Wednesday, April 13, 2011

Дунд хуруу

хошин үгүүллэг

Сайхнаа босс гэнэтхэн орь дуу болон огло үсэрч, охиноосоо жаахан амрагаа орноосоо зулбан зугтахад хүргэсэн нь, дунд хуруу нь дундаршгүй их өвчинд живснийх байлаа. Бусад эд эрхтэн нь эрүүл саруулын учир Евагийн костюмтай дуучин бүсгүйг барьж авч, өөрийг нь хувцаслахыг тушаав. Торгон дээр хөлбөрч, тосон дээр өнхрөхөөс бусдаар тоотой хэдэн насаа өнгөрөөхгүй гэж санасан поп-од, ингээд эрэмдэг зэрэмдэг хөгшнийг асарч, энэ биеийг барах уу гэж бодохоос л гол нь горойж, гомдол нь бөөмнөнө.
Уг нь Сайхнаа Хонконг руу нисч, хятад боссууддаа тайлан тавьж, гэрээ үзэглэх учиртайсан. Гэтэл, өвчиндөө ярвайж буйг нь, өөрсдийг нь үзээд ярвайв гэж луухаан нар дотуур тамирлах тул юутай ч атугай “Ёндоо” хэмээх бутан эмнэлэг бараадав. Эзэд нь бутан болохоос, эмч нар нь будаа болохыг үзээд улам хуруу нь янгинав. Монгол эмч нар гэсэн үг л дээ. Үг дуугүй л дунд хуруугаа гозойлговол, сайдын хамаатан сайргар хүүхэн:

-Бага шиг доромжлоорой, балингийн оронцог минь! Гар зайл! гэж бархирав.
-Дунд хуруу өвдөөд үхэхнээ гэвэл:
-Өө тиймүү? Тэгээд доош нь унжуулахгүй, дээш нь гозойлгоод байхдаа яадийм! Боссон боов гэсэн утга гэдгийг дунд сургуулийн боловсролтой хүн бүр мэднэ шүү дээ.
-Доош харуулбал унжсан боов болно биз дээ.
-За яахав, унжсанаас, боссон нь дээр юм даа гээд эмч хүүхэн хурууг нь элдвээр оролдон, сүүлдээ бүр сэрэл нь хөдлөөд байнуу, үгүй юу.
-Энэ боов чинь тэгээд хэзээнээс буухаа больчихсон юм бэ! гэж наалинхай дуугардаг байна.
-Юун боов бэ? Өглөөнөөс л хойш нугалж болохоо байчихлаа.
-Өө нээрээ хуруу ш дээ. Юу ч гэсэн эхлээд УЗИ-дуул гэв. Балай хүүхнээс салсандаа баяссан ч, УЗИ автомат барьсан армийн цэргийн дуулгатай авгай тас тас хөхрөн гал нээж буй дүр зураг төсөөлөгдөн түгшээсээр, бэмбэгнэн оочирлов.
-УЗИ автомат чинь хаа байна гэж Сайхнаа гайхан асуувал эмч:
-Юун УЗИ автомат вэ? Ультразвуковое исследование шүү дээ. Хэт авианы шинжилгээ…
-Аа, тусгай шингэн гожгодуулдаг автоматаар шүрших юм байх гэж санасан чинь… гэтэл чих дөжрөм чанга авиа гарч, хурууны нь байтугай, нурууных нь мэдээ алдрав.
-Сая юу болов оо? гэж ухаан дундарчихсан мань хүн асуувал:
-Хэт их дуу чимээ гаргаад үзэхэд юу ч мэдэгдсэнгүй. Хуруу шиг л хуруу байна. Рэнтгэн “зүслэг” хийлгэ гэв.
Хэрчиж хаяагүй л болохоос, дугуй рэнтгэн “хөрөөгөөр” ч ёстой сосискоор зууш бэлтгэж байгаа аятай түм зүсч, түм чарлууллаа даа. Дараа нь компютэр томографид орууллаа. Нэг хүн өөрийг нь хараад л юм шивээд байх шиг. Өнгийгөөд сонирхсон чинь хөзөр тоглож байнаа.
-Томограф энэ тэр гээд л том том баагаад байсан чинь муушигдаад л сууж байнаштээ, чи.
-Хөзрөөр шинжиж байна шүү дээ.
-Тэгээд ямар үр дүн гарав?
-Та надад 1000 доллар алдчихлаа. Тэрийгээ өгчихөөд, миелографид ор!
-Миеэгомбынд оч оо! Бух Энхболдынд уу?
-Биш ээ, миелографи. Хуруунд чинь үхрийн шээс шахна.
-Яагаад үхрийн шээс гэж?
-Тимпү-д үхрийн шээс сайн гэж үздэг юм.
-Тэмбүү?
-Биш ээ, Тимпү! Бутаны нийслэл. Тэнд үхрийн шээс бүхнийг мэднэ чадна гэж сургадаг байхгүй юу.
Шахууллаа. Бордуулж тордуулсаар байгаад заан шиг болчихсон үхэр тэнд хэвтэж байнаа. Заан ч байсан юм билүү. Нэг удаадаа яасан ч их шээдэг юм.
Магнит-рэзонанс хийнэ гээд соронзон шуурганд оруулж бүр салгалуулчихав. Ямар ч фокусгүй болчихсон мань боссыг цахилгаан-соронзон тээстэнд оруулав. Энэ нь тогонд цохиулж байгаад, “Соронз” сэтгүүл чангаар уншуулдаг юм байна. Контраст-дискографийн арга гээд, уртын дууны дараа хип-хоп, “Хурд”-ын дууны дараа кэй-поп гэхчлэн маш их контрасттай эсрэг тэсрэг урсгалын диск баахан сонсгов. Зүгээр болдоггүй ээ.
Элэктроспондилографи гэхээр нь ахиад тогонд цохиулах нь уу гэтэл, цахилгаанаар ажилладаг тоног төхөөрөмж ашиглаж, спондилддог юм гэнэ. Спондилно гэдэг нь юу байнав гэхээр, хурууг нь сканэрийн таганд хавчуулж байгаад сканэрдав. Өвдөхдөө хөдөлчиж магад гээд чанга дарсныг яана. Дараа нь толгойг нь хавчуулан сканэрдав шүү.
Есөн эрүү давсан юм чинь намайг тавьж явуулах байлгүй гэж горьдсоор анхны эмч дээр очвол улаа бутарчихсан баахан улстай наргиж суух ба:
-Аа, Боссон Боов гуай ирлээ гэж ганц сайн түлэв. Цаадуулдаа нэгийг шивнэхэд бүгд нирхийтэл хөхрөлдлөө. Уг нь тэрбумтан хүнийг хүндэлмээрсэн, даанч “Ёндоо”-гийн хувьд дарга дорго, боос бөөсүүд бол тэрмийт л гэсэн үг. Матэриалыг нь уншсанаа:
-Хурууны радикулит болжээ. Хурууны хөдөлгөөн хийдгүүмаадаа? гэв.
-Гарын үсэг зурахаас өөр юу ч бичиж үзээгүй.
-Дунд сургуулиасаа хойш хуруугаа хөдөлгөөгүүмүү?
-Дунд сургуульд сураагүй. За тэр ч яахав. Би сая зөндөө л эмчилгээ хийлгэлээ, яагаад эдгэдэггүй юм бэ? Харин улам хүндэрчлээштээ. Хонконг нисч, биржийн гэрээ байгуулах гээд байхад…
-Саяынх чинь зөвхөн шинжилгээштээ. Яахав, бүтэн биеийн массажинд орж гайгүй болгочоод, нисээд ирж болно. Гэхдээ явах хэрэг ч байнуу даа, гарын үсэг зурж чадахгүй байж.
-Юу ярьж байгаам бэ? Тэр гэрээг байгуулснаар би Азийн баячуудын тоонд орно. Эх орны бахархал ш дээ. Та нар чинь түүхэн чухал үйл явдал болох гэж байхад ямар ч сэтгэл гаргахгүй, хаашаа юм бэ… гэж үглэсээр эмчилгээний өрөөнд ороход нүв нүцгэн эмэгтэй байсанд, сэтгэл сэргэж, сээкс ч хийчмээр болоод ирэв.
-Санахын ч хэрэггүй шүү. Үхрийн баасаар массаж хийдэг болохоор хувцсаа бохирдуулахгүй л гэж бид шалдан байдаг юм гэж хүүхэн хэлээд хувин хувин баас дээрээс нь юүлэв.
Шавсан баасанд 14 хоног хөхүүлэх хэрэгтэй байдаг тул үхрийн чацга гоожуулсаар хувийн онгоцондоо суулаа. Цаг ашиглаад нөгөө баасан дээр Эрмэнижилдо Зэйнагийн костюм зуруулж, Босс шингээлгэж амжив.
Нөгөө, Лээдий Гаагаа ч билүү, Лээдий Бандаашиг ч билүү солиотой хүүхэн үхрийн махаар палааж хийж өмсөөд гангарчдийм л байнлээ, би дутах юун гэж барьцав.
Монгол Жээкийгийн хятад өлгий - Хонконгод буугаад өндийх гэтэл суудалтайгаа наалдаад хатчихаж. Хамаагүй босвол баасан гонжоом зад явж, хамаг юмаа гаргачих гээд байлаа. Хурлаасаа ямар хоцролтой нь биш, сандлаа эргэдүүлж салгаад, онгоцныхоо дугуйг хөрөөдөж суулгаад, хятадуудын илгээсэн тансаг лимузингээр нэг чирүүлж, нэг түрүүлж довтолгосоор “Глобал лидэр Сайхнаа” грүппийнхээ төв офист ирэв. Захирлуудын зөвлөлийн хуралдааныг даргалагч Хуй:
-Яагаад таван минут хоцров? Ингэснээр манай групп таван сая долларын алдагдалд орлоо. Түүнийг Сайханаа мэн-гу та төлнө шүү! гэж омогдон загнахыг манай хүн ч ямар ойлгох биш. Дохио зангаагаар л мэдэлцэхчээ болдог тул, аанай дунд хуруугаа гозойлговол Ша захирал:
-Энэ муу мэн-гу боол аугаа хани үндэстэн биднийг яст мэлхийн боов ван-ба-дан гэж адгийн муухайгаар доромжилж байна! Бид гадныхныг ван-ба-дан гэдэг болохоос, хэзээ гадныхан биднийг ван-ба-дан гэж зүрхэлж байсийм. 5000 жилийн түүхэнд маань тохиолдоогүй ихэрхэл! хэмээн чарлав. Ба захирал:
-Мэн-гу Сай-хани чамайг захирлуудын зөвлөлд тэнцэхгүй хүн байна гэж бид ойлгодог болоод байгаа. Танай мэн-гучууд хани бидэнд дургүй болохоор л нэр чинь нэг удаа хэрэг болсон гэвэл, бүх учир радикулитад байнаа гэдгийг ойлгуулах гэж улам эрчимтэйгээр дээш доош хөдөлгөв. Шэ захирал:
-Гүйцээ! Энэ нөхрийг халах талаар санал хураая. Ван-ба-дангийн дарлага бол хамгийн хүлцэшгүй доромжлол. Биднийг энэ яст мэлхийн боовоор дарж, дарлага хийх гэж л ирсэн байна. Бүр хуруугаараа яст мэлхийн сэкс үзүүлж байнашт! гэлээ. Хятад захирлууд гараа, манай хүн хуруугаа өргөв. Гэтэл Эрмэнижилдо Зэйна нь улам хатаж, зад үсэрлээ. Хуй дарга:
-Мэдэхгүй дарлага байна, яанаа, яаж хариулах вэ? гэж орилоход Ша захирал:
-Мэн-гу боол нүцгэрчихэж. Өөрийн боовоор дарлага хийж эхэллээ! гэж бархирав. Ба:
-Сургуульд ч сураагүй, насаараа шоронгийн хадаас болсон этгээдийг яах гэж бид өөд нь татав. Ингэж ачийг маань хариулдаг бий вий. Анх бидэн дээр ганц баастай бандаашигтай л ирээ биз дээ? Хамаг хөрөнгийг нь хураах шийтгэл оногдуулваа! гэж хашгирвал Шэ:
-Тэгье, санал хураая! Бас энэ танхай этгээдийг Хонконгийн мөглөнд хийж, манай атамануудын гарын шүүс болго! гэж гуаглав.
Дэлхийд хосгүй, Алттайн ордын хувьцааг тэрбум доллараар зарах асуудал ч мөн нааштай сайхан шийдэгдэж байх шиг байна, миний байгуулсан грүппийн нэр, авсан лицэнзийг ашиглаж ирсэн байгаа юм чинь, газрын диваажин Хайнаньд Гай овогт янагтайгаа жаргачих хэмжээний шан л лав өгөх байлгүй гэж бодон баясч эрхий хуруугаа гозойлговол Хуй:
-Иранаар биднийг fuck you гэж байна шүү гэж тайлбарлав. Амжилт маань дээшлэхнээ гээд долоовор хуруугаараа өөдөө заавал:
-Ланкаар fuck off гэж байна гээд л бүгд цайны газар луу гүйлдэж, заазуур олж аваад манай хүн рүү эргэн дайрав. Хэрэг бишдэхийг ойлгосон Сайханаа босс залуу сайхан цагаа дурсч, тэднийг дугуйтай сандлаараа хэмх нүдсэн агаад, манай хүнийг номхруулан баривчлахад нэг машин дүүрэн нисдэг хонконг цагдаа шаардагдав.
Хуруу ч хөдөлгөлгүй Монголын тэргүүн баян болсон тэр, хуруу ч хөдөлгөлгүй Монголын хамгийн ядуу гуйлгачин болов.
Ч.Мөнхбаяр
ММХI.IV.II

No comments: