Friday, March 6, 2009

АНД МИНЬ ЯРИВ


Атлантын далайн хөвөөнөөс анд минь ярилаа

“Атаат хямрал болж байна, Аагий найз нь түгшиж байна
Том даргын охин энд, хөгшин нөхөртөө зодуулж байна
Тоймгүй сайхан л даа – Америк, гэхдээ нэг юм асууя:

Гантулга маань эх орныхоо ган тулга л болж явна уу
Мөнхбаяр түмнийхээ мөнх баярын төлөө л бичнэм үү
Ганболд улс гэрийнхээ ган болд багана нь болов уу
Галав юүлсэн ч та нар наанаа хамт л байнам уу

Бат-Амгалан байгаа цагт эх орон минь бат амгалан байх биз ээ
Буянбадрах буй цагт нутагт минь буян л бадрах буй заа
Одонтөрийн Монголд маань одон адил төр нь гэрэлтэнэ ээ
Сэргэлэнгийн улсад сэргэлэн өглөө нь, түгээмэл гэгээрнэ ээ

Ганзориг маань эрэмгий улсдаа ган зоригоо өгч л буй
Сүхээ байгаа хойно, эх нутаг гал алдахгүй, өгсч л буй
Баасан мэт аятай өдөр гэрэл сайхан байна уу
Хүрэл, эрдэнэ, цог заяат баатрууд нь улсаа хамгаалж л сууна уу

Үгүй дутуугүй орон болохоор та нар минь алзахгүй ээ
Үүрд хамтдаа байдаг болохоороо жаргал дутахгүй ээ
Монголын бүх юм цугтаа цагт хямрал юу ч биш ээ
Морьтой заяа тань намайг алтан гэрэл болгомуй” гэв ээ

No comments: