Sunday, June 28, 2009

"Захчины хэрэг" Монгол орныг доргиолоо!


Монголчуудыгаа угсаатны шинжээр ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэцгээе


“Захчины хэрэг” халуухан 5-р сард Монгол орныг доргиосон билээ. Ц.Элбэгдорж бол захчин , дээрээс нь бас өвөө нь Шинжаанаас ирсэн хэмээн буруутгаж, яллаж давшилж байсан тэнэг мунхаг пиарчид харин ч ард түмний зэвүүцлийг төрүүлж, нэр дэвшигчээ ялагдахад хүргэсэн билээ.
Яс үндсийн сэдвээр дайрч давшлах нь аажимдаа холокост, геноцид, нацизмд хүргэдэг, угтал ялт хэрэг нь атал, Монголд өөдгүй этгээдүүд эл хэргийг чөлөөтэй үйлдэж, бүр ашиг хонжооны хэрэгсэл, бизнесээ болгосон нь харуусалтай.
Ийм явдал дахин давтагдах ёсгүй. Яс үндсээр ялгаварлан гадуурхах /этник дискриминаци/ явдалд үгүй гэж хэлцгээе! Энэ ялт хэргийг өнөөдөр дарж авахгүй бол маргааш ямар ч өргөн хэмжээний аймшиг, эмгэнэлийг Монгол улс түмэнд нүүрлүүлж болно.
Гэмтнүүдийг гэсгээн цээрлүүлье. Юуны өмнө “Захчины хэрэг”-ээс эхлүүлье.
Миний бие бүх монгол туургатныг нүүлгэн ирүүлж уугуулшуулах хуулийн төслийг санаачилсан. Өнөөдөр Монголд яс үндсээр ялгаварлан гадуурхах үзэгдэл хавтгайрч, олон ухвар мөчид хүмүүс төрийн бодлогын үрээр мунхарч гүйцээд байхад уугуулшууллын үзэл санаа төдийлөн амжилт олохгүй байх нь аргагүй юм.
Монголын иргэний яс үндэс юуны өмнө, Монгол улс түмэнд ач тустай юу бүтээснээр нь тодрох учиртай. Тодрох учиртай гэснээс бус , тодорхойлогдох учиртай гээгүй шүү. Баримт бичиг, иргэний угсаатны ухамсар бол гол тодорхойлогчид юм.
Хэрэв яс үндсээр ялгаварлан гадуурхах үзэл гаргаж, Монголчуудыг салган бутаргах оролдлого хийж , улс түмний эв нэгдэл , тогтвортой байдал, тусгаар тогтнол, ирээдүйн эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа бол, тэр этгээд монгол хүн биш ээ. Аливаа гэм хэрэгтэн яс үндэсгүй байдаг.
Яс үндсээр ялгаварлан гадуурхахын эсрэг шийдвэртэй тэмцэцгээе. Ахуйн хүрээнд, олон нийтийн газар, сонин хэвлэлд, сонгуулийн үеэр гэсэн үе шаттайгаар хэргийг хүндрүүлэн авч үздэг болъё. Хэн ч ахин монголчуудыгаа ялгаварлан гадуурхаж , элдэв солиотой үг хэлэх гээд ам ангайж зүрхлэхгүй болтол хашраагаад өгье. “Захчины хэрэг” зүгээр өнгөрөх ёсгүй. Энэ мэт бүх хэргүүд…
Миний бие үндэсний үзэлтэн, эх оронч, панмонголист, монголчуудыгаа угсаатны шинжээр ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцэгчийн хувьд нэгэн тогтоолын төслийг санаачлав. Уншигч та болгооно уу.

Монгол Улсын Засгийн Газрын Тогтоол
(төсөл)
Огноо... Улаанбаатар Дугаар...

Яс үндсээр ялгаварлан гадуурхахын эсрэг тэмцлийг
чангатгах тухай


Монгол Улсын иргэн бүр, Монгол Улсын Үндсэн хуулийн 2-р бүлгийн 14.2-р зүйл, Монгол Улсын зохих хууль эрхзүйн актууд болон, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын дагуу яс үндсээр ялгаварлан гадуурхах явдлаас хамгаалагдах бүрэн эрх, баталгаагаар хангагдсан байдаг билээ. Яс үндсээс хамааралгүйгээр Монгол Улсын бүх иргэн тэгш эрхтэй байх нь Монголын ардчиллын, хууль-эрхзүйн эрхэм нандин нэгэн зарчим юм.
Гэтэл сүүлийн үед иргэдийг харь гаралтай хэмээн дайрч давшлах, ялгаварлан гадуурхах, янз бүрийн байдлаар эрхэнд нь халдах үзэгдэл газар авч, энгийн үзэгдэл боллоо. Яс үндсээр ялгаварлан гадуурхах нь Монголын эв нэгдэл, тогтвортой байдал, тусгаар тогтнолд харшилсан гэмт хэрэг мөн.
Бүрэлдсэн сөрөг нөхцөл байдалд үндэслэн, Монгол Улсын Засгийн Газраас тогтоох нь:
1. Яс үндсээр ялгаварлан гадуурхахыг хориглосон хууль тогтоомжийн хэрэгжилтийг онцгойлон сайжруулсугай.
2. Тус хууль тогтоомжийн хэрэгжилтийг тусгайлан хянаж шалгах бүтцийг байгуулж, үйл ажиллагааг нь тогтмолжуулсугай.
3. Яс үндсээр ялгаварлан гадуурхсан гэмт хэргүүдийг илрүүлэх явцыг эрчимжүүлсүгэй.
4. Яс үндсээр ялгаварлан гадуурхах гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд, сурталчилгааны кампанит ажлыг өрнүүлж, иргэдэд ойлгуулан таниулсугай.
5. Дээрх арга хэмжээнүүдийг зохион байгуулж, амжилттай хэрэгжүүлэхийг Монгол Улсын Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Ц.Нямдоржид даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий Сайд С.Баяр
Төслийн зохиогч Ч.Мөнхбаяр
2009.06.14

No comments: