Saturday, June 20, 2009

МУ-ын Ерөнхий сайд С.Баярт илгээх ил захидал


Эх нутгийнхаа 43 хувийг чөлөөлье хэмээсэн 43 тэзис
(Нэгдүгээр хэсэг)

1. Эхлэл

Сайн байна уу, С.Баяр дарга аа!
Улс, түмнийхээ хувь заяаны төлөө зовнисон эгэл сэтгүүлч танд бичиж байна.
Миний бие, ашигт малтмалаа зөв зүйтэй ашиглах нь л улс түмнийг минь, ирмэгт нь тулж ирчихээд байгаа сүйрэл мөхлөөс аврах цорын ганц зам гэж үздэг ээ. Тэр талаараа, ЗГ-ын тэргүүн, эрх баригч намын дарга, УИХ-ын гишүүн, ер нь “төрийн гурван өндөрлөгийн тэргүүн”, “нам засгийн тэргүүн” гээд хэлчихэд буруудамгүй, өнөөгийн Монголын хамгийн эрх мэдэлтэй, нөлөөтэй хүмүүн болох Тантай хөөрөлдье гэж бодлоо.

2. Иргэний хөдөлгөөнд нэгдээч!

Өнөөдөр монголчууд бидний хийвэл зохих хамгийн ойрын алхам нь ашигт малтмалын неоколоничлолоос, түүнийг хэрэгжүүлэгч харийн түрэмгийлэгчдээс эх орноо чөлөөлөх явдал. Үүний төлөө иргэний хөдөлгөөнүүд, эх орончид тэмцсээр ирэв.
Ашигт малтмалаас монголчуудад тэг хувь ашиг ногдох практик хэрэгжиж байх үед, эх орончдын тууштай тэмцэл эрх баригчдыг буулт хийхэд хүргэж, тэд монголчуудад баялгийнх нь 34 хувийг эргүүлэн өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдэж байсан. Дараа нь, уг тэмцэл “51 хувийг эргүүлэн өгч болох юм” гэж эрх баригчдыг дуугарахад хүргэсээн. Бодотоор хэрэгжих хэтийн төлөв л харин үзэгдэхгүй байна.
Монголчууд харийнханд, тэдний боолуудад булаагдсан өөрийн баялгаа жинхэнэ ёсоор эргүүлж авахад юу хэрэгтэй юм бол оо. Яавал эрх баригчид монголчуудад буцааж авч өгөх бол? Бас нэг “7.1” тэдэнд шаардагдаад байгаа юм уу? “7.1” шиг алхам хийж байж л ард түмэн баялагтаа эзэн болж, “8.14” шиг баярлан, магнай тэнийх ёстой юу?
Ашигт малтмалтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг 300 гаруй иргэний хөдөлгөөн байна гэх юм. Ихэнх нь эх орноо чөлөөлөхийн төлөө чигтэй байгаа. Зарим нь ч яахав, хөлс мөнгө өгвөл яахаас ч буцахгүй л байх, гэхдээ тэд хийдгээ хийгээд замхарч үгүй болно. Харин зөв чиг баримжаатай хүчин өргөжин тэлсээр л байх нь дамжиггүй. Ямар хэмжээнд хүртэл өргөжин тэлэх нь эрх баригчдыг зөв шийдвэр гаргахад хүрэлцэх вэ?
Ашигт малтмалаар дагнасан үйл ажиллагаа явуулдаггүй байгууллагууд ч аргагүй энэ тэмцэлд татагдан оролцоно. Жишээ нь, нэг байгууллага цалин нэмэх шаардлага тавьлаа гэж бодъё. Гэхдээ цалин нэмэх нь ашигт малтмалыг эх орончоор эзэмшихгүйгээр огт бүтэхгүй гэдгийг ойлгох л болно, тэгээд л неоколоничлолын эсрэг тэмцэлд татагдан оролцоно.
Эрх баригчид улам олон хөлсний этгээдийг эх орончдын өөдөөс турхирна, тэгээд иргэний дайн гарахыг ч үгүйсгэх аргагүй. Ийм юм дутаад байна уу?
Үгүй л байлтай. Эрхэм ерөнхий сайд минь, эртхэн эх орноо чөлөөлөгчидтэй холбоотон болж, эгнээнд нь орвол, хурцадмал байдал тэсрээгүй дээрээ арилна аа.

3. Хүчингүй хуулийн хүчингүйг зарлаж,
хүчинтэй хуулиудыг дагая!


Эрхэм сайд аа, улс түмний минь хүзүүнд өлгөгдөх дүүжлүүрийн гогцоо бэлэн зэхээтэй унжиж байна. Энэ бол, яавч харийн луйварчид л зохиож өгсөн доромжлол гэлтэй, “Ашигт малтмалын тухай” хууль “маань” юм. Хэрэв, монголчууд харийн түрэмгийлэгчдээс эх орноо эрч хүчтэйгээр чөлөөлж эхэлбэл, уг чөлөөлөлтийг олон улсын арбитраар нам дарахдаа энэ хуулийг “маань” эш болгох юм байна шүү дээ. Тэгэхлээр дүүжлүүрийн гогцоог боломжтой дээрээ даруй устгах хэрэгтэй байна.
Тэр устгал нь маш амархан. Хүчингүй гэдгийг нь хүлээн зөвшөөрчихөд л болно. Угаасаа Үндсэн хуультай зөрчилдсөн хууль тул батлагдангуутаа л автоматаар хүчингүй болох болзлоо хангачихсан. Гэтэл УИХ-ын дарга нь хууль бусаар 551 заалтын 140-ийг нь өөрчлөн засч, улам ч зөрчилдүүлж, давхар давхар хүчингүй болгосон. Энэ хүчингүй байдлыг нь ҮХЦ тодорхойлсон. УИХ ч даргынхаа хууль бус алхмыг зөвшөөрч, огцруулсан хэрнээ, үхлийн энэ хуулийг хүчингүй болгохоо “мартчихсан”. Шалтгаан нь ийм сайхан бэлэн зэлэн байж байхад, эргэлзэх юмгүй л устгалд оруулчих хэрэгтэй шүү дээ.
Тэгээд, Монгол улс үндэстнийг мөхөөх зорилготой, 1997, 2006 оны ашигт малтмалын “хуулиудыг” буй болгосон гэмт хэрэгтнүүдийг хуулийн дагуу гэсгээн цээрлүүлэх шаардлагатай. Фридланд, Дэлхийн банк, ОУВС нар буруутай гэх яриа байдаг. Тэгвэл тэдгээрийг ч зохих хариуцлагад татаж, шоронд суулгах эрх нь монголчууд бидэнд бий.
Хуулийн, баялгийн, өргөнөөр хэлбэл гадаад, дотоод бодлогын асуудлаа бие дааж шийдвэрлэх бүрэн эрх нь монголчууд бидэнд байгаа. Хэн энэ эрхийг маань зөрчиж зүрхэлнэ вэ, түүнийг бид чаддаггүй юм аа гэхэд, бидний хүсэлтээр дэлхий шийтгээд өгчих цаг ирж шүү дээ.
Монголын төр хуульдаа, баялагтаа хандах ямар ч бодлогогүй шиг харагдаж байна. Бодлого байгаа бол, тэр нь ард түмнээ мөхөөх чигтэй үзэгдэх нь гарцаагүй.
Хуулинд юу орох вэ, орохгүй вэ гэдгийг хариуцах улс нь мэддэггүй бололтой. Тэнд улс түмний төлөө бодлого гэж байхгүй, уул уурхайтай холбоотой, холбоогүй дурын зүйлийг хамж шимээд л хүүдийлчихсэн янзтай байдаг. Төрийн тусгай бодлого үгүй учир, харийнхан хуультай маань зөрчилдсөн гэрээг тулган хүлээлгэдэг, уг зөрчилтэй гэрээнд тохирсон тусгай “хуулийг” хүртэл гаргуулдаг болж байна.
2006 оны хуулийн дагуу бол Монголын төр Эрдэнэт, Монросцветмет-д эзэмшдэг хувиа алдах учиртай болчихсон. Эрдэнэтийг алдвал гол татвар төлөгчөө алдана. Өөрийн хувиа байлгаад байсан чинь, “манайхныг ялгаварлан гадуурхлаа” гэж Оросын тал аргагүй дургүйцэж, хоёр улсын харилцаа хүйтэрсэн шүү дээ. Ийм л мунхаг хууль хийчихсэн.
Уг хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа гэсэн нь нотариатаар ийм тийм бичиг нотлуулнаа л гэсэнэрхүү юм байсан. Уг нь нотариатын асуудлаа хууль бүрд улиглаад байх биш, нэг мөр шийдчихмээр.
Нэгэн дарга: “Ашигт малтмалын хууль бол зөвхөн лицензийг зохицуулдаг болохоос биш, та нарын яриад байгаа асуудлыг зохицуулдаггүй юм!” гэж омогдож байсан. Лицензийг ард түмнийхээ эсрэг зохицуулаад байгаад асуудал оршиж байгаа юмсан.
Уг хуулинд Монгол улс үндэстний л төлөө гэсэн бодлого тусгагдах ёстой. Миний бие ашигт малтмалын тухай нэлээд бичсэн. 2008.5.17-ны “Ашигт малтмалын салбарт дангааршлын зарчмыг хэрэгжүүлцгээе!” гэсэн 25 зүйлт уриалгадаа гол санаануудаа гаргасан байдаг. Ойрын үед шинэчилж, ахин түмний хүртээл болгох (2007 онд анх гаргасан уриалга юм) бөгөөд, танд ч хүргэх тул энд нуршихаас түдгэлзэв.
Гол нь, Монгол улс үндэстнээ аврахын төлөө, Монголын төлөө шинэ хууль хэрэгтэй байна. Одоогийн мөрдөгдөж байгаа, хүчингүй, хууль бус хуулийг дагасаар байна гэвэл, ямар ч аюул нүүрлэж мэднэ. Монгол Улс үндэстэн амархаан сөнөчихөж ч мэднэ!

4. Оюутолгойн гэрээний 12 баримт (Надад үзэгдэж буйгаар)

1. “Эрдэнэт”-ийн уурхай, бүтээн байгуулалтыг хэн бүхэн мэднэ. Харилцан тэгш эрхтэй хамтын ажиллагаа л гэдэг. Гэхдээ арай ч бүрэн тэгш харилцаа биш. Бид Оросын аль нэг том ордыг хувааж эзэмшдэг үү? Үгүй ээ.
Тийм болохоор, социализмын үед хүртэл: “Эрдэнэт” ч үнэндээ манайхыг шулан мөлжиж байгаа явдал шүү дээ” гэж шивнэлддэг байв л. Харийнхантай ашигт малтмалын салбарт хамтран ажиллахдаа “Эрдэнэт”-ээс дээшээгээ л явах хэрэгтэй байсан юм. Өөрсдөө 100 хувь баялгаа эзэмших нь дэлхийн жишиг болсоон гэдгийг ойлгох, хэрэгжүүлэх цаг болсоон.
2. Монголчууд Тогтвортой байдлын гэрээ (ТБГ) гэдгийг солиорол, галзуурал гэж ойлгодог болох нь ээ. Маш нууцын зэрэглэлтэйгээр, гадны колоничлогчидтой хуйвалдаж байгаад л, узурпатор боолууд нь бидний хувь заяаг ийм гэрээгээр устгачих гээд байдаг болж. “Бороо Гоулд”-ын ТБГ-ээс бүр дор гэрээ болсон гэж мэргэжилтнүүд үзсэн. Тэгэхлээр үр дүн нь ямар байх вэ?
3. Оюутолгойн ТБГ манай хуультай зөрчилдсөн хууль бус гэрээ учир, уг гэрээнд аялдуулж, хаалттай хэлэлцэн, шинэ “хууль” гаргах гэж байна. ҮАБЗ уг ТБГ-г Монгол улсын эрх ашигт харшилна гэж дүгнэсэн. Техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-гүйгээр тэр гэрээг байгуулах гэж байсан. Монгол улсын гэрээний эрх зүйг харгалзалгүй, ажилд нь оролцох ёстой манай олон улсын гэрээчдийг оролцуулалгүйгээр боловсруулсан. ЗГ-аас ч нууцаар боловсруулсан гэрээ гээд бодъё л доо. “Гэрээний асуудал шийдэгдэхэд 3 сайдын оролцоо шаардлагатай” гэж яригдаж байсан атал, “нэг сайд 90 хоногийн дотор хариу өгөхгүй бол шийдэгдсэнд тооцно” гэсэн заалт орж байсан. Гэрээ юу, гэмт хэрэг үү?
Уг нь бол “Ашигт малтмалын тухай” шинэ хууль гарахад, уг хуулийн дагуу байгуулагдах учиртай гэрээ байв. Гэтэл нэг том дарга “Хууль хүлээлгүйгээр!” хэмээн зарлигдсан юм гэдэг.
4. Анх Оюутолгойн ТБГ гээд 2-3-хан хуудас юм оруулаад ирсэн ажээ. Тэрийг нь дарга нар “цөөхөн хуудастай байна” гэсэн тул, олон хуудсаас нь сүрдэж айсандаа шууд үзэглэхээс өөр аргагүй болгосон юм гэдэг.
Энэ ТБГ-г дарга нар маань уншсан бол гэрээ биш гэдгийг нь хэлэх байсаан. Монголд ач тустай зүйл ер үгүй, компаний ажлын дүрэм, уурхайн ашиглалтын журам, техникийн горим гээд л гарт таарсан бүхнээрээ дүүргэчихсэн, тэр их шаардлагагүй материалуудын дунд хорлонгуудыг нуун далдалсан, мийний талбай л юм билээ. “Би тэдэнтэй чинь гэрээ хийчихье!” хэмээн хэн бүхэн хашгирмаар л текст байсан. Төр нь хийж чадахгүй болохоор над мэтийн эгэл ард энд ингээд ажлыг нь хийгээд сууж байна шүү дээ.
5. Гадаадынхан л юу гэж ангайсан болгоныг өөрийн толгойгүй хэд дагасан энэ гэрээнд: Монгол тийм юм авна гэчихээд, авахгүй, чөлөөлөх, хөнгөлөх өчнөөн заалт оруулсан байв. Зарчимтай, бодлоготой, ойлгомжтой зүйл огт үгүй; дотроо зөрчилдсөн, заалтууд нь бие биеэ үгүйсгэсэн; Монголоос л хамаг баялгийг нь цөлмөж, харийн компаниас аль болох авахгүй гэсэн чиглэлтэй; тэдний өмнө сөхөрсөн, мөлхсөн, бялангачилсан, тийм л гэрээ байв.
6. АММ компаний хүлээх үүргийг “тэгнэ, ингэнэ” гэж тодорхой заалгүй, “анхаарна, хүчин чармайлт гаргана, тэгвэл” гэхчилэн бөөрөнхийлсөн байдаг. Тэгэхлээр биелүүлэх албагүй.
Төр маань ашигт малтмалаасаа авдаг байсан бараг ганц юм гэж хэлж болох ГА-ийн 68%-ийн татвараас АММ чөлөөлөгдөнө, гэхдээ зэсийн үйлдвэр баривал... гэсэн байдаг. Барина ч гээгүй, хэмжээг нь ч, хугацааг нь ч заагаагүй. Монголын баялгийг ухаж цөлмө гэсэн л тодорхой чиг гэрээнд буй.
7. Хямралаас гарахын тулд Оюутолгойг яаралтай харийнханд өгөх хэрэгтэй байна гэсэн. Гэтэл харийнхан тоглоомын байгууллагаараа дам-жуулж: “5-30 жилээс нааш ашиг гарахгүй л байх, тэрнээс цаашаа ч ашиг гарахгүй байж болзошгүй” гэж мэдэгдээд л байгаа шүү дээ.
Оюутолгойн нэгээхэн хэсгийн ашгийн 0,001 хувь буюу 125 сая долларыг өндөр хүүтэй зээлж авах л юм гэсэн, тэр нь хямралаас гарахад шаардлагатай гэх олон тэрбум долларын дэргэд юу ч биш, тэгээд ч харийн компанид тэр мөнгө нь байхгүй аж. Монголын уул уурхайн ассоциацийн даргын хэлэхийг үзвэл, манайхан л авна гээд яриад байгаа болохоос өгөх ямар ч боломжгүй юм гэнэ билээ.
“125 саяын явдал бол ломбарданд үнэтэй цайтай зүйлээ тавьж, шил архинаас хамаг юмаа алдаж явдаг архичныг санагдуулж байна” гэж иргэний хөдөлгөөний нэг зүтгэлтэн хэлсэн. Дарга нар маань энэ “архины мөнгөө” ч олж авч чадах юм уу даа, үгүй юу.
Хямралаас болж яарах шалтгаан даанч алга юмсанж.
8. Харийнхан монгол боолчуудын-хаа хамтаар, гэрээг ТЭЗҮ (техник-эдийн засгийн үндэслэл)-гүйгээр батлуулах гэсэн. Хэдий хэрийн баялгийг яаж цөлмөж, ямар ашиг гаргаж, Монголд юу өгөх нь тодорхойгүй, нүдэн балай, чихэн дүлий, таг харанхуйд тэмтчих адил юмыг л неоколоничлогчид, колонийн түшмэд дарга нар маань батлуулах гээд дайрч байв шүү дээ. Эх орончдын шударга шаардлагаар л ТЭЗҮ гээчийг арай гэж гаргаж өгсөн нь худал хуурмагаар дүүрэн.
Оюутолгойн нөөцийг 10, магадгүй түүнээс олон дахин бууруулан ТЭЗҮ-д тусгасан. Харин орд ашиглах зардлаа болон, оруулсан хөрөнгөө ихээхэн өсгөж мэдээлсэн гэх юм.
ТЭЗҮ-г боловсруулах ажилд монголын инженер-техникийн ажилтнууд, мэргэжилтнүүд, уул уурхайн эрдэмтнүүд оролцох явдлыг тас хориглосон нөхцөл байдал байв. Иймээс, Монголын талын тооцоо гэж ор байхгүй, харийнхны хэлсэн тоонд л дөрлүүлээд, гарын үсэг зурцгаах гэж байна.
Эрдэнэтийн ордыг Монгол-Зөвлөлтийн мэргэжилтнүүд хамтран судалж, ТЭЗҮ-ийг нь гаргаж байсан юм билээ.
9. Дарга нар маань “ашгаас нь бидэнд хувь хүртээгээрэй” гэсэн гэмт тохиролцоог хийгээд, хамаг ордоо харийнханд хорт хуулийнхаа дагуу бэлэглэчихсэн тул, гэрээний ерөнхий утга нь: Монголын төр Монголынхоо баялгийн асуудлыг шийдвэрлэх бус, харийнхан өөрсдийн өмчөөсөө монголын гуйлгачдыг өрөвдсөндөө л тасалж өгч байгаа буяны үйлс мэт байгаа.
Гэрээ байгуулагдангуутаа л даян дэлхийд, цагаан арьстнуудын өмчийг булаасан Зимбабвегийн балмад явдал шиг харагдаж, маргааш нь л шууд олон улсын тавцан дээр хүчингүй болтлоо унана шүү дээ. Ийм байхад, юун тэр 34 хувь, 31 жилийн дараа нэмж авах 16 хувь бэ? Үнэхээр авах гэвэл, бараг олон улсын цэрэг орж ирж, харийнхныг хамгаалах болчих гээд байна. Энэ нөхцөл байдалд ч неоколоничлогчид маш их эрдэж, аманд орсноо тулгаж буй.
Лиценз эзэмшиж байгаа компаний 34 хувийг манай тал шинэ хуулийнхаа дагуу дээрэмдэж байгаа мэт эл гэрээнд: Монгол улс харийн компанийн 34 (дараа нь нэмж 16) хувийг хамгийн өндөр хүүтэйгээр (9,9%) зээлж авах бөгөөд, зээллэгээ ашгаасаа төлж чадахгүй байсаар байтал, орд цөлмөгдөж дуусах тийм л харийн ТЭЗҮ байгаа. Үнэндээ хэн нь хэнийгээ дээрэмдэж байна вэ?
Ямар ч гэрээ байгуулсан, даян дэлхийд Зимбабвегийн дээрэм мэт харагдах энэ солиотой байдлаас яаж гарах вэ? Ашигт малтмалын авантюр, аферийн ялт хэрэгтнүүдийг гэсгээн цээрлүүлж, уг гэмт хэргийн зэмсэг болсон “хууль”, бусад баримт бичгүүдийг хүчингүй болгосон цагт л бид “мугабистууд” байхаан болиноо.
Байгалийн баялаг бол төрийн өмч гэж Үндсэн хуулиараа тодорхойлдог нь дэлхийн жишиг, манай ч жишиг. Тиймээс, эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашна гэгчээр, бодлогоо Монголын төр л боловсруулах, хэрэгжүүлэх ёстой. Оюутолгойн гэрээний хамгийн муу хувилбар нь Монгол, АММ-ийн эзэмших хувь 51:49, хамгийн сайн хувилбар нь Монгол 100 хувь эзэмшиж, гадаадынхныг хөлсний ажиллах хүчээр ашиглах явдал байх учиртай.
10. Монголын төр хэнтэй гэрээ хийгээд байгаа нь үнэндээ тодорхойгүй юм. AMM (Aйвеноу Майнз Монголия) гэх, уг нь Монголд л бүртгэгдмээр атал, Виржиний аралд бүртгэлтэй хачин компаний жинхэнэ эзэд нь жинхэнэ “Айвеноу майнз” гэдэг, өөр газар бүртгэлтэй компани гэх. Тэрний жинхэнэ эзэн нь өөр тивд бүртгэлтэй “Рио-Тинто” гэх. Энэнийх нь жинхэнэ эзэд нь Хятадын “Чайналко” болох гэж байгаа гэх юм.
Хэнтэй нь гэрээ байгуулаад байгаа юм бэ? Сүүлд хэнтэй хариуцлага тооцох вэ? Бие бие рүүгээ чулуу хөөлгөсөн энэ хэдэн компанийг тойроод л хэлээ унжуулаад гүйх үү? Аль нэг улсын ЗГ-ыг барьж авч байж, гэрээ байгуулахгүй бол болохгүй дэг шүү. “Марубени” манай ЗГ-ыг шүүхэд өгсөн шиг асуудалд хэрэглэх нэг барьц олж авах хэрэгтэй.
11. АММ МУУА гэдэг байгууллагаараа дамжуулж байр сууриа илэрхийлсэн нь (дарга нь хэлэв): “Уул уурхайн салбар ашигтай байхаасаа, ашиггүй байх нь их” гэжээ. Тэгэхлээр Монголд ямар ашиг гаргаж өгч, бид түүнээс нь 34, 50%-ийг нь авах вэ? Явж явж, 10 хувийн хүүтэй, 2 тэрбум долларын өрөнд орох биш үү?
12. Гайтай хоёр янзын гэрээг ард түмний шаардлагаар, үзэмжийн тулд ч атугай додомдох бололтой. Гэхдээ “Хөрөнгө оруулалтын эрхийг хамгаалах гэрээ” гэгч нууц хуйвалдаанаар додомдсоныгоо эвдэж, хуучин хэвэнд нь оруулах сураг дуулдах юм.
* * *
Баяр сайд минь, эгэл ард би “Оюутолгойн ТБГ-ний хэрэг”-ийг иймэрхүү л байдалтай ойлгож байна даа.

5. Ашигт малтмалын замаар Монголыг
харьд нэгтгэх гээд байна уу даа?


АММ гэдэг, хэзээ ч татан буулгаад бултчихаж болох, Виржиний арлын тоглоомын компанийг АМК (Айвеноу Майнз Канада) 2000.9.1-нд байгуулжээ. 2003 онд АММ лиценз авч.
Ядуу, өчүүхэн энэ компаний удирдлага “Калифорниос ч их газар нутагт тэр аяар нь тархсан эрдэнийн сан биднийх боллоо!” гэж мэдэгдэхэд л, 80 центийн үнэтэй асан хувьцаа нь дороо 9 доллар болж өсч байж. Яагаад манай дарга нар иймхэн зүйлийг хийж чадаагүй юм бол. Оюуны бэрхшээлтнүүдийн тусгай дунд сургуулиар дарга нарыг маань бэлддэггүй л байлтай.
АММ нь ч манайхантайгаа тарсан таар шуудай гэх юм. Хөрөнгө олж чадахгүй гацаж мунгинаж байсан нь бишгүй. Манайхныг л хуурч дөнгөхдөө гарамгай. Хэдэн гэр барьчихаад л гайхамшигтай бүтээн байгуулалт, шинэ Дубай гэж хошгоруулна. Жирийн модон жорлонг 8000 долларын үнээр барьсан гэж тайлагнасан байж. Нутгийнхнаар тэмээн поло гээчийг тоглуулж, хэдэн халтар цаас шидээд л хүн, малыг зовоож зугаацна. XX зууны эхээр Хятадад харийнхан хүн тэрэг хөлөглөчихөөд, бас тэднээр хөл бөмбөг тоглуулан зовоож, зугаацаж байсан хөгийн дүр зураг байдаг. Тэрнийг л санагдуулна.
Оюутолгойн хөрөнгө оруулалт гээч томоохон аферийг шударга аудитаар шалгуулж, улайлгаж илчлэх цаг нь болсон. Биднээр хүн тэргэн хөл бөмбөг тоглуулаад л байгаад байна гэвэл эндүүрэл биз ээ.
АМХЭГ, АММ хоёр хуйвалдаад, Оюутолгойг хууль бусаар, нууцаар, 60 жилийн хугацаатайгаар өгч авсан хэрэг гарч л байсан (Одоо энэ гэрээгээр 70 жилийн хугацаатайгаар өгнө гэв үү). Харин УМХГ үйл ажиллагааг нь зогсоож байв (Н.Энхбаяр дарга очоод л, бөөн хэл ам дагуулан сэргээчихсэн гэдэг). Б.Жаргалсайхан сайд хамаг лицензийг нь хураахыг завдсан. Болдоггүй л компани. Бид энэ компаниас харин дээрэмдүүлсэн юмаа авч болдоггүй биш юм.
АММ, АМК, Рио-Тинто бүгд сөнөж байгаа компаниуд. Дарга нар маань л улс түмнээ мөхөөж байгаад ч хамаагүй, тэднийг аврах гээд байна.
Рио-Тинто том компани байсан л гэнэ, өдгөө том дампуурагч л болсон. Тэр тусмаа бидэнд аюултай! 40 гаруй тэрбум долларын өртэй, дарга нь огцорсон, олон мянган ажиллагчаа халсан. Харин монголчуудын арьсыг хуулж байгаад л, уг өрөө төлөх гээд байх юм. “Австрали аа, энэ хулгайч нараа аваач ээ!” гээд л жагсмаар байна. “Улсууд аа, хулгайч нараа аваач ээ! Эсбөгөөс, бид та нартай найрамдах албагүй шүү!” гэж шаардмаар байх юм.
Рио-Тинтог Би-Эйч-Пи гэж компани авахаар (Монголыг л өнөөгийн энэ эзнээс нь авах гэж буй хэрэг) сонирхлоо гэсэн. Гэтэл Би-Эйч-Пи хэмээгч нь үл бүтэх үйл ажиллагаатай компани учир Европын холбоо, БНХАУ хориг тавина гэнэ.
Манай эрх баригчдын эртний найз энэ компани хэзээ ч гэнэ вэ, “Монголын баялгийг хэнд ч хэрэггүй хог новш энэ тэр гэж харааж зүхээд явсан” гээд л антимонголистууд бахархан ярьж, албан ёсны суртал ухуулгадаа ашигладаг. Дандаа үл бүтэх харийнхантай холбогдож явсан хаашаа удирдагч нартай улс вэ, бид чинь.
АММ-д наад захын төлбөр болох 125 сая доллар байхгүй гэсэн. АМК, Рио-Тинтод ч байхгүй. Зүгээр л, сохор зоосны үнээр авчихсан Оюутолгойгоо тэд харь улсад худалдаж магадгүй. Өөрсдийгөө ч зарж худалдах гэж байгаа “түншүүд” шүү дээ.
Манай хамаг баялаг нэг л улсын мэдэлд төлбөр ялбар ч гээд байх юмгүйгээр шилжээд байх боллоо. Юу болоод байна вэ? Ашигт малтмалын афер ч биш, Монголыг харьд нэгтгэх афер явагдаад байна уу даа, ерөнхий сайд минь?!

6. Ашигт малтмалын харь луйварчдын нүүр царай

“Бороо Гоулд” бол харийн олборлогчдын бэлгэдэл болсон дүр юм. Энэ компанид лиценз олж өгсөн, ТБГ-г нь бүтээж өгсөн, Монголын талын нэг ч юм уу, хэдэн хүн ашгийнх нь 10-15 хувийг авдаг гээд л яригддаг. 10-15 хувь Монгол улс үндэстнийг цаазын тавцанд аваачсан бололтой байдаг аа.
Оюутолгойн гэрээ шиг гэрээгээр “Бороо Гоулд” 40-50 тонн алтыг ямар ч татвар, төлбөргүйгээр, харин түмэн хөнгөлөлтийг эдлэн байж, зүгээр л дээрэмдчихсэн. Монголд ч, харьд ч мунхаг улс зөндөөн л байх юм даа. Нөгөө Швейцарийн дээд зэргийн нууцлалтай банкнуудаас, нацистууд еврей нараас дээрэмдэн хадгалуулсан алт эрдэнэсийг гаргуулж, хойчист нь өгсөн шиг, шударга ёс хэзээ нэгтээ ялж, дүүжлүүрийн гогцоо Монгол Улс үндэстний дээрээс зайлуулагдаж, зохих газраа очих л болно шүү дээ. “Наана нь эсвэл бид, эсвэл Монгол үгүй болно доо” гэж санаа амар суудаг юм болов уу.
“Бороо Гоулд” лицензтэй газраасаа хэтрээд байгаа гэсэн. Харийн шууд булаан эзлэлт явагдаж байна бус уу? Амташсан хэрээ 13 дахина гэгчээр, 100 тонн алттай Гацууртын ордыг бас хоослохоор хорхойсож, шүлс нь савираад байгаа юм дуулдсан.
Монголын ард түмэнд асар их ач тус хийсэн мэтээр ашигт малтмалын нацистууд “дэглэмд таатай мангуу” ХМХ-үүдээр “тархи угаалт” хийлгэж байна. Иргэний хөдөлгөөнийхөн амь насаа зориулж байж, хэдхээн ч болтугай төгрөгийг тэднээс гаргуулсан нь 50 тонн алттай зүйрлэх юм биш. “Бороо Гоулд”-ын үйл ажиллагааг аудитаар шалгахгүйгээр нэг ч үгэнд нь итгэж болохгүй.
Саяхан нэг хүн надаас “Хэнд нь итгээд, хэнд нь итгэхгүй байгаа юм бэ?” гэж асуусан. Түүний бодлоор бол, иргэний хөдөлгөөнийхөн айхавтар худалч улсууд гэнэ.
Үнэн худал янз бүрийн мэдээллийг харьцуулж, задлан шинжилж, шигшиж, дүгнэж байж, нөхцөл байдлын шалтгаан болж чадах баримтыг олж авах нь тархины энгийн үйл ажиллагаа бөгөөд би хомо сапиенсийн оюун ухаанд итгэж байдаг юм.
ТБГ байгуулсан тохиолдлуудаас Монгол Улс зөвлөлтийн “Их өр” шиг хэмжээний олон тэрбум доллар алдсан. Нэг тэрбум нь цөөн хэдэн даргын хууль бус орлого болсон бололтой ч, энэ нь ТБГ-ний хэргийн зөвтгөл болж, мэдээж, чадахгүй. ТБГ-ний хэргийн буруутнуудад дотоод, гадаад гэж ялгаварлалгүйгээр хуулийн хариуцлага хүлээлгэх цаг болжээ, эрхэм сайд аа.

7. Явна гэж тунирхдаг харийн луйварчдыг явуулъя

Гадны “хөрөнгө оруулагчид” явна гэж их айлгадаг гэнэ. Юутай завшаантай хэрэг вэ? “Тэг, тэг” гээд л явуулчих хэрэгтэй шүү дээ. Чингэвэл сая Монголын зовлон зүдгүүр, хувьсгал, иргэний дайн гарах магадлал, хурцадмал байдал арилна.
Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг бол Монгол улсын туйлын зорилго огт биш. Үл бүтэх этгээдүүд явбал яваг, явахгүй бол явуулах хэрэгтэй. Шударгаар шалгахад бүгд унана, тэгээд л лицензийг нь хурааж аваад, өндөр төлбөр, торгууль оноогоод, хөөгөөд явуулах хэрэгтэй. Өгсөн юмаа авч болохгүй болчихсон хэрэг огт биш шүү дээ.
Гадаадынхнаас айх шалтгаан нэгээхэн ч үгүй. Манайхныг “ашигт малтмалаа дээрэмдүүл” гэж нэг ч ЗГ дарамтлаагүй. Харин ч бусад улсын ЗГ-ууд Монголд өрнөж буй ашигт малтмалын хосгүй хулгай луйвар, геноцид, холокост, неоколониализмд нэр холбогдож, “Башир шиг шоронгийн хадаас болох вий” гэж болгоомжилж байгаа.
Бид ашигт малтмалын салбартаа шударга ёс, эрүүл ухааныг авчирвал, гадаадаас мөн шударга, эрүүл анд нөхөд хамтран ажиллая гээд л тэртэй тэргүй нааш хандана.
Ингэхлээр, ерөнхий сайд минь тэр явъя гээд байгаа улсыг хүчээр Монголд хорьж цагдаж байх шаардлага байна уу даа.

8. Yлгэрт ч байдаггүй, далай их баялгийн маань 8 баримт

1. Монгол Улсад дэлхийн ашигт малтмалын 5 хувь, Ази-Номхон далайн бүс нутгийн ашигт малтмалын 50 хувь нь байна гэж нэг сонинд бичсэн байсан (Сүүлийн тоонд нь эргэлзээд байна). Нийт ашигт малтмалын хэмжээгээр дэлхийд 8-рт, нэг хүнд оногдох ашигт малтмал, зэс, нүүрсээр 1-рт, эхний 10-рт бол бараг бүх төрлийн ашигт малтмалаараа орох улс бол Монгол юм билээ.
Монгол хүн (бүх монгол туургатнаа аваад ирсэн байлаа ч) дэндүү баяжиж, амьдрал нь утга учиргүй болох асуудал л нийгэмд хурцаар тавигдах ёстой юм байлээ л дээ. Дубай шиг хөгжих бол алга хөрвүүлэхийн дайтай ажил, Дубайгаас хэд дахин илүү хөгжөөд, хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоод, бараг харь гаригийнхантай дэлхийг төлөөлөн харилцах асуудал хариуцаад сууж байх учиртай нь бид л юм билээ. Ямар ч үлгэрт гардгаас илүү баян шүү дээ, Монгол улс үндэстэн минь.
2. Зэсийн мангас Чилээс бид зэсээрээ давж магадгүй байгаа. Ач тус, үнэ нь хойшид ихээхэн өсөх хандлагатай металл.
Нүүрсний баталгаат нөөцөөр (20 тэрбум тонн) дэлхийд 9-рт орж байна. Цаашдаа ч нөөц үлэмжхэн нэмэгдэнэ. Нүүрсний үнэ цэнэ асар их өндөрсөж байгаа. Нанотехнологи “ухаант материал”, “XXI зууны материал” гэгдэх нүүрсэн дээр суурилах төлөвтэй.
Ирээдүйн энергийн гол найдвар - ураны дэлхийн нөөцийн 10 хувь Монголд байна. Зөвхөн энергийн салбарт бус, олон салбарт ач холбогдол нь өсч байгаа бас нэг “ухаант материал” юм.
Үнэ цэнэ нь, дэлхийн хямралаас цааш үсрэнгүй нэмэгдэх (нөөц нь маш хязгаарлагдмал болж буй) нефть Монголын Дорнод, Дорноговь, Хэнтийн олон газар их хэмжээгээр илэрч байгаа. Зүүнбаянд өөрөө оргилоод нуур үүсгэчихсэн сурагтай. Нефть бол маш үнэтэй материал бөгөөд Менделеев “Нефтийг түлнэ гэдэг, мөнгөөр уурын зуухыг галласантай адил” гэж зүгээр ч нэг хэлээгүй. “Бохир ус” нэрийн дор хилээр гаргуулдаг дарга нараас маань хавьгүй ухаантай материал.
Монгол дэлхийд жонш олборлолоор 3-рт орох бөгөөд, дэлхийн нөөцийн 7 хувь нь манайд буй. Жоншгүйгээр металлурги бол шууд сөнөнө.
Молибден - нэн ховор, үнэт металл, нарийн технологийн нэгэн амин судас. Молибденээр бид 9-рт ордог.
3. Оюутолгой бол бүрэн бус тооцоогоор УБ шиг 30 хот, монголчуудын 300 жилийн өндөр цалин, 60 сая тонн зэс, 1000 тонн алт. Энэ тооцоо 10 дахин өсч болно гэдэг. Тавантолгой бол УБ шиг 120 том хот! Бас л бүрэн бус тооцоогоор шүү дээ. Энэ хоёр ордоор дарга нар маань дэлхийг тэжээж, биднийг өлбөрөөхийг хүсч буй.
4. Маш олон ордыг тас нууцалж байгаа. Өмнөговийн Тавантолгойгоос Ховдын Жаргалантын уулс хүртэл ашигт малтмалын төсөөлшгүй том судал үргэлжилэн оршсоныг харийнханд сэм бэлэглэхээр нууцалж ирсэн агаад, коксжих нүүрс, вольфрам, молибден, цагаан тугалга, никель, кобальт, өөр 23 үнэт эрдсийг агуулсан Аварга Луу нойрсож байгаа юм гэнэ шүү.
Монгол, Хятад улсыг дамнасан Оюутолгойгоос хэд дахин том зэсийн орд илэрлээ л гэсэн, дарга нар таг. “Хируга, Жекс (харийнхны өгсөн нэр) зэрэг том орд илэрснийг нууж байсныг илчиллээ” гээд л найз маань саяхан надад хэлсэн.
Ташрамд, “Малгай тавьбал манайх” гэгчээр, “Хайгуул хийж олсон бол минийх” гэдэг харийнхны бусармаг явдлыг таслан зогсоох хэрэгтэй. Тэд ингэснээрээ хайгуулын хөлс, зохих гонорараа л авах эрхтэй болж буй хэрэг
Дарга нарын маань орд нуух өвчин хүндэрсээр байгаа...
5. Стратегийн гэх цөөн хэдэн ордын 34 хувийг нь эзэмшихэд л, монгол хүн бүр (нялх хүүхдийг ч оролцуулаад) сард 2500 долларын хишгийг сул хүртэж суух тооцоо гарсан юм. Уг тооцоог, сонгуульд ялах гэж олонд мэдэгдэж орхисон АМХЭГ-ын дарга ажлаасаа хусуулж, алт эрдэнэс багатай нэгэн яамны сайд болох шийтгэл хүлээсэн билээ.
Стратегийн гэх тэр цөөн хэдээс (уг нь 50-60 байх ёстой) бусдынх нь хувь заяаг зөнд нь хаясан хууль бол 2006 оных бөгөөд, тэдгээрт гадныхан дураар дургиж, дунд чөмгөөрөө жиргэсээр ирэв.
6. Монголд ашигт малтмалын 1000 гаруй орд, 8000 гаруй илэрц (судлагдаж байгаа) буй юм. Иймэрхүү мэдээлэл ихээхэн дарагдсан, бууруулсан байдалтайгаар бидэнд хүрдэг гэж байгаа...
7. АМХЭГ 4500 лиценз олгосны 1000 нь ашиглалтынх, түүний дотор 400 нь алтных, лицензийн ихэнх нь харийнхны гарт байдаг бөгөөд, тэд Монголын газар нутгийн 43 хувийг (аль баялагтайг) эзэгнэж, биднийг тусгай гуйланчлалын, геноцидийн бүсүүд болох резерваци, бантустануудад хашчихаад байгаа. Үүнийхээ хилийг давбал буудуулна шүү дээ.
8. Мексикт нефтийн том орд олдоход Чингис хаан гэж нэрлэж, тэнд үндэсний баяр болжээ. Монголын төр “Ашигт малтмалын хараал туссанаас л Монгол улс үндэстэн сөнөж мөхөж байгаа, тиймээс энэ лай ланчгаас бушуухан салж авах хэрэгтэй” гэсэн суртал ухуулга явуулдаг.
* * *
Монголын эрдэс баялгийн талаар эгэл ард би нэг иймэрхүү л ойлголттой сууна даа, Баяр дарга аа.
Ч.Мөнхбаяр. XXIX.IV.VI
(Үргэлжлэл бий)

P.S. Ашигт малтмалын талаарх бодот мэдээлэл хаалттай нөхцөлд бичсэн тул,
алдаж эндсэн байх аваас хүлцэл өчмүү.

No comments: