Tuesday, April 9, 2013

Чингист хядуулсан татарууд амилан мандсаны нууц

Монголтой садан төрөл (монгол гэх гээгүй шүү) татар, якут, ногай, кумык зэрэг ард түмнүүд Орост амьдран суудаг билээ.
Татаруудыг тэрэгний булд чацуулаад Чингис хаан хядчихсан гэдэг. Тэгэхлээр, хаана ямар татар байх вэ? Тэрэгний булаас намхан хүүхдүүд эсвэл өлбөрч үхнэ, үрчлэгдлээ, боол боллоо гэхэд бусад овог аймгийнханд уусч алга болно биз дээ.
Гэтэл Оросын бүх түрэг угсаатан ястнууд татар гэх нэртэй байсан билээ л. Татарстаны эрдэмтэн судлаачид: “Чингис хаан тэрэгний бултай чацуулж үүрэг хариуцлага оноосон. Буруу булхайтай замаас салгаж, зөв мэргэнээр удирдан жолоодсон. Татаруудыг буюу дадалчуудыг толгойн анги цэрэг болгосон. Тэднийг ялалт байгуулахад түрэг нутаг, ардуудыг таслан өгч, шагнан суулгадаг байсан. Булгаруудыг мөн татаруудаар ноёлуулж, татар түмэн болгосон нь бид. Гэхдээ татарууд олон тооны түргүүдээс нь хэлийг нь авч ижилсэж байв. Түргүүд татаруудаас яс угсаа, баатар ёс, төрийн ухааныг нь авч, татар түмнүүд болж байсан” гэсэн байр суурьтай байдаг.

Монгол, өвөг монгол аймгуудаас аль хүчтэй нь бусад элэг нэгтэндээ нэрээ өгч явсан түүхтэй. Монгол аймгууд тийнхүү нэрээ өгөхөөс өмнө Татар бусаддаа нэрээ өгч, бүх монголчууд татарууд гэгдэж байсан. Монгол аймгууд хамгийн хүчирхэг байгаагүй ч, монгол аймгийн Чингис хаан хүчирхэг байснаар бүх элэг нэгтнийг нэг үндэстэн болгон зангидаж чадсан байдаг. Бага ястны хүн удирдагч болж чадлаа гэсэн үг.
Татар бол хамгийн хүчирхэг аймаг байжээ. Тэр үед нэг монгол хүнд оногдох мал 28 байв гэсэн судалгаа байдаг. Өнөөдөр Ар Монголд л 40 сая мал байна. Өвөр Монголд 50 сая мал байна. Ар Монголын ихэнх нутаг уул уурхайнханд лицензээр олгогдсон, Өвөр Монголд ихэнх нутаг хятадуудад булаагдсан байхад шүү. Үүн дээр одоогийн Шинжаан, Хөх нуур, Зүүнгар, Буриад, Тувагийн нутгийг нэм. Монголчууд бараг 200 сая малтай, хүн ам долоон сая байсан болж таарч байна. Түүнээс ч их байж болно. Нэг сая гэсэн тоо гаргадаг хүмүүс зөвхөн Ар Монголын нутгаар “тооцохоос” гадна, суурин, тариаланч хүн ам байсныг авч үздэггүй, юун дээр суурилсан нь тодорхойгүй байдаг. Монголчуудыг “унтраах”, “доош нь хийх” зорилт дээр л суурилж байна уу гэлтэй.
Буриадууд VII зуунаас хойш хүн амын хувьд огт өсөөгүй байна гэсэн нарийн судалгаа байдаг. Тэгвэл түмэн зовлон үзсэн дэлхийн монголчууд буриадуудаас илүү дээр байдалтай байсан юм гэж үү. Одоо 10 сая байгаа монголчууд тэр үед нэг саяас ч бага байсан байж таараа гэж “буудаж” болохгүй. Одоо 10 сая байгаа монголчууд тэр үед энэ хавьцаа, эсвэл бүр олон байсан байж ч болно. Үндэстэн цөөрөх байтугай, мөхөж үгүй болдог юм. Хойд Америкийн 10 гаруй сая индейчүүдийг хэдэн бум болтол алж хядаж устгасан нь одоо нэг сая орчим байна. Одоо нэг сая байгаа юм чинь Чингисийн үед бол бүр ганц хоёр ширхэг байсаан гэж “буудаж” болохгүй еэ дээ.
Тэгэхлээр, 10 сая орчим дундад зууны монголчуудын Татар, Найман, Хэрэйд зэрэг том овог аймгуудын хүн ам их, татарууд бол хэдэн сая байсан байж болно. Тэр хэдэн сая татар олон түрэг аймгийг захирч, харилцан уусч, түрэг аймгуудаас хэл соёлыг авч, тэдэнд төрт ёс, цэргийн эрдэм, яс угсаагаа өгсөн байж болно.
Ингэж татарууд бичиж байна. Бас: “Орос татар-монголчуудад дарлагдаж хоцрогдсон гэж биднийг гүтгэж байдгаа боливол зохилтой. Татар-монголчууд оросуудаас илүү эрдэм ухаантай, Азийн их хөгжил дэвшлийг тээгчид байсан. Тэр үед Европ харин их л бодож загалмайтны дайн хийхээс цаашгүй, одоогийн Аль Кайда шиг шашны хэнээрхэлд автсан, харанхуй зуундаа төөрөлдсөн байв. Орос татар-монголчуудад 10 хувийн татвар төлдөг, ямба хэргэмээ Алтан Ордоос авдаг байснаас өөр “дарлагдсан” гэх зүйл огт үгүй. Тэр үед дарлана гэдэг нь устгахыг хэлдэг байсан шахуу. Хажууд нь Алтан Ордын ноёрхол диваажин шиг байв. Хэрэв Алтан Ордын ивээлд ороогүй бол, өдгөө Оросын нэг хэсэг Швед, Герман, нөгөө хэсэг Польшийн мэдэлд орж, Орос улс үндэстэн гэж огт байхгүй байх байсан. Өнөөдөр Татарстан орлогынхоо 70 хувийг Москвад тушаадаг, Татарстаны ноёд Москвагаас ямба хэргэмээ авч байна. Өнөөгийн татар бид Алтан Ордынх шиг “дарлалыг” хүсч мөрөөдөж байна. Орос бол Алтан Ордын газар нутаг, хүч нөлөөг өвлөж авсан учраас л Орос болсон. Тэгсэн атлаа оросууд татарчуудад талархахын оронд, үзэн ядаж, Батусарай, Беркесарай, Бахчисарай гэх гурван нийслэлийг нь галдаж, газартай тэгшилж, татарын бүхнийг устгахыг оролдон даанч муухай авирласан. Татар бид Москвагийн түрэмгийлэгчдийг л түүхэндээ хамгийн муу муухайгаар бичмээр байна. Тэд харин татаруудыг түүхэндээ хамгийн сайн сайхнаар бичих ёстой. Түүхэн ах дүү монголчууд маань Чингис хаан, аугаа түүхээ өргөмжлөн дээдэлж байна. Бид ч бас тэгэх ёстой” гэж татарууд бичиж байна.
Татарууд Чингис хааныг үндэсний эцгээ гэдэг билээ. Гэтэл бид Чингис хаан татаруудыг тэрэгний бултай чацуулаад цавччихсаан гэж хөөрөлхөөд байж болж байна уу, үгүй юу. Халхын хавтгайгаас өөр газрын ном дэвтэр харж баймаар байна шүү.
Ч.Мөнхбаяр
2012.10.3

No comments: