Wednesday, April 13, 2011

"Пурам" зэрэг компанид ямар ч ял хүлээлгэхгүй, Ц.Мөнхбаяр нарын эх орончдыг шоронд хийх гэж байна

Монголд ууланд бүгж тэмцдэг сайн эрчүүд ч гарах төлөвтэй

"Онги гол" хөдөлгөөний Ц.Мөнхбаяр, Б.Төмөрбаатар, С.Самбуу-Ёндон, "Хүдэр гол" хөдөлгөөний Д.Баяраа нарыг бусдын эд хөрөнгийг сүйтгэсэн хэргээр яллах гэж байна. Монголын үндэсний, эх оронч үзэлтнүүд шоронд ороод дуусах нь ээ, та минь.
Нэг рүү нь харь залууг илгээж, охиныг нь эзэмдэнэ, эзэмшинэ гэхчилэн өдөөн хатгуулан, нөгөөг нь өвчтэй байхад согтуу хулигаанаар архи нэхэн агсамнуулсан, нэгийнх нь эхнэрийг харь өвгөнөөр эргүүлгэсэн зэргээс болж хүн амины хэрэг гарч, залуу нь цаазлуулсан, ах хоёр нь олон жилээр таслагдсан эмгэнэлтэй явдал байна. Өөр асуудлаар хоригдсон хэлмэгдсэн тохиол ч буй. Өчүүхэн намайг хүртэл эш татсан төдийд хүнд хэрэгт унагах
гэж оролдож, хөл бэртэнгитэй хэвтэрт байхад нааш цааш явуулан чирэгдүүлж, заавал шоронд суулгана гэж заналхийлж байсаан...

Ноднин намар дээрх дөрвөн зориг зүрхтэн харийн "Пураам", "Сэнтэрра" компаниуд (дашрамд тэд хууль зөрчсөн хэрэгтээ ял хүлээх ямар ч төлөвгүй байгаа!) руу гал нээж, ард түмнээ хамгаалсан явдлыг миний бие сонсоод чөлөөтийн дэлхийн аварга төрснөөс дутуугүй баясаж, "ингээд л улс даяар жинхэнэ эрс шийдэмгий тэмцэл өрнөдөг юм байж дээ. Анхны буун дуу ч дуугарлаа даа!" гэж бэлгэшээж байсан. Буудах тэмцэл Монгол дахинаа өрнөж буйг дүрсэлсэн уран сайхны нийтлэл-шог үгүүллэгийг  бичиж нийтлүүлсэн. Монголын 20 жилийн хошин шог түүх гэж болох үгүүллэгийн түүврээ ("Алтан өд"-д нэр дэвшсэн "Нисдэг баавгай") түүгээр өндөрлүүлсэн.
Ц.Мөнхбаяр гэх эрхэм хүнтэй танилцан хөөрөлдөхед асуудлыг буу шийдмээр шийднэ хэмээн ухасхийдэг ширүүн догшин эр огт биш, эрдэмт хүн дөлгөөн гэгчээр зан ааштай, цэгцтэй үг яриатай, нийцтэй харьцаатай, аргагүй л нэг дэлхийд үнэлэгдэж байгууштай сайхан хүн санагдсан.
Хэн энэ амар амгалан, эгэл монгол эрийг буу онилоход хүргэв ээ? Харийн колоничлогчид, тэдний баас шээсийг горилогч дарга дорго нохос...
Миний бие эрх чөлөөг эрхэмлэгч чечений, кавказын ард түмний дайчин чанарыг ихэд хүндэтгэх бөлгөө. Тэд харийн түрэмгийлэгчдийн эсрэг ариун дайныг өрнүүлэхээс гадна абрекийн гэх тэмцлийг хийдэг.
Абрекийг ганцаарчилсан партизан ч гэмээр юм уу даа. Ойр дотныхон, бүх таатай зүйл, хуулиас татгалзаж, ууланд орогнож дайснуудтайгаа тэмцэнэ. Кавказын дайны үед оросын булаан эзлэгчид Шамиль удирдагчийн нэрээс гадна Назир, Вара, Атабай зэрэг абрекийн нэрийг хоолой чичрүүлэн хэлдэг асан. Тэд аянга мэт гэнэт гарч ирж буудаж хороож, талж шатааж, ор сураггүй алга болно. Ганц абрекийн эсрэг цэргийн томоохон xүч дайчилдаг байсан гээд бод. Тэгээд ч нэмэргүй, Бэмбэгнэсэн даргынх нь духанд сум зоогдоход, ашгүй удирдлагагүй боллоо гэсэн шиг цэргүүд нь “абрек ирлээ шүү, амь амиа бодоорой" гээд л таран зугтдаг байв.
Ард түмэн абрекуудыг баатар хэмээн дээдэлж, дурсгалыг нь хүндэтгэнэ. Заримдаа абрекууд хэдэн арав, зуугаараа нийлж сүр хүч болно. Дэлхийн II дайн дуустал Кавказад абрекууд байсаар байв. Нэгэн абрек хэдэн арван большевик даргыг толгой дараалан устгаж, нутагтаа олон жилийн турш зөвлөлт засаг тогтоолгоогүй юм.
Хэрэв ард түмэн нь тэмцэх хүчээр мөхөсдсөн бол (оросын колоничлогчид тосгодын 50-70 хувийг шатааж, үндэстэн үндэстнээр нь хааны үед хөөж, Сталины үед цөлж, олон удаа гал, цусанд живүүлж байлаа шүү дээ) абрек гэх зоригт хөвүүд нь гарч ирдэг байлаа. Ганц хүний хүч гэдэг их юм шүү.
Харин бид 1990 оноос хойш харийн хулгайч дээрэмчдийн төдийлөн тэмцээгүй байж өеөдчихсөн үхэдхийчихсэн мэт болсон нь юутай гутамшигтай.
Чингээд абрек хөвүүд нь гарч ирэв. Монголд мөн ийм тэмцлийн уламжлал байсан хийгээд, тэднийг сайн эр хэмээдэг байлаа..
Эрэлхэг дөрвөн хөвүүнээ харийн золбингуудын ам pyу хаяж чулуудаж өгчихөөд л, баясан гүйцгээх үү,таминь ээ.
Арай бид тийм болчихоогүй гэдэгт найдна. Зүгээр л гүн нойрссон байсан, одоо сэрнэ, түрхрэн босно гэдэгт итгэнэ.
Тийм ч учраас үндэсний үзэлт нөхөд дараахь уриалгыг гаргажээ:

Монголоо гэсэн зүрх сэтгэлтэй бүхэнд хандах
Уриалга

Цогт эх оронч Ц.Мөнхбаяр нараа бүхий арга хэрэгслээр хамгаалцгаая!

Монгол улс үндэстэн маань өнөөдөр хэдэн арван чиглэлийн геноцидэд өртөн, үхэх сэхэхийн зааг дээр зовж шаналан байна. Нэг чиглэлийн геноцид нь - ашигт малтмалын неоколоничлол юм.
Харийн неоколоничлогчид болон, тэдний дотоодын хамсаатнууд Монгол улсын газар нутгийн аль их алт баялагтай дийлэнх хэсгийг эзэмшиж, цөлмөн дээрэмдэж, байгаль орчныг хордуулан хувхайруулж, монгол хүнийг гишгэх газаргүй, амьдрах аргагүй болгож ирэв.
Энэ талаар зовнин бичдэг, хэлдэг хүмүүс цөөнгүй. Харин жинхэнэ амь бие хайргүй, шийдэмгий тэмцсэн хүмүүс бол Ц.Мөнхбаяр болон, түүний нөхөд - Б.Төмөрбаатар, С.Самбуу-Ёндон, Д.Баяраа нар юм.
Байгаль хамгаалагчдын "Нобелийн шагнал" гэгдэх Голдманы шагналыг хүртсэн нэр хүндтэй зүтгэлтэн Ц.Мөнхбаяр ахуй амьдрал, аюулгүй байдлаа умартан, хууль зөрчигч харийн компаний техникийг буу онилон зогсооход хүрсэн билээ.
Урт удаан хугацааны, олон шатны тэмцэл нь зохих үр дүнг авч ирэхгүй байсан тул, эх орноо гэх халуун зүрх сэтгэлтэй тэд монголчууд бид бүхний төлөө энэ алхмыг,аргагүй хамгаалалтыг хийсэн юм.
Неоколоничлогчид Ц.Мөнхбаяр нарыг нь шоронд хийчихвэл болох юм байна гэж мунхаглан сэтгэж, тэднийг 5-8 жилээр яллах элдэв арга бачаа хэрэглэж байна. Монголоо гэх сэтгэлтэй эх оронч хүмүүс зөвхөн Ц.Мөнхбаяр, түүний нөхөд юм гэж үү.
Үгүй ээ, Монголын төлөө цохилох зүрх, лугших судастай мянга мянган эх оронч бий гэдэгт итгэж байна. Эв санаагаа нэгтгэж, Ц.Мөнхбаяр нарыгаа бүхий арга хэрэгслээр хамгаалцгаая. Харийн түрэмгийлэгчийн гэмт үйлдлийг таслан зогсоосноор, ял зэмд унах учиргүй ээ. Ц.Мөнхбаяр нарынхаа төлөө дуу хоолой, хүч зоригоо ч нэгтгэе, Ц.Мөнхбаяр, түүний нөхдийн адил, Монголоо гэсэн жинхэнэ зүрх сэтгэлтэй язгуурын монголчууд байцгаая!

Үндэстний үзэлтнүүдийн байгууллага бүлхэмүүд (ц.т.д):
Даяар Монгол
Даяар Хөх Монгол
Монгол Үндэстний Сүлжээ
Монгол Туургатны Хуралдай
Нэгдсэн Монгол
Сүлдэр
"Үндэстэн" нэгдэл
Хамаг Монгол
Хастанру
Хөх Монгол
Цагаан Хас
Сийрүүлсэн Ч.Мөнхбаяр
MMXI.III.XXXI

No comments: