Friday, December 25, 2009

Монгол дайчдаан хүндэтгэх цогцолбор сүмтэй болцгооё!


Ч.Мөнхбаяр бичиж байна

Энэ оны 8-р сард болсон “Эх орны цэрэг” яруу найргийн наадамд миний бие “зодоглож”, эхний давааг даван, тайзнаа шүлгээ уншсан билээ. Уралдаанд оролцуулсан “Цэрэг сүм болцгооё” шүлэгтээ /үүнийг уншаагүй/ би нэгэн санаачилгаа дэвшүүлсэн юм:

ЦЭРЭГ СҮМ БОЛЦГООЁ!

Хүннү цэргийн сүмдээ мөргөе.
Хүй хорин дөрвөн аймгаа нэгтгэж,
Хүлцэл мянганд баригдсан цагаан хэрмээр хүндэтгүүлж,
Хүн төрөлхтөнд соёлоон өгч, тэнгэрийн ташуурыг илгээсээн.
Хүннү цэрэгт мөргөе.

Сүмбэ цэргийн сүмдээ мөргөе.
Сүмбэр хүч нь Хүннү адил гайхагдан,
Сүндэр Таб, Муюун, Тогоон хөвүүдээ төрүүлсэн нь
Сүн их өмнөд нутгаан чөлөөлсөөн.
Сүмбэ цэрэгт мөргөе.

Нирун цэргийн сүмдээ мөргөе.
Ниргэгч Монгол, Татар хаадынх нь нэр, ардын минь алдар болсон,
Нигүүлсэгч Алун гоогийн нуруунаас төрөөд, монгол бидний нуруу ч болсон,
Нисэх мэт өрнө зүг одсон үрс нь авар нэрээр тавиланг нь цочоосоон.
Нирун цэрэгт мөргөе.

Хитаан цэргийн сүмдээ мөргөе.
Хийморьт найман аймаг нь
Илүү дээдсээрээ гэрэлтсэн,
Хиргис гүрнийг цохиж, ахан дүүсээ зуун зууны дарлалаас аварсан,
Хилэнт, Хар Хитаан хойчис нь, загалмайтан дийлээгүй Сэлжүкийг мөхөөсөөн.
Хитаан цэрэгт мөргөе.

Эзэн Чингисийн цэргийн сүмд мөргөе.
Элэнц дээд тэнгэрийн гэрэлт хөвүүн, наян нэгэн аймгаа нэгтгэсэн,
Эсэргэн дэлхийд амгаланг заяах ариун дайнаараа, монгол энхийг бүтээсэн,
Элгэн монгол угсаатан, монголчууд гэх эрдэнийг гэрэлтүүлсээн.
Эзэн Чингисийн цэрэгт мөргөе.

Эв нэгдлийн цэргийн сүмд мөргөе.
Эрвэлзэх мин дайснуудын хаанаар хонь хариулган номхруулсан,
Эрэмшсэн Манж, Орос, Хасагтай ээлжгүй байлдан цохиж ч байсан,
Эрслэн босч, Чин гүрнийг үгүйртэл тэмцэж явсаан.
Эв нэгдлийн цэрэгт мөргөе.

Тусгаар тогтнолын цэргийн сүмд мөргөе.
Туургат Монгол гэх нэр мартагдан ахуйд, Манж гүрнээс булаан авсан,
Туг түмнээ нэгэн гэр улсад багтаана гээд таван замаар довтолсон,
Тужид харь дээрэмчид үерлэхэд хамаг биеэрээ хааж, хавцал болон урсгасаан.
Тусгаар тогтнолын цэрэгтээ мөргөе.

Дэлхийн дайны цэргийн сүмд мөргөе.
Дэвэрсэн гүрнүүд арсалдан тэмцэлдэж, Халх гол буцлах дөхөхөд,
Дэлбэрсэн зоригоороо дайныг хуйхлан цурамд оруулсан,
Дээвэр нэг дор монгол туургатнаа нэгтгэх гэж, их гүрэнтэй ахин цавчилдсаан.
Дэлхийн дайны цэргүүддээ мөргөе.

Эх Монголын маань эрдэнэ хат болсон тоо томшгүй цэргүүддээ мөргөе.
Эрин түүхийн бадаг бүрийг холбон атгалцсан мөнхийн цэргүүддээ мөргөе.
Эрхэм хүн бүрийн цээжинд оршин цохилох цэрэг сүмдээ мөргөе.
Эгц дээд эгшиг Мөнх Тэнгэрийг дүрслэх мэт, өвч зэвсэгт цэрэг сүм болцгооё!

2009.2.27




Энэхүү шүлгээс санаа минь ойлгогдож байгаа байх.
Миний Монголын дайчин баатруудын ялгуусан их түүх өөр ямар ч ард түмнийхтэй зүйрлэшгүй аугаа, мандан бадармал бөлгөө. Тэд бол Монголын ч дайчид, Мөнх Хөх Тэнгэрийн ч дайчид.
Монгол улс түмэн, эх орныг минь Мөнх Тэнгэр бүтээсэн, ивгээн ирсэн. Бүхий Монгол Дээд Тэнгэр хоёр салшгүй хүйн холбоотой, нэгэн цогц билээ.
Эх орныхоо төлөө амь бие хайргүй тэмцэн эрсэдсэн дайчид ариун гэгээн юм. Учир нь тэд Мөнх Тэнгэрийн төлөө, Тэнгэрийн хүчээр тулалдаж гэгээрсэн.
Тиймээс Монгол дайчны сүм байх ёстой. Ингэж бид Монголоо, Мөнх тэнгэрээ хүндэтгэх үүрэгтэй. Энэ сүмд мөргөсөн хүнд эх орныхоо төлөө тэмцэх ариун эрмэлзэл, хатан зориг, ухаарал сэхээрэл, цог золбоо, хийморь сүлд хурна. Тэрбээр монгол хүний үнэт мөн чанаруудаар цэнэгжинэ. Монгол улс түмэнд минь жинхэнэ монгол хүмүүн л хэрэгтэй, үгүйлэгднэм бус уу.
Энэхүү сүм нь цогцолбор байваас зохино. Хамгийн төв дунд Чингисийн дайчдын сүм сүндэрлэж, Хүннү, Сүмбэ, Нирун, Хитаан, Чингис хааны, Эв нэгдлийн, Тусгаар тогтнолын, Дэлхийн дайны, Өнөөгийн дайчдын сүм тойрон хүрээлэх болно оо. Түүхэн бусад үйл явдлын үед эх орноо хамгаалан тэмцсэн дайчдыг дээрх томоохон түүхийн заагуудад хамруулан багтааж болох юм. Өмнөх үеийг нь Хүннүд, Сүмбэд залгамж улсуудынх нь дайчдыг, Нирун, Хитаанд хойчсыг нь, Чингис хааны сүмд залгамжлагчдыг нь, Манжийн ноёрхол хүртэлхийг Эв нэгдлийн сүмд, Дэлхийн II дайны угтал үйл явдлууд хүртэлхийг Тусгаар тогтнолын сүмд, Дэлхийн II дайнаас өдгөө хүртэлхийг Өнөөгийн дайчдын сүмд хамруулан хүндэтгэж болно.
Уг сүмд гагцхүү эх орныхоо төлөө зэвсэг барин, эсэхүл зэвсгийн өөдөөс шууд сөрөн эрсэдсэн дайчин баатруудыг хамруулан хүндэтгэх юм. Түүнээс бус, аливаа урвагчдыг баатар хэмээн сурталчлах болсон одоогийн галзуурал солиорол, бузар явдлыг гэгээн сүмд хамаатуулж болохгүй.
Монгол хүн бүр дайчин болж, цэрэг сэтгэл зүтгэл, зориг зүрхтэй болох нь, тулгамдсан зайлшгүй шаардлага. Монгол хүн биеэр бус ч гэлээ, насан туршдаа цөм цэрэг дайчин сэтгэлтэй байж л харийнхны атгаг бодлогыг сөрөн зогсоно.
Монгол дайчдын сүм нь жинхэнэ монгол армитай болоход их ач холбогдолтой. Их түүхийн дайчдаа шүтэн биширсэн залуус орос маягийн шоронжсон дэг ёсыг халж, эх оронч, зэвсэг нэгт анд нөхөд, ахан дүүс болсноор, цэргийн насныхан татлагаас зугтах бус, харин тэмүүлэн ирж, бахдалтайгаар албаа хааж, жинхэнэ монголчууд болон хүмүүжиж байх болно.
Дэлхийн жишээнээс дурдъя. Гадаад орнуудад цэргийн том үйл явдал, дайчин баатрууддаа зориулан сүм босгож, шүтэж бишрэх нь маш түгээмэл бөгөөд, зүйтэй ч юм.
Японы Ясүкүни буюу, Энхийн сүм гэж буй. Япон улс, эзэн хааныхаа төлөө амь насаа зориулсан дайчдын сүнсийг хүндэтгэх сүм юм. Японы үндэсний шашин шинто-гийн номлолоор бол, эзэн хаан нь Нарны бурхан Аматэрасу-гийн хүү. Тэгэхлээр эзэн хааны төлөө амиа өргөсөн дайчид бол бурхны цэргүүд, албан ёсны шүтээн болдог.
1869 онд анх Ясүкүни сүм байгуулагдсан. Түүнээс өмнө ч, дайчдын сүмүүд эртнээс Японд байж ирсэн. 1874 онд эзэн хаан нь энэ сүмд мөргөснөөр төрийн статустай болж дээшилсэн. Ясүкүни сүмийн хананд 2 сая 446 мянган гэгээн дайчдын нэрс бичээстэй байдаг. Маш олон дайчны зураг, фото хананд нь буй.
Янз бүрийн гэмт хэрэг үйлдэж цаазлуулах болсон цэргийг, тусгай онгоцоор, шумбах завиар очиж объектийг мөргүүлэн, амиа золиослох камиказэ, кайтэн хэмээх дайчид болгодог байв. Тэднийг ч нүглээ наминчлан гэгээрсэн гэж үзэж, шүтээн болгосон байдаг. Манай урвагч нарыг тэгсэн хойно нь л, урвасан бус, амиа өргөснийг нь хүндэтгэж болох юм даа. Урвасныг нь бол салган үзэж, үүрд мөнхөд жигшүүлэх цогцолбор бас байгуулууштай. Нэг тийм балбаж нүддэг, дэвсэлдэг газар байж болно ш дээ.
Хойд хөршид маань жанжид, ялалтууддаа зориулсан үнэн алдартны олон сүм байдгийг манайхан сайн мэдэх байх. Аллахын төлөө амиа өргөсөн шахид хэмээх дайчдын сүм лалынханд буй гэхчлэн хэлээд байвал урт яриа болно.
Ийм атал дэлхийн хамгийн аугаа дайчдын оронд тэднийгээ хүндэтгэх сүм байдаггүй нь мунхаг хэрэг юм. Энэ сүм Мөнх Тэнгэрийн шүтлэгийн ёс давамгайлсан газар байвал зохистой мэт. Буддын шүтлэгтэй хосолсон синтэз ёстой ч байж болно.
Миний энэхүү саналыг эх оронч зүрх сэтгэлтэй монгол хүн бүр дэмжинэ гэдэгт итгэж байна. Монголын минь эх орончдыг Мөнх Хөх Тэнгэр ивгээн өргөж, дайснуудыг ниргэн булшлах болтугай!
MMIX.XI.XIV
http://moenhbayar.blogspot.com


No comments: