341
14-р үзэгдэл
(Үймээн самууны чимээ шуугиан. 341 нэгэн ханын дагуу явна. Хүмүүс бужигнана. Олонх нь багтай байна. Хэсэг залуус хавтанг өргөж шидэн, хагалж байна)
341: Та нар яагаад хүний хүч хөдөлмөр шингэсэн юмыг сүйтгэж байгаа юм бэ?
1-р хавтан хагалагч: Чи битгий хуруу нэмэрлэхгүй байж, хушуу нэмэрлээд бай. Муу дарангуйлагчдын хавтанг хагалахад яадаг юм.
2-р хавтан хагалагч: Энэ чинь дайсан хавтан байхгүй юу (хөхрөлдөнө. Хүмүүс ирж, хагарсныг нь авч явна)
3-р хавтан хагалагч: Гаднаас яагаад чулуу орж ирэхгүй удаад байна аа! Хавтан хагалсаар байгаад бүр хамаг гоё юмнаас хоцорлоо ш дээ (341 цааш явахад бүтээлэгтэй олон авдар архины наана зогсоод архи тарааж байгаа хүн, оочирлох залуус тохиолдоно).
Архи тараагч: Архиа аваарай! Архиа аваарай! Чанартай сайн архи шүү! (архин дороо 20 мянган төгрөг тавьж өгч байна)
341: Та архи зарж байгаа юм уу?
Архи тараагч: Зараагүй, харин авсан хүнд мөнгө өгч байна (Залуус инээлдэнэ. “Би архи уудаггүй ш дээ”, “Архи авахгүй хүнд 20 мянган төгрөг өгөхгүй гээд байгаа юм чинь авахаас яахав”, “Ийм нийгэм тогтчихвол мөн сайхан аа?”, “Энэ архийг чинь яах юм, шидэх юм уу?”, “Чи ямар тэнэг амьтан бэ, уухгүй юу!” гэлцэнэ).
341: Та хаанаас явж байгаа, хэн бэ?
Архи тараагч: Би зүгээр нэг буян үйлдэх л гэсэн иргэн байна. Энэ хүйтэнд орилж хашхираад, хоолой нь өвдчих гээд байгаа залуусыг өвчнөөс сэргийлэх гэж, эмийн журмаар тарааж байгаа юм. Бас халдварт өвчнөөс сэргийлнэ.
Мөнгийг бол, ард түмний төлөө тэмцээд ажлаа таслаад, хоол унднаасаа холдоод, бас янз бүрээр хохирол амсаад явж байгаа улсын хохирлыг нөхөх гэж өгч байна, мэдвүү. Хувьсгалд оролцлоо гээд хувь хүн хохирох ёсгүй (Залуус инээлдэж, архийг амаар нь ууцгаана).
341: Залуучуудыг та гал руу түлхэж байна. Гараар нь могой бариулж байна.
Архи тараагч: Таминь ээ, энэ дарангуй намын тагнуул явж байна шүү. Хувьсгалын олон баатрууд минь ээ, бариад аваарай (341 холдон явна. “Молотовын гранатаа аваарай”, “Цагдаа нарын хоёр хажуугаас, хойноос нь орох хэрэгтэй байна. Битгий нэг газраа бөөгнөөд бай”, “Төрийн Ордон руу явцгаая!” гэх дуу сонсдоно. Хэсэг залуус таарсан бүхнээрээ бэхлэлт босгоно).
341 (нэг рүү нь ойртож): Сүхээ, чи энд юу хийж яваа юм? Шал согтуу байна шүү дээ. Харьж унт.
Сүхээ: Юуны чинь Сүхээ (гээд яаран багаа өмсөхөд залуус инээлдэнэ). Бид хувьсгал хийж байна.
341: Монголчууд бидэнд хувьсгал биш, хувьсал хэрэгтэй. Хууль ёсны хүрээнд тэмцэх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол та нар бүгд эрүүгийн хэрэгт татагдана. Энхийн аргаар тэмцэх хэрэгтэй.
Сүхээ: Энэ чинь энх! Энхийн арга гэж ийм юм байдаг юм. Бидний энх бол энэ!
341: Бид бүгдээрээ хаа хаанаа ухаарч гэгээрч, харилцан ойлголцох ёстой.
Сүхээ: Тэгээд яагаав. Ухаарч гэгээрч, харилцан ойлголцож л байна (Залуус инээлдэнэ).
341: Дараа нь яах вэ? Дараа нь яахав гэдгээ бодсон уу? Маргааш яахав?
Сүхээ: Бид бүхнийг сөнөөнө, бид бүхнийг бүтээнэ.
341: Урьд нь биднийг хууль ёсны тэмцэл хийгээд, ганцаардаад явж байхад та нар хаана байсан юм бэ? Алга л байсан ш дээ. Яагаад гэнэт хувьсгалч болчихов. Та нарын зорилго юу юм? Та нарт бодлого, улс төр гэж байна уу?
Сүхээ: Муусайн юмнуудыг газартай нь тэгшилнэ. Тэгээд л гүйцээ. Залуус бид үзүүлж өгөх цаг болсон.
341: Би ийм юм хүсээгүй. Юу болох нь энэ вэ.
Сүхээ (341-ийн хоёр мөрнөөс барьж сэгсчин): Хүссээн! Хүссэн! Хүссэн юм чинь энэ байна! Хүссэн юм хүзүүгээр татдаг юм. Битгий энхийн цагаан тагтаа болж маяглаад бай! (гэчихээд эргэн явж, бэхлэлтийн ажилдаа орно. Трактор дээр овоорсон хэсэг залуус явж өнгөрнө. Нэг цагдаа гүйх ба залуус “наадхийгаа бариад ав!” гэсээр мухарт тулгана. Цагдаа мухарт сууж, маш их айсан байдалтай байна. “Намайг өршөө!”, “Аа, муу цагдаа!”, “Та нар хуяг дуулгагүй бидэн рүү чулуу шидээд байхдаа яадаг юм”, “Намайг зүгээр явуулчих”, “Та нар дарангуйлагчдыг хамгаалж, ард түмнийхээ эсрэг буу онилно гэнэ ээ!”, “Алаад өгье!” гэхчлэн шуугина)
341 (яаран дундуур нь орж): Больцгоо! Ийм хувьсгал гэж байдаггүй юм! Энэ хүн та нарын ах дүү, мах цусны тасархай! Та нар зүгээр л танхайчууд болж хувирч байна!
(“Муу бууны нохой”, “Урвагч!”, “Дуугаа тат!”, “Хоюуланг нь балбая!”, “Ард түмний уур хилэн гэж ийм байдаг юм!” гээд зодоцгооно. “Боль оо! Өөрийн хүнээ зодоод байна ш дээ”, “Энэ тэнэг манай хүн юм бол цагдаа өмөөрөөд байхдаа яадаг юм?”, “Наадахь чинь иргэний хөдөлгөөнийх өө!” гэлцсээр орхиж явцгаана. 341 цагдааг халхлан хэвтжээ. Тэр хоёр арайхийн өндийнө. Цагдаа “Өөрөө ямар ачтай хүн бэ? Та манай талын хүн үү?” гэхэд 341 “Манай, танай тал гэж байхгүй. Бид бүгдээрээ монголчууд, бид бүгдээрээ нэг тал” гээд цагдааг өндийлгөн, авч явна. Хажуугаар нь элдэв эд бараа барьсан залуус хөхрөлдөн гүйлдэнэ).
341: Та нар наадхийгаа орхиоч! Хулгай шүү дээ (Залуус: “Луйварчдын юмыг авахад яадаг юм!”, “Дээрэмдсэн юмыг дээрэмдэж болдгийм аа!”, “Ядуу юм чинь авахаас яах вэ?” гэлцэн явна. Шархадсан хүмүүсийг гадуур хувцсан дээр дамнан явах залуус зөрнө. Уйлаан орилоон, инээд хөөр холилдоно. Цааш явахад шортой хашаа өмнөө барьсан бөөн залуус тохиолдоно)
341 (өмнө нь хаан зогсч, гараа алдлан): Зогс! (гэхэд тэд зогсоно) Юу руу явж байгаагаа ухаараач! Та нарт ямар ч зорилго алга байна ш дээ! Энэ үймээнд чинь утга алга! (Туг барьсан залуу 341 рүү ирнэ)
Тугтай залуу: Бид эсэргүүцлээ илэрхийлж байна!
341: Өөрөөр илэрхийлж болдоггүй юм уу. Хангалттай л илэрхийллээ ш дээ. Одоо зогс! Цагаан туг өргө! Гэрээ хэлцэл хийцгээ!
Тугтай залуу: Чи муу цагдаа тэвэрсэн хувьсгалын эсэргүү замаас зайл! (гээд хоюуланг нь тугны иш хөндөлдүүлэн түлхэж, сүүлдээ тугаараа “жадлан” хөөхөд залуус уухайлна. Шортой хашаа дагасан залуус уухайлан дайрч одно. Тугтай залуу унасан 341, цагдаа хоёрыг “Дахиж зам хөндөлсөөд үзээрэй! Алчихна шүү” гээд, тугны зэвээр хэд “жадлаад”, уухай хашхиран одно. “Хонхны дууг” дуулах сонсдоно. Үймээний дуу чимээ улам ихэснэ. Буун дуу гарч эхэлнэ. 341, цагдаа хоёр өндийнө. Буу тасхийж, цагдаа шархдан ойчно)
341 (хоёр гараар даллан): Больцгоо! Зогсооч! Эвлэрээч! (гэхэд буу тасхийж өөрөө ойчно. Арайхийн өндийнө) Та нар адилхан монголчууд шүү дээ. Тэмцэлдэхийн оронд тэврэлдээч! (гэхэд буу хэдэнтээ тасхийж 341 үхэдхийн унана)
No comments:
Post a Comment