Friday, March 6, 2009

ЭХ ОРОН МИНЬ ГУНИГТАЙ


Эх орон минь уруу урсгалтай суу шиг нэг л гунигтай

Эрдэнэ бие нь өнгө зүсгүй дуу шиг их л гундуухан
Мэлмий болсон нуур тойромд нь хун галуу үзэгдэхээн байжээ
Мэлтрэн тэтгэх судсан – гол ус нь хайргаар оршжээ

Харийн нян хорхой хамаг биед нь шингэв гэнэ үү
Хатан гэзэг – ой мод нь бууралтаад, шингэрэв гэнэ үү
Оюун мөнгөн тэнгэр нь тоос шороонд дийлдэн, нурангитна гэв үү
Олон үрс бид чинь ангир уураггүй болоод, харангадна гэв үү

Таван тансаг идээгээ тавих газаргүй л боллоо гэсэн үү
Там биелэн зүдрээсэн нь үнэн үү, зүүд гэсэн үү
Цаг дор бид хүн шиг л явбал ижий нутгийн минь цээжинд
гэгээ тодроод
Цайсан үс нь харлаж, хацар дээрх нулимс нь хатахсаан

Бид л мартахгүй явбал эх орон ижий минь залуужаад л ирнэ
Бидний мэддэг ээж минь л болно, түмэн хавар шиг сайхан нь эргэнэ
Буман учрал шиг ижийнхээ өмнө нүглийнхээ тоогоор
ирэлзэн мөргөе
Буцаж одохгүй, орхихгүй гээд гар гараасаа барилцан өргөе

Элбэрэлт орноо түшиж, асарч, аварч гийгүүлье
Эгшиглэнт ижий минь босоод л ирнэ, мөнх тэтгүүлье
Эндсэн цэцэг болгоныг тань ургуулъя, эрдсэн үрсээ өршөө
Эх орон таныхаа өмнө эрдэнэт нулимс шиг л хайр болъё

No comments: