Tuesday, April 9, 2013

Парламентад зодолдох нь эр хүний явдал мөн үү?

1. Туркийн парламентад улс төрч Февзиг зэрлэгээр зодож алсан нь дайн өдөөх дөхсөн

Саявтар Украины парламентад том зодоон гарсан. Энэ нь орос хэлийг Украины бас нэг албан ёсны хэл болгоно, болгохгүй гэснээс үүдэлтэй юм.
Польшийн нэгэн хэсэг байсан Украиныг Хаант Орос эзлэн аваад, оросчлох бодлогынхоо дагуу олон албат иргэдээ тэнд суурьшуулсан. Нүүрс болон, бусад баялаг, Европын зах зээлд ойр байдал, хүн амын нөөцийг нь ашиглан аж үйлдвэрийг ихээр хөгжүүлсэн. Ингээд Зүүн Эргийн Украин хүчтэй оросчлогдсон юм.

 Туркийн парламентад гишүүн Февзиг бүлэглэн зодож алахын өмнө

Харийн колоничлолын бодлогоос болж, ийнхүү Зүүн, Баруун Украины ялгавар, зөрчил гарсан билээ. ОХУ-ы хүчтэй дэмжлэгийг хүлээдэг Зүүн Украины улс төрийн хүчнүүд орос хэлийг Украины бас нэг албан ёсны хэл болгох гэж зүтгүүлсээр ирлээ. Ингээд зодоон гарахад депутат Петрук хашлага давж унан толгойгоороо юм мөргөж, нүүр ам, энгэр заам нь нэл цус болсон аймшигтай амьтан болж хувирав. Украины нийгэм ч хиртхийв. Одоо бүр цуст зодоон хийдэг болох нь!
“Толгойгүй рада!”, “Бандитууд!” гэхчлэн ард олон нь жигшин зэмлэж байна. Рада гэж их хурал, бандит гэж дээрэмчин. Европын зөвлөл ч зэмлэн буруушаажээ.

Сүүлийн арван жилд гарсан парламентын зодоонуудыг дурсваас:
1. 2011 онд Өмнөд Солонгосын парламентад төсөв хэлэлцэхэд зодоон гарч, нэгнийх нь тархи доргиж, эмнэлгийн тусламж авав. Спикерийн алхаар цохисноос болжээ.
2. Тайваньд 2010 онд зодолдоход нэг парламентэч нөгөөгөө хазжээ.
3. 2007 онд хуулийн төсөл хэлэлцэхэд Тайваний депутатууд нүдэлцэв.
4. 2011 онд тэтгэврийн насыг нэмэхэд Италийн эрхэм гишүүд нанчилдав.
5. 2010 онд Украины спикер Литвин рүү өндөг шидсэнээс болж, балбалдав.
6. 2010 онд Украины парламентад утаа гаргагч шидсэнээс болж гөвшилцөв.
7. 2007 онд Туркийн парламентад ерөнхийлөгчийн сонгуулийн асуудлаар зөрөлдөн нударга зөрүүлэв.
8. 2012 онд боловсролын асуудлаар Италийн хууль тогтоогчид дүрэмгүй зодоон хийв.
9. Оросын парламентад үндэсний хэт дээрэнгүй үзэлтэн Жириновский бараг жил бүр зодоон гаргаж ирэв.
10. 2003 онд гишүүн Федулов коммунист намын Зюгановыг улс төрийн янхан гээд Шандыбинд зодуулж, улмаар олон хүн нэгийгээ үзэж нэхий дээлээ уралцав.
11. 2003 онд Тайваний хоёр депутат дээр дороо орон зодолдов.
12. Кувейтийн депутатууд Гуантанамо дахь кувейт хоригдлуудын талаар санал зөрөлдөн нармайгаа нээлцэв.
13. 2001 онд Туркийн парламентад хэт барууны үзэлт намынхан курд үндэстэн Февзи Сиханоглуг газар унаган зодож, толгой руу нь 5-6 өшиглөсөн агаад, зүрх рүү өшиглөхөд зүрх нь муудаж, хэдэн цагийн дараа нас барсан аймшигт явдал гарчээ. Үүний дараа турк-курдийн дайн сэргэх дөхсөн юм.

Февзиг оршуулах ёслол

Тэгвэл энэ нь парламентад гарсан хамгийн аймшигт явдал бас биш юм. Парламентынхаа үйл ажиллагаанд дургүйцсэн Армяны Н.Унанян гэдэг сэтгүүлч зэвсэгт бүлэг байгуулж, 1999 онд парламент руу дайрч орсон юм. Тэгээд дүү К.Унанян, бүлгийн гишүүн Э.Григорян, В.Галстян, Д.Бежанян нарын хамт автоматаар гал нээхэд ерөнхий сайд В.Саркисян, спикер К.Демирчян, дэд спикерүүд болох Р.Мироян, Ю.Бахшян, сайд Л.Петросян, гишүүд А.Арменакян, Г.Абрамян, М.Котанян нарын найман хүн амь насаа алдаж, олон хүн шархадсан юм. Шархадсан нэг гишүүний толгойг автоматаар балбаж алсан байдаг.
Дээрх бүх тохиолдолд, эх орныхоо төлөө санал зөрөлдсөнөөс болж зодолдож байжээ. Манайх шиг, сонгуульд ялагдаж албан тушаалгүй болчихоод, албан тушаал нэхэж, парламентад хүн зодсон тохиол байхгүй ээ. Монголын зодоон хамгийн мунхагт нь аргагүй орно.
Парламентдаа зодолдоод байвал, сүүлдээ бүр хүний амь насанд хүрдэг юм байна шүү. Эр хүн шиг асуудлаа ингэж шийдэх нь зөв гэж байгаа хэн бүхэн сүүлд нь амаа баривч нэмэргүй гай гамшиг дуудаж байгаагаа ойлгох хэрэгтэй.

2. У.Хүрэлсүх Н.Энхбаярыг даралцаж, АН-ын өмнө 
мартаж болшгүй их гавъяаг байгуулсан тул шоронд орохгүй

Монголын ёс зүйгүй пиарчид дарга нарыг хаацайлах гэж, хэрүүл маргаан, бүдүүлэг явдал болоход, “гадаадын парламентад хэрэлдэх байтугай зодолддог, энэ бол энгийн үзэгдэл” гэхчлэн ухуулж, бараг л “дэгийн дагуу байх ёстой зүйл” мэтээр сурталчилж ирсэн билээ. Тэдний муухай хар ёр биелж, парламентад жигшүүртэй зодоон боллоо.
Нийгэм маань эрүүл бус учир, хүн ард “парламентад ингэж болдоггүй юм” гэдгийг ойлгохгүй байна. “Хууль бус үйлдэл”, “танхайн хэрэг” гэдгийг ухаарахгүй байна. Гудамжны хулигаанууд, архичдын зодооныг харсан хүүхэд аятай хөөрч, “тэр нь ингэж цохисон, тэр дийлэхгүзй юм байж яах гэж дуугарсан юм” гэж өөрийнхөө хэмжээгээр харж, тайлбарлах нь их байна. Ийм ухвар мөчид байдлаар хандаж буйгаас болж, “ер нь Хүрэлсүх сайхан цохиж унагасан сайн хүн” гэж хүчтэнийг нь сүрдэн дагах, “Баярсайхан эхэлж салаавч гаргасан хохь нь” гэж хүчтэний өмнө хүчгүйг нь буруутгах арчаагүй хандлага гаргаж байна.
Хэрэг явдлыг хөөрөлгүй харъя:
УИХ-ын дарга хэлэлцэх асуудлуудыг танилцуулахад У.Хүрэлсүх “Манай намын бүлгийг байгуулуулах асуудлыг хэлэлцэхгүй байна, намын бүлэг байгуулах боломж олгох хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхгүй байна” гэсэн утгыг бүдүүлгээр илэрхийлж, загнаж, давшилж байв. Хуучин Ху нам бусад намыг хавчихын тулд, намын бүлэг байгуулах асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх, эс амжвал намын бүлэг байгуулах эрхгүй болгох хууль-эрхзүйн орчин бүрдүүлж байсан. Өөрсдөө албан тушаал нэхэж, эрхэлж туниж явсаар, бүлгээ байгуулж амжилгүй, өөрсдийн хуулиндаа өөрсдөө унаж, намын бүлэггүй болчихоод, олон нийт юу ч мэдэхгүй байгаа байдлыг ашиглаж, “АН биднийг дарангуйлан хэлмэгдүүлж байна” гэж гүтгэн шуугиан дэгдээж ирсэн билээ.


УИХ-ын дарга З.Энхболд УИХ-аар хэлэлцэж баталсан асуудлуудыг л хэлэлцэх учиртайг тайлбарлахад хүлээж авалгүй, дайрсаар байв. С.Эрдэнэ, Г.Баярсайхан нар УИХ-ын дэгээ хүндэтгэхийг шаардсанаар хэрүүл маргаан өргөжив. У.Хүрэлсүх Г.Баярсайхан руу очиж, гарч үзье, ална гэх зэргээр дарамталсан гэнэ. Г.Баярсайхан чамд алуулах юм уу гээд салаавч гаргажээ. Ингээд хоёулаа гарсан, харилцан заамдалцаад маргалдаж байв, араас нь салгахаар гишүүд гарч ирсэн. Салгахын завдалгүй У.Хүрэлсүх Г.Баярсайханы чих рүү дэлсэн унагаж, заамыг нь тавилгүй, ахин цохисон. Улмаар өшиглөх гэсэн ч, гишүүд арагш нь түлхэж, татаж авч явсан тул тэнцвэр алдан, өшиглөх гэсэн хөлөө буулгасан байдаг. Г.Баярсайхан У.Хүрэлсүхэд эрүү үүсгүүлсэн. У.Хүрэлсүх би яагаа ч үгүй, Г.Баярсайхан намайг боож унагах гэхэд би амиа хамгаалж сарваганаж байгаад хүрчихсэн байна билээ, ер нь Г.Баярсайхан намайг зүв зүгээр сууж байхад шоронд хийнэ гэж хашхирсан, зүгээр байхад салаавч гаргасан гэж мэлзсээр байгаа. Зарим хүүхэд залуус түүнийг элэглэн шоолж, элдэв дүрс эвлүүлэн интернэтээр түгээж байна.
Х.Баттулга гишүүний: “Юугаа гайхуулаад байгаа юм. Камерын өмнө тодроод...” гэх, түүнд хандсан твиттерийн үгийг түгээж байна. Х.Баттулга гишүүн: “Чи яагаад манай намын хамгийн жижигхэн гишүүнийг зодоод байгаа юм?”, У.Хүрэлсүх: “Ахиж тэгэхгүй ээ, ах аа” гэж хэлж байгаа маягаар эвлүүлсэн зургийг түгээж байна. “Би чамд хайртай” киноны: “Ер нь бол Баяраа өөрөө уначихсан юм байна билээ шүү дээ!” гэх үгийг түгээн элэглэж байна.
Үйл явдлыг хэвлэлүүд мэдээлэхдээ яг л ардхи эзэддээ л бялдуучлан хандсан нь эмгэнэлт инээдэм байлаа. Нэг нь У.Хүрэлсүх Г.Баярсайханы эрх чөлөөнд халдав гэж бичиж байхад, нөгөө нь Г.Баярсайхан У.Хүрэлсүхийн эрх чөлөөнд халдав гэж байх жишээтэй.
Парламентад зодолдох нь тийм гоё сайхан явдал огт биш гэдгийг уг нь нялх хүүхэд ч ойлгомоор. Дэлхийн парламентын олон зуун жилийн түүхэнд цөөн тоотой зодоон гарсан байдаг. Тэдгээрийг дэлхийд хосгүй тэнэг явдал л гэж элэглэн шоолж, жигшин зэвүүцэж мэдээлж ирсэн. Өдөөсөн гишүүд нь дандаа л хамгийн тэнэг улс төрчид гэгддэг. Манайх тэгж л мэдээлэх ёстой байв. Гэтэл дийлснийг нь бахдан магтах байдал зонхилж, дэлхийд хосгүй тэнэг явдал дуусахгүй үргэлжилсээр байна.


Хэрэв У.Хүрэлсүх Н.Энхбаярыг даралцаж, том тус хүргээгүй л бол, Н.Энхбаярын хойноос шорон луу илгээгдэх л байлаа. Тэр хүн ямар ч тайлбар тавиад нэмэргүй. Эрх баригчид үзэмжээрээ л яллачихдаг болсон өнөө үед, У.Хүрэлсүх дургүйг нь хүргэсэн л бол Г.Баярсайханд зодуулсан байлаа ч зодсон гээд л шорон луу илгээчих л байв. Гэвч У.Хүрэлсүх сөрөг хүчний өмнө мартаж болшгүй их гавъяа байгуулсан, сөрөг хүч түүнд төлж баршгүй их өртэй. Н.Энхбаярыгаа хуучин Ху-гийнхан сөрөг хүчтэйгээ нийлж дарснаар өчүүхэн болох замдаа орсон шүү дээ.
Тийм болохоор У.Хүрэлсүх шоронд орохгүй. Гэхдээ ийм байдал үргэлжлээд л байвал, гишүүд зодолдох биш, алалддаг болно. Дагаад, намаар талцсан ард түмэн нь хоорондоо алалдана.
УИХ бол шорон, гудамж, баар, траншей биш. Тэнэглэхээ эртхэн болимоор байна, бүгдээрээ.

Ч.Мөнхбаяр
ММХII.X.II

No comments: