Saturday, June 20, 2009

Монгол улсын Ерөнхий сайд С.Баярт илгээх ил захидал


Эх нутгийнхаа 43 хувийг чөлөөлье хэмээсэн 43 тэзис
(Хоёрдугаар хэсэг)

9. Хууль бус олборлол хэмээх гамшгийг таслан зогсооё!

Эрхэм ерөнхий сайд аа, танд бичиж буй захидлынхаа үргэлжлэлийг толилуулж байна. Төр түмэн нүдтэй тул, “Алаг хорвоо” сонин (№2, 2009.04.13) дээр нийтлэгдсэн эхний хэсэг нь хэдийнээ танд хүрсэн буй заа. Зөв зүйтэй зүйлүүдийг нь таашаан, сайшаан уншиж, алдаа мадгийг нь ариутган шүүсэн гэдэгт итгэнэм.
Урт, нуршуу бичиж буйг өршөөгөөрэй. Товч байх нь авъяасын дүү гэдэг, гэтэл тэр дүү нь надад үгүй бололтой агаад, нөгөөтэйгүүр ашигт малтмалын салбарт буман ноцтой явдал учир буй тул товчлоод товчлоод л иймд хүрэв. Ам нээвэл уушиг нээе гэсэн минь ч хэмжээг үүсгэв.
Миний бие зөвхөн Оюутолгойн тухай ярих гээгүй нь ойлгомжтой. Зөвхөн хоёр толгойн тухай яриад л, бусдыг нь үл ойшоож, үүгээрээ тэдгээрийг булшилж байгаа харамсалтай явдал ажиглагддаг. Хоёр толгойгоор халхавчилж, мянган толгойг цөлмөх ажиллагааг ч дайснууд амжилттай гүйцэлдүүлж буй. Хоёр толгой нь зөвхөн халхавч л болохуйц, тийм л баян орон юм.
Стратегийн гэгдсэн хэдэн ордуудаа харийнханд (харийнхан гэдэгт ерөөсөө болдоггүй дарга нараа ч хамруулъя) завшуулах хууль бус ажиллагаа амжилттай явагдаж байна. Гэтэл стратегийн бус гэгдсэн зуу зуун ордуудын хувь заяаг дарга нар ч, олон нийт ч зөнд нь хаячихаад байна. Хууль ёсоор бол, стратегийн гэх хэдхэн ордыг л хууль бус гэрээний дор харийнханд өгч болдог, бусдыг нь бол ямар ч гэрээ энэ тэр гэлгүйгээр харийнханд өгч болох орчин бүрдсэн юм байна шүү дээ.
Зөв зүйтэй хууль гарах нь хойшлогдоод л байдаг. Энэ хугацаанд, хуульгүйгээр л Монголын баялаг цөлмөгдөж дуусч байна. Тэр талаарх мэдээлэл хаалттай, нууц. Харин баялаг зогсоо чөлөөгүй цөлмөгдөж, гадагш үерлэн урсч, Монгол улс түмэнд ямар ч ач тусгүй, харин хүй төрөлгүйтгэх балагтайгаар үгүй болох нь байна.
Өмнөговьд хоёр толгойгоос дутахгүй 3 том орд 5 дахь жилдээ нууцаар ашиглагдаж, 80-100 тн даацтай машинууд нүүрсийг улайран зөөж буй гэнэм.
Стратегийн гэх ордын 34 хувь нь цаасан дээр ч атугай Монголынх, бусад орд бол 100 хувь гадаадынх гэсэн хуульзүйн орчин иймэрхүү маягтай хэрэгжиж байна. Нэг тэнэг дарга: “Энэ нүүрс Хятад руу л гарч таараа шүү дээ, тэгээд л гарч л байна. Монголын жолооч нарт ажил олгосон их ач тустай юм болж байна. Харин боомтуудыг өргөжүүлж, тоог нь нэмэгдүүлэхгүй бол, ачааллаа дийлэхгүй хэцүү байна” гэж ярив.
Нэгэн сэтгүүлч бэлд нь тоглож өссөн, Болор толгой гэдэг газартаа очтол улаан шороо бужигнасан, гүн хар нүх угтжээ. Болроос бүтсэн тэр толгойг харийнхан дор нь зөөгөөд аваад явж. Үүний учир жанцанг мэдэх хүн нутагт нь нэг ч үгүй гэнэ. Том хар нүх мал амьтан унаж үхдэг булшны газар болж.
“Болор толгой” хэд байна. Харийнхан (үл бүтэх дарга нараа хамруулж буйг дахин хэлье) Монгол улс үндэстэнд хичнээн ийм булшны нүх бэлтгэж байна. Үүнийг хэн ч мэдэхгүй. Орон нутгийнхан ч мэдэхгүй, ойртвол буудуулчих гээд байдаг юм чинь. Нэргүй цэргийн булш гэдэг шиг Монгол улс үндэстнээс нэргүй булш үлдэх юм биш биз? Нууц, хууль бус олборлолтуудад асар их анхаарал тавьж, таслан зогсоож, мэдээллийг нь ил тод болгож, “1000 толгойн” хэрэгтнүүдийг гэсгээн цээрлүүлэх хэрэгтэй байна.
Австрали улс Антарктидийн талыг бид авах учиртай гээд, өчнөөн бичиг баримт бүрдүүлээд, олон улсын тавцанд хөөцөлдөөд явж байна. Улс гэдэг ийм л байдаг юм аж. Бид Австрали шиг хөөцөлдөж, өөрийн баялгаа олж авч чадах ёстой.
Ямар ч хайгуул хийгдээгүй, нөөц батлагдаагүй, зураг төсөл нь үгүй атал, бүх шатыг алгасаад л, ашиглалтын лиценз аваад, шууд уурхай байгуулан цөлмөдөг байна (Ж: Сүхбаатарын Эрдэнэцагааны молибдений орд).
Ашиглалтын бус лицензтэй хэрнээ, мөн шууд олборлоод л, цөлмөөд эхэлдэг аж. Энэ нь дайснуудад ихээхэн ашигтай, учир нь хайгуул хийж байгаа гэсэн нэртэй тул татвар хураамж төлөөд байх юм үгүй. Ямар ч зөвшөөрөл, лиценз гээд байх зүйлгүй хэрнээ ч, сумын дарга маргад бэлэг өгөөд л цөлмөж эхэлдэг аж (Ж: Дорнод аймагт ураны 3, полиметаллын 3 уурхай ямар зөвшөөрлөөр баригдаж буй нь тодорхойгүй. Тэнд урантай ус хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон ноцтой хэрэг гарсан агаад, хүн ардын хэрэглээний хөрс, ус руу шингэсэн байх магадлал өндөр гэнэ).
Төсөвт орох татварын орлогын ихэнхийг ганц “Эрдэнэт” бүрдүүлдэг бөгөөд, бусад ордоо Монголын төр түмэн өөрсдөө ашигладаг бол байдал хэд дахин дээрдэх нь мэдээж. Гэтэл, 1000 ордоо цөмийг нь зэрэг ашиглуулах, цөлмүүлэх бодлого явагдаж байгаа ч, харийнхны балгаар ард олонд гай зовлонгоос өөр юуг ч авчрахгүй байна.
Харийнхан Монголд төр гэж байхгүй мэт, угаас Монгол Улс түмэн гэж байхгүй мэт л нутаг дэвсгэр дээр маань дураар дургиж байна.
УИХ-ын нэг гишүүний 900 доллараар зарсан орд Хонконгод 48 сая доллараар борлогдож.
Монголын хөрөнгө оруулалттай компани гэдэг нь худал бөгөөд, харийн “хөрөнгө оруулалттай” байх тохиол олон гэнэ.
Лицензийг худалдаж болохгүй атал, шилжүүлэх нэрийн дор харийнхан цааш дамлах нь түгээмэл. Их төлөв нэг улс аваад байгаа бөгөөд, эхнээсээ тэр улсын даалгавартай ажилласан харийнхан ч зөндөө бололтой. Лиценз нь хайгуул хийх, олборлох эрх атал, харийнхан баялгийг болон газрыг өмчлөх эрх болгон хэрэгжүүлдэг. Харийнхан Монгол улсыг бие биедээ худалдаж дуусгах нь ээ.
Баялгийн үнэ цэнийг бууруулах, үгүйсгэх чиглэлээр олон нийтийг хууран мэхэлж, харийнханд завшуулдаг. Стратегийн ордыг цөөлүүлэх, том ордыг жижиглэн хувааж ач холбогдлыг нь “багасгах”, холимог ордыг хамгийн хямд эрдсээр нь тооцон үнэлж, бусад эрдсийг нь үл бүртгэх, бүх ордыг нэгээхэн хэсгээр нь л “тооцоолох” гээд л арга мэх хэрэглэж ирэв. Баррель нефть 200 доллар болох төлөвтэй байхад 20 доллараас давахааргүйгээр үнэлгээжүүлж, Хятадын компанитай гэрээ хийсэн, нефть биш, бохир ус гээд гаргадаг ч гэж бичигдсэн.
Харийнхан ингэж дураар дургиж байхад, монголчууд ашигт малтмалаа олборлож ч болохгүй, үр шимийг нь хүртэж ч болохгүй байж ирсэн нь, уугуул ард түмнээ 2-р сортын хэмээн ялгаварлах, устгах апартеид бодлогын нэг хэсэг гэж бодогдож байна. Энэ апартеид бодлого ӨАБНУ-ынх шиг л цуцлагдах ёстой.
Ордуудаа заримыг нь стратегийн гээд зальхай гэрээгээр, заримыг нь стратегийн бус гэж шоовдорлон шууд харийнханд өгч байдгаа больё. Стратегийн гэсэнд нь харьд өгч устгах л стратеги харагдаад байдаг (Монгол улсад стратегийн чухал ач холбогдолтой юм бол яагаад харийнханд л хамаг эрх очихоор шийдэгдэж байна вэ, эсрэг л баймаар). Бусад нь бүр харагдах үзэгдэх юмгүйгээр сөнөж байна.
Тийм стратеги, тийм стратегигүй байдлын аль нь ч бидэнд хэрэггүй. Стратегийн гэх статус, харийнханд давуу эрх олгох бодлогоос татгалзъя. Бүх ордоо чухал гэж үзье. Монголчуудыгаа эрхэмлэн дээдэлье. Үүнийг хуулиндаа тусгаж, үлгэрт л гардаг баялгаа үлгэрт л гардаг аймшгаар цөлмүүлж байгааг таслан зогсооцгооё, С.Баяр дарга аа.

10. Ашигт малтмалд "аравтын татвар"-аа тогтоосон
авлигачдыг цээрлүүлье!


Ямар ч улс манайхыг ашигт малтмалаа луйвардуул гээгүй. Гэтэл дарга нар маань Монголын баялгийг харийнханд луйвардуулах л гээд, гол зорилгоо болгоод, үхэн хатан тэмцээд байхын учир юу вэ? Харийнханд тэд ямар өртэй болчихсон юм бэ?
Тэр өр бол “10-15 хувь”-ийн өр юм гэж энэ нийгэмд ярилцаж байна. Монголын баялгийн 10-15 хувийг хууль бусаар халааслахын тулд, харийнханд төлөөсөө төлөх хэрэгтэй болж.
Төр бол луйврын машин болчихсон гэж, болгочихсон дэглэмийнхэн нь ч өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Нэгэн дэглэмчин, төр бол луйврын машин, тиймээс төрд гарсан, төрийн үйлчилгээг авах гэсэн болгон луйвар л хийдэг, луйвартай л холбогддог гэж бичжээ. Бөмбөгдөгч онгоцоор бөмбөгдөхөөс л биш, ашигт малтмал олборлож болохгүйтэй л адил юм даа.
Чингээд ашигт малтмалыг Дубай бүтээхэд хэрэглэсэнгүй, бөмбөгдсөн байна. Монгол төр түмнээр эзэмшүүлье гэвэл, албан үүрэг нь учраас, дарга нар цалингаа л авна, харин бөөн ажил ундарна. Харийнханд бэлэглэчихвэл (тэгэхдээ хахуулиа авна, лицензээ худалдана), юу ч хийхгүй байхад Монголын баялгийн 10-15 хувь халаас руу нь зогсоо зайгүй урсана. Сайн зууч тийм хувь авдаг (хувьцаа эзэмшдэг) юм гэнэ.
Монголчуудад ийм шунахай болзлоо тавибал аягүй бол хэрэг нь илэрнэ, тэгээд ч манайхан глобал олборлол, үйлдвэрлэл зохион байгуулахгүй тул унац нь бага. Ингээд л харийнхантай...
Дарга нартай маань далд тохиролцсоны дагуу тэд “ашиггүй ажилласан” гэж тайлагнана, дарга нар “итгэнэ”, 10-15 хувиа авсаар байна. Ийм л юм байдаг гэнэ шүү дээ. Эх орончид тэмцэл өрнүүлсэн чинь, тэрийг нь: харийн компаний 34 хувийг эзэмшсэнийхээ төлбөрийг төлж дийлэлгүй, төр 2 тэрбум долларын өрөнд унах маягийн юм болгож хувиргасан л зальхайчууд даа.
Зарим харийн компани “ёсоор нь танай хөлслөгдөгч, үйлчлэгч түнш болъё” гэхэд “үгүй, үгүй, заавал 100 хувь ав, тэгээд надад..., эс бөгөөс зайл, тонил” гэсэн санааг ойлгуулдаг байж.
Харийн алтны компани жилд 100 сая долларын ашиг олж байсны 5 хувийг нь нэг эрхэм гишүүн, 5 хувийг нь эрхэм гишүүн асан нар хүртдэг гэлцэх юм. Гэтэл, эх орончид хилэгнэн тэмцэхээс өмнө, Монгол улс түмэн 1 хувийг ч тэндээс олж авч чаддаггүй л байлаа. Ард түмнээс эмээсэндээ жаал жуул юм төлж эхэлсэн ч, төдөлгүй орд шавхагдчихсан (10 жил ашиглана гэсэн ч, татваргүй 5 жилд амжуулсан нь тэр).
Нэгэн дэглэмчин “Би хариуцлага хүлээнэ, хүлээлгээд аль” гээд л байнга тунхагладаг. “Намайг оролдвол бүгд л хамтдаа унана, тиймээс би яасан ч болно, намайг яаж ч чадахгүй” гэж эрдсэндээ үхэхээс наахнуур л цамнах юм. Тун чиг инээдтэй, гэнэн байна. Хамаг ашигт малтмалын хэргийг чанга дуутай нэгэндээ тохчихож болно шүү дээ. Ийм дэглэмийг тэр өөрөө бүтээлцсэн, бүтээлцсээр байгаа.
Яагаад дарга нар маань ордыг өөрсдөө эзэмшиж болоогүй юм бэ, ашиг нь бүр л их байх шүү дээ. Хуулиас ичсэн хэрэг үү? Огт үгүй юм. Колонийн харь эздэд үйлчлэх, колоничлогдогч ард түмнээ цөлмөн дээрэмдэх сэтгэлгээтэй, угшилтай, залхуу, бэлэнчлэгч, арчаагүй учраас тэр. Колонийн л ажлаа хийнэ шүү дээ. Харь түншүүд нь өөсрдийг нь ч залилж мэхэлж байдагт (баялгийн хэмжээ, ашгийг бууруулж мэдээлэх, төөрөгдүүлэх гэх мэтээр) тэд гомдохгүй. Колонийн эздэд хэдэн үеэрээ гомдохгүй яваад сурчихсан ажгуу.
Гэвч энэ бүхэн нь гэмт хэрэг. Тэдэнд (дотоод, гадаадын хэнд нь ч) шударга шүүхтэй хамтран ажиллах ганц л зөв зам буй. Хамтран ажиллана гэдэг нь авлигадах, хуйвалдах гэсэн үг биш, өөрийн болон хамсаатнуудынхаа үйлдсэн хэргийг илчилж, ялаа хөнгөрүүлэх гэсэн үг юм.
Мөн, ашигт малтмалын гэмт хэрэгтнүүдийн хамтран ажиллахыг хүлээлгүй, хуулийг сахиулах шийдэмгий арга хэмжээ авах цаг болжээ, ерөнхий сайд аа.

11. "Ашигт малтмалын эсрэг" тэмцдэг
террор байгууллагуудыг сөнөөн даръя!


Ашигт малтмалын эсрэг тэмцэл гэж хачирхалтай үзэгдэл нийгэмд маань олон жил бугшив. Тэр тэмцлийг ашигт малтмалд дургүй, аллергитай (жинхэнэ утгаар нь хэрэглэв, жаргоноор биш) бус, харин дур нь хэтэрснээс болж, 10:90-ийн харьцаатайгаар харийнхантай нийлж завшиж байгаа дайснууд зохион байгуулдаг.
“Муу нохойн гэдсэнд шар тос тогтохгүй”, “Уул уурхайн национализм боллоо”, “Баялгийн хараал тусах нь ээ”, “Хоёр толгойгоос салгаад өгөөч” гээд л тэд бичдэг. Нэг хөлсний бичээч иймэрхүү кампанийг удирдан зохион байгуулсны төлөө харийн ганцхан компаниас сард 11 сая төгрөгийн цалин аваад байгаа гэсэн. Бас нэг компаний ашгаас хөөрхөн хувь хүртчихдэг гэв үү. Энэ мэт орлогоо, тэр мэт зүйлсийг бичсэн номныхоо орлого мэт харагдуулж, тархи угаачихсан чинь, “соён гэгээрүүлэгч” гээд мунхрагсад гарчихсан ч юм шиг.
Эх орончдоос болж, өдөр бүр сая доллар алдагдаад байна л гэдэг. Ор үндэсгүй худал бөгөөд, неоколоничлолын ажил явдгаараа л явж ирлээ. 68 хувийн татвар уул уурхайг сөхрүүлчихсэн, ашиггүй болгочихсон л гэдэг, тэр чинь угтаа 6, 18 хувийн татвар биз дээ. Яаж энэ өчүүхэн зүйл тэднийг сөгтгөх вэ?
Ард түмнийг ашигт малтмалыг үзэн яддаг болгох солиотой төлөвлөгөөг хэрэгжүүлж буй тэд уул уурхайн мэдээллийг маш нууц, хаалттай байлгадаг. Худал хуурмаг зүйлс, худал хууль, гэрээний эх зэргийг бол мэдээлэл гэхгүй нь ойлгомжтой. Ашигт малтмалыг жигшүүлэх кампанийхаас өөр байр суурийг огт нийтэлж нэвтрүүлж болохгүй гэж ХМХ-үүдэд тушаадаг ч гэх шиг. “Айвеноу Майнз” сэтгүүлчдийн уул уурхайн сургалт зохион байгуулдаг ч гэх шиг.
Ийм кампани ард түмэнд хэрэггүй. Мэдээлэл хаалттай нөхцөлд, цаагуураа юу ч найруулж, яаж ч алдагдалтай ажиллуулж, харин алдагдал гээчийг нь ард түмэн төлж, модоо барьж болно. Эх орны үнэт баялгийн талаар үнэн зөв, нээлттэй, ил мэдээлэл, тодорхой судалгаа ард түмэнд хэрэгтэй!
М. гэдэг дарга “Нэг улс ганцаараа хожоод, суга хөгжинө гэж байхгүй. Бусдаас илүү ухаантай болж, ганцаараа хожиж, бусдыг хохироох юм бол бид өөрсдөө л юмгүй хоцорно” гэж заналхийлжээ. Өөртөө л энэ үгээ хэлэх хэрэгтэй. Монгол улс өөрийнхөө өмчийг өөрөө ашиглах нь дэлхийг огт хохироохгүй, харин неоколоничлол, геноцид бол дэлхийн эсрэг гэмт хэрэг юм.
“Ө” гэдэг сонинд “...Ашигт малтмалын баялаг ихтэй улсын иргэдийн амьдрал баян чинээлэг байхаар боловч амьдрал дээр эсрэгээр байдаг. Баялаг ихтэй оронд ядуурал их хэмжээгээр байдаг” гэж бичжээ. Баян чинээлэг улсууд ашигт малтмал дээр суурилж хөгжсөн нь дунд сургуулийн сурах бичиг дээр тодорхой л байдаг сан.
Тэр л сонинд (ер нь ашигт малтмалын эсрэг хамгийн их дайрдаг сонин шүү дээ): “Бороо Гоулд”-ын ачаар уул уурхайн эрүүл орчин бүрдэж, макро эдийн засгийн том орон зай буй болсон. Монголчууд үлгэн салган 1 тн алт л олборлодог байсан” гэжээ. Үүнийг бичсэн хүн эрүүл үү, нийтэлсэн сонин нь ямар улсынх вэ?
Иймэрхүү этгээдүүд, байгууллагуудыг нүдэлж авах хэрэгтэй. “Линчийн шүүх”-ээр оруул гэж байгаа юм биш, улс түмэн хожим нь эх орноосоо урвасан хэргээр, хуулийн дагуу шийтгэхэд хэрэг болно. Неоколоничлол, геноцидийн гэмт хэрэгт зүтгэж, эх орноосоо урвачихаад зүгээр өнгөрнө гэж байж болохгүй. Хамгийн хөнгөн ял нь л Монгол Улсаас хөөх, ашигт малтмалын хувь хүртэх эрхээс хасах гэхчилэн байхаар хуулийн зохицуулалт хийх хэрэгтэй юм. Ер нь ашигт малтмалын гэмт хэрэг үйлдэгчдийн талаар тусгай хууль гаргаж ч болохоор болсон. Эх орончдын бүртгэлд дайснууд бүгд орох ёстой.
Ашигт малтмалын эсрэг тэмцдэг тоглоомын тусгай байгууллагууд байна. “Гацууртад “Бороо Гоулд” алт илрүүлсэн, түүнийг өөр компани олборлоно гэвэл хууль гэж байгаад хэрэггүй. “Бороо Гоулд”-ын алдаа гэж байхгүй, монголчуудын алдаа л гэж байж болно. Бид 8 жил тагнуул, урвагчдаараа дуудууллаа. “Бороо Гоулд”, “Айвеноу Майнз” манай гишүүн. Бид тэдний эрх ашгийг төрийн бодлогод тусгуулах үүрэгтэй. Бид тэднээс санхүүждэг. Бид тэдний лоббиг хийдэг болохоос, гудамжинд жагсдаггүй” гэж нэг дарга нь бас нэг “Ө” гэдэг сонинд өчжээ. Иймэрхүү хүн манай төрийн хувьд их л зөв зүйтэй иргэн нь байдаг болчихсон байх даа. Үймээн, самуун дэгдээсэн гэж шийтгүүлэхгүй байхыг бодоход.
Нэг дарга нь “Тийм сүрхий ухаантай юм бол тэр үед нь хэлэхгүй яасийм” гэж эх орончдод омогджээ. Төртэйгээ нийлээд тас нууцалсан юмыг Жеймс Бонд биш бол яаж мэдэх билээ. Харин мэдэнгүүтээ тэмцэж эхэлсэн шүү дээ. Тэрхүү дарга, гуйлгачин байж 34%-ийг чамлалаа, элдэв хувь шаардах нь ЗГ бизнесийн хэрэгт хэт оролцож, хууль зөрчиж буй хэрэг гэхчлэн төр түмнээ дайрч давшилжээ. Тоглоомын ийм байгууллагууд үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн том террор бүлэглэл болох магадлалтай байна “Жагсахыг” нь хүлээлгүй, урвагчдын байгууллагуудын үйл ажиллагааг хориглох хэрэгтэй байна.
Ашигт малтмалын эсрэг тэмцлийг таслан зогсооцгооё, сайд аа.

12. Монголчууд улс орноо
тэргүүн зэргийн хөгжил дэвшилд хүргэж чадна


Монголчууд өөрсдөө баялгаа ашиглах зарчим гэж хуулинд ч, төрд ч алга. Уг нь Монголын хууль, төр шүү дээ. Уул уурхайн яамаа ч устгачихсан.
Гэвч тэр баялаг биднийх юм аа. Ашиглаж чадахгүй байлаа ч, бидний л юм, тэдний юм биш. Айл гэрт байнга ашиглаад, хэрэглээд байдаггүй зүйл зөндөө л байдаг. Гэхдээ л тэдний өмч, төрөөс харийнханд лиценздээд өгчихөж болохгүй, түүнтэй л адил.
Оюутолгойг хүрэл зэвсгийн үед өвөг дээдэс маань нээсэн байна, ашиглаж ч байж. Геологийн шинжлэх ухааны ёсоор ч монгол хүн нээсэн, Фридланд энэ ордын тухай мэдээллийг монгол хүнээс авсан юм билээ шүү дээ. Харийнхан нээсэн байлаа ч, бидний л юм. Бид өөр улс гүрэнд, “нээлээ барилаа” гээд баялгийг нь цөлмөчихдөггүй л биз дээ, тэрэнтэй л адил.
Тусгаар тогтносон улс юм бол, монголчууд баялгаа ашиглахыг дээдэлсэн бодлого, үйл ажиллагаа гэж байх ёстой. Тийм юм байж болохгүй болчихсон бол, тусгаар тогтнолыг худалдсан гэмт хэргийг мөрдөж эхлэх хэрэгтэй.
Төрийн оролцоо л гэх юм, монголчуудын оролцооны тухай яагаад огт ярьдаггүй юм бэ?
Манайд гадны хөрөнгө оруулагч биш, манай баялгийг барьцаалж олсон мөнгөөрөө санхүүжин манайхыг цөлмөх гэсэн дээрэмчид олноор орж ирж. “Айвеноу Майнз” Оюутолгойг эзэмших гэж нэг ч төгрөг зараагүй юм биш үү. Бид л тэдэнд хөрөнгө оруулж ирэв.
ЗГ маань баялгаа бүртгэж авч баталгаажуулаад л, баталгааныхаа дагуу мөнгө босгож бүрэн болох байсан төдийгүй, дэндүү амархан бүтэх ажил байж. Тэгсэн бол баялаг дарга нарт биш, ард түмэнд очих учраас л түүнийг хийсэнгүй.
Гэхдээ хийх ёсгүй юм биш ээ. Хийх үүрэгтэй! Эл үүргээ биелүүлэхгүй гэвэл, огцорч л таарна. Өөрсдөө л тэд огцоръё гэсэн хүсэлтээ тавьж буй хэрэг шүү дээ.
Оюутолгойн өчүүхэн хэсгээр, монголын хувьцаа эзэмшигчдийн мөнгөөр л босоод ирэх хөрөнгө юм билээ. Дурын банк ч дуртайяа зээл олгоно. Ашигт малтмал эзэмших шиг ашигтай, эрсдэлгүй бизнес гэж үгүй юм чинь.
Тэндхийн баялгийг эцсийн бүтээгдэхүүн болтол (зэс утас, цутгамал г.м.) эзэмшихэд 1,5 тэрбум доллар л шаардлагатай гэсэн. ЗГ-т боломжтой л асуудал байгаа биз.
Газар дорх баялгаа үнэлээд байгаа чигээр нь зарж ч болдог гэнэ. Зарим ордоо тэгж зараад мөнгөжиж ч болно. Ард түмнээ гэсэн сэтгэлтэй бол, Монгол улсыг хөгжүүлэх амархан байна. Мөнгө л байвал мөн ч их юм бүтээнэ. Тэр нь байгаа л гэсэн үг.
Бид ашиглаж чадахгүй биш, чадна гэдэгт л хамаг учир байна. Уул уурхайн бүх шатны үндэсний мэргэжилтэн бэлтгэгдсэн, бэлтгэгдсээр байна, мэргэжилтэй ажилчдын хувьд ч гэсэн. Хэрэв дутвал гадаадын мэргэжилтэн, ажилчин, компанийг энэ “Айвеноу Майнз” шиг л хөлслөн ажиллуулах бөгөөд, ялгаатай нь монгол хэлтэн, туургатнаасаа авч ажиллуулж, уугуулшуулал, элэгшүүллийн үйлсэд нэмэр болгох хэрэгтэй.
Манай иргэдийн сурсан мэдсэн нь хаагдаж боогдоод, апартеидэд өртөөд байдаг болохоос биш, чамгүй юм шүү. Хэл ам тарьдаг бодисуудгүйгээр алт угаах төхөөрөмж зохион бүтээж, үйлдвэрлэсэн байна, дэмжигдсэн юм алга. Уул уурхайн тоног төхөөрөмжүүдийг хийе, үйлдвэрлэе гэсэн санал зөндөө байдаг байна. АЦС байгуулж, ажиллуулах боловсон хүчин ч бий. Ашигт малтмалаа монголчууд ашиглаж, эцсийн дээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн чадвартай. Троллейбус экспортлоод, машин, онгоц хийгээд л байгаа шүү дээ. Төр засаг л саад болоод байна, харин бүр улс түмнээ устгах гэж улайран зүтгээд байна.
“Гадаадын хөрөнгө оруулагч” гэсэн халхавчийн дор харийн түрэмгийлэгчийг залж ирэх заалтуудыг хуулиасаа хасч, Монгол улс түмний дархан эрх, давуу эрхийг л эрхэмлэн тусгая. Тэдний ашиг гэж мэдүүлсэн зүйлээс 6, 18 хувийн татвар авсан чинь л ЗГ мөнгөө хааш нь хийхээ мэдэхээ байтлаа баяжсан юм гэнэ лээ (мэдэхгүй байдаг нь тусгүй л юм) Тэгвэл, өөрсдөө эзэмшээд 1900 хувийн ашгаа олж авахаар цэнгэлийн манлайд хүрцгээх үү. Мэдээж хэрэг.
Үндэсний олборлолоос ашиг дороо л гарч ирнэ. Заэавал түмэн жилийн дараа ирдэг биш (харийнхан л тэгж тархи угаагаад байгаа). Манай “мянган толгой”-д олборлол явагдаад, ашиг гараад л байгаа шүү дээ. Оюутолгойн, ил уурхайтай болох хэсгийн захаас нь жаахан ухахад л зэс гараад л ирнэ.
“Нинжа нар бүгдээрээ хууль бус. Тэднийг нөхөн сэргээлт дээр ажиллуулах хэрэгтэй” гэж нэг дарга, таны ивгээл дор явагдсан бичил уурхайн хурал дээр ярьж байсан. Нинжа гэдэг чинь үндэсний олборлогч. Үндэсний үйлдвэрлэгчээрээ болохоор харийнхны хог цэвэрлүүлэх үү?
Ингэж монгол хүнээ ялгаварлаж, доромжилж, Монголын эсрэг нацист, фашист үзэл гаргаад байж болохгүй юм. Нинжа буюу, алуурчин гэж нэрлэхийг ч болимоор. Мөнгөн ус, цианидыг хорино л гэнэ, зөв хэрэглэх технологийг нь нэвтрүүлэх хэрэгтэй болохоос бус, үндэсний үйлдвэрлэлээ бүх талаар хааж боогоод байж болохгүй шүү дээ.
Тэднийг клондайкчууд, клондайкч гэж нэрлэвэл зохилтой. Клондайк маягаар олборлож байгаа тул. Тэгээд тал бүрээр дэмжиж ажиллах хэрэгтэй. Хөрс хуулаад өгвөл клондайкчдад маш том тус болно.
Хичнээн хааж хорьж, хоморголон барьж, шийтгэж, хавчиж хяхаж, харлуулан гүтгэж байсан ч, клондайкчид үйл ажиллагаа өргөжүүлж, уурхайнуудыг байгуулж, хөл нь дөрөөнд, гар нь ганзаганд хүрч байна. Дархан-Харморьтын, Гүнбилэгтийн гээд клондайкчдын байгуулсан уурхайг дарга нар ч хүлээн зөвшөөрч, жижиг, загвар гээд л өөрсдийн хийсэн ажил мэтээр л танилцуулаад яваад байгаа шүү дээ. Тэр клондайкчид ашиглах техникээ ч өөрсдөө хийсэн байгаа юм.
Дэлхийд цаашдаа ашигт малтмалын үнэ тууштай өсч, тэнгэрт хадах нь ойлгомжтой. Тиймээс бид бүх ордоо одоогийнх шигээ зэрэг зэрэг устгах гэж яарах хэрэг огт байхгүй. Бидэнд шаардлагатай хэмжээнд, түвшинд л эзэмших хэрэгтэй. Тэр түвшин бол эцсийн бүтээгдэхүүн.
Энэтхэгийн “траншейний” ядуучууд жижигхэн мануфактур байгуулчихсан Нью-Йоркийнхны захиалгаар траншейний таг цутгаад байж байх юм. Бид тэднээс дор байх уу. Эх орончдын шахалтаар, дарга нар “эцсийн бүтээгдэхүүн гаргана аа” л гэдэг боллоо. Энэ үгнээс цааш ахиж хэрэгжсэн зүйл нэг ширхэг ч алга. Эцсийн бүтээгдэхүүн нь Монгол улс түмний сөнөл мөхөл л байх юм шиг байна.
Катар улс өөрөө нефтийн ихээрхэн нөөцтэй байж, Венесуэлээс нефть авч, шатахуун, хуванцар гээд л өчнөөн юм үйлдвэрлэж байна. Эцсийн бүтээгдэхүүн гэж энийг хэлнэ. Ус сувгийн хоолойд молибденийг ганц дусаачихад л бараг мөнхийн хоолой болох бөгөөд, ач тус ихтэй тул үнэ нь ч өндөр. Эцсийн бүтээгдэхүүн гэж энэ. Оюутолгойд олборлоод, хайлуулаад, цутгаад, тогоо шанага, сүх, зэв гээд хамаг юмаа хийчихдэг байсан хүрэл зэвсгийн үеийн өвөг дээдсээсээ дор байна гэвэл мөн гутамшигтайяа. Клондайкчдын биш, хүрэлсүхчдийн хөдөлгөөн гэсэн ч болох мэт (намын ЕНБД-ыг хэлээгүй нь ойлгомжтой).
Баялгийн ерөөл гэж буй. Дубайд 7 хоног бүр нэг гайхамшиг босч, олныг гайхшируулдаг. Тэнд Лас Вегас ч байна, Венец ч байна, Пиза ч байна, Лос Анжелес ч байна. Нар, салхи, газрын гүнээс өөрөө үйлдвэрлэх энергиэрээ өөрийн хэрэгцээг бүрэн хангах 2494 м өндөр тансаг цамхаг барьж, зөгнөлт зохиолыг биелэл болгох нь. Хөгжлөөрөө Дубай тасарлаа.
Газрын диваажин Дубай руу дэлхийн хүн ард татагдаж байна, тэмүүлж байна. Ашигт малтмалаа эцсийн бүтээгдэхүүн болтол нь өөрөө бүрэн дүүрэн ашиглаж, үүн дээрээ суурилан, ашигт малтмал дууссан хойно ашигт малтмалгүй амьдрах амьдралдаа улайран бэлтгэж, өндөр хөгжлийг тэнд цогцлоов. 2003 онд жуулчлалаас олдог ашиг нь нефтийнхээс давсан. Эдийн засгийн өөр олон өндөр хөгжилтэй салбарыг бүтээн байгуулж байна. Уран зөгнөлийг бодит амьдрал дээр тэргүүлэн хэрэгжүүлэх дэлхийн хамгийн анхны “ухаантай хот” Дубайд нь гарагийн том краны 17 хувь нь ажиллаж байна. Баялгийн ерөөл гэж энэ.
Бид ингэж л хөгжих ёстой, бүтээлчээр амьдрах ёстой, чадна ч. Эрх баригчид л саад болсоор ирлээ. Баялгийн хараал гэж байдаг бол монголын ард түмний дайснуудад туснаа.
Харин бид чадна. Эрхэм ерөнхий сайд та ард түмэнтэйгээ нэгдэх биз ээ.

13. Бөөс түүхийг болиулъя

Та нэгэнтээ “бөөс түүх шиг юм ярилаа” хэмээх УИХ-ын чуулган дээр уурсаж байсан. Ард түмнээ бөөс гэлээ, буудуулсан хохирогчдыг бөөс гэлээ, үүнийхээ төлөө огцрох ёстой гээд л үг яриа гарч байсан даа.
Өөр зүйлүүд дээр та тийнхүү уурласан бол ардын баатар болох байв. Ашигт малтмалыг харийнханд бэлэглэснээр ийм тийм ач тус ирлээ гэж зогсоо чөлөөгүй сурталчилж байгаад та тийнхүү уурлаж болох байсан.
• Харийн олборлогчдоос төр маань төдөн тонн алт худалдаж авлаа гээд л баясаад байх бололтой. Өөрийнхөө баялгийг өөрсдөө худалдаж авч байгаа явдалд баясах юу байна?
• “Манай улс тэргүүлэх ач холбогдолтой салбарт оруулсан хөрөнгийн 10 хувьтай тэнцэх татварын хөнгөлөлт үзүүлдэг. Оюутолгойд тэгээгүй учир тэрбум доллар орж ирнээ” гээд л нэг дарга хөөрцөглөв. Харийн компанид өчнөөн хөрөнгө оруулчихаад, тэрнийхээ 10 хувьтай тэнцэх татварыг бас авахгүй гэж тэнэглэчихээд, түүнийгээ хуулиа зөрчин байж (ер нь хууль бус гэрээ шүү дээ) больмор аядсаны (тэгээ ч үү) ач тус нь бөөс түүх адил явдал мөн үү? Мөөн.
• 125 сая доллар гэдэг бол бас тийм өчүүхэн ач тус.
• “Бид эхлээд 34 хувь гэж байгаад, дараа нь гадаадынхныг ингэж тэгж хуурч мэхлээд төд болгочихно” гэдэг. Манийгаа л мэхэлж байгаа царай нь юм байх даа.
• “Ашигт малтмалын салбарыг цэгцлэхийн тулд лиценз олгох дээр хүнд суртал гарганаа” гэж нэг дарга ярив. 1-рт, одоо лиценз олгох юм үлдээгүй, 2-рт, харийнхны ард дараалалд зогсч байсан монголчуудын ээлж ирэхээр ингэв үү, 3-рт, хүнд суртал гаргах гээд байвал халагдах хэрэгтэй шүү дээ.
• “Шууд бусаар төдөн ажлын байр бий болгоно” гээд л тоо жагсаах болж. Харийн булаан эзлэгчдийн тухай миний бичээд сууж байгаа минь тэд надад шууд бусаар ажлын байр гаргаж өгч байгаа хэрэг болох нь л дээ. Булшчидад тэд шууд бусаар хичнээн ажлын байр гаргаж өгсөн бол.
Нэг сумын иргэдийн 10 хувьд нь шууд ажлын байр гаргаж өгсөн гэнэ. Өөрийн улсынхаас 40-60 дахин бага цалин өгч шулж мөлжөөд, тэгээд бас улс түмнийх нь эсрэг турхирдаг шүү дээ. Үүнээс ач тус хайх нь бас л бөөс түүх хэрэг.
• “Харийнхан уурхайгаан бариадахвал нэгэн аймгийн ДНБ 12 дахин өснө” гэж хошгоруулах гэв. Тэр чинь харийнхний дээрэмдэж зөөх зүйлийн л тоо хэмжээ.
• Орон нутгийг ингэж тэгж хөгжүүлсэн гээд л үнэн худал нь мэдэгдэхгүй, үнэн байлаа ч инээдтэй зүйл ярих юм. Бөөсийг заан болгоно гэгч тэр буй заа.
• Оюутолгойн тэр том гэрээнд, гуйлгачин гуйж оруулсан аятай, 30 оюутанд тэтгэлэг олгоно ч гэх шиг олон ичмээр зүйлс байна. Монголын улс төрийн шинэ нэр томъёо, үг яриагаар бол энэ мэтийг л бөөс гэх буй заа.
Дарга нар сөнөж мөхөхийн ач тусыг олох гэж, бөөс түүх шиг юм ярьж байна (Бөөс бүхний балаг нь харин уул шиг байх юм).
Эрүүл ухаантнууд бол, Дубай босгох шиг юм ярих ёстой. Тийм биз дээ, ерөнхий сайд аа?

(Үргэлжлэл бий)

Ч.Мөнхбаяр. ММIX.IV.XIV

No comments: