Wednesday, April 13, 2011

Хэв маягаа өөрчилцгөөе!

хошин үгүүллэг

-Ер нь бор дарс гэдэг чинь тоглоом наадам биш, боргожуун монгол соёлын бүрэлдэхүүн хэсэг. Уртын дуу бол угаасаа л уучихсан балгачихсан улсын авиа чимээ. Биелгээг аваад үз. Шал согтчихсон хүний л босон суун тэнцэж ядаж яваа дүрс байгаа биз дээ. Хойд зүгийнхний аялга тэр чигээрээ л халамцуу бүлэмцүү ардын үг яриа хадмал болж үлдсэн нь тэр. Тэгэхээр чи монголоо л алдах гээгүй бол боль одоо!
-Дөч хүрээд дүнхүүртлээ ууна, тавь хүрээд тасартлаа ууна, жар хүрээд жайжийтлаа ууна гэдэг болсонштээ! гэлцэн агсамнах, буруу солгойгүй бурах архины нөхдөөсөө арай чарай нэг юм мултарч аваад гэрийн зүг гудамж мэтрлэн гэлдрэв.
Аяа, арз хорзын тэнгисийн ёроолд амин ч үгүй мөлхсөн заяа… Туулаад өнгөрсөн бус, туулах гэж буй мэт зүрхшээм. Эрүүл алхаж гишгэхээс ч төсөөрөө юү дээ, Моби Дикээн мөшгиж дэлхийг тойрсон аянаасаа дөнгөж ирсэн Ахмад Ахав шиг яагаад л байна даа, би гэдэг хүн…

-За миний муу Мөнгөө минь, хань минь, ахиж би архи уухгүй байхаар хатуу юу яасаан. Алаг үрс минь, аав нь нөгөө иймээ тиймээ тэгнээ! гэж хамаг уран сэтгэмж, сүр сүлдээ шавхан хэлсэн чинь, гэргий өчүүхэн төдий ч болов баясах байтугай, харин ихэд цочирдон эмээсэн янзтай цоо ширтэх нь, Кинг Конгтойгоо анхны болзоондоо учрах Энн Дэрроу лүгээ адил аа.
-Яагаад чи намайг хань гэж хэлэв? гэдэг юм байна, хань.
-…Өөр хэлэх үг олдсонгүй…
-Авгай, алмас, аймшиг… гээд л амны уншлагаа мартчихаа юу гээд жаахан зориг орсон янзтай дуугарав.
-Чи минь 21 Дар эх, кроманьон хүн, ертөнцийн долоон гайхамшиг шүү дээ. Энэ ташрамд залруулга хийчихье.
-Юу? Бүр урьд урьдаасаа илүү согтчихсон байнаштээ! гэснээ, шартсанаас шалтгаалаад ганц ч морины хүчгүй болчихсон надад, хаанаас ч юм олж өмссөн дэсант тоорцгоо өргөж тавихад минь туслав. Ангир цээж нь алмай биед санаандгүй хүрэлцэхүй, танихгүй бүсгүй таалан дотноссон мэт нэгэнтээ жирсхийлгэв, гэвч сар жилээр савсны дараахи үхдэлшил хамгийн бичил очийг ч түвэггүй бөхөөх тул хэрхэх.
-Архи уухгүй гэдэг чинь шар айраг гүзээлдэг болно гэсэн үг үү?
-Хэзээ ч юуг ч яаж ч амсахгүй.
-Дуслыг ч уу?
-Цэгийг ч! хэмээн, сөхөртлөө туйлдсан миний бие, хана налж гулсангаа бавтнав.
Мөнгөнчимэг минь адмирал Колчакийн амраг хонгор Анна Тимирёва л цэргийн эмнэлэгт ажиллаж байхдаа иймэрхүү явсан болов уу гэмээр, нанчид сархдын шархыг нармийтлаа олсон намайгаа унтлагын өрөөний диван руу сурмаг гэгч нь чирлээ.
-Үнэнээ л хэлчих. Ямар ялааны хор уусан юм? Өөрийн ухаангүй л ирлээ ш дээ гээд толгой дор дэр ивэх эхнэрээс минь өвлийн цэцэгсийн өнгөт үнэр сэнхийхэд өндиймөөр. Даанчиг, ямар ч зорилгогүй тэнэглэж тээглэж алдсан он жилүүдээ бодохлоор, ах дүү Кличкогоос нокаут авмой.
-Өнөөдөр би архи уухгүй гэж, цаазын тавцан дээр Уилям Уоллэс шиг л тэслээ.
-Үнэргүй архи гарчихсан юм уу?
-Үнэгүй архи аа?
-Үнэргүй гэж байнаа! Согтууруулах ундааны хувьд үнэгүйгээс бусад нь боломжтой гэж би үздэг. Манайд ганц хөгжиж байгаа эх орны үйлдвэрлэл юм чинь.
-Чих үе үе шуугиад юм муу сонсоод байнаа…
Үнэргүй архи гэж хаана байхав дээ, хайрт минь. Сүүн ерөнхийлөгчийнхөө үлгэр жишээгээр явах болно оо, би.
-Хаашаа тэр вэ? Ийм орой болсон байхад чамайг гаргахгүй шүү! Зуу татаад, дуугүй унт.
-Уухгүй гэж байхад юун зуу вэ, Мөнгөө минь!
-Шагайнгуутаа л хар усаа нэхээд унадаг хүн чинь гэнэт юу болчихоов! Архины хордлого авчихсан юм уу?
-Хань минь, намайг орхиж үз! Ядраад майжийлаа…
-Нэг хундага хүртчих л дээ. Битгий намайг зовоогоод байгаач! Бас яах гэж л байгаа бол доо…
-Үгүй ээ!!! гээд би хашхирчихав. Үүнийг л хүлээж байсан мэт хөөрхий минь гялсгээд алга болов. Замаараа бас гэрэл унтраагаад, хаалга хааж амжсан нь ойлгомжтой. Ингээд би, түг түмэн нүгэл минь холхи чөтгөрийн гал мэт гэрэлтсэн огторгуйн харанхуйд орь ганцаар хоцорлоо. Хордон дэмийрэх Индиана Жонс шиг л элдэвлэн тэлчилнэ. Нойрсож байгаа царай минь…
-Чи хэдэн хүүхдээ бодмоор юм даа гээд эхнэр мэгшиж суух юм. Зүүд үү, үнэн үү. Тэр өсөхгүй байхыг бодоход, би сэрсэн л юм байна.
-Өнөөдрөөс эхлээд бодож эхэлсээн. Битгий уйл даа, миний хонгор минь гээд илбэх гэсэн чинь,
-Гараа ав! Чи ерөөсөө согтоодоггүй архи уугаад байгаа байх гэв.
-Хэзээ тийм юм байсийм бэ?
-За, тэр! Нэгийгээ үзэлцэж, нэхий дээлээ уралцана гээд л дайрахын оронд хачин хачин юм яриад л. Биднийг яасан айлгаж ичээж ханадаггүй юм бэ? Хүүхдүүд сайн дураараа харанхуй өрөөнд ороод, картонон хайрцгаар цайзархуу юм барьж байна.
-Мөнгөө, чамаас чинь архи үнэртээд байнуу даа?
-Зүрхээ чангалах гээд л…
-Би өнөөдөр архи уугаагүй гэдгээ яавал чамд ойлгуулах юм бэ? гээд арайхийн өндийж, тэврэн авах гэтэл цорхирон уйлаад зугтчихав. Араас нь хөөж аргадъюу гэснээ, юуг ч эс ойшоох гөлөөндөө автаж, үхэдхийн мөхлөө.
Одод тодорч, томорсоор хурц тодоор гялалзсан тунгалаг шар шил шиг нүдтэй анахайнууд болж эхлэв. Арын хаалгадаж байж олж авсан сэдүксинээ ам руугаа илгээж, утга учиргүй одойнуудыг унжуу хамарт Якоб хүүгийн адилаар үлдэн хөөхийг завдтал:
-Нөгөө хуурай архиа балгачихлаа! гэх эхнэрийн дуу цуурайтав. Түргэн тусламжийн эмч мэссэж бичингээ:
-Та хоёрын хэн нь архины цагаан солио туссан юм бэ? гэж байх юм. Нойрмог нүдээ нухлан харвал эхнэр минь нэлээн халамцчихжээ. Эмч ч яахав, үгийн сүлжээ бөглөнгөө үзлэгээн хийгээд, Мөнгөөг маань наркологийн эмчтэй уулзах, намайг Мансууруулах донтой тэмцэх төв дээр очихыг зөвлөөд, сэдүксинийг “хориглогдсон” хэмээн журамлаад явлаа…
Эхнэр шөнө нойргүй хоносон агаад, миний шинэ маягийн нэн архаг архидалтын эсрэг Барбарос төлөвлөгөө боловсруулжээ. Нөхцөлт рэфлэксээр галлаж, харшлаар балбаж, хамтын гипнозоор давшиж, "Нэр хаяггүй архичин" нийгэмлэгээр бүслэлтэд оруулж, Миннэсота хэлбэрийн гэр бүлийн уулзалтаар үхлийн цохилт өгч, архичны хүүхдийн Алатин байгууллагаар үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зуруулж, олзолсон хойноо давс, чихэр, өөх тос, архи гээд ямар ч цагаан зүйл ороогүй цагаан хоолоор дагнуулж цагаан туг л өргүүлээд суулгах юм гэнэ. Хөөрхий дөө, хайрын л хүч! Минийхээ л төлөө гэж хань минь бүхнээн зориулахаар шийдэж! Зориулсаар ч ирсэн. Би л мэдээгүй болохоос. Beatiful Mind-ын Жон Нэш, Алисия Нэш нарын явдал бидний явдал хоёрын хооронд ялгаа ер байгаамуу!
Зөвхөн, төлөвлөгөө боловсруулсан сэтгэл нь л намайг ерөнхийлөгчөөс ч илүү төвшинд архинаас гаргахад хангалттай бөгөөд, бусад нь шаардлагагүй гэдгийг боловсноор илэрхийлээд, духан дээр нь үнэрлэх гэснээ, гирэвшин өмөлзөх түүнийхээ уруул руу тэмүүлээ дээ. Гэтэл хүүхэд ТВ асаав бололтой:
-Үзэгчид ээ! T-Rex, Piza, Dagiimaa, Uyangalan нарын хамтын уран бүтээл “Хэв маягаа өөрчилцгөөе!” дуугаа сонсоорой! Залуусын шинэ соёлтой хэрэглээ болох үнэргүй, согтоодоггүй, хуурай архи “Фьюжн”-ээ сонгоцгооё! хэмээн аальгүй хөтлөгч цангинаж:
Хэв маягаа өөрчилцгөөе, татгалзах аргагүй ээ!
Хэтдээн тэгээд сонгоцгооё, цааргалах явдалгүй ээ!
Сүү шиг цагаан үрэл байхад, хайр сэтгэл хэрэггүй ээ!
Сүүн ерөнхийлөгчийн сургаал байхад гандан буурдаг нь би бишэй!
Энэ бол Fusion!
Энэ бол So Cool! гээд л поп-одод шуранхай хадаах.
Би чинь арай… хэмээн тээнэглзэж, ангайн чих тавьж байтал ижил хоёр галуу шиг энхрий хань минь тэсгэлээн барж, халаасанд миний гэх бүхий өмчлөлийг чихэж амжжээ.
Архинаас гарлаа гэсэн биш архигүй, бүр юу ч үгүй амьдралд шилжиж буйгаа сэхээрэх завдалгүй, “Тэгвэл ерөнхийлөгч арай…” гэсэн шүү юм сэтгэж улс төржин зогслоо. Тэгэхээс тэгэх гэсэн шиг:
Хамаг бүхнээ март шархалсан зүрх!
Хаана ч гэсэн сархад мөнгөн бороо бүрх!
Үүнийг орчуулах шаардлагагүй ээ!
Үнэгүй нанчид Fusion! гэдэг байна шүү, нөгөө залуус.
Ч.Мөнхбаяр
ММХI.III.I
http://moenhbayar.blogspot.com

No comments: