Sunday, March 1, 2009

УУДАМ ХЭМНЭЛ


Гараа алдлан уужим амьсгалмаар, хязгааргүй нь бахдам уудам хэмнэл буй

Газарт мөргөх дөхөн, хараацай минь алтан нутгаа аваад үлдсэн аялгуу өөд хөтөлмүй
Би монгол хүн гээд хэлэхэд омог бардам түүхийг бүтээсэн эх орныхоо эгэлгүй сайхныг
Бие биедээ шивнэх биш, буй бүхэнд хашхирч, орилж, дэлбэрч хүргэмээр ээ

Тэнгэр, тал, уулс минь хөндөлсөж, “агуу бай, чи” хэмээн бүхэнд тушаадаг
Тэмцэн цогцлоох орд гандирс, номын үсэг бүгд энд буйд бид жаргалтай
Харийнхан улс гүрнээр минь мөхөөж, ард түмнээр минь мохоож байсныг бүү март, босох л ёстой, бид
Хамт байсан түүх минь сайхан, байгаа эх орон минь сайхан, бүтээх минь сайхан

Хайрт орон гэхлээр л эрхгүй самсаа шархирах нь буй ч, илдийн бариул атгам ч болдог шүү
Хад чулууны сэрвэгэр шиг, хөх тэнгэрийн аянга шиг, нарны хурц туяа шиг ч орон шүү
Дандаа амар амгалан биш ээ, ган болж, галав юүлж, бүргэд ангуучилж, чоно архирсан ч орон шүү
“Даамай сайн унтаж, ууж, уянгалж авъя” гээд олбог шиг санав, өвөг дээдсийн
жад шиг, өгөршсөн гавал шиг ч орон шүү

Аргаль янгир мөргөлдөх шиг, арсайх хөвч нь зэвсэг агссан цэрэг шиг хатуу орон шүү
Алс туйлын цасан угалз шуурсан, халуун сахаарын элс нүүсэн газар аа
Хамгийг мартуулам холхи далай шиг цэлэлзсэн, хорголын чинээ мөндөр хайргүй буусан л орон шүү
Харин ингэлээ гээд бүү уйл, хатуу чанга орон шигээ цэлий, шуур, цахил

Энэ эх орон баатруудынх шүү, бэлэн зэлэн, гоё сайхан нь шагнал юм шүү
Энэ эх оронд, юу ч үгүй шөнө далайчид, оддын чигээр залуурдан явсан шиг аялдаг юм
Энэ эх оронд үл ойлгох омгуудын жадан шөргөнд өртөөд ч үхдэг юм, гэхдээ тив орныг ч нээдэг юм
Энэ эх орон бүслэгдсэн цайз шүү, чөтгөр шулмыг чойжин бурхан болж дэвсэл, гавлыг нь хэлхэн зүү

Амар амгалан нь дэндээд бунхан шиг болчихсон орон биш билээ, амьдаар цалгисан арслан шиг ороон
Ангайтал нойрсуулах эм шиг, алмайртал мансууруулж, бүр үхүүлчихдэг л орон биш ээ
Хөлөг баатар болгох гүгэл орон билээ, хүлцэнгүй тайван мэт ч, хүрэл сүх шиг л орон билээ
Хөтлөөд ерөн есөн тэнгэрийг аваад ирдэг, хэц хэнгэрэг шиг тал нутагтай, хүчтэй л орон минь билээ

Гайхамшигт энэ эх орондоо, хөглөгдөж, хөтлөгдөж, хүү нь байж амьдаръяа
Гараг түүх, он цаг, хувь заяаг нь итгэл сэтгэлээрээ сануулж, буй бүхнээрээ шадалж л амьдаръяа
Төгөлдөр энэ эх орондоо, төгөлдөр хуурын ая нь болж амьдаръяа
Төгс тууль шиг сайхан орондоо, хайлал нь болж, тунаж л амьдаръяа

No comments: