Wednesday, July 1, 2009

7.1-ний үйл явдлын 1 жилийн ойд


7.1-ний үйл явдлын нэг жилийн ой болж байна. Хувьсгал байсан уу, хуйвалдаан байсан уу гэдэг нь тодорхойгүй хэвээр. Гэхдээ нэг л зүйл эргэлзээгүй. Тэр бол ард түмний зүрхний хилэн. Дэглэм 7.1-нээс зохих сургамжийг аваагүй. Хилэнг дарчихсан гэж үзэж байгаа...
Миний бие 7.2-нд гадуур их л бухимдалтай явж, хориглосоор атал цугласан иргэдтэй ярилцаж, золтой л цагдаад баригдчихаагүй. Хариад дуг хийгээдэхсэн чинь "Амь үрэгдсэн жагсагчтай хийсэн ярилцлага"-ын минь санаа төрж, бичиж билээ.
Маргааш нь "Хувьсгал мандтугай!" гэсэн нийтлэл бичсэн. Түүнийг олонд хүргэх нь маш эрсдэлтэй хэрэг байсан авч, нийтлүүлсэн. Одоо тэр бүхэн түүх болж дээ.
НТВ-гээс зарласан уралдаанд зориулан бичсэн (2008 оны 11-р сард) "341" жүжигтээ (жаахан яаруу биччихсэн юм, 3 хоногт) 7.1-ний үйл явдалд 14-р үзэгдлээ зориулсан .
Энэ гурван зүйлийг уншигчиддаа толилуулъя аа.

Амь үрэгдсэн жагсагчтай хөөрөлдсөн минь

Ирэх дугаартаа материал нийлүүлэхийг найз маань хүслээ. Юуны тухай бичих вэ? Мэдээж, 7-р сарын 1-ний "хувьсгал" ч гэх үү, "хар Мягмар гараг" ч гэх үү, тэр үйл явдлын тухай. Нэг бол бүтэн дугаарын дайтайг биччихмээр. Нэг бол юу ч бичмээргүй.
Одоо санахад итгэхийн аргагүй. Монголд тийм юм болсон гэж үү. Шөнө нойр хулжсан тул толгой манантана. Гишүүд барилцаж авчих гээд болохгүй байгаа учир хэмээн, УИХ-ын тусгай чуулган хаалттай болох болов. Бүх юм л хаалттай. Маш эвгүй. Хэдхэн өдрийн өмнө ямар байлаа. Гэтэл одоо...
Эх орон маань мөн үү?
Жаахан дугхийе гэж бодов. Зүүдэлж эхэлсэн чинь өрөөнд харин нэг зэрмийсэн цагаан залуу ороод ирэв. Маш зовж шаналсан дүртэй царайг нь хараад л палхийв. Мөрдөгдөж мөшгигдсөн хүн аврал эрэн хүрээд ирж байгаа нь энэ үү. "Чи хэн бэ?" гэж хэлж амжаагүй байтал тэр өөрөө эхэлж дуугарлаа.
-Ах аа та яасан юм бэ? Бас буудуулсан юм уу гээд ихэд санаа зовсон янзтай ойртов.
-Үгүй, зүгээр л нойр хүрээд... Харин чи?
-Та намайг гайхаж байгаа байх. Би гэрээ хайгаад явж байна. Гэтэл төөрөөд... олдоггүй ээ. Би 7-р сарын 1-нд буудуулаад үхчихсэн...гэхэд нь чухам зэрлэг араатны айдас намайг эзэмдэн авсан ч өрөвдөн шимшрэх сэтгэл түүнийг үлдэн хөөв.
-Чи тэгэхлээр нөгөө тавын нэг байх нь ээ?
-Таван хүн алагдсан юм уу?
-Оросын нэг хэвлэл хэдэн арав гэсэн байна билээ.
-Ах аа, шударга сонгууль явагдах болсон уу?
-Үгүй ээ. 4 хоногийн онц байдал зарлагдсан.
Энэ хугацаанд сонгуулийн дүн хөдөлбөргүй болох биз ээ. Хотод 2000 цэрэг цагдаа онц байдлыг сахиулаад, байлдааны хуягт зам хэрж зогсоод, машин тээвэр хязгаарлагдаад, үзлэгт хамрагдаад, ганц ТВ-ээс бусад нь хаагдаад, намууд ч хаагдаад, сөрөг хүчний удирдагчид баривчлагдаж, мөшгигдөж, гүтгэгдээд, халуун хүйтэн зэвсэг эрж хайгаад, залуусыг мөрдөөд, ямар ч байдлаар хурж цуглавал фургонтой цагдаа нар ирж тараагаад, нэг иймэрхүү л байна даа. Наадам хийхгүй ч болох юм шиг муу ёрын үгс дуулдаж байна.
-Ах аа, бид үүнийг хүсээгүй ш дээ. Бид улсаа Румын болгох гэсэн чинь Тяньанмень, Хойд Солонгос болгочихлоо гэж үү?
-Та нар юу хүссэн юм бэ?
-Бид шударга сонгууль, эрх чөлөө, эрүүл нийгмийг л хүссэн. Гэтэл улсаа сөнөөчихөө юү?



-Дүү минь чи өөрийгөө буруутгах хэрэггүй. Буруутай гэвэл бид бүгд буруутай. Гэхдээ одоо буруутныг тодруулахаас өмнө, улс орноо иргэний дайнаас яаж аврах вэ гэдэг чухал болоод байна. Үндэсний их эвлэрэл хэрэгтэй байна.
-Эвлэрэл ээ? Хэнтэй эвлэрэх гэж?
-Бүх монголчуудтай.
-Ах аа, "тэдэнтэй" эвлэрч болохгүй ш дээ. Бид юуны төлөө амиа алдсан юм бэ?
-Наад үгтэй чинь санал нэг байгаа улс олон байна. Маргааш нь би хэрэг явдал болсон газрын ойр орчмоор явахад таван ч газар хүмүүс цуглачихаад, тар гэсэн цагдаагийн шаардлагыг төдийлөн биелүүлэхгүй бөөгнөрцгөөгөөд байсан. Үдээс хойш 300 хүн Сүхбаатарын талбайд хурж, ТВ-ийн бусад сувгийг нээхийг шаардсан байна. Цэрэг цагдаа тараахаар ирэхэд нэг залуу "Та нар намайг бууд. Өчигдөр та нар найзыг маань алсан. Одоо намайг алчих" гээд уйлж байж. Энэ нь олон түмнийг донсолгож, ноцтой явдал болох дөхсен л байна.
Ард түмэн хагаран бутарч байна. Янз бүрийн байр суурь, тайлбарт хуваагдаж, бухимдаж байна. Тийм учраас л би одоо юу юуны өмнө Үндэсний их эвлэрэл хэрэгтэй гээд байгаа юм шүү дээ.
-Та дэглэмийн төлөөлөгч байна. Ху намтай эвлэрч болно гэж үү?
-Миний бодлоор "7-р сарын 1-ний үйл явдлын өршөөлийн хууль" гаргаж, эрүүгийн ноцтой гэмт хэрэг үйлдсэнээс бусад бүх хүнд өршөөл үзүүлэх хэрэгтэй.
Тэр үйл явдалд тэр нь буруутай, энэ нь буруутай гэх асуудлыг жилээр ч юм уу, хойшлуулъя. Юуны өмнө эвлэрээд авах хэрэгтэй. Тэгээд бүхнийг хууль ёсоор, соёлтой хийж эхэлцгээе, хийж сурцгаая.
Онц байдлын дараа гашуудал зарлаж, ард нийтээрээ эмгэнэж эвлэе. Ухаарч, гэгээрч энэрэнгүй, нигүүлсэнгүй болж, сургамж авч эвлэе. Бид чинь нэг гэр бүл шүү дээ. Энэ нь муу муухай, тэр нь гээд айхавтар ихээр үзэн ядаж болдоггүй юм байна. Үзэн ядалтаас өмнө ойлголцол, зөвшилцөл, харилцан буулт хийх хэрэгтэй байдаг юм байна.
-Буулт хийх гэнэ ээ. Бууж өгөх хэрэг үү? Та бол жинхэнэ Ху намын улаан фэн байна...
-Дүү минь яриаг минь битгий таслаач. Харилцан буулт хийнэ гэдэг чинь бууж өгнө гэсэн үг огт биш, тэгш харилцаа, ойлголцол байхгүй юу.
-Тэгээд яаж харилцан буулт хийх гэж?
-Юун дээр зөрчил маргаан үүсэв? Дахин сонгууль явуулах асуудал дээр шүү дээ. Энэ нь тэгэхдээ бүхнийг давтна аа гэсэн үг биш. Тэр сонгуулийн хороо мороондоо бүх намын төлөөлөл ажиглагчдыг хангалттай оруулаад, чөлөөтэй ажиллах боломжоор нь хангаад өгчихвөл бүх юм л болоод явчихна шүү дээ. Үнэнээр явуулбал тэр сонгууль шиг амархан юм байхгүй. Бүгдээрээ нам эвсэл гэлгүй гар нийлээд л, инээлдэж ханиалдаад л тоолчиход тэгээд л болоо шүү дээ.
Дахин сонгууль явуулж эвлэцгээе!
-Бидний хийсэн хувьсгалын дараа ингэж ярьж байна гэж үү? Бууж өгч байгаа юм биз дээ. Залуусаас бусад нь ийм л байгаа юм. Та нар биднийг алалцуулчихаад дараа нь бас хор найруулах юмаа л...
-Дүү минь ядаж суугаач...
-Үгүй би зогсмоор байна.
-Ийм омголон, эвлэршгүй байх цаг биш ээ. Харийн түрэмгийлэгч халдвал тийм байж болно. Бид чинь монголчууд. "Эвдрэхдээ бид Чин гүрний боол Монгол болдог/ Эвлэхдээ бид Чингис хааны Монгол болдог" гэж үнэн үг. Бүхнийг хууль ёсоор...
-Хууль ёсоор байна гээд ямар ч үр дүнд хүрэхгүй болчихоод байгааг чинь та ойлгож байна уу. Хууль ёс өчүүхэн ч боломжгүй болчихоод байна шүү дээ.
-Хууль ёсоор үйл ажиллагаа хийгээд үр дүнд хүрэхгүй байлаа ч, хуулийн дагуу л явахыг оролдож, чармайж, хичээх хэрэгтэй. Сонгууль будлиантай болбол намын байрыг шатаана гэж хуулинд заагаагүй нь л лавтай.
-Ах аа, та юу ч ойлгохгүй байна. Хуулийн дагуу зөв зүйтэй үр дүнд хүрэх гээд 18 жил оролдоод бүтээгүй биз дээ. Хуулийг зөрчихөес өөр аргагүй цаг үе гэж байдаг юм. Бид дайсны юмыг шатаасан. Ойлгож байна уу.
Хувьсгалыг бид хийсэн. Харин тань шиг хүмүүс сөнөөж байна. Та ч ойлгохгүй биз дээ.
-Бид Бапу шиг байх хэрэгтэй. Тэр хүн их эвлэрэл, хүчирхийлэлгүй эсэргүүцэл, үл хамтран ажиллах зэрэг зарчмуудаар тэмцдэг байсан. Колоничлогчдын эсрэг
хүчирхийлэлгүй тэмцэж, тэдэнтэй үл хамтран ажиллаж, харин энэтхэгчүүдийг бол гагцхүү эвлэрүүлж байсан хүн. Бапу шиг байцгаая.

Монголчууд аа, Бапу шиг байцгаая!

-Энэтхэг, энэтхэгчүүд гэдэг чинь Монгол, монголчууд биш. Тэрбум хүнийг хэн ч, яаж ч чадахгүй. Бид энэтхэгчүүд шиг номхон хүлцэнгүй байвал дороо устана.
-За, дүү минь маргахаа больё.
-Тантай маргах ч сонирхол алга. Та бол манай талын хүн биш байна.
-Ингэж яриад яахав дээ. Алдаан дээрээ бид суралцах хэрэгтэй. Нөхцөл байдлыг намжаах боломж аль аль талд нь хэдэн арав байсан...
-Та дэглэмтэй тулалдаж байсан галын шугаман дээр байгаагүй болоод л ингэж ярьж байна. Үнэндээ тэр нөхцөл байдал гээч чинь намжаах ямар ч боломжгүй байсан. Бид тулалдахаа боливол цагдаа нар дайрч алчих гээд, тэд болилоо гэхэд бид дайрч ялчих гээд байсан юм...
-Монголчууд бид бүгд буруутай. Ийм нийгэм, ийм нөхцөл байдал үүссэнд бүгдээрээ буруутай. Нэг ч хүн буруугаас мултрахгүй. Би гэхэд л боевик үзэж байгаа юм аятай ТВ-ээр хараад сууж байхын оронд, дундуур нь ороод больцгоо гээд уриалах минь яав.
-Та тэгсэн бол дороо л үгүй болох байсан. Дайн болж байгаа шүү дээ. Яаж ч намжаах аргагүй байсан.
-Гэхдээ бүгдээрээ буруутай гээд, бүгдээрээ шоронд суултай биш. Өршөөл, эвлэрэл, нигүүлсэл хэрэгтэй.
-Хэрэггүй юм чинь л тэр! Ингэхэд хувьсгалч залуусыг яасан бэ?
-718 хүн баривчлагдсан.
-Монголын хамаг шилдэг хөвүүд шоронд орж, та наранд үлдэж...
-Тэр улсын чинь дотор хулгайч, галдан шатаагч, танхайрагч, согтуурагч байгаа л байх.
-Ялгаж салгах нүд танд алга. Тэмцэгчдийн олонхи нь цэвэр ариун сэтгэл, ёс суртахуунтай, эх орныхоо төлөө амиа өгөхөөс буцахгүй, хатан зоригт хөвүүд охид байсан юм. Тэр муу улс чинь цөөнх байсан, бидэнтэй хольж хутгах хэрэггүй. Бид бол дэглэмтэй тулалдаж байсан. Та мэт нь биеэ оторлож гэртээ суугаад, дэмжээд өгөөгүйгээс болж л бид дарагдсан.
-Та нар цэвэр ариун юм бол яагаад Ху намын байрыг шатаахыг эсэргүүцээгүй юм? Яагаад гал командын машиныг оруулаагүй юм? Яагаад энгийн иргэдийн машиныг галдав? Хувьсгал гэдгийг чинь саналын хуудсан дээр ч хийчихэж болно.
-Дайсны байрыг шатаасан ч яадаг юм. Харин тэр машинуудыг бол цагдаагийн замд саад хийх гэж галдсан. Тэд дэлбэрэхээс айгаад, давшихаа больж байсан л даа. Хулгайч, тэнэмэл хүмүүс муу юм хийсэн л байх. Гэхдээ дэглэмтэй тулалдаж байсан бидэнд тэдэнтэй зууралдаж байх ямар ч зав байсангүй. Ялгаж салгах л хэрэгтэй. Хувьсгал ч байсан, хулгайч ч байсан. Гол нь ялгаж салга.
-Дүү минь ингэхэд чи диваажинд очив уу, тамд унав уу.
-Мэдэхгүй. Бид "хүлээлгийн өрөөнд" нь байсан байх. Маш аймаар байсан. Дандаа зовж шаналж үхсэн хүмүүс. Би ар гэрийнхнийгээ эцсийн удаа ч болов хармаар санагдаад оргочихсон. Та харин тамд очно гэдэгтээ итгэлтэй байж болно. Дэглэмийн төлөөлөгч учир...
-Намайг битгий дэглэмийн төлөөлөгч гэж нэрлэ. Би шударга бус явдлын эсрэг, тэр дэглэм гэж байгаагийн чинь эсрэг өөрийнхөөрөө тэмцэж ирсэн. Гэхдээ тэмцэхэд бас учир байна...
-Та нараас олигтой юм хүлээлтгүй. Цэл залуу, эвдрээгүй залуус бид хувьсгал хийсэн. Энэ дашрамд хэлэхэд, биднийг ямар ч нам, эвсэл зохион байгуулаагүй юм шүү. Биднийг сэтгэл зүрх маань зохион байгуулсан.
Залуусын энэ хувьсгалыг бүх нийтийн болгочих ухаан, зориг, сэтгэл бусдад нь байсангүй!
-Дүү минь чиний юу хэлэх гээд байгааг ойлгож байна. Дуугаа өндөрсгөсний хэрэггүй.
Чамтай адилхан бодож байгаа хүмүүс олон байна. Өөр бодолтой улс ч олон. Тэр тусмаа эвлэрэл хэрэгтэй.
Харийн дайсан ирвэл тэгж байлдах хэрэгтэй! Монголчууд хоорондоо байлдахыг бол би яавч зөв зүйтэй гэж хэлж чадахгүй.
-Харийн дайсантай чинь л бид байлдсан шүү дээ. За, за, танд юу ч хэлээд нэмэр алга.
Ингэхэд амь үрэгдсэн биднийг хүмүүс юу гэж байна?
-Зарим нь ардын баатар гэж байна, зарим нь архичин согтуу гэж байна. Бас л нэг хуваагдал.
-Ардын баатар аа? /инээвхийлэв/. Гэхдээ би ингэж ардын баатар болохыг уг нь хүсээгүй. Бүх амьдрал өмнө минь байсан. Би конкурс өгөх гэж байсан. Тэр ажлаараа явлаа гээд л ээждээ хэлээд гарсан. Одоо хөөрхий муу ээж минь .../уйлав/
2008.07.02

No comments: