Tuesday, July 21, 2009

7.1-ний үйл явдлын нэг жилийн ойд


7.1-ний үйл явдлаас хойш нэг жил өнгөрлөө. Гэмгүй хэлмэгдэгсэд хоригдсоор, ард түмний уур хилэн буцалсаар байна. “7.1” өнөөдөр ч үргэлжилсээр...

Миний бие 7.2-ноос эхлээд л тэрхүү үйл явдлын талаар мөн ч их бичиж, уриалга, хууль тогтоол ч санаачилсан билээ. Гэвч төр (зөвхөн төр ч биш) аанай л дүлий дүмбэ оргисоор өдий хүрэв.
2008 оны эцсээр, 7.1-ний хэлмэгдэгчдийн ар гэр Төрийн ордны гадна, тэсгим хүйтнийг ч эс хайхран шаардаж тэмцэж байхыг үзээд очиж уулзсан. Хариад, энэхүү акци-шүлгийг бичин, “тэрхүү тэмцэгчдийг дэмжиж буйгаа илэрхийлэн аваачиж өгье” гэтэл төр төмөр нүүрээ гаргаад, тэмцлийг нь таслан зогсоочихсон байсан билээ.
Ч.Мөнхбаяр


МАНГАС

Өршөөл хүссэн өнчин эхчүүд
Өлөн төмөр гинжин дээр нулимсаа хөлдөөнө.
Өршөөл хүссэн элгэн хүмүүс
Өр зүрхгүй харанхуйд итгэлээ өргөнө.

Жагар шиг дэлгэр зуны сард
Жаргах гэж төрсөн хүмүүнүүд алхаж л явсийм.
Өвөл шиг цэлгэр ам, хахир шүдэт төр
Өөрийн л баймаар үрсийг ясан савраараа ширвэсийм...

Дундад зууны баатар гавъяанаас өнөөдөр юу ч үлдсэнгүй.
Дундад зуундаа бурангуй харгислал л үлдсэнгүй.
Ардаа хамгаалдаг баатрууд, хаадын нэрс үлдсэнгүй.
Ардынхаа цус ясаар хооллодог махчид харин холдсонгүй.

Монголчуудаас тэд алт эрдэнэс, нутаг бэлчээрийг нь,
Мохоож зүрх сэтгэлийг нь, оюун ухааныг нь булааж идсэн.
Монгол орны тал хээр, уул нуруу, ан гөрөө
Морьтон заяа, сүлд хийморь, сүнс, амийг нь авч идсээн.

Манай миний гэх энэ улсад минь буй бүхэн
Мангасынх хэмээн хувирсан нь гашуун үнээн
Арван таван толгойт мангасын агуйд хоригдоод
Ард түмнээрээ зовж шаналж буй маань хөшүүн үнээн.

Эрдэнэт ээж ааваас лав мангасууд гараагүй.
Эсрүү тамаас амилан гарч, хүний биед шүглэсэн.
Эс бөгөөс Монголыг л залгих хувьтан мэт,
Эрхэм бүхнийг минь сөнөөж буйг юу гэхэв.

Долдугаар сард мангас өөрийн наадмаан хийсээн.
Долоо найман зуун гэмгүй хүмүүний мах цусыг үйсээн.
Нүгэлгүй таван хүмүүний аз жаргалант инээдийг
Нүүргүй мангас шулан мөлжиж, үхлийг нь шидсээн.

Харахаас цээж хорсом энэ мангас монгол биднээс төрөөгүй ээ.
Хариас л ирсэн, илгээгдсэн гэвэл зөрүүгүй ээ.
Улс Монголын минь юм бүхнийг жигшиж,
Уур хилэн нь бадарч, үзэн яддаг нь энэ мангас аа...

Мангасаас өршөөл эрсэн хүмүүнүүд даанчиг хөөрхий.
Мангас тэднээр шүдээ чигчлэх нь илэрхий.
“Бид Мангас биш ээ, таны төр” гэж тэд хэлдэг.
Бишрэм үнэн тэр юм бол, гэмгүй үрсийг цагаатга!

2008.12.30

No comments: