Sunday, March 1, 2009

БААТРУУДАА БИД МАРТСААН


Олон баатруудаа бид мартсаан, ор байгаагүй мэт явсаан

Онцлох юмгүй болохоор нь мартав уу, огтоос гавъяагүй болохоор нь царцав уу
Баатар хэрэггүй болчихоод гээв үү, баатар нь бид юм болохоор хаяв уу
Баяр жаргал маань хэтэрчихээд огооров уу, багтаж шингэхгүй болохоор нь золив уу...

Чин гүрнээс тусгаарласан, арван нэгэн оны цөс зүрхтэнүүд
Чингисийн цэрэг л тул, оньсон төмөр цагийг дийлнэ л гээд боссон
Эх орноо хамгаал гэхэд л цахиур буу, ташуураа аваад эрсэлдэг ардууд байсийм
Эгэлгүй гэгээн тэд түмний төлөө амиа өргөхийг лавайн дуу шиг санасийм

Насаа тэд сэлмийн ир, ариун сэтгэлээ цавчис болгон хурцалсийм
Нармай улсынхаа л төлөө ар өвөр монгол, тагна урианхай гэлтгүй боссийм
Асар их гүрний сүрийг сүүдрийн төдий санаж, цэрэг цайзыг нь бүслэн цохисоор
Ардыг минь зовоосон дөнгийг итгэлээрээ л эвдэн, түүхийн хог дээр хаясаан...

Арван гурван оны баатрууд их гүрнийг биш, эх орноо их гэж боддог байсийм
Аяа, баатар хүний, жинхэнэ хүний зүрх гэж ийм л эрдэнэ байдгийм
Таван замын цэрэг минь талд тулалдаж явсан ч, өндрөөс өндөрт байж
Тавилан заяагаараан олон уулсын цаадхийг, олон улсын ч цаадхийг харсийм

Хөххот, Чуулалтхаалга, Батхаалга, Долнуур, Бугат – гавъяаны маань цуурай
Хөх цэргүүд минь олон ялалтыг байгуулж, Цагаан хэрмийг ч намсхийлгэв
Далай их цэрэгтэй тулсан ч, дарийг дэлбэлэх хэт болгоё гээд түмэн зүрхээн өргөсийм
Дан дээлтэй цэргүүд минь эр зоригоороон л хуяглаад Бээжинг зорьсийм...

Хорин оны баатрууд минь Цэвээн тэргүүн, Баян гүнээрээ оройлуулж
Харийн хар цэргүүдийг цагаан болтол хиар цохин, улсаа аварсаан
Ард түмнээ л гэсэндээ, албин чөтгөртэй эвсэж, галзуу бароны хазаг сэлмийг гамин руу далайлгасан
Аз жаргалын минь л төлөө гэж, дууль зоригт, дуулга сэтгэлт баатрууд минь талын түймэр шиг ассаан

Хорин оны баатрууд хотол түмнээ чөлөөлчихөөд урвагч гэгдсэн эмгэнэлтэй
Хорин нэгэн оны баатрууд ч ардынхаа төлөө, бугтай эвсээд ирэхэд нь мөргөлдөн сүйрсийм
Улаан цагаан чөтгөрийн хүчийг, хар чөтгөртэй тэмцэхэд хэрэглэнэ гэсэн баатрууд минь хөөрхий
Улс Монголынхоо л төлөө явсан Цэвээн тэргүүний цэргүүд дайснуудаа цөөлөөд л унтарсан зул цэргүүд ээ…

Гучин хоёр оны баатрууд минь бас л дайснууд гэж зүхэгдсийм
Гудайм тэр цаг үед мянган сүм түймэрдүүлж, бүхий ард боолчлогдсийм
Цуст улаан гинжийг маань тарнийн хүчээр биш, чойжингийн хилэнгээр тасчина гэсэн хуврагууд
Цугаараа нирваанаас татгалзан, Самбуу ламынхаа зарлигийг сахил болгоод л өндийсийм

Өт хорхойн ч амийг хөнддөггүй хуврагууд маань, суманд даагдахгүй гээд зангиагаан зүүсээн
Өшөөт дайсны түрэмгийг сөрж, өлөн баавгайн өрцөнд номын сүлдийг залсаан
Улаан чөтгөрүүдийг авлахаар, Шамбалын дайндаа мордсон хуврагууд минь суманд даагдаагүй ээ
Угсаат түмнийг чиглэсэн олон сумыг хариулан буцааж, аллага хядлага, гашуун зовлонг нимгэлсэн юм шүү...

Хатуу ширүүн дөрвөн оныхныг л биш, хадыг хадаар хаах хаттай баатруудаа бид одоо чиг л мартсаар
Хамаг хэцүүгээр үерлэсэн ч хагалж сөрөөд зогсох баатрууд минь нар, тэнгэр, тал “буц” гэж ятгасан ч, давших л байсан
Баатар гэдэг зөвхөн дайсныг дарахын төлөө л, өгсөж уруудах, уруудах өгсөхийг ялж шижиртдэг
Бадрах түмнийхээ уур хилэнг өрөөсөн мутраар өргөн далайх тэнхээтэй, хувь тавиланг нь зүрхэндээ багтааж цохилдог

Агуу олныхоо ирээдүй өөд түмэн оныг нэвтлэн харах сэтгэлийн оночтой
Асар сүрлэг уухайлах нь л сэлмийн цавчилт, исгэрэх сум, асгарах цус шиг хүчтэй
Арван нэг, арван гурав, хорь, гучин хоёр оны баатруудаа дурсъя, саная, амилуулъя гэтэл
Арай дэндүү бид мартаж; мөлхөж, огшиж, цовхорч, яаж л бол яаж мартаж

Хүний цагаан сарыг хүж барин авъя гэж бархирч, хөлөг мийкртээ чихэлдэн мартаж
Хүссэн нь Монголын бүх баялгийг ав гэж, хөсөр гуйлгачин заяагаа бахдан мартаж
Харийн цагаачдын мөр л болж, хөлөөрөө толгой хийн бүжиж, хөлчүү торонд улин мартаж
Хаашаа ч хамаагүй харайж, хатсан шувууны ханиад тусаж, хадаасан өсгийд гишгүүлэн мартаж

Зугтаж, зулгааж, гэтэж, зулгарсан дугуй, ном, сэтгэлийг шатааж, уудам эх орноо зөвхөн утаан баатар болгож,
Зуун нэгэн баатаргүйгээр зусардаж дөнгөдөгтөө сагаж, зуд гүрнээс чөлөөлөгдөх биш, зуйрган боол нь болохыг хүсэн мартаж
Ялаатай уралдан нисч, салхины ширхгийг ороож сүлжин хулгууж, гудмыг гуниг, өлөн, ашгийн нүдээр харж,
Ядарсан лаазыг өшиглөж, зүлэг талхчиж, ясан дээр эрээчиж, хашлага эвдэн мартаж

Арван нэгэн оны баатрууд шиг эх орноо хариас чөлөөлөхийн оронд, их гүрний хэнбугайн ч арван нэгэн дагуул болохыг зорьж
Таван замаар улс Монголынхоо төлөө амь хайргүй тулалдахын оронд, таван хилэнцийн замаар цэрэглэн хөдөлцгөөж
Хорин оны баатрууд шиг буг чөтгөрийг ч дайсны эсрэг зүтгүүлэхийн оронд, хорин дар мамаан шүтээнээ болгож
Гучин хоёр оны баатрууд шиг улаан шулмыг намнахын оронд, гучин хоёр шүдний завсарт улаан мах гуйн, шулмыг тахиж

Баатруудаа бид мартсан байна, баатруудаа мартсаны тул баатар болохоон ч мартсан байна
Баатруудгүй бол эх орон бадар болчихдог юм, байгаа бүхэн минь балар болчихдог юм
Баатруудаар оршдог юм аа, эх орон, улс түмэн, монголчууд гэдэг чинь, таминь ээ
Баатруудаа бид олж үзэхээн ч байсан, тоолж үзэхээн ч байсан, баатар ч үгүй, бадаг ч үгүй л болмуй

Ч.Мөнхбаяр

No comments: