэргүүцэх бригад оросын 21 танкийг устгасны төлөө рыцарийн загалмай одонгоор шагнагджээ.


Төмөр загалмай одонгоор шагнуулсан нэг цэрэг фронтоос ирж Заксенхаузены концлагерьт хоригдож байсан еврей эцгээ эргэхээр очиход тэнд байсан СС-ийн офицер “Чиний дүрэмт хувцсан дээрх шагнал байгаагүй бол…” гэж уулга алдсан гэдэг.
1944 оны нэгдүгээр сард вермахтын боловсон хүчнээс гаргасан нууц жагсаалтад 77 еврейн эрлийз ба еврей эхнэртэй дээд тушаалын офицер, генералуудын нэрсийг гаргасан байна. Эдгээр 77 офицер бүгд Гитлерийн гарын үсэгтэй, жинхэнэ цэвэр цусны арий мөн гэсэн тодорхойлолт батламжтай хувийн үнэмлэхтэй байжээ. Эдгээр жагсаалтад 23 хурандаа, таван хошууч генерал, найман дэслэгч генерал, хоёр хурандаа генерал багтжээ.
Энэ жагсаалтад орох хүний нэг бол Гитлерийн дотны хүн болох гестапо, эрүүгийн цагдаа, тагнуул, сөрөх тагнуулыг хянадаг РСХА-ийн тэргүүн Рейнхард Гейдрих багтаж байв. Гейдрих 1904 онд Лейпциг хотноо консерваторийн захирлын гэр төржээ.
‘Нуугдмал еврейн” өөр нэг сонгодог жишээ бол гуравдугаар рейхийн нисэх хүчний фельдмаршал Эрхард Мильх юм. Түүний эцэг нь еврей, эм найруулагч байжээ. Еврей гарлаасаа болоод тэрбээр кайзерийн цэргийн сургуульд орж чадаагүй байна. Гэтэл тэр үед дэлхийн I дайн дэгдэж Мильх нисэх хүчний алдарт асс нисэгч Рихтгоффены дивизэд алба хаах болжээ. Тэр үедээ тэрбээр Герингтэй танилцсан байна. 1929 онд Үндэстний агаарын тээврийн ерөнхий захирал болон, нацистуудын толгойлогчдыг үнэгүй зөөдөг болов. Төрийн эрхэнд гарсан нацистууд түүний тусыг мартсангүй бөгөөд тэрний тухай албан ёсны баримтад дурдахдаа арий гэжээ.
Вермахтын ихэнх ахмад дайчид “Бид цэрэгт татагдахдаа өөрсдийгөө еврей гэж үздэггүй байсан” гэж дурддаг байсан ч тэд гарал үүслийнхээ “дутагдлыг” нөхөхийн тулд гурав дахин их зүтгэлтэйгээр байлдаж эх оронч, хатуужилтай цэрэг болохоо баталдаг байжээ. Гуравдугаар рейхид үнэнчээр зүтгэж байсан еврей, хагас еврей нарын хувь заяа ийм ажгуу”

Дээрх өгүүлэл бол Браен Марк Ригг-ийн “Гитлерийн еврей цэргүүд” ном гарсантай холбоотой юм. Уг номонд, еврейг бүрмөсөн устгах хүртлээ үзэн ядсан нацист дэглэм еврейн эрлийзүүдэд тайвнаар ханддаг байсан хачирхалтай гэмээр үзэгдлийн тухай өгүүлжээ.
Еврейн эрлийз буюу мишлинге-д дээш нь дэвшүүлэхэд хязгаар тогтоох тухай тушаал шийдвэрүүд гарсан боловч, тэр нь амьдрал дээр төдийлөн хэрэгжээгүй аж. Учир нь, хийрхэгч нарыг бодвол, энгийн ард олон нь еврей нарт хэвийн байдлаар ханддаг хэвээр байв. Дэлхийн II дайн дуустал германчууд еврей нарыг аймаглан хөнөөсөн холокост зэрэг харгислалын тухай мэддэггүй байсан юм. Яг л Сталины харгислалыг соцлагерийнхан мэддэггүй байсан шиг.
Харин мишлинге нар чөлөөтэй ахин дэвшсээр байлаа. 1944 оны судалгаанд дурдагдсан 77 мишлинге дээд офицер дээр 60 мишлинге дээд офицерийг нэмж болох нь өдгөө хэдийнэ тодорчээ. Тэдгээрийн дотор фельдмаршал ч бий.
Эхээр нь л еврей хүн гэж тооцох ёсыг галаха гэдэг. Еврейн ёсоор бол жинхэнэ еврей хүн 3-р Рейхэд “жинхэнэ арий” гэсэн тодорхойлолтоор шагнуулаад л явж байдаг байв.
Баруун Германы нэрт удирдагч Хельмут Шмидт 2-р зэргийн мишлинге буюу, еврей өвөөтэй юм. Тэрбээр дэлхийн 2-р дайны үед люфтваффе буюу цэргийн нисэхэд алба хаажээ. Хожим нь Х.Шмидт “Агаарын цэргийн анги бүхэнд 15-20 мишлинге байдаг асан” гэж дурсчээ. Рейхийн агаарын цэргийн жанжин Геринг “Германы төлөө юу хийснээр нь л би герман мөн бишийг нь тодорхойлно. Энэ бол миний л хэрэг” гэж байжээ. Үнэндээ тэр үед люфтваффегийн жинхэнэ командлагч нь еврей эцэгтэй гарамгай зохион байгуулагч Э.Мильх байсан юм.
Й.Геббельс, Х.Химмлер, Р.Хесс, Х.Франк, К.Эйхман, А.Розенберг, Э.фон Манштейн, Э.Мильх, Й.фон Бласковиц, Ф.Штайнер, Ф.Шорнер, В.фон Бломберг, Б.Рогге, П.Ашер, Й.Цукерторт, Х.Вильберг, Г.Хайнрици, К.Филер, П.Блобель, Ф.Шварц, О.Глобочник, Э.Кох, Й.Грохе, А.Майер, Р.Йордан, К.Валь, К.Хирл, Р.Вагнер, В.Боле, А.Форстер, барон Л.фон Мильденштайн зэрэг 3-р Рейхийн төр, цэргийн олон том зүтгэлтнийг мишлинге байсан гэж Польшийн нэгэн сайтад бичсэн байв.
150 мянган вермахтын цэрэг мишлинге... Тэгвэл хүүхэд, эмэгтэй, ахмад настан, ард талд ажиллагч хичнээн мишлинге байв. Саяд дөхөх буй заа.
3-р Рейхийн хууль-эрхзүйн тогтолцоог бүтээгчдийн нэг Вильгелм Штуккарт: “Еврейн эрлийзийг еврей гэж тооцох нь герман цусыг үл хүндэтгэсэн хэрэг болно. Бид герман цусыг хайрлах ёстой” гэжээ. Еврейн эрлийзийг еврей гэж тооцно гэсэн хийрхэгчдэд цохилт өгч, мишлинге нарт бусад германчуудтай бараг адил эрхийг хуулиар олгосон юм. Зарим нэг хязгаарлалт тогтоосныг хэн ч амьдралд хэрэгжүүлэх гээгүй билээ.

ХАРИН БИД МОНГОЛ ЦУСЫГ ХҮНДЭТГЭЖ БАЙГАА ЮУ?!

Ч.Мөнхбаяр

No comments: