Sunday, March 1, 2009

БҮХ ЮМ МИНИЙХ


Миний эх оронд учирлал уян дуу бий, утгагүй авиа бий

Миний эх оронд аз жаргалаар цагаан өдөр бий, амиа хорломоор хар өдөр бий
Ухаантай мэргэн дээдэс бий, ундрах мунхаг доодос бий
Уйлуулам сайхан тавилан бий, урж тасдам заяа ч бий

Эгшиглэх гэгээн тэнгэр, эцэсгүй шороон шуурга бий
Эрхлэн бүжих цэцэгсийг энэрэлгүй тасдан хаях нь ч бий
Уяраад эмтрэм салхин буй, уурлаж байлдмаар түйрэн бий
Урьхан дотно гудамж бий, уйтан шоронгийн гудам ч болдгийм

Гишгэвэл амирлуулах зөөлөн хөрс, гэнэдүүлэн шидэх нь мөстсөн байдаг
Гиймэл амар амгалан буй ч, гэнэтхэн газар тэнгэр нийлэн солигдоно
Баатар дайчин эрс буй, бачтай луйварчин, зальтан ч их ээ
Баясалт сувд шиг гэрүүд буй, бадар хар урцан буй

Үнээ мөөрөх шиг гудамж бий, араатан архирах шиг гудамж ч бий
Үндэсний баатраа бахдан согтуурна, үнс нурам болтол хилэгнэнэ
Хөрст дэлхийг гялбаах алт эрдэнэ буй, хөсөр хогийг амьдрал гэх нь буй
Хөгжмийн үсэг шиг гуа бүсгүй бий, хөеөгөөн л чирсэн хөөрхий нь ч бий

Орог шувуу бөмбийхөд уйлдаг шүлэгч бий, овойх зүрхгүй хэрцгий алуурчин бий
Орчлонгийн хайлан зул болсон аав ээж буй, орчлонд хамт баймгүй дайснууд ч буй
Далай их бүтээлтэй эрдэнэт хүмүүн буй, даанчиг харамгүй цагтай залхуу нь ч буй
Давст нуур шиг энэ амьдралд минь бүх л юм минийх буй

Миний бус юм л гэж энэ эх оронд минь байдаггүй юм
Миний бүхэн л намайг ухааруулдаг, амьдруулдаг юм
Миний бүхэн намайг хязгааргүй баян, хязгааргүй ядуу болгоноо
Миний бүхнээс би өөрөө бүтсэн юм, би эх орных оо

Эрхбиш эх оронд минь эвэр бүрээний уянга нь давамгай
Эрхбиш эх оронд минь эв тэгш ая нь илүү
Хамаг бүхэн нь эвсэн найрч, хувьсан уусах нь зохист хөгжим өө
Хайлган яруу, бадрангуй бүрдмэл нь улам тодроноо

Бүх юм байдгаараа эх орон минь сайхан, бүх юм биднийх болохоор сайхан
Бүх юмаа харамнах нь сайхан, хагасыг нь муу гээд харьд өгчихгүй нь сайхан
Эх орон ижий минь учраас элбэрч дотроон уучилна, итгэж сайхныг л хүлээнэ
Энэлэнт нэгэн өдөр хамаг сүүдэр арилдаг л юм байлгүй, гэхдээ эх орон минь л сайхан

Халгих бүх юмтай дууг нь үргэлж дуулж явна аа, бүх юмтай бадгийг амьдралаараа сийлнэ ээ
Хамаг бүхнээрээ л амьдардаг энэ орон минь сайхан л учраас шүлэгчдийн ороон
Байгаагаар нь л хайрлах нь бадаргуулт шад мэт учир эх орон минь улам л сайхан болно оо
Байхгүй юм нь ч минийх л байдаг эх орон минь хэзээ ч гэсэн яруу найрах л ороон

No comments: