Wednesday, April 13, 2011

“Байгаль хавийн шилдэг хүн”-ээр Чингис хаан шалгарсанд оросууд хилэгнэж, санал асуулгыг хүчингүй болгожээ

Монгол гаралтай атаман Семёнов аймшигтай яргачин байв гэв үү?

Дэлхийн хамгийн аймшигт харгислалын нэг болох, большевикуудын улаан террор цагаан террорыг төрүүлсэн. Гэхдээ, улаан террор нь Ленин нарын удирдагчдын галзуурч улайрсан, төрийн албан ёсны бодлого асан бол, цагаан террор хилэгнэж бачимдсан цагаантнуудын дүрэм зөрчсөн хувийн ажиллагаануудаас бүрдэж байсан. Үүнийхээ төлөө тэд өөрийнхөндөө цаазлуулах нь ч олонтаа байлаа.
Гнилов хэмээх хазаг тосгонд большевикууд ирээд, Корниловын өвчтэй, шархадсан цэрэг офицерүүдийг тамлаж зовоон, амьдаар булжээ. Тосгоны ламын хэвлийг хүүлж, гэдсийг цувуулж гаргаж, гэдэснээс нь татан чирэхийг оролдож байжээ. Дүүжлэгдсэн хүмүүсийг авахыг хориглож байж.

Харгислал харгислалыг төрүүлдэг. Колчакийнхан большевикуудыг олзолж аваад, цаазална гэж иргүй сэлмээр цавчин тамлаж байж. Тусгай суурин дээр хөдөлгөөнгүй бэхэлж аажим эргэлдүүлэхэд тухайн хүний гавал ирлэсэн төмрүүдэд зорогдож, оройн яс нь таг мэт авагдахаар салдаг аймшигт тамлал байсан аж. Тийм хүнийг модонд хүлж орхин үхүүлдэг байжээ. Большевикийн улаан террорын ангиудад хүчин зүтгэж байсан олзны хятадуудаар (Большевикууд 600 мянган хятадыг урьж авчирч, хөлсний цэрэг, яргачин болгон ашигладаг асан) өөрийнхнийг нь тамлуулна. Тэд большевикуудыг эхлээд зугтаалгахгүй гэж хөлний шөрмөсийг нь огтолно. Дараа нь тухтай яргална. Дотор эрхтнийг нь нэг нэгээр сугалж тасчиж, дэвсгэр гэж нүхэнд зулж хаяад, дээрээс нь өөрсдийг нь хийж булдаг байж.
Цагаантнууд шорлог хийдэг мангал гээч хэрэгсэл дээр улаантнуудыг элдвээр шарж түлж зовоох нь цөөнгүй асанж. Цагаан террорын золиос нь гурван буман хүн болжээ.
Атаман Калмыков цэргүүддээ “бэлгийн хэрэгцээг хангах эмэгтэйг улаантан болон тэднийг дэмжигчид дундаас олж, хэрэгцээ гүйцэхлээр зарлагадаж бай” гэж зарлигдсан байдаг. Нэг цагаан генералын гэрт нэгжлэг хийхээр очсон цэргүүд эх шигээ насны, эхнэр нь болох хүнийг залхатлаа хүчиндчихээд явж байж. Улаан цагаан цэргүүдийн аль нь ч, зөвхөн хүчиндэхэд хэрэглэх эмэгтэйчүүдийг авч явдаг байсан агаад, тэд нь дороо л, наад зах нь өлсч үхдэг байжээ.
Хядах, тамлах талаар уралдаж өрсөлдөх явдал их байсан. Цагаантнууд янз бүрээр тамлагдсан үхсэн, амьд хүмүүсийг үзүүлэн болгон харуулах аймшгийн вагоныг аялуулдаг байж.
Буриад монгол гаралтай, Нармай Монголыг байгуулагчдын нэг Атаман Семёновын нэр хамгийн харгис цагаантнуудын тоонд бичигдэж, айргийн тавд ордог гэх.
Ингодины (буриад үгийг орос маягаар гуйвуулсан нь л энэ байх) бослогыг 1919 онд дарахдаа семёновчууд хүүхдүүдийг шалдлан бөөгнүүлж, зодож занчиж, эцэг эх, ах эгчийг нь хэрхэн алах, тамлах, хүчиндэхийг харуулж байсан гэдэг. Буудахад унаагүй нэг өвгөнийг олон хэсэг болтол цавчин жижиглэжээ. Эмэгтэйчүүдийг бүгдийг шахуу ташуурдсан бол, эрчүүдийг бараг цөмийг нь буудсан. Гэм зэмгүй хүмүүсийг, бослогыг, большевикуудыг эсэргүүцсэнгүй л гэж ингэж байгаа юм шүү дээ.
Степан Кузьмин гэх босогчийн гэдсийг хүүлж, цувуулсан. Сазоновынхныг гэр бүлээр нь буудаж, байшин хашааг нь шатаасан. Семёновынхон, хүлээд бухал өвсөнд хийж галдах, хөлөөс дүүжлэх, өвөл ус асган хөлдөөх зэргээр дайснуудаа гэсгээн цээрлүүлдэг байжээ. “Адмиралъ” гэх сериалд Семёновын харгислал гардаг. Албатууд нь сайхан хүүхнийг олны өмнө тамлабаас сэтгэлзүйн хүчтэй нөлөө үзүүлдэг юм гэдэг байж.
Трощкосавск буюу Хиагтын шоронд 1500 хүнийг цаазалжээ. Тэнд нөхцөл муугаас болж 2.5 сард 350 хүн үхэж байж. Зуутын дарга Соломаха нөхөдтэйгээ хоёр өдөрт 481 хүн бууджээ. Эмнэлэгт “улаантнууд” хэмээн 200 хүнийг цавчиж, жадалсан явдал буй. Андриановка станцид 3000 хүнийг хядсан.
Унгерн Монголд ирэхээсээ өмнө аймшгийн таван цагаантны тоонд орж байж. Хүүхэд эмэгтэйг ч ялгаагүй харгислана. Өөрөө биечлэн гүйцэтгэнэ.
Нэг тосгонд семёновчууд маш хилэнтэй иржээ. Өвгөдийг нь чарганд хөллөн авч явж, ойролцоох тулааны талбараас цогцос зөөлгөжээ. Тэднээр том нүх ухуулаад буудаж, өөрийнхнийхөө дор дэвсэн булсан аж.
Татарская гэдэг казак тосгонд поезд поездоор улааныхныг зөөн авчирч, пулемётоо халж гацтал нь шүршин алж байжээ.
Акта тосгонд улаан армийнхныг авчирч, ташуурдаж алж байжээ. Тэгэхдээ нэг хүнийг 200 ташуурдах ч явдал байж. Тосгоныхныг большевикуудыг дэмжсэн гэж буруутган, эрчүүдийг нь цавчиж, эмэгтэйчүүдийг хүчинджээ. Хүнс, морь, үнэт зүйлсийг дээрэмдэн авч явсан тул үлдэгсдийн олонх өлбөрч, өвчилж үхсэн байна.
Лазо гэдэг большевик партизан семёновчуудад их гай тарьж байсан. Лазогийн дайчдыг япончууд бутцохиж олзлоод, цагаантнуудад хүлээлгэн өгсөн. Галт тэрэг түлшгүй байна гээд тэднийг амьдаар шатаан, хүнээр галлан хөдөлж байсан гэдэг.
Иргэний дайны дараа семёновчууд Хятадад орогносон болой. Тэд байнга Японтой холбоотой байв. Япон, германчуудын тусламжтайгаар шинэ Оросыг байгуулна гэж мөрөөдөнө. 1933.3.29-нд Семёнов Гитлерт захидал бичиж байжээ.
Хянганы казак корпус гэж таван хороо, хоёр дивизион, нэг зууттай, нөөц 6000 хүнтэй хүч байсан агаад, командлагч нь генерал Бакшеев.
Манжуур дахь цагаантнууд тагнах, хорлон сүйтгэх ажил их хийсэн. Манай “Дайсны цэргүүдээ сонсоцгоо!” кинон дээр гардаг шүү дээ. Тэдэнд олзлогдсон зөвлөлтийнхнийг модоор балбах, хамар луу нь самогон цутгах зэргээр их л зовоодог байж.
Гэтэл сүүлийн үед, Семёнов гагцхүү большевикуудыг л “харгисласан”, гэхдээ дор нь байгаа улс л тэгж авирладаг асан, атаман бол өөр лүү нь халдсан хүнд хариуг нь өгчихдөг ч, ёс жудагтай, сахилга баттай эрдэм номтой хүн байсан гэх боллоо.
Ямар сайндаа л саяхан “Байгалхийн сод хүн” сэдэвт санал асуулгад 1-р байранд атаман Семёнов, 2-р байранд Чингис хаан орж байхав. Чингис хааны төлөө зөвхөн буриадууд санал өгсөн бол, атаман Семёновыг оросууд, буриадууд цөмөөр (тэр орос, буриадын эрлийз, аль аль түмэнд талтай ханддаг байсан) дэмжсэн тул тэргүүлжээ. Сүүлийн үед Чингис хаан Буриадад төрсөн гэх онол, таамаглал, судалгаа, зохиол маш их гарч байгаа. “Чита-Чингисийн өлгий” гэсэн төсөл ч хэрэгжиж буй. Ташрамд, зарим ухвар мөчид хүн манайх Чингис хаанаа Буриадад алдах нь л гэдэг. Энэ бол Монголын юмаа өөр үндэстэнд алдаж буй хэрэг бус, Монголын түүхийн судалгаа өргөжин тэлж, газарзүй тодорч, их хаанаа хүндэтгэн дээдлэх явдал түгж буй л хэрэг юм.
“Байгалхийн сод хүн” санал асуулгын дүнд хилэгнэсэн орос дарга нар уг арга хэмжээг хүчингүй хэмээн зарлаж, шууд таслан зогсоож, мэдээлэхийг хоригложээ.
Ч.Мөнхбаяр

No comments: