Friday, December 25, 2009

Өлөн чоно


1
Галт тэрэгний нэгэн хэмийн аятайхан чимээ Ганааг бүүвэйлнэ. Күпэнд нь ааш зан сайтай  улс таарсныг ч хэлэх үү. Александр Васильевич хэмээх эцгийнх нь насны эр:
-Чечений тэр аймшигт хядлага! Хүн хүнээ хайрлахаа байжээ! гээд дэмжлэг хүссэн янзтай Ганаа руу харахад, тэрбээр хориод насны үзэсгэлэнт охиныг нь хулгайн харцаар ширтэж байсан нь баригдав хэмээн бяцхан эвгүйцсэн ч:
-Арай дэндүү. Бүхэл бүтэн парламентийг нэг ч хүн үлдээлгүй хядна гэдэг бол урьд өмнө дэлхийн түүхэнд байгаагүй явдал! гэв. Василыч гуай ч тааламжтайяа толгой дохиод, үргэлжлүүлэн сониноо уншина. Түүний охин Наташа:
-Бидний очих газрын тухай та ярьж өгөөч дээ! Гоё уу? гээд аальгүйхэн толгойгоо гэлжийлгэхэд Ганаа:
-Гоёор барах уу? Гэхдээ эзгүй хээр нь л маш гоё доо. Ширээ шиг тэгш талаар дүүрэн цагаан зээр. Дорнодын талд чинь ямар ч баримжаалах юмгүй болохоор хүн амьтан айгаад очиж нүүдэллэдэггүй юм ш дээ гэв.
-Хөөх, тийм аймаар юм бол юу нь гоё байгаа юм бэ? гээд л Наташка дуу алдахад, бүхий бие нь гайхах мэт. Гансүх хариу хэлсэнгүй. Юу ч хэлэх билээ дээ. Зүгээр л инээмсэглэвэл, бүсгүй ч бас инээмсэглэн харна. Ээ дээ, эгэл жирийн, энхийн амьдрал ямар ч сайхан юм б дээ. Яах гэж хүмүүс, ялангуяа оросууд дандаа дайтаж байлдаж явдаг байна аа?
Охин, ээж аав ийм гурван хүнтэй Ганаа аялан явна. Эх орон нь ойртсоор, хүлээсээр. Энэ поездонд, Монголд өөрийхөө атомын цахилгаан станц, цөмийн хаягдлын булшны газар  барих гэж яваа оросууд дүүрэн. Дуулж хуурдана, архиан ууна, Ганааг очих газрын маань хүн гээд онцгой хүндлэнэ.
Манай хүн ч татчихна. Гэхдээ ер хэтрүүлэхгүй. Өөрийн улсын хортой, аюултай объектуудыг өөр улсад дураар барих гэж яваа улс гэхээр, тэдэнд эгдүүцэл төрөөд байв. Гэвч хэнд ч анзаарагдахгүй явах учиртай болохоор яалтай ч билээ дээ.
Таван жил Чеченьд байсныгаа санан, цонх руу гөлрөн, намрын дөлгөөн наранд ээгдэн суухаа л хамгийн их таашаал гэж үзнэ. Мэдээж, бас Наташкаг харах нь жаргал. Түүнийг харахад Оюунаа нь, хүү нь бодогдоод, тун чиг ээвэр.

2
Монголын хатуу ширүүн, сөнөж мөхөж байгаа амьдрал хайр найргүй хоёр хацар луу нь алгадаад асар их бухимдлыг төрүүлж байсансан. Ганаа бол эгэл жирийн шоргоолж бус тул, бухимдлаа хэрхэн тайлах талаар их л  юм бодож санана, ярина. Гэвч, ойлгох дэмжих хүн нэгээхэн  ч үл олдоно. Хоорондоо  л хэмлэлдэхээс бус, уг үндэс, язгуурыг нь ухварлан ойлгогч Ганаатай л лав таараагүй юм даг.
Даян дэлхийн талаар ч санаа зовнидог хүн түүнээс өөр олдохуйяа бэрх байсан буюу. Угтаа, хүж дэлхий хэмээгч нь нэг л өрх бүл агаад, харь холын  Чечений асуудал бол Монголын асуудал гэдгийг сэхээрэх маш дургүй байв. Чингээд л манай хүн толгой дараалан хядуулж буй тэр ард түмний төлөө тэмцье хэмээн, Чеченд ирсэн билээ.
Очиход нь чечений ард түмний баатарлиг эсэргүүцэл бараг дарагдчихсан, Оросын импээр бодлогын эсрэг зогсоно гэсэн хүнийг бараг солиотой гэж үздэг болчихсон байв. Эрүүл ухаангүй хэмээн хардлаа ч гэсэн, чечен айл болгон, чечен бүсгүйчүүд бүр өөрийг нь үнэн сэтгэлээсээ хүндэтгэж байсныг сананам. Жамила гэдэг бүсгүй түүнийг байлдааны отрядынхан дээр биечлэн хүргэж өгсөнсөн. Сэжиг төрүүлэхгүй гэж, тэр хоёр амраг хосын байдалтай явсаан.
-Ингээд бидний жүжиг дууслаа гэхэд тормолзсон алаг нүд, жавхалзсан биетэй тэр хүүхэн:
-Жүжиг гэхэд ч хаашаа юм б дээ. Ганаа, эсэн мэнд эргээд ирээрэй гэсэн билээ. Чингэхэд манай хүний сэтгэл зүрх гэгэлзэн догдолж, одоо л хөл тавих гэж буй аймшгийн ангалаасаа эмээх ч шиг болж:
-Танай Аллахын ёсонд болох болбуу. Шахид болохын өмнө чамайг нэг үнсчихмээр… гэхэд харин Жамила өөрийг нь тас тэврээд  л озсон юмсан.
Шахид гэдэг нь яахав, Аллахын төлөө амиа золиослогч гэсэн үг. Ганаа маань амиа золиослохыг хүсээгүй. Дайснуудыг хайр найргүй шүршин буудах шаналгаатай эрмэлзэл нь л түүнийг ийн хөтөлсөн билээ.
Тохирсон ёсоор нэгэн тэмдэгт модны дэргэд очиж, нууц үгээ гурвантаа дуудвал, чухам газар дороос л олон дайчин урган гарч ирж:
-Аллах акбар! Вилкам цү Нохчо! Наш брат! гээд л өөрийг нь тэврэн авсаан. Ийм халуун дулаан уур амьсгал, ойлголцлыг манай хүн урьд өмнө хэзээ ч үзээгүй байв. Уярмаар санагдсан. Тэдний ахлагч, генерал Ясин гэгч үс сахландаа дарагдсан араб эр:
-Гайхалтай! Хорвоо ертөнц биднийг мартсан юм байх гэж бодсон чинь нэг дайчин эр хүрээд ирдэг... гэснээ:
-Алив, Ялла, спирт аваад ир хэмээв ээ. Тэр оройжингоо дуулалдаж, уйлж орилж, сонин л юм болсон. Ясин:
-Бид амархан генерал болдог юм. Аль ч генерал сараас дээш насалдаггүй л байхгүй юу гээд хөхөрсөн. Ганаа бүр шал согтоод Жон Лэнноны “Имажин” дууг аялахад, бүгд маш их чухаг царайлан түрсэн билээ.
Түүнээс хойш Гансүх тоо томшгүй олон тулалдаанд орсоон. Улс орондоо гаргаж чадаагүй бухимдлаа тэр энд л гаргадаг байв. 228 тоот хуягтнаас, доод биед нь гал авалцсан залуу гарч чадахгүй бархирч байхад, манай хүн давхиж очоод, тал дундуур нь цавчиж, дээд биеийг нь авч шидэж байсныг багийнхан нь санадаг л буюу. Үе үе тэр зэрлэг араатан болж хувирна…
Гэтэл Наташка:
-Та дуугүй л яваад байх юм. Зээр гэдэг чинь ер нь ямар амьтан бэ? гэв. Ганаа цочин давхийснээ:
-Нэг иймэрхүү өндөртэй гээд гараараа багцаалан үзүүлж, дүрслэн ярив. Үлгэрийн орон мэт тунгалагхан нүдтэй Наташкагийн ээж Вера Пална:
-Эвэр нь хэр вэ гээд л асууна. Сашка гуай:
-Больж үз. Хоёулаа нэг мушгичихъя л даа гээд хөзөр холино. Ганаа түүнд байнга хожигдож, мөрийнд шил архи алдах бүлгээ. Верка гуай:
-Зальтай гэдэг нь. Битгий тувт архи уугаад бай гэж загнамар аядахад:
-Азны юмыг уухгүй яадийм. Верка, аятайхан байгаарай хэмээнэ. Сүүлдээ Василыч дуулж өгнө…



3

Генерал Ясин цусаар ханиан байж, Ганаад хэлэв:
-Ганаа, чи энэ бүлгийг аваад яв. Харин хэзээ ч хаяж болохгүй шүү. Бамутад одоо оросууд орж ирнэ. Манай бүлгийнхнийг тэнд үлдэж, ард олныг хувхай шар толгойтнуудын өс хорслоос хамгаал гэж хэлсэн…
-Хэн хэлсэн юм?
-Масхадов…
-Масхадов уу? гэтэл, тэр нас барсаан.
Ясинийг оршуулав уу, үгүй юу, Эмир Уль-Илам гээчээс, өөрийг нь генерал цолоор шагнасан тушаал ирлээ. Араб үсэгтэй погон, десант малгайг хамт ирэв. Тушаалын дагуу Бамут руу, дайсныхаа дунд орохоос өөр аргагүй боллоо. Дунд нь байна гэдэг, өөд өөдөөсөө буудалцахаас ч аюултай, түгшүүртэй юм гээч.
Тэнэг юм шиг жүжиглэнэ, гэхдээ чечен хүн болгон өөрийг нь мэдэх нь сонин. Бүлэг нь бусдаасаа бараг бүрэн холбоо тасарлаа. Нөхцөл байдал л тийм болгочихов. “Сайн дурын уран сайхан” л хийж явдаг улс гарав.
Тэд байнга л мөрдөж мөшгинө, ажиглалт хийнэ. Чингээд ямар нэг орос цэрэг балмад явдал гаргавал, хатуу ширүүнээр гэсгээн цээрлүүлдэг ажилтай боллоо. Янз бүрээр цаазална гэсэн үг л дээ.
Гудамжинд тэнэмэл гуйлгачидтай хамт хоноглоно. Гэхдээ сар бүрийн 10 мянган доллар, элдэв шагнал урамшил данс руу нь хөрвүүлэгдсээр…
Нэгэн удаа орос цэргүүд эндхийн нэрт жүжигчин бүсгүйг бөөнөөрөө хүчиндэж буйг илрүүлэв. Бүлэгтэйгээ дайрч ороод, бүгдийг нь хороож, толгойг нь хичээнгүйлэн салгаад, ширээн дээр өрж, зургийг нь авлаа. Тайлан, сурталчилгаанд хэрэгтэй л дээ. Ухаан солиорсон мэт бүсгүй цорхирон уйлж,
-Аврагчид минь, би та нараас юугаа ч харамлахгүй гэж байв. Гансүх:
-Уут сав л хэрэгтэй байна, хатагтай хэмээгээд, толгойнуудыг авч явсан. Арабуудад тушаах ёстой бөгөөд, тэд ар гэрийнхэнд нь худалдаж, санхүүжилтдээ нэмэр хандив болгодог юм гэсэн.
Нөгөө Эмир Уль-Илам гэдэг шахид боссынх нь захидал ирэв. “Аль-Ганибар чи дэндүү харгис хэрцгий авирлаж байна. Хяналтаас  гарах гээд байдгаа боль. Гэхдээ сайн үйлс чинь сөрөг талаас чинь илүү. Тиймээс, чиний цолыг ахиулах, шагнаж хөхиүлэх талаар бид ярилцсан. Яаралтай ир!” хэмээн арабаар бичжээ. Манай хүн энд ирээд орос, англи, араб хэлийг аргагүй л сурсан юмсанж.
Энэ захидлын цаана алах ял нуугдаж буй гэдгийг, дагах боломжгүй дүрэм журам, ёс жаягуудыг нь умартсан  Ганаа сайн мэдэж байв. Уль-Иламд тэр “Үгүй” гэж хариулсан юм. Эмир ч Ганааг урвагч гэж яаран зарлав.
“Өө, Аллах, дайн гэдэг аймшигтай зүйлийг үгүй болгож өгөөч” гэсэн дууг олонтаа шимтэн сонсож, хичнээн ч их залбирч явдаг байлаа даа…
Гэтэл Василыч:
-Чи надад ахиад хожигдлоо. Алив, шаг даана даа хө гэж баяртайяа дуу алдав. Вера Пална:
-Энэ муу зөнөгт архи өгөөд  хэрэггүй шүү, хүү минь гээд авааль нөхрөө ширүүхэн харна. Наташка:
-За яршигаа, яршиг. Аавд тэр өгдөг юмыг нь өгчих хэрэгтэй байхгүй юу. Тэгэхгүй бол ядаргаатай ш дээ гэх аж. Ганаа багсайсан доллараас хэдийг тоолж өгвөл Василыч гуай нисэх мэт алга боллоо. Аргаа барсан Наташка:
-Чи ямар аймаар их мөнгөтэй юм бэ! гэж дургүйцэнгүй хэлэхэд радиогоор: “Анхаар! Чечений парламентийг хядсан Аль-Ганибар ибн Махмудыг эрэн сурвалжилж байна. Өндөр нуруутай, ази төрхтэй…” гэхчилэн улиглана.

4
Хотод үлдэж; галзуу мэт дураар авирлах, харгис хэрцгий нь гаарсан түрэмгийлэгчдийг гэсгээн цээрлүүлдэг, өш хонзон авдаг “Өлөн чоно” бүлгийнхэн нь маш их нэрд гарлаа. Уль-Илам тэднийг, дуртай ч, дургүй ч, хүлээн зөвшөөрсөн дүр эсгэхээс өөр аргагүй л болсон хэрэг.
Аль ч чечен айл Ганаагийн өмнө хаалгаа нээнэ, харин хэзээ ч илчлэхгүй.
Бүр давраад, Грозный руу явж, Жамилатай уулзлаа. “Чи минь болиоч дээ. Харсан үзсэн болгоноо алж хяддаг Аль-Ганибар гээд л ярьж байна ш дээ. Чамаас тэгээд бас нэл дарь үнэртэж байна” хэмээн догдлон хэлээд, бүсгүй энгэрт нь наалдав. Үнэхээр ч өөрийгөө хэрцгий араатан болчих гээд байгааг Ганаа мэдэрдэг. Үүнийг эцэслэх ёстойг ч ойлгодог.  Яаж болих вэ, яаж дуусгах вэ гэсэн зүдэргээнт бодолд ээрэгдэн явдаг болсон цаг.
“Би Монголд Оюунаа гээд бүсгүйтэй байдаг юм. Бүр хүүхэдтэй” гэхэд Жамила “Жинхэнэ эр хүн чинь гурав дөрвөн эхнэртэй байдаг байхгүй юу. Гэхдээ би хамгийн тэргүүн гэргий чинь болмоор байна” гэсээн. Баатраараа тэрбээр бахдан, ахар богино жаргалдаа цэнгэн байлаа.
Эмирийн ээлжит захиаг аваад, Ганаа нөхөдтэйгээ зөвлөлдөхөөр шийдэв. Хуурамч доллар хэвлэдэг машин тэдний “бүс нутаг”-т байдаг юм байна. Түүнийг авч ир гэж тушаажээ.
Бүх “Өлөн чоно”-уудыг цуглууллаа. Гансүх тэр үед бараг маршалл цолтой болсон байсныг ч хэлэх үү. Юунаас эхэлж ярихаа мэдэхгүй эг маг хийж байтал нь Ибн-Кордоба гээч, Мароккогоос ирсэн эр:
-Чи яагаад үхэхгүй байна? гэж асуун, олон түмнийг хөгжөөв. Сэтгэлийн хөөрөлтэй лалууд тэсэрч дэлбэрсэн уур хилэнтэй ч, бас маш алиа хошин, өөрийнхөндөө жигтэй нөхөрсөг найрсаг.
-Би үхэх гэж ерөөсөө бодоогүй юм чинь! хэмээн Ганаа зэрлэг эрчүүдэд хариулбал, бүгд нижигнэтэл хөхрөлдлөө. Түүнд эртнээс бодож боловсруулсан,  мөрөөдөл нь болсон, уран зөгнөлийн гэмээр төлөвлөгөө байлаа.
-Одоо харин бид үхэх хэрэгтэй байна. Уль-Иламын тушаал хамаагүй шүү! Надтай өнөөдөр хамт байх нь гараа өргө! Зөвшөөрөхгүй нь шууд л одоо явагтун! Маш аюул осолтой төсөл хэрэгжүүлэх гэж байна хэмээн Ганаа үгүүлбээс:
-Уль-Илам юу юм! Түүний хулчгарууд ойд бүгчихээд, биднийг дандаа дүрэлзсэн гал руу түлхдэг.
-Тэр муу новш юу хуцаад байгаа юм!
-Ганаа, чи хаа байдгийг нь л хэлээдэх. Уль-Иламыг сургаад өгье! Хангамж ч явуулахаа байлаа! хэмээн бархиралдав…
Василыч нэлээд халж:
-Уг нь танай Монгол, манай Орос хоёр чинь нэг юм байгаам ш дээ гээд л дуу нь чангарна. Сэтгэл нь аргагүй л зовнисон Верка гуай:
-Энэ муу согтуу толгой юу л  мэдэж шалиа аж гээд нөхрийнхөө дагз руу зөөлөн алгадсанаа:
-Хүү минь варень идээч, би өөрөө л хийсэн юм даа хэмээв. Наташкагийн чанамал түрхэх нь бүхэл бүтэн урлаг аж. Яаж тэр гараан хөдөлгөж, харж, оршино вэ? Ийм чанамалтай талхыг бишрэн шүтэхгүйгээр идэх аргагүй. Түр-түр, тар-тар гээд, галт тэрэг өөрийн аялгуу дууг түрсээр л байх ажгуу.

5
Галт тэрэгний түрлэг шиг, доллар хэвлэж байсан хэмнэлийг сананам. Зүгээр л нэг баригдашгүй өшөө авагчид хэвээр үүрд явахыг Ганаа хүсээгүй юм. Нигэрийн Бабуда:
-Дарга аа, биднийг ийм олон доллар хэвлэхийг Аллах таалахгүй ш дээ гэхэд манай хүн, өөрөөр хэлбэл генерал:
-Амаа хамхи! л гэж хариулав.
-Генерал аа, болоо юм биш үү гэсэн уйгурын босогч руу нэг сая долларыг тоглоомоор шидэн, инээдэм ханиадам үүсгэв. Чингээд Ганаа ярив:
-Ойн савдгуудын санаа бодол бидэнд хүртээлгүй. Тэд нуугдсаныхаа төлөө л өндөр цалин авдаг. Харин бид жинхэнэ өлөн чоно байсан. Үйлсийг маань тэд өөрсдийн болгон тайлагнаж суудаг нь худал гэж үү. Бүлгийнхээ хүн бүрд би 10 сая доллар өгнө өө.
Тэгэхэд нь чечен, кавказ, араб, афган, нигэр бүгд хөөрөн баясч, залбирч, алгаа үрчин, элдвээр л аяглалаа. Хамид босон ирж:
-Төрийн ордонд бид нэвтрэх нь 70% боломжтой болоод байгаа. Засварчдыг бүгдийг нь худалдаад авчихсан! гэв. Ганаа:
-Ордны гадна? гэхэд Салман өндийж:
-100 хувь. Доллар байхад бүтэхгүй юм гэж алга. Хамгаалалтынхан, цагдаагийнхан бүгд худалдагдсан. Оросуудыг дагасан гөлөгнүүдэд үнэ цэнэтэй юм гэж байх биш гэлээ. Яг л энэхэн үед Ганаа уйлах дөхсөн бөгөөд,  үс сахал, үнэр заар болсон нөхдөө тэвэрлээ. Чингээд:
-Өө Аллах, бид энэ үйл хэргийг бүтээвэл яаж ч үхсэн хамаа алга. Чечений парламентийн гишүүд  нэртэй адгийн урвагчид, ард түмнээ сөнөөгчид цугаар хамтдаа зургаа авахуулах гэж байгаа тэр л тохиол бол хосгүй боломж, алдаж болохгүй алтан агшин шүү!
Аливаа улс орны зовлон зүдгүүр харийн түрэмгийлэгч, урвагч нараас үүддэг. Дэлхий дахинд сургамж болог! Манай бүлэг энэ ажиллагааг явуулаад, бутрахаас өөр аргагүй. Бүх том гүрэн биднийг ангуучлах гэж хичээх болно. Ах дүү нар минь, эцсийн “тоглолтоо” хийсэн шиг хийцгээе гэж догдлон хэлэв. Агуу их үйлсийн төлөө хөөрсөн, тус бүр 10 сая хуурамч доллар авна гэдгээ мэдсэн дайчид ч дэмжин орилолдов.
Хэдэн өдрийн дараа Чечений парламентийг  Ганаагийн бүлгэм битүү бүсэлсэн байв. “Долларын матрицийг даруй өгөхөөс өөр юу ч хийж болохгүй” гэсэн Уль-Иламын тушаалыг хэн  нь ч дагасангүй…
-Подмосковные вечера гээд л Василыч орилно. Вера авгай:
-Эхэллээ дээ! хэмээн гасална. Аль ч газрын согтуучууд ар гэрийнхэндээ асар их дарамттай байх ажгуу. Ганаад ч Наташка:
-Хоёулаа мушгия л даа гээд хөзөр дэлгэлээ. Нэгэн согтуу толгой шагайв.
-Наад хар бөгстийг чинь ална аа! Өгөр монголыг гаргаад ир! Бид бодийг нь хөтлөөд өгье! гээд л чарлана. Ганаа өндийн босох гэтэл Наташка, Верка, Василыч бүгд л хорино.
-Тэнэг минь зайл! Өөрийн чинь л бодийг хөтөлбөл таарна! Энэ галт тэргэнд чинь бас эрүүлжүүлэх бий гэдгийг мартаа юу! хэмээн тэр гурав зэрэг зэрэг хашхиралдах ажгуу. Оросуудын энэ цайлган цагаан занг Ганаа мэднэ л дээ.
Амьсгаа нь өндөрссөн Наташка:
-Битгий юм бодоорой. Манай зарим улс ч… хэмээн өчив. Гансүх:
-Тэр яах вэ гээд инээвхийлснээ, амгалан байгалийг ширтлээ. Ээ дээ, энх гэдэг!
6
Ажиллагаа маш хүндрэлтэй боллоо. Гэхдээ л парламентийн гишүүдийг зургаа авахуулах гэж гарч ирэхэд пулемёт, автомат тачигнаж, бөмбөг дэлбэрэв. Тэд ордон руугаа зугтаж ороход бас өөдөөс нь ширүүн гал угтав.
Ганаа бүхнийг ажиж байлаа. Тэрбээр хажуугийн байшин дээрээс, гэсгээн цээрлүүлэлтээс мултрах гэсэн дайснуудыгаа мэргэн буудагчийн дээд зэргийн винтовоор нам унагаж байв. Ийм винтов байхад ч, гох дарахаас өөр хийх, чармайх зүйл үгүй юм.
Буцалж, шатаж буй ордон руу харахад, тэр хавьд нэг ч хүн амьд үлдэхгүй нь бололтой. “Санасандаа хүрлээ, эцсийн тулаан” гээд бодоход, сэтгэл нь нэг л жаргалтай. Одоо энэ ажиллагаа л дуусчихвал… Хамаг нөхөд нь амиан алдаж байгаа болохоор бас шаналантай. Цэнгэл зовлон хосолсоор.
Наташка:
-Ганаа чи ер нь юу хийдэг юм бэ? Аягүй их мөнгөтэй юм. Үнэнээ хэлээч дээ гэв. Бантсан Гансүх:
-Бизнесийн нууцаа задлах гэж үү? хэмээн дүйвүүллээ. Радиогоор:
-Чечений парламентийг устгасан алуурчин Аль-Ганибарыг эрэн сурвалжилж байна! хэмээнэ.  Бүдэг хариултад урам нь хугарсан Наташка:
-Ямар ядаргаатай юм бэ! гээд радиог унтраав.
Харин Ганаад асар их цус бодогдоно, үзэгдэнэ. Түүний хамаг сайн найз нөхөд үхсээн. Заримыг нь оршуулж ч чадалгүй, хаяад явж л байсан. Саудын Араб, Татар, Эстони гээд л хаанааас л бол хаанаас найз нөхөд нь ирдэг байсан шүү дээ. Тэд бүгд энэ хорвоогоос хальсан. Нэг нь ч амьд үлдээгүй байх. Төрийн ордны ажиллагааны үеэр бүх дайчид нь ч, бүх гишүүд ч алагдсан билээ.
Ганаа энэ бүхнийг дурсан, зүүд шиг санагдахыг нь гайхан явахад, согтуу Василыч зүүд нойрон дундаа:
-Чи тэр Аль-Ганибар байна шүү дээ гэснээ, эргээд унтаад өгөв. Уг нь, Афганд тулалдаж явсан тэр айхавтар гярхай, ажигч хүн л дээ.
Хил дээр ирлээ. Оросын ширүүн дориун харцтай хилчид хэвлэмэл материал тарааж:
-Аль-Ганибар, Аль-Ганибарыг хайж байна гэж шуугилдав.Василыч:
-Юуны чинь Аль-Ганибар, амар заяа үзүүлээд өг! Залхаж гүйцлээ! хэмээн хуйсганавал хилчид:
-Ээ, хар зөнөг! Мэдэж байгаа юм байхгүй! Террористууд улс орныг сөнөөж байхад! гээд хараасаар одов.  Тэдний үүрэг гэж, гагцхүү Аль-Ганибарыг хайх явдал болсон юмсанж. Үзлэг мүзлэгээ ч умартчихсан улс явна. Медведев Аль-Ганибарыг хувийн ¹1 дайснаа гэж зарлаад, түүнийг эрэн сурвалжлах л ажил хий гэж хүчнийхэнд зарлигджээ.
Гэхдээ, ногоон контакт линзтэй, үс сахалдаа дарагдсан, хар шилнээс салдаггүй, нар салхинд пад хар гэлтэй болчихсон, Монгол гэх нэрийг бараг хэн ч дуулаагүй орчинд байдаг асан, Ганибарыг дэндүү үнэмшилтэй баримт бичгүүд, хуурамч үүх түүхтэй эгэлхэн Ганаа болчихоор хэн ч танихав дээ. Хорвоод хосгүй хаос болсон Монгол оронд хөл тавих гэж байгаа тэрбээр Аль-Ганибарынхаа хувьд бол тайван байв. Цаашид угаасаа Аль-Ганибар ч гэж байхгүй.
Тэгсхийгээд галт тэрэг ч хөдөлж, бүгд л уужим амьсгаа авав. Арга ч үгүй дээ. Монголд очоод зарах элдэв бараа сэлтийг нуугаагүй хүн үгүй юм чинь. Ганаад гэхэд л хуурамч долларууд нь байлаа. Тэднийг ялгахын аргагүй хэвлэдэг матриц ч энэ галт тэргэнд буй. Манай хүн галт тэргийг бараг худалдаад авчихсан байв. Хэрэг гарвал хилийг ч худалдаж авах байсан.
Өлөн чоно Монголын хилийг давлаа.
Ч.Мөнхбаяр
MMIX.X.V
http://moenhbayar.blogspot.com


P.S. Сүүлийн үед сэтгүүлч, зохиолчдыг тийм ч юм сурталчиллаа, ийм ч юм сурталчиллаа гэж гүтгэн буруутгаж, бүтээлийн эрх чөлөөг боогдуулах нь их болж байна. Зохиолоо дор нь тайлбарлаад сууж байна гэдэг утгагүй хэрэг. Гэвч нийгмийн маань бодот байдал иймд л хүргэж байна. Энэ үгүүллэг бол "террорист болоорой, гоё сайхан шүү, энэ утсаар харьцаарай, таминь ээ" гэсэн реклам, зар сурталчилгаа биш юм. Харин нийгмийн сөрөг үзэгдлүүд ямар ч үр дагаварт хүргэж болно гэж анхааруулсан сэрэмжлүүлэг юм шүү!

No comments: