7-р сарын 1-ний хувьсгал мандтугай!
Залуусын хувьсгал мандтугай!
"Өнөөдөр Монголд Пиночетийн хунт амилж, фашист дарангуйлал тогтсон шиг л дүр зураг буй болоод байна. Фашист гэж зүгээр нэг хэлээгүй. СБД-ийн цагдаагийн газрыг хувьсгалчдаас фашистууд хамгаалж байсан, одоо тэд "ардын баатар" болоод, дарангуйлагчдын үзэл суртал, тархи угаалтын хэрэгсэл болсон MAHNTV ч гэнэ үү юмаар нь чөлөөтэй донгодож байна. Хувьсгалчдыг хятадууд, Хятадын гар хөл ч гэж гүтгэж яваа сурагтай. Харин өөрсдөө хэн бол доо?
Жирийн улс оронд фашистууд нь шоронд ороод, эх орончид нь улсынхаа эзэн болж явдаг. Манайд хамаг юм эсрэгээр байсан, бүр ч эсрэгээрээ болчихлоо".
"Хэвлэл мэдээллийн бүх хэрэгслүүдэд шинэ байгуулагдсан главлитээс "Өдөөн хатгасан зүйл бичвэл хаана, барина, хорино" гэж анхааруулж байна. Дарангуйлагчдын үзэл суртал, хуурамч жүжгээс өөр юм бичвэл харгислана гэсэн үг шүү дээ. Ингээд ихэнх хэвлэлийнхэн дуугарч ч чадахаа байж, зарим нь болгоомжлоод гарах ч үгүй байна, хэвлэх үйлдвэрт ч төдөн хувиас илүү сонин хэвлэж болохгүй гэж чиг өгсөн байна".
"ТВ-үүд (бас радио, сайтууд...) "түр" хаагдсан. Түр ч юм уу, бүр ч юм уу мэдэхгүй. Наадам болохгүй байж магад. Цэнгэлдэхэд хэргийн эздийг ороод ирэхлээр ард түмэн бариад авах вий гэж үнхэлцгээ хагартал айж байгаа аж. Цаашдаа онц байдал хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй. Тиймээс ТВ-үүд хэзээ нээгдэх нь ч мөн тодорхойгүй. Уг нь онц байдлын үед ТВ-үүдийг хаадаггүй юм байна. Тийм үед ард түмэнд мэдээлэл бүр л их хэрэг болдог учиртай.
Манайд л олигархууд маань ийм цуст аллагыг далд үйлдэх гэж, дарангуйлал тогтоох гэж эртнээс бэлдэж байсан болохоороо нууцаар хуулинд дээрх заалтыг оруулчихсан, тэрийг нь нийгэм сонор сэрэмж алдаад мэдээгүй л байна. Сая л мэдэцгээлээ. Хуулиас даруй хасах хэрэггэй, хууль бус заалт юм. Учир нь урьд нь гарсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд тэгж болохгүй гэж заагдчихсан.
Ингээд бид өчүүхэн ч мэдээлэл авах боломжгүй, нийгэмд ямар ч харгислал явагдсан зогсоох аргагүй болчих янзтай. Гэвч тэр бол дарангуйлагчдын хүсэл болохоос, бодит байдал биш. Ард түмэн нүдтэй чихтэй. Хорьсоор байхад тэд энд тэнд цуглаад л мэдээлэл солилцож байна, мэдээлэл олж авъя гэж хотын төв рүү очоод, бэсрэг "майдануудад" хандаад л авч байна. Сонинууд ч бичээд эхэллээ".
"Ямар мэдээллүүд яригдаж байна вэ гэхлээр, 800 гаруй хүн баривчлагдсан гэх боловч, үнэндээ хэдэн мянгыг барьж хорьсон, нэмж баривчилсаар л байгаа гэнэ. Харин авлига, арын хаалгаар суллах "хөөрхөн бизнес" үүсчихсэн, тэрийгээ бас энэрэнгүй төрийн тухай жүжиг найруулахад зохих хэмжээгээр ашиглаж байна.
ТВ-үүдийн болон бусад бичлэгүүдийг хурааж авч, жагсагчдын нүүр царайг өрж хэвлэсэн зузаан ном шиг материалыг цагдаагийн хэсэг болгонд хүргүүлж, түүнийхээ дагуу голдуу өмссөн хувцасны өнгө, дүрсэн дээр суурилан хоморголон баривчилсаар байгаа, чоно борооноор гэгчээр шөнө хулгайгаар их баривчилж байгаа аж. Хаа хамаагүй улсыг хэлмэгдүүлэх, хилсдүүлэх нь ч их байна, сөрөг хүчнийхний удирдах ажилтнууд, идэвхтнүүдийг бол бариад дуусч байгаа, УИХ-ын гишүүн тул Жаргалсайхан л арай гэж хоригдчихолгүй аргалж үлдсэн гэж ард олон хүүрнэлдэж байна".
"Өнөөдөр, Ху намын өөдөөс сөрвөл ингэдэг юм гэж ард түмнээ маш их хашрааж, залхаан цээрлүүлж байна. Баривчлагдсан хүнээ эргэх, сураггүй алга болсныгоо хайх зорилготой иргэдийг цуглалаа барилаа гэж нохойгоор туулгаж, бороохойдож, буудна, хорино гэж сүрдүүлэн, хөөж тарааж, мэдээлэл өгөхгүй халуун нар, хүйтэн бороонд зогсоож зовоож байна. Гэхдээ энэ нь бүгчим камерт хөл гишгэх зайгүй чихэлдэн бүтэж, өлсөж цангаж үхэх гэж байгаа баривчлагдсан хүмүүсийн зовлонгийн дэргэд юу ч биш. Тэднийг ар гэрийнхний нь нүдэн дээр олон цагаар нар, бороонд явган суулгаж, шөрмөсийг нь татуулж, бүр муужруулж, галуун цуваагаар явуулж, цементэн дээр мөлхүүлж байгаад л өшиглөж дэвсэлж, мод төмрөөр цохиж, толгой түрүүгүй жанчиж, зогсоо зайгүй тамлан дэглэж байна. Ар гэрийнхний нь нүднээс далд бол, зүсэн зүйлийн хэрцгий эрүү шүүлтээр зовоож, өмгөөлөгчгүйгээр байцаан хийгээгүй хэргийг нь хүлээлгэж, Элбэгдорж, Батзандан, Магнай нарыг гүтгэсэн мэдүүлэг өгүүлж, ёолох дууг таслахгүй өдөржин шөнөжин яргалж, үхэлд ч хүргэж байна. Жирэмсэн эмэгтэй, гадаадын иргэн, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ч ямар ч өршөөлгүй хандаж байна. Онц байдлаар далимдуулж ард түмнийг нухчин дарж, луйврын сонгуулиа баталгаажуулж, сөрөг хүчнийг сөнөөж, хэвлэлийн болон бүх эрх чөлөөг үгүй хийж, нэг намын цуст дэглэм тогтоох ажил хийж байна. Ингэж бас ард түмэн түгшин ярилцаж байна".
"Тэдний үгээр бол, 5 хүн нас барсан нь худал, хэдэн арав, хэдэн зуун хүн харгисуудад алагдсан байж ч магад ажээ. Учир нь сураггүй алга бологсод маш олон байна. Тэдгээрийг алж хядчихаад, сурсан аргаараа жалганд булж нуусан байх магадлалтай гэнэ. Хоёр Баяр ард түмнийхээ эсрэг маш их нүгэлт хэрэг үйлдлээ, нэг Баяр нь сонгуулийн солиорсон луйвар зохион байгуулж, байдлыг хурцатгалаа, нөгөө Баяр нь ард түмний шударга хувьсгалыг цус урсгаж, нухчин дарлаа, согтуу хөлчүү, сэтгэлийн хэвийн бус хөөрөлтэй, эрүүл мэндийн хувьд ажлын шаардлага хангахгүй үедээ шийдвэр гаргацгааж, гамшиг тарьцгаасан гэж хүмүүс хэлэлцэх юм".
"Ху намын зарим нөхөд хилийн чанад руу зугтах бэлтгэлээ идэвхийлэн хангаж буй гэнэ. Тэр нь л өөрсдөд нь өлзийтэй дээ гэж олон нийт хилэгнэн ярьж байна. Зарим нь, хувьсгалаас зугтах гэж онц байдал тогтоосон юм чинь дээ ч гэлцэнэ".
"Лхасад түвдүүдийн бослогыг дарсан хятад эв хамт багш нарынхаа явдлыг МАХН нэг ч юм үлдээлгүй давтлаа. Хэн болохоо л бүрмөсөн харуулж байна. Энд ер нь хаанахын төр байна вэ? Одоо бүр Лхасаас гадаадын сэтгүүлчдийг, иргэдийг хөөснийг давтаж байна. "Та нарын аюулгүй байдлыг хангах боломж бидэнд байхгүй байна шүү. Японы сэтгүүлч шиг л болно шүү. Явсан нь л дээр шүү" гэж байнга сануулж, хөөж тууж, дарамталж, санасандаа ч хүрч байна. Японы сэтгүүлчийн духыг хэн резин сумаар цоо буудлаа?".
"Хоёр Баяр харийн эздээсээ их хэмжээний мөнгө, буу сум хүссэн байна. Ард түмнийг зүйл дуусгачихъя л гэж тэд бодож. Гадаад ноёд нь даян дэлхийгээс эмээгээд, туслахаас татгалзсан байна. Тэд яагаад эмээв?
Дэлхийн хөгжилтэй том гүрнүүд Монголд юу болсныг гадарлаад, НҮБ-ын хүч илгээж, харгислалыг зогсоох боломжийн талаар санал солилцож эхэлсэн сурагтай. Шударга гүрнүүдээс, улсуудаас эмээсэн юмсанж гээд л өгүүлцгээж байна".
"Ард түмэн хуягт, автоматнаас айхгүй байна. Тэд цугласаар, хэлэлцсээр байна. Зэвсэгт тэмцэл юм уу, армийнхны ард түмнээ өмгөөлсөн төрийн эргэлт гарч магадгүй байгаа тухай ч түгшин ярилцаж байна. Ийм байдалд хэн хүргэв? Бүгд л мэдэж байгаа".
"Өчигдөр төв талбайд ТВ-үүд хаагдсаныг эсэргүүцсэн том жагсаал ч болж. Байлдааны зэвсэгтэй хүчнийхэн тараажээ. Тэд ард түмнийг дайснаа гэж үздэг болоо юу? Үгүй ажээ. Яагаад гэвэл, цагдаа, армийнхны дунд "төрийн" муйхарлалд дургүйцэх явдал газар авчээ. Хэнийг бид амь хайргүй хамгаалаад, хэнийг бид овоо хараандаа авч онилоод байна вэ гэсэн асуултыг олон цагдаа цэрэг өөртөө тавьж, найз нөхөд, ах дүү, ижий аав нарынхаа эсрэг ахин буу шагайхаа больё гэж шийдэх нь олон байгаа аж. Тэд тушаал биелүүлэхдээ хойрго болж байна. Цэрэг цагдаа нартай ярилцаж харилцаж үзсэн иргэд үүнийг өгүүлж буй. Дарангуйлагчид бол "Алаад бай, алаад бай, хариуцлагыг нь та нар биш, бид хүлээнэ" гэх Геббельсийн үгийг л давтаж байгаа. Тийм ээ, тэд хариуцлага хүлээнэ".
ТВ-үүдийн тухай энэ ташрамд хэдэн үг хэлмээр. Ажил үүргээ гүйцэтгэдэг телевиз болон телевизийн шударга сэтгүүлч байх нь байна, гэхдээ тэд нэн цөөнх байна. Олонх нь дэндүү ялзарч, илжирчээ. 7-р сарын 1-ний хувьсгалыг тэд хар талаас нь үзүүлж, дарга нарт бялдуучлан долигоносон өнгө аястай харуулж, тэмцэгчдийг, ард түмнээ траншейнууд, өвгөнтүүд гэхчилэн доромжилж, зэрлэг араатан болгон дүрслэхийг л оролдож байсан. Хулгайч, хутган үймүүлэгчид жагсагчдын дунд шургалан орсон байсан, гэхдээ тэдний нэг хэсэг болох ТВ-ийн үл бүтэх ажилтнууд хэний дунд салахгүй байгаад байснаараа хэн болохоо харуулсан юм шүү. Өөрсдөө гал тавьж, хагалж хэмхлээд, хөлс мөнгө өгч муу юм хийлгээд зургийг нь авч байсан гэх үг яриа ч байна.
ТВ-үүд тэмцэгчдийг аль болох харлуулахыг л бодож байснаас бус, нэг ч тэмцэгчээс нь ганц юм асуугаагүй гээд бод. Ийм ТВ байдаг юм уу. Нөгөө тэнцвэртэй мэдээлэл гээч нь зөвхөн үнэнийг худал болгоход л ашиглагддаг хэрэг үү? Нэг ТВ бүр: "Үнэнээр үзүүл, ярилцлага ав гээд жагсагчид бидний ажилд саад болж байна" хэмээн ууртай мэдэгдэж байв.
Дарга магтахаас өөр юманд хэл ам нь татчихдаг, хэлгүй дүлийчүүдийн ТВ-үүд олон байв. "Тайлбаргүй" гэсэн "тайлбар"-тайгаар л үзүүлэхчээ аядах, "Шуурхай мэдээ" нэрийн дор шөнө дунд аль өдрийн юм үзүүлэх гэхчлэн аргаа барж, хөгөө чирцгээсэн дээ. Ард түмнээ доромжилж жигшсэн тэднийг ард түмэн уужим сэтгэл, холч ухаан гаргаад л, пулемётны өөдөөс жагсаж байна. Нөгөө дарга нар нь болохоор ТВ-үүдийг шууд л хааж байгаа юм. Мал биш юм бол нэгийг бодмоор.
МАХНТВ нүгэл нь нүдээрээ гартлаа, удахгүй бүрмөсөн хаагдаж хоригдох болтлоо нүгэл үйлдэж байна. Ард түмэнтэйгээ эргээд уулзахгүй, мөнхөд хуягтын ард нуугдах юм байх даа. Горьдсоны гарз шүү дээ. Эргээд уулзана, уулзаж ч байсан. Ард түмэн цус нулимсаа урсгаж байхад хэдэн дэглэмийн хуур шүү юманд харуусаад, эсвэл цэнгэл баясалтай юм үзүүлээд л, хүүхэлдэйн кино тувт гаргаад, их дальчиганаж байна. Гаргаж байгаа бүх мэдээлэл нь жүжиг, худал, гүтгэлэг, хөлсний этгээдүүдийн элдэв ичгүүр сонжуургүй дүрс. Ким Чен Ирийн солонгосчууд шиг сайн уйлуулаад үзүүлээд бай гэсэн зарлигийн дагуу, енгэнүүлж байгаад жүжиг тавьцгааж байгаа улсыг ээ. Хэдийдээ ажилдаа ийм хайртай болчихоов. Хэн нь хэн бэ гэдгийг мэднэ шүү дээ.
Тэр хэдэн амбасын үеийн хорхойд идэгдсэн навсгар хувцас, Эрээнээс бөөндөж авчирдаг хөгжмийг нь зугтаж явсан хүчнийхэн өмсөөд, бариад, зүсээ хувилгаад арын хаалгаар аваад гарсан, тэд бас дэл сул юм ч шуучихсан, жагсагчдын замыг хаах гээд гал тавьчихсан гэх сураг дуулдаад, тэр түймэр зүймэр нь урлагийнханд завшаан болоод, уйлж унжиж байгаад мөнгийг ч ёстой хүүлж, зувчуулж өгч байгаа шүү дээ".
"MAHNTV өчигдөр, сонгууль амжилттай явагдсанд баяр хүргэсэн АНУ-ын засаг захиргааны аль дээр үеийн цахилгааныг дахин дахин уншиж, онц байдлыг дэмжиж байгаа мэт ойлгуулав. Ташрамд хэлэхэд, даян дэлхий одоогийн Монголын тухай ямар ч ойлголтгүй байгаа. Ажиглагчид нь сонгууль гоё болсон гэж дүгнэсэн. Монголын нөхцөл байдлыг мэдэхгүй, хэл усгүй, манай дарга нарт дөрлүүлчихсэн тэд юугаа мэдэх вэ дээ. Оросын нэг ТВ "Соггуу хулгайч нар Монголын нийслэлийг түйвээв" гэж солиорсон. Манай төр засгийн өгч буй мэдээлэл л дээ. Гэхдээ өндөр хөгжилтэй гүрнүүдийн удирдлагад бодитой, нарийн мэдээлэл тусгай шугамаар очиж байгаа юм билээ. Тусгай шугамынх болохоор нийтэд төдийлөн ил болгохгүй л байгаа болохоос. Учир мэдэх хүн, Монголд НҮБ-ын хүч оруулж, харгислалыг зогсоох арга хэмжээний талаар, тэдгээр гурнүүдийн удирдлагуудын хооронд яригдаж эхэлсэн тухай, барууны хэвлэлд гарсан гэж хэлж байсан".
"Ардчиллыг аврая гээд хөдөөнөөс олон ч залуус хотыг чиглээд өчнөөн автобус машинаар ирсэн юм байна. Гэтэл нийслэл хотыг цэрэг арми бүсэлчихсэн, хүчээр буцааж, буцахгүй гэснийг нь барьж хорьжээ. Ийм атал Ху намынхны жагсаал чөлөөтэй болж, тэд залуусыг өдөөн хатгаж, "Та нар манай намын байрыг шатаагаа биз", "Та нарыг цөмийг нь буудаж албал таарна" гэхчилэн орилолдож, дахин харгислал үйлдүүлэхийг оролдсон байна. Фашистууд чөлөөтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа, цагдаа нартай нийлээд дураар дургиж байгаа. Ху намын сагасан тэнэг өвгөд ч хаа явсан газраа солиороод амар заяа үзүүлэхээ болив".
"Ерөнхийлөгчид ямар айхтар их эрх мэдэл төвлөрсөн байдаг юм бэ? Ардчилалд аюултай их эрх мэдэл төвлөрч. Ийм байхад ерөнхийлөгчийн засаглал тогтооно гээд байдаг улсуудын галзуутайг гайхаад баршгүй нь.
Одоо тэр их эрх мэдлийг нь даруй парламентад шилжүүлж, ерөнхийлөгчийн инститүцийг татан буулгаж, IX Богдоо залах хэрэгтэй".
"Төр байгаа..." энэ тэр гээд л шүд зуугаад, занаад байгаа тэр нөхрийн "төр" гээчийг үзлээ, харлаа, ханалаа. Дахин ийм Чаушескугийн "төр" бүү үзэгдэг".
"Байдал хурцадсанд Ху нам асар их буруутай. Тэд сонгууль будлиантуулсан. Жагсагчидтай хэлэлцэх, ярилцах, зөвшилцөх ямар ч оролдлого хийгээгүй. Шууд хуяг дуулга, цахилгаан бороохой, резинэн сумтай буу, хорт хийгээр шүдээ хүртэл зэвсэглэсэн залуухан хүүхдүүдийг найз нөхөдтэй нь байлдуулсан. Магнай, Батзандан, Жаргалсайхан "Цагдаа ард түмний хэсэг шүү. Цагдаагаа хайрла" гэж уриалж байсан, Ху намынхан бол шууд л байлдуулсан.
Байдлыг дээд зэргээр хурцатгаад, өрдөөд, шат шатаар ахиулаад, дараа нь нухчин дарж, цуст дэглэм тогтоохын тулд Ху нам чадах бүхнээ зохион байгуулсан. Залуус, хүүхдүүд хоорондоо алалдаж байхад тэд цонхоор доогтой харж, инээлдэж хөхрөлдөж, доромжилж, бүр идэж уудаг тансаг виски, шоколадаа чулуудаад байсан. Ху намын ордны бордмол залуус цагдаагийн ард орчихоод өдөөн хатгаад, байлдааныг дэмжээд, чулуу нүүлгээд байсан. Цагдаагийн ард бордмол гахай нар хатгаад байгаагүй бол яах ч байсан юм билээ".
"Ху намынхан өөрсдөө ч архи тараасан, архины дэлгүүрээ зориуд бараг хамгийн эхэнд тавьж өгч зарим болчимгүй хүмүүсийг архидуулсан.
Өдөөн хатгагчдыг жагсагчдын дунд оруулж, тэднээр муу юм үлгэрлүүлэн хийлгэсэн. Гал гэхэд л турхирагчид, жүжиг найруулж зураг авагсад, дотроосоо хулгайлж тоногсод, муу муухай баримт, бичиг сачгаа тусгай хэлтэс, тасагтай нь устгагчид, жагсагчдын замыг хаах гэж оролдогсод, Молотовын коктейльчид гээд л Ху намын холбоотой олон голомтоос гарсан байх боломжтой байна. Даанч учиртай сайхан шатаагаарай гэсэн нь түймэр болоод хувирчихсан".
"Цагдаа нар бүслэх, хязгаарлах, хуваах зэрэг үндсэн тактикаа хэрэглэх гэхэд Ху нам болиулж, манай байрыг, ялангуяа юмаа зөөж гаргаж байгаа ар талыг орхиж ер болохгүй гээд байсан гэсэн. Ингэснээр зөрчил сунжирч, өргөжин тэлсэн. Үндсэн тактикийг нь хэрэглүүлээгүй атлаа юун тухандгүй буудуулж, олны дургүйцлийг дүрэлзүүлсэн. Ард түмнийхээ өөдөөс буу шагайна, онилно гэдэг санаанд багтамгүй хэрэг байсан. Уг нь цагдаа нар усаар шүршье гэхэд, сайн айлгах хэрэгтэй гээд буудуулж, бүр 21 цагт (түүнээс ч өмнө байж магадгүй) л байлдааны зэвсэг хэрэглүүлж эхэлсэн гэдэг".
"Ху нам хотын хамаг цагдааг хамж цуглуулчихаад сайхан бай болох газар л бөөгнүүлээд байсан. Тэр цагдаа нартай хамт шахуу л хараа хяналтгүй болсон хулгайч нар нь хүрээд ирсэн шүү дээ. Ху нам цуст дарангуйлал тогтоох гэж бүх муу муухайг зохион байгуулсан ч, төлөвлөөгүй юм гарч, ард түмэн хувьсгал хийчихсэн.
Хамаг муу муухайтай нь хамт залуус харгис дэглэмийг нэгмөсөн дарж, ард түмэндээ, аав ээждээ, ах дүү, найз нөхөддөө, эх орондоо, эх түүхдээ гэрэлт сайхан ирээдүй, аз жаргалыг бэлэглэх гээд амь хайргүй тулалдсан юм. Тэд эх орныхоо төлөө тулалдсан юм".
"7-р сарын 1-нд жинхэнэ хувьсгал болсон. Нэр өгье гэвэл, залуусын хувьсгал гэвээс зохилтой. Яагаад гэвэл энэ хувьсгалыг арван хэдтэй, хорин хэдтэй залуус голлон хийсэн. Тэд харгис дэглэмийг хэрцгий хүчний аппараттай нь хамт бүрмөсөн үгүй хийж, бүрэн ялалт байгуулах яг дөхлөө шүү дээ. Цаашдаа ард түмнээ нухчин дарах хучний байгууллагуудыг татан буулгаж, үйлчилгээний байгууллага болгож шинэчлэх хэрэгтэй нь саяын мөргөлдөөний үеэр тод харагдсаныг энэ ташрамд дурдууштай".
"Залуус маань ямар эрэлхэг зоригтой, ухамсартай, эх оронч юм бэ гээд бахархаад бахархаад баршгүй. Тэр хувьсгал бол Монголын түүхэнд алтан үсгээр бичигдэх бахархал маань юм шүү. Тэр хувьсгал дуусаагүй, ялагдаагүй, бүх насныхан цааш нь үндэсний, нийтийн болгон үргэлжлүүлэх болно оо гэдэг нь илэрхий байна".
"Монголын ард түмэн сөнөөгүй байж, Монголын ард түмэн баатруудтай байж. "Байж" ч гэж, одоо ч байгаа. Тэр амь үрэгдсэн, шархадсан, хоригдсон хөвүүд бол бидний бахархал, гэрэл гэгээ, найдвар. Бид ч бас тэдэн шиг тэмцэгч болох ёстой, бүгд бахархал, гэрэл гэгээ, найдвар болцгооё".
"Хувьсгал хийсэн зоригт хөвүүд бол манай үеийн баатрууд, үндэсний баатрууд. Богд хаан улс тусгаар тогтноход 108 хүнийг баатар цолоор шагнасан юм гэнэ билээ, мартагдчихсан л болохоос. Одоо тэгвэл 108 залуусыг баатар цолоор шагнасан ч багадахгүй. Ядаж амь үрэгдсэн, хүндээр шархадсан залуусын дундаас гавъяатайг нь олж, баатар цолоор шагная. Чулуу шидэж буй залуу жагсагчдын дүрийг мөнхөлсөн гэгээн хөшөө дурсгалыг ч босгоё!"
"Онц байдлыг цуцлах зориг дутсан УИХ-ын гишүүдэд дургүй хүрч байна. Ерөнхийлөгч хориг тавих байсан ч цуцлах шийдвэр гаргаж, ард түмнээ хаяхгүй байж болох байсан. Гэвч хаялаа. Яагаад тэд хаалттай хуралдав? Болохгүй бүтэхгүй улс болохоороо л тэглээ шүү дээ. Онц байдал тогтоох шаардлага ч байхгүй, хаалттай хуралдаж ч хэрэггүй, бүх юм жамаараа болохдоо л болно.
Ард түмнээсээ айж байгаа нь зөв. Айж явбал аминд нь л тустай. Тэр зугтах бэлтгэлээ хангаж байгаа дарга нар зөв юм хийж байна. Дэлхийн түүхээс жаахан ч атугай мэддэг бололтой. Тэдэнд Монголд ямар ч орон зай байхгүй болсон. Өөр илүү муу юм хийнэ гэж юу байхав. Хийлгэх ч үгүй".
"1991 онд зөвлөлтийн коммунистууд онц байдал тогтоогоод яалаа. Хуягт нь явах газаргүй, өөрсдөө гишгэх газаргүй болтлоо, боссон ард түмнээр хүрээлэгдчихсэн. Арми нь ч дороо ард түмний талд орчихсон. ЗХУКН нь хуулиар хориглогдчихсон. Харь багш нарынхаа ГКЧП-г сармагчин шиг дууриагаад байвал тийм л юм болно. Тийм юм болгоцгооё, ард түмээн.
7-р сарын 1-ний хувьсгал мандтугай! Залуусын хувьсгал мандтугай! Хоёрдахь ардчилсан хувьсгал мандтугай! Хувьсгал үргэлжилтүгэй, бадартугай, ялтугай!"
2008.07.03
No comments:
Post a Comment