Saturday, November 7, 2009

АУИС-ийн орчимд үзсэн зүүдэнд ормоор аймшигт зүйлс


Амьтдын ярга тамын газар

“Ямар муухай үнэр вэ?” гэж би бодлоо. Хаанаас энэ муужирмаар үнэр гарч байгааг үзье гэж хонгил руу уруудан буулаа. Энд тав зургаан харанхуй өрөөнд туулай, хулгана, харх тэжээдэг ажээ. Эдний ялгадас, шивтэр амьсгалах аргагүй эвгүй хурц үнэр гаргаж байна.
Олон торон хайрцгийг гурав гурваар дээр дээрээс нь давхарлаж, эгнүүлэн өржээ. Нэг хайрцагт 4-8 туулай чихцэлдэн багтарна. Дэвхэрч цовхрох бүрдээ тэд хажуу хавирга, чихээрээ торон ханыг шуугиантай шүргэнэ. Эд хатуу, хатсан өвсөн дэвсгэр дээрээ бүх боломжоороо бие засдаг бөгөөд, ингээд бохирдсон хайрцганд элгээрээ хэвтэж, унтаж байна.
Өндрийг нь хэвтэж байгаа туулайн өндөртэй яг тохируулж хийсэн тамын торнуудад, тэжээгч эмэгтэй түмпэнтэй модны үртэс мэт зүйлээс хийж, туулайнууд тэрийг нь иднэ. Доод хайрцагны туулайнууд түнэр харанхуйд дээд давхрын туулайнууд шуугиантай хөдлөхийг хүлцэнгүй сонсон хэвтэнэ.
Энэ өрөөний туулай 30 орчим. Хажуугийн өрөөнд нь 130 орчим хулгана, харх байлаа. Жижигхэн, цэмцгэрхэн цагаан хулгануудын нэг намайг ирлээ гэж бахадсан ч юм шиг, хойд хоёр хөл дээрээ зогсон хамгаас хар бөмбөлөг гэлтэй өчүүхэн нүдээрээ анхааралтай харна. Нэг хулгана мөн хойд мөч дээрээ цомцойн зогсоод нэг шар үрэл барьчихсан эрдэнийн зүйл идэж байгаа юм шиг ихэд чухалчилан амтархана.
Хэзээ бол хэзээ, юугий нь ч авч мэдэх өршөөлгүй хүмүүсийн гарт орсон хулгануудын өрөвдөлт хотхон. Буланд нэг ядарсан эх хулгана хэвтэх агаад хүүхдийн эрхий шиг жижиг, ягаан гөлчгийнүүд хэвлийд нь хушуугаа наан хэвтэнэ, хөхөж байгаа бололтой.
Хувийн амьдралыг нь хэзээ ч өнгийн харж болом торон доторх хотхон. Би амьтдыг анхааралтай харж байсан боловч нэг нь ч, юу ч хэлсэнгүй. Тэд хүний ямар ч хэлээр ярьж чадахгүй, оюуны чадавхиар сул дорой бил үү? Английн эрдэмтэд чийгийн улаан өт хүртэл өвдөхөө мэдэрдгийг нотолсон.
Хүмүүс бид амьтдад өөрсдийн зоргыг тулган, тэднийг тарчлааж, зэрлэгээр хороодог билээ. Хулгануудад бид өвчин үүсгэвэр тарьж, хатгалгаа тусгадаг. Яаж өвчилж, яаж үхэхийг нь ажиглаад, дараа нь задалж үзнэ. Туулайн толгойг өрөмдөж, электрод шургуулаад тог цохиулж туршина. Нохойд хорт нунтаг үнэртүүлсээр уушигны хавдар тусгана. Эрүүл амьтад дээр хагалах, эрхтнийг нь тайрах, буцааж оёх дадлага хийнэ. Өвчилсөн амьтдыг устгалд оруулна.
Нэг амьтныг аль болох олон дахин хэрэглэхийг хичээнэ. Нэгэнт тархиа өрөмдүүлсэн туулай аль болох удаан амьдарвал ашигтай. Амьд бүхэн амьдрах эрхтэй боловч бид энэ эрхийг хүлээн зөвшөөрдөггүй. Бид амьтдыг иддэг. Бид амьтдын амьдралд хэтэрхий их саад хийдэг.

Монголын хамгийн аймшигт мүзей

Би “Патанатомийн музей” гэсэн хаягтай нэгэн өрөөнд орвол шилэн савнууд дотор өнгө өнгийн, том жижиг, зөөлхөн бололтой цул юмнууд үзэгдлээ. Эд гоё сайхан зүйл огтхон ч биш ажээ. Эрдэнэт хүний эрэмдэг болчихсон, өвчилсөн эд эрхтэн гэдэг айдас түгшүүр, эвгүйцлийг төрүүлэх чадалтай аж.
Энд ходоодны шархлаа өвчнөөр нас барсан хүний ходоод байна. Нөгөө ертөнцөд одсон хүний ходоод ийм байдаг юм байж дээ гэмээр үнсэн саарал өнгөтэй ходоод оготнод өм хазуулсан мэт шархалжээ. Шархнаас нэгэн нарийхан гуурс цухуйж буй нь идэгдэж тасарсан судас аж. Энэ хүн цус алдаад нас барсан...
Ходоод улаан өнгөтэй байх ёстой боловч формалинд өнгөө алджээ. Энд байгаа элэг ходооднууд зарим нь гуч дөчин жилийн өмнө нас барсан хүнийх аж. Эзнийхээ амийг авсан эрхтнүүдийг формалин дотор 100 жил хадгалахад хэрэгцээгүй болтлоо мууддаг гэнэ.
Янз бүрийн өнгө, хэмжээтэй хад чулуунуудыг хараад, энд юун геологийн холбогдолтой зүйл байгаа билээ гэж бодлоо. Нэг шилийг авахад “хад чулуу” бэлбэлзэн хөдөлж, асар зөөлөн дэвтсэн эд болох нь мэдэгдэв. Энэ бол уушигнууд ажээ. Хатгалгаа тусч эцэслэсэн хүний хар өнгөтэй уушиг хатгалгаатай чигээрээ байна. Хажууд нь рактай уушиг байв. Мөн бүдэг улаан өнгөтэй хос барзгар уушиг дэвтэн томроод цээжинд яавч багтамгүй, тус бүр 10-аад литрийн эзэлхүүнтэй болж. Нэг уушигны дээд хэсэгт бохир цөөрөмд үзэгддэг хөөс шиг юмнууд ургажээ. Энэ хөөснүүд дээр хорт өвсний үндэс шиг нарийн хар судас наалдсан байв. Эзэн нь амьсгалж чадахгүйд хүрч, багтран үрэгджээ.



Өвчний нэвтэрсэн байдлыг тодорхой харуулахын тулд зарим уушгийг янз янзаар зүсчээ. Өвчилж нас барсан хүний түүхий уушгийг хутгаар зүссэн.
Хүний биеийн элдэв тасархай шалз булз түлдэг уусмал дотор хэдэн арван жил! Эзэнтэйгээ хамт амар жимэр нойрсох хувьгүй золгүй эрхтнүүд! Жигтэй их дэвтэж, өнгө зүсээ алдсан тархинуудыг харлаа. Заримыг нь хиам шиг хэрчин, нимгэн зүсэн бэлтгэжээ. Нарийн хар судаснуудад баглаастай энэ тархинууд хамгийн сүүлчийн удаа юун тухай бодсон бол оо. Энэ тархинд хадгалагдан байсан ямар нандин бодлууд формалинд уусан мөхөө бол. Эдгээр тархинуудыг ямаршуу мод, төмрөн дээр тавьж яаж хэрчээ бол доо. Яагаад энэ л тархинууд тийм эрт төрөөд, одоо мэдрэх сэтгэхээ болиод, баярладаггүй, бачимддаггүй болоод малгай ч үгүй, гавал ч үгүй нүцгэнээрээ, байгаа бүхнээ, эмгэг өвчнөө харсан хүн бүхэнд үзүүлээд байж байгаа юм бэ?
Ингээд нөгөө тийш харвал томоохон баллон шилнүүдэд янз янзын үе шатандаа байгаа хүний үр хөврөл, цуравдайг хадгалсан байлаа. Нэгэн цуравдайг уйлан тийчилж байхад нь “идэмхий” уусмалд хийж, тэгээд эл амьтан амь нь тэмцэн тарчилсан мэт, гарах гэж оролдсон мэт эвгүй гэдийж, хөл гар нь үнэмшмээргүй нугарчээ.
Өөр цуравдайн ангайн орилсон дүртэй ам хацар дээрээ байрласан нь зүйргүй зэрэмдэг санагдахад өөрийн эрхгүй цочлоо. Эд их хөөж дэвтсэн бололтой, том агаад өнгө нь зэвхий цагаан.
Нэг хүүхдийн зулайн, эрхий долооврыг нийлүүлсэн шиг хэмжээтэй цоорхойг тойроод улаавтар өнгөтэй, цавуудчихсан мэт гөлчгөр үс ургажээ.
Чигчийн дайтай сүүлтэй юм шиг цуравдай нүдний буланд өртөхөд сэртхийн ажвал бэлэг эрхтэн нь байлаа. Гөлчгий шиг жижигхэн хөврөл жижиг шилэндээ нугдайна. Вьетнамд болсон химийн дайных шиг үр дагаврыг энд үзэж болох аж. Толгойн хажуунаас нь толгой, толгойноос гар, нуруунаас нь хөл, гэдэснээс нь бас нэг хүүхэд ургасан аймшигт дүр төрхнүүдээс    нүд хальтирлаа. Эд, одоогийн монгол түмэн бидний нэг болох гээд, ийм зэрлэг төрхтэй, хүн ч биш, юм ч биш төрөөд энэ шилэнд олон жил хөдөлгөөнгүй... Хүний төрхнөөс ангид, хүнийг жигшээм төрөөд хэнийг ч үл хүлээн хүйтэн шилэнд дэвтэнэ.
Гарч цагаа харвал би энэ музейд 40 минут байжээ. 40 минутын дотор харь гараг дээр очоод ирсэн мэт, харгислал хэрцгийллийг ханатлаа мэдрээд дөжирч амжсан мэт, 40 минутын дотор гурван өдрийг өнгөрүүлсэн мэт нэг л хачин. Хүн өвчлөхөд дотор нь гэж муудсан хүнс шиг болчихдог юм байна.
АУИС-ийн гуанзанд махан хуурга авч сэрээдэхдээ хооллох ямар ч дуршилгүй байгаагаа мэдрэв. Хүний тасархай гэдэс, бяцарсан цуравдай санагдаад байлаа.


Задлан шинжилгээний өрөө рүү шагайхад...

Рэй Брэдбери “Ахмадыг хөлөөс нь бэхлэн унжуулжээ. Нэг хутга хоолойг нь зүсэхэд, нөгөө нь цээжийг нь ярав. Нүд ирмэх зуур гэдэс дотрыг нь гаргаад ширээн дээр тавив. Өвчсөн арьсны захыг ширээнд бэхлэн оньсон гарууд эрхтнүүдийг ялгаж ийш тийш нь өрж тавих нь улаан хүү, улаан бодтой шатраар хурдан наадаж байгаа шатарчинг санагдуулна. Зүрхийг нь 17 хэсэг болголоо. Элэг бөөрийг нь урлагтай нь аргагүй дундуур нь хоёр хэсэгт хуваан өрж байлаа. Гавлыг нь өрөмдөж, тархийг нь гаргаж аваад, судас шөрмөсийг нь сугалж өлгөсөн нь задалсан багажийн утсууд шиг унжина” гэж бичсэн байсныг би саналаа.
Сониуч зандаа хөтлөгдөн, зохих өрөөний цоожны нүхээр шагайвал, жихүүцэм цэлгэр уужим өрөөний цаад мухарт дугуйт ширээн дээр талийгаач хэвтэж буй бололтой, нүцгэн хөл нь харагдана. Багаасаа үрэлт, хөрөөдөлтийн зарим чимээнд зэвүүцдэг болохоор энэ удаа ч тэглээ.
Нарийн хөрөө шийхтнан дуугарахад би бүр эвгүйцсэн ч, өөрийн мэдэлгүй яваад орчихов. Тэнд нэг хүн гартаа хөрөө барьж, бас хоёр хүн байлцан ажиглана. Би хэдэн юм асуух зуураа талийгаачийг хараад авлаа. Биеийнх нь өнгө хөхөлбий бөгөөд ямар ч хувцасгүй хэвтэж байлаа. Гэдсэн дээр нь цуварсан байрлалтай, халаасны ам мэт хоёр ангархайн завсраар улаан, цагаан өнгө харагдана.
Дух, зулай, дагзны орчмынх нь арьсыг өвчөөд урагш хуулан нүүрийг нь бүтээжээ. Арьсны дотор тал бүдэг улаан, толгойн өвчүүлж ил гарсан хэсэг цав цагаан аж.
Одоо энэ хүн ямар ширээн дээр хэвтэж байгаагаа мэдэхгүй. Энэ үл таних хүн амьд байсан бол, магадгүй бидний хэн нэгтэй автобусанд тааралдах байсан. Хэрвээ энэ хүн амьд байсан бол бидний хэн нэгнээс “буух уу” гэж асуух байсан. Гэвч энэ хүн бидний хэн нэгтэй ийм байдлаар тааралдав.
Талийгаачийн толгой хөрөө татах аясаар хөдөлнө. Задлан шинжилгээнд орсон хүний бүх дотор эрхтнийг авч, хоосон биед нь дүүргэгч эд хийгээд оёдог. Гавлыг хөрөөдөн онгойлгож тархийг аваад, буцаан таглаад өвчсөнийг битүүлэн оёно. Дараа нь хувцас өмсүүлээд ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгнө. Эмнэлэгт нас барсан хүнд эцсийн онош тавихын тулд ингэж шинжилнэ.
Осолдсон, алагдсан хүнийг шүүх эмнэлэг задлан шинжилнэ. Задлан шинжлэх мэргэжилтнүүдийн ажил ямар хүнд болохыг та нар төсөөлж байгаа байх. Задлан шинжлэлийг зогсоо, үүнийг хийдэггүй эмнэлгийг дэлгэрүүлье гэх хүн бий болов уу. Эмч нарт яагаад ч юм эгдүүцдэг зарим хүнийг би лав мэднэ.
Нэг ч хүн нас бардаггүй, өвчилдөггүй бол эмч нар өөр ажил хийх л байсан. Гэвч тэднийг бодит байдал өнөөдөр, одоо бодитоор үйлдэгдэж байгаа үйлдлийг хийлгэж байна. Өөр бодит байдал бий болгоё гэж хүсч байгаа хүн байвал бий болгогтун. Хүмүүс миний үзсэн шиг аймшигт зүйлсийг үздэггүй   болбол сайнсан.
Рэй Брэдберийн зохиолыг дахин нэг харъя. “Ахмадын хөндийлүүлсэн цээж хэвлийд зэс, гууль, мөнгө, хөнгөн цагаан, резин, торгоор хийсэн эрхтнүүд тавьж, шинэ зүрх угсраад, гавал дотор нь жингэнэж, хөх оч хаялсан цагаан алтан тархи тавилаа. Үе мөч рүү нь дамжуулагч утаснууд сүлжилдэв. Нүд ирмэх зуур бүх биеийг нь битүүлж, бөх гэгч нь зүйн оёлоо. Ахмад босч суугаад суниав...”.
Хувирган өөрчлөгч хүн та ийм юм хийх гэж байгаа юм биш биз. Хийвэл хийгтүн.
Ч.Мөнхбаяр
1990 он.

P.S. Би дүү Ш.Одонтөрийн хамт 1990 оны намар Монголын оюутны холбооны "Бамбар" сонинд ажиллаж байхдаа, Монголын анхны хувийн сониныг үүсгэх санаа бодолтой болцгоож, улмаар "Шинэ үе" сониныг гаргасан билээ. Тэр сониндоо зориулж энэхүү зорчсон тэмдэглэлийг бичсэн бөгөөд, тухайн үедээ хөөрхөн шуугиан дэгдээж, АУИС-ийнхан намайг бараг л шүүхэд өгөх дөхсөн юмдаг.

No comments: