Friday, March 6, 2009

ЭХ ОРНЫ №1 ДАЙСАН


Миний бие доорхи 6 шүлгээр "Эх орон танаа" шүлгийн наадамд оролцож, улмаар тайзнаа шүлгээ уншсан билээ.




Тэр мах иддэг, цай уудаг, ажил хийдэг, гэхдээ түүнд эх орон л үгүй
Тэр зөвхөн тулганы наана бүдчинэ, цааш гарахгүй, таг дуугүй
Алт эрдэнэсээ минийх биш гэж сайрхдаг, Антарктидийн шувуугаар боодог хийнэ гэж дайрдаг
Атаархал нь агуу ч, өөрөө өт хорхой шиг байдаг

Эх орноо мандуулах ажил хийнэ үү, сөнөөх ажил хийнэ үү, түүнд огт ялгаагүй
Эгц уулын хөлөг баатар болсноос, бөмбөр цоорох шиг тэнэг байх нь халгаагүй
Иргүй оюунаар бол ямар ч чавхдас гоцлохоос илүү гоцлоно
Идэх, уух, гаргахаас бусыг үл мэдэх ч, эх орноосоо мэргэн гэж биеэ онцлоно

Харийнхан охидыг бузарлана уу, орныг эзэлнэ үү, түүнд ер падгүй
Хамжлага ноён нь хэрхнэв, Монголыг аврах уу, алах уу, падлийгүй
Тэр хулгай хийнэ, хар санана, эвшээнэ суниана
Тэр янаглана, архи ууна, инээж ханиана

Хүр хорхой навч мэрнэ, хүй төрлийг ч мэрэхийг санаархана
Хүүхэлдэй болж битүүрэхээ завшаан хэмээнэ, хүлцэвч тэр цох болохгүй, булш л болно
Ялгуусан наранг нандин гуа охинтой нь хольж идэхийг тэр хүснэ
Яруу алдар түүхийг инжрийн навч болгон, нүглээ хаахыг бодно

Шүлсээ хаяна, баатрын зүрхийг нулимчихлаа, дэвслээ гэж баясна
Шүлэнгэ тачаангуй мөрөөдөлтэй ч, эмс охидыг мал гэж үзнэ
Аварга хулгайч, аугаа шаар болохыг горилно, гэвч гэдэс нь дэндүү нарийдна
Аалз мэт ховдог тэр элгээрээ мөлхөн нян янг дарлан иднэ

Тэр эрх мэдэл, зэр зэвсэг, ухаан гээч юмгүй
Тэр хамгийн хүчгүй, арчаагүй, гэхдээ эх орны ноймор нэг дайсан
Тэр эрдэмтийг тэнэг гэж боддог, буянг нүгэл гэж хардаг, хүн байхаас ичдэг
Тэр өчүүхний тул муу нь ч өчүүхэн, тахал мэт халдварлах нь л хэцүү

Шулам биш боловч, шулмын хорт шээсний дусал
Шунаглах нь харь хулгайчийн улыг амтат боов хэмээнэ
Уянга, яруу, аугаа, өндөр, цэвэр гээчийг мэдрэхгүй, хардаггүй
Уламжлах сайхан гэж юу байдгийг мэддэггүй, учир нь бүтээдэггүй

Харамч хэдий ч, амьдрал нь шуудууны муу ус шиг урсаж буйд харуусахгүй
Харш үзэл ойлголт бүхний хогийн сав ч, наранд ихэрхэнэ, эзэндээ гөлчгий
Мунхгийн хэвэнд өөрийгөө цутгаж, эрүүл болохоос сэргийлж дөнгөнө
Муу бүхнийг тэжээгч, үржүүлэгч, гэхдээ бас нэр хүнд дөнгө нь

Эх орны дайсан хаа сайгүй, би, чи ч эх орны дайсан байж мэднэ
Эх оронтойгоо байлдахаа больё, эвийн цагаан туг өргөж, нуувчнаасаа гаръя
Дайсны цэргүүд ээ, сонсоцгооё, онилсон, далайсан, сэлэм, жад, буу зэвсгээ хаяцгаая
Дайнаа зогсооё, эсвэл сэлэм жадаа авч, эх орныхоо төлөө эхний дайндаа мордоцгооё

No comments: