Wednesday, April 13, 2011

Эрхэм дүүгийн ном гарав

Дүү Ш.Одонтөрийн (бид эгч дүүсийн хүүхдүүд) маань “Ардчиллын алдаатай он жилүүд” гэх сонирхолтой ном гарсныг нэгэн амьсгаагаар уншиж дуусгав.
Хамт тоглож өсч, нэг дунд (51) сургууль, нэг их (МУИС) сургуульд суралцаж, сурагч ахуйдаа Монголын үндэсний үзлийн анхны гэмээр бүлхэмийг байгуулж, уран бүтээлийн дугуйланд ч цуг явж, гурван удаа нэг сонинд гар нийлэн ажиллаж (“Бамбар”, “Шинэ үе”, “Монголын залуучууд”) асан дүү маань монгол судлалын эрдэм ухааны ажилдаа шамдахын зэрэгцээ, улс төрийн лавлахын чанартай энэ номыг бүтээжээ.

Тэрбээр ардчилал шинэчлэлийн үйлсэд эхнээс нь оролцсон анхны алтан хараацай, ардчилсан хувьсгалын партизан нарын нэг. Эхэндээ МУИС дээр төвлөрч асан социал-дэмократын үйлсэд идэвхийлэн оролцсон. Өдгөөг хүртэл ардчилал, АН-ын аливаа үйл хэрэгт оролцож, санаа тавьж зовниж, аливаа асуудлынх нь талаар бодож эргэцүүлж иржээ.

Зүүн гараас Ш.Одонтөр, Ч.Мөнхбаяр

Ардчиллын романтик, түрүү үеийн талаар багагүй судлагдаж бичигдсэн байдаг. Тиймээс, ардчиллынхны нэн ээдрээтэй цаг үе болох 1996-2000 оныг сонгож номоо бичжээ.
Ард түмний асар их итгэлийг хүлээн, 50 суудал авч байсан Ардчилсан Холбоо Эвслийнхэн (АХЭ) яагаад 2000 онд нэг суудал автлаа улс төрийн хувьд доройтов, ямар учраас дөрвөн ч ЗГ солигдов, тэр үеийн дуулиант хэрэг, хэл ам, маргаан сөргөлдөөний цаана юу нуугдаж байв, ямар сургамж авах учиртай вэ гэдгийг номонд товч бөгөөд тодорхой үгүүлжээ.
Энэ номын онцлог нь хувь хүний байр сууринаас магтан сайшаасан, муулан буруушаасан зүйл үгүй, судлаачийн ёсоор баримт, эшлэл дээр л тулгуурласанд оршино (Номын ард ашигласан 168 эх сурвалжийг хичээнгүйлэн жагсаажээ).
Өнөөдөр амтай бүхнийг шуугиулж байвч, маргааш тэр асуудал оргүй мартагдчихдаг тун гажиг синдром нийгэмд маань буй. Энэ бол архаг, хурц мартах эмгэг, сэтгэц-мэдрэлийн хүнд өвчин юм. Эрүүл ухаанд бол тодхон ой санамж байдаг. Тэр ой санамж мэт ийм номууд олон гарах аваас алдаагаа давтахгүй байхад, урагшлан хөгжиж дэвжихэд тун ч их хэрэгтэй юм.

No comments: