Friday, January 7, 2011

Oчвол, гэр бүлээрээ ч алга болчихдог бэрмудын аймшигт шинэ гурвалжин гэж Монголыг гадаадад ойлгох болжээ

Монгол дахь харийн уурхайд ажиллахаар ирсэн, хятадаас бусад үндэстний гадаад иргэд ч концлагэрийн хоригдол болдог

Саяхан, “Өвөр Монголын тэмцэгч Хадаа сураггүй алга болсныг Оросын хэвлэлд юу гэж бичиж вэ” гээд нээтээр хайгаадахсан чинь харин Ар Монголын иргэн Хадаа олдсон тухай сонирхолтой мэдээлэл гарч ирэв.

1. Монголын иргэн болохыг хүссэн киргиз ээж хөвүүд
Арлен Эрдэнэцогтович Хадаа гэх хиргис хөвүүн Оросын “Жди меня” хэмээх, хагацсан хүмүүс бие биенээ хайж олоход тусалдаг үндэсний албанд ханджээ.
“Аав минь Хадаагийн Эрдэнэцогт гэдэг, 1966 онд төрсөн, Улаанбаатар хотноо оршин сууж асан (одоо ч тэндээ байж байх магадлалтай) хүн бий. Киргизстаны нийслэл Бишкэк дэх, Фрүнзэгийн нэрэмжит цэргийн дээдэд сонсогч байхдаа ээж Рыскүльтэй минь танилцаж ханилан суусан. Улмаар Үзбэкистаны Ташкэнт хотод аж төрөх болсон. Бид нэг хэсэг Монголд амьдарсан ч, ээж минь идээшилгүй, Ташкэнт руу буцацгаасан. Харин аав маань Монгол эх орноо санаж, улмаар ганцаараа буцаж явсан. Түүнээс хойш 12 жилийн турш ааваас ямар ч сураг ажиг алга.

Ээж бид эх нутаг Киргиздээ ирж суусан. ЗХУ задрахад Үзбэкистан ээжийг маань “Киргизстаны харъяат” гээд паспорт өгөөгүй, энд “паспортгүй, Үзбэкистаны иргэн болох ёстой” гэхчилэн шалтгаар олгоогүй. Аав гадаадын иргэн, ээж паспортгүй болохоор биднийг ч иргэнчилсэнгүй. Сургууль соёлд суралцах, олигтой ажил хийх боломжгүй болж байна. Монголын паспорт авахаас өөр арга замгүй болов. Аав, өвөө эмээтэйгээ ч уулзмаар байна. Бидэнд аав маань үнэхээр их үгүйлэгдэж байна. Аавыг минь олж өгөөч!” гэж захиандаа Арлен өчжээ.
“Жди меня” сайтнаа, адил нэрт ТВ-ийн нэвтрүүлэгт Арлен хөвүүний гэр бүл оролцож буйг харуулсан видэо байв. Ээж нь (Овог нь Хадаа юм билээ) “Улаанбаатарт бид хагас жил амьдарсан. Гэр хороололд суух нь хэцүү, Монголын нийгэм-эдийн засаг хямралын байдалтай, ажил ч олдохгүй, хүн ардтай ч ойлголцохгүй их л бэрх байсан. Тэгээд Ташкэнтэд орон сууцтай байсан болохоороо буцъя гэж ятгасаар нөхрийгөө зөвшөөрүүлсэн. Гэтэл нөхөр маань Монгол руугаа сэтгэл нь гэгэлзэж, тогтож сууж чадахгүй санан бэтгэрсээр, яваад өгсөн юм. Түүнээс хойш бид тэр хүний тухай юу ч мэдэхгүй байна” гээд л уйлсан. Арлен бас ярьж, бид өвөө эмээгийн хашаанд сууж байсан, одоо ч байршлыг нь тодорхой санаж байна, олоход амархан гэв. Хөтлөгчид хөвүүн Google Earth дээр зааж өгөв.
Чингээд нэвтрүүлгийнхэн нэгэн бичлэг үзүүллээ. “Чиний ярьж байгаа Сүхбаатарын хөшөө энэ мөн үү?” гэхэд хөвүүн “Мөн, мөн!” гэж догдолсон янзтай хэлэв. Оросын элчингээс манай ИБМТ рүү ярьж байна. Манай төвийнхөн ч, тэндээ Х.Эрдэнэцогт сууж байгааг тодруулав. Орос хэлтэй ажилтан бүсгүй цаасан дээр тэмдэглэсэн хаягаа харсаар гэр хороолол руу орж явчихад ээж хөвүүд уяран эрхгүй нулимсаа арчиж эхлэв. Олсон айлынхаа хаалгыг балбахад эмээ нь хаалгаа нээж, гэнэтийн мэдээнд их л баяслаа. Өвөө нь ч мөн адил. Хүү таксичин, орой ирнэ гэж байв. Өвлийн их л хүйтэн өдөр. Тус ТВ-ийн сэтгүүлч, зураглаач хоёр очжээ.
Орой нь зочлоход, эмээ нь “Арлен их сайн хүү, юм бүхэнд тусална, хамт дэлгүүр явна, би л хаана байна тэнд байж байдаг хүү байсан. Харин Зулай их сахилгагүй. Манайх хэдэн гахайтай байсийм. Зургаан торойтой нь эрхэлж наадаж өгнө дөө. Ямар сайндаа нэл шавар шороо болчихсон би долоодахь торой гээд явж байхав. Та нар ахиж уулзаж учирнаа, тэд чамайг мартахгүй шүү, чи ч мартахгүй, бүх юм сайн сайхан болно гэж би хүүдээ дандаа хэлдэг” хэмээн хуучилж байв.
Тэд гэрт суух агаад, аав нь бууз чимхэнгээ: “Үнэхээр сайхан байна. Хэлэх үг ч олдохгүй тулгамдаад байх юм. Шинээр төрөх шиг л боллоо. Арлен! Миний хүү сайн байна. Аав нь удахгүй очноо!
Би Монголдоо буцаад, эдэн рүүгээ захиа бичдэг байсан ч хариу ирэхгүй болохоор нь надтай бүрэн холбоогоо таслахаар шийдэж дээ гэж бодоод бичихээ больсон. Бидний шуудангийн хаягууд ч өөрчлөгдөөд, сүүлдээ холбоо барих ч аргагүй болсон байна л даа” гэхчлэн оросоор үгүүлж суусан.
Рыскүль, Арлен, Зулай бүгд л уйлж, харин бага охин дүү нь гайхсан янзтай байв. Уг бичлэгээр, энэ гэр бүлийн фото зургуудыг харуулахад Рыскүль залуусыг хуйлруулам хөөрхөн бүсгүй, манай Х.Эрдэнэцогт цог золбоотой, гялалзсан күрсант үзэгдэнэ. Гэрэлт ирээдүйдээ итгэлтэй явсан тэд амьдралын түмэн бэрхшээл, ээдрээ нугачааг туулжээ.
Хөтлөгч: “Та нар уйлаад яах вэ. Аав чинь энд байгаа. Эрдэнэцогт та гараад ир!” гэв. Тэгэхэд банди нар гүйгээд л очсон. Аав хөвүүд тэврэлдээд л юу ч хэлэлгүй хэнгэнэтэл уйлалдсан. Ээж нь очиж тэврэлдэн, бүсгүй хүн юм болохоороо бүр ч их уйлсан. Танхимд буй олон үзэгч нулимс дуслуулж суув. Би ч уйлах дөхсөн шүү. Үнэхээр ийм сайхан учралыг хараад уярахгүй байхын аргагүй юм билээ…
Уг нэвтрүүлгээр урьд нь, манай иргэн С.Батбаатар гэдэг эрийг мөн хагацсан гэр бүлтэй нь учруулж байжээ. Тэрбээр Украины Криворогийн уул уурхайн тэхникумд сурч байхдаа Светлана Чабантай танилцаж, ижилдэн дотносчээ. “Би ах дүү есүүлээ, өнөр өтгөн гэр бүлээ харж хандах ёстой” гээд Светланаг Монгол руу авч явжээ. Тэнд, хөдөөний буйд газрын жижиг сууринд бүсгүй дасч чадсангүй, төрхөмдөө буцаж. 15 жилийн дараа хүү Германыхаа хамтаар С.Батбаатартай уулзжээ.

2. Хайртай монгол залуутайгаа, монгол эцэгтэйгээ учрахыг хүссэн орос бүсгүйчүүд, үрс олон байна
Хүмүүс бие биенээ хайсаар. Зарим нь эрлийн үзүүрт уулзаж учирна. Зарим нь үгүй.

*1982 онд цэрэгт татагдаж, Монголд илгээгдсэн Икрам Киримов хугацаат албаа дуусахаас ердөө хоёр сарын өмнө алга болсон бөгөөд ар гэрийнхэн нь сурсаар.

*1965 онд төрсөн, 1982-1985 онд Ленинградын эрчим хүчний техникумд суралцаж асан Санжаагийн Ганболд зөвлөлтийн солонгос бүсгүй Татьяна Пактай үерхжээ. Гэтэл Татьяна гэнэтийн гачигдлаас болж, Үзбэкийн Хорэзм мужийн Үргэнч хот руу яаралтай явж, ингээд л алсран хөндийрчээ. Бие давхар явсан бүсгүй С.Ганболдын Евгения гэх охиныг төрүүлснийг эцэг нь мэдээгүй аж. Говь-Алтайн Халиун сумын уугуул, одоо Эрдэнэтэд байж болзошгүй аавыгаа охин Евгения Пак нь хайж байна.

*1962 онд Улаанбаатарт төрсөн, 1980-аад оны эхээр Беларусийн Пинск хотын аж үйлдвэрийн багшийн тэхникумд суралцаж асан Цонхийн Эрхэмбаяр нэг сургуулийн Людмила Базенковатай 1983 онд танилцан ханилж, 1984 онд хүүтэй болжээ. Хүү Вадимыг эмээ өвөө нь асарч өсгөж байсан агаад, 1985 онд Ц.Эрхэмбаяр гэр бүлээ Монгол руу авч явна гэхэд хадмууд нь эс зөвшөөрч, хагацлын эх тавигджээ. Түүнийг хүү Вадим Эрикович Базенков нь хайж буй агаад хаяг нь: Беларусь улс, Гродно муж, Скидель хот, Лениний гудамжны 88-р байр, утас 00 (375) 152-97099. Ташрамд, Эрикович гэдэг нь Людмила Эрхэмбаярыг Эрик хэмээн дотночлон нэрлэдэг байснаас үүдэлтэй ажээ.

*1957 онд Үзбэкийн Самаркандад төрсөн Рустам Больбековыг эхнэр Гульнара Мирфайзова, хоёр хүүхэд нь хүлээж байна. 2003 оны долдугаар сард Монголд ажиллахаар явсан. Оны эцсээр шинэ жилийн мэнд дэвшүүлэн утасдсанаас хойш сураг тасарчээ.

*1971 онд төрсөн Роберт Рамазанов 2004 онд Монголд “Алтан Дорнод Монгол” компанид ажиллахаар аянд мордсон, 2005 онд утасдсанаас хойш хэл чимээгүй. Компаний Красноярск дахь төв рүү нь хандахад, халагдсан, гарах визээ авсан гэжээ. Харин Р.Рамазанов Монголоос гарсан гэх баталгаа олдоогүй.

*1985 онд ОХУ-ын харъяат Галина Кабисова (Кондрашева) Москвагийн худалдааны ДС-ийн Орлов хот дахь салбарт элсэн оржээ. Тэр жилээ, Орловын цагдаагийн сургуулийн сонсогч Жамбалын Отгонбаттай танилцжээ. Ж.Отгонбат гэрлэх санал тавьсан ч, өөрөө харь оронд очихоос айгаад, ар гэр нь ч таагүй хандаад, хоёр тийш болсон аж. Энэ явдалд Галина харамсч явдаг бөгөөд, манай иргэнтэй холбогдохыг хүсч байна.
*1942 онд төрсөн, Тюмений соёлын ордонд орлогч дарга байснаа, 1993 онд Монголд ажиллахаар яваад сураггүй болсон эцэг Станислав Кончицкийг Германд буй охин Вероника Шмидт (Кончицкая) нь үгүйлж явдаг ажээ. С.Кончицкий Монгол руу явах үед гэр бүл нь сарнисан асан, гэргий нь герман хүнтэй сууж, харьд одсон байсан бололтой.

*1952 онд төрсөн, 1988 онд Монголд ажиллахаар одож, Оюунгэрэл гэдэг бүсгүйтэй ханилж, 2004.04.28-нд утасдаж: “Намайг мөрдөж мөшгиж байгаа, би нуугдаж явна” гэх хар мэдээг дуулгаснаасаа хойш ор мөргүй болсон Валерий Дроздовыг ээж нь санан бэтгэрч байна. Монголд гагнуурчнаар ажиллаж асан түүний сайн найз нь галт тэрэгний машинист Болд гэж хүн байдаг гэнэ.

*1960 онд төрсөн, Казахстанаас эхнэр, хүүхдийн хамт Монголд ажиллаж амьдрахаар явсан Сергей Яненко 2000 онд “буцах гэж байна” гэснээсээ хойш таг болжээ. Гэр бүлээрээ шүү! Ижий Софья Яненко нь тэдний төлөө зовнин шаналж, шар махтайгаа хатан он жилийг элээн суугаа.
*1956 онд төрсөн Салим Закарьянов Монголд ажиллахаар яваад бас л алга болсон, эхнэр Кулеш Бактыбаева нь олохыг чармайж буй.
*1953 онд төрсөн, Оросын Брянскийн уугуул Михаил Селезнёв Монголд гагнуурчнаар ажиллахаар одсон, дүү Анатолий нь эрж сурж буй.
*1958 онд төрсөн, 1997 онд Монголд ажиллахаар явсан, “211 051 Монголия, г. УБ-51, до востребования” хаягаар захидал бичдэг асан, тэр оны 9.6-наас хойш сураг алдарсан Виктор Евтушков хүүгээ ээж Зинаида нь санан бэтгэрч байна.

*1980-аад оны эхээр Тогоогийн Цогтбаяр Красноярскийн ГПТУ №48-д сурч байхдаа нэг сургуулийн орос бүсгүйтэй үерхэн дотносчээ. Хүү Артём нь 1985.11.28-нд төрсөн. Тэд Монголд амьдарч байхад ээж нь энд төдийлөн идээшин дасаагүй аж. Т.Цогтбаяр цэрэгт татагдсаны дараа, ар гэр нь бэрдээ сайн ханддаг байсан ч бүсгүй эх нутаг, ойр дотныхон руугаа улам ч их тэмүүлэх болж, төрхөмдөө буцжээ.
Өөрийн хотдоо ирээд, монгол залууг санаж их уйлдаг байсан гэнэ. Гадаадын иргэнтэй гэрлэсэн явдлаасаа болж, гэрийнхэнтэйгээ зөрчилдөөд, хөөгдсөн ч байна. Чингээд амьдралын эрхээр хайр сэтгэлгүйгээр нэгэн эртэй ханилж, есөн жил хамт амьдраад салжээ. Тэр эр архичин нэгэн агаад, хүү ижий хоёрыг их л зовоосон байна. 1989 онд Т.Цогтбаяр тэднийг эргэж ирэхэд маш сайхан байсан гэж хүү бичжээ. Түүнээс хойш сураггүй болсон эцгийгээ Артём Чернов хүү эрж сурж байна даа.

3. Монгол - хагацлын орон юм гэж үү?
Хүний нандин сэтгэл гэдэг хязгааргүй. Хэдэн арван жилийн турш ч хэн нэгнийг итгэл горьдлого тасралгүй эрж хайж л байдаг байна. 1978 онд сураг алдарсан, 1930 онд төрсөн Владимир Лубашаныг Раиса Злобина; 1893 онд төрсөн тайж язгууртан Владимир Станевичийг төрөл төрөгсөд нь, 2006 онд алга болсон, Братскад амьдардаг монгол гэр бүлийн жаахан охин Туулын Энхгэрэл (тэр хот дахь гэрээсээ гараад сураггүй болжээ)-ийг манай иргэдийн орос анд нөхөд; 1972 онд гэрлээд, гуравхан жилийн дараа алга болсон Виктор Николаевыг гэргий Галина нь Монголд байж магадгүй, сураг гарч болзошгүй гэж горь тавьж суудаг ажээ.
 “Жди меня” албанд хандсан зарим хүмүүсийн мэдээлэл гэхэд л ийм. Олонх хүн хувийн амьдралаа нийтэд ил болгохыг хүсдэггүй учир өөр хичнээн ч тохиол байж болно.
Нэг зүйлийг тэмдэглэхэд, Монгол маань “очсон хүмүүс гэр бүлээрээ ч алга болчихдог; учир битүүлиг, нууцлаг нөхцөл байдалд ордог; магадгүй хүний хулгай, наймаа цэцэглэсэн; Африк шиг балар зэрлэг орон, шинэ Бэрмудын гурвалжин” гэж ойлгогдоход хүрч байгаа юм билээ шүү.
Энэ нь манай дарга нарын байгуулсан дарангуй нийгэм, тэдний харь анд нөхдийн олноор нь үүсгэсэн гаж дэглэмүүдтэй их холбоотой. Манайд ирсэн постсовет орнуудын иргэд “утсаар ярих, захидал бичих, холбоо барих аргагүй байна” гэж ар гэр лүүгээ мэдэгдэж, арай ядан аргалж чаргалж байгаад зурвас илгээдэг байх юм.
Алтан Дорнод Монгол-ын уурхайгаас оргож зугтсан оросууд манай нэгэн том сонин дээр аврал эрэн ирж, хамгийг тоочсоныг саная:
Тэд мафийн мэдлийн концлагэрт байсан агаад бараг л  Освэнцимийн еврэй нар шиг аж төрж байсан. “Цалин хөлсөө ч авч чадахгүй, элдвээр харгислуулж, сүүлдээ бүр амьд мэнд салахын түүс боловч тэр нь бүтэхгүй. Саяхан л буцах, халагдах тухай биш, эндхи өнөө маргаашийнхаа ажлын тухай ярьж явсан хүн гэнэт алга болчихно. Санаанд нь нийцээгүй хүнийг мафийнхан алахаас ч буцахгүй” хэмээн өчиж, олныг цочирдуулсан.
“Биднийг алт хулгайлсан гэж гөрдөж байна; ажлын дараа бүтэн биеийн рэнтгэн зураг авах, эмнэлгийн бүрэн үзлэгт оруулах нь холгүй шалгадаг тэр газраас их хэмжээний алт хулгайлах ямар ч боломжгүй; гадуур ажил гүйцэтгүүлэх үед аз тохиож, бид зугтсан” гэж тэд үгүүлж байсан билээ. Ямар сайндаа сониноос тусламж гуйж байхав дээ, аргаа бараад л тэр шүү дээ.
“Өөх өгсөн хүнтэй өглөө үдэшгүй заргалдав” гэгчээр, алт баялгийг маань ямар ч хараа хяналтгүйгээр, зоргоор цөлмөсөн хэрнээ, Монголын өстөн дайсан болж, улс үндэстнийг минь их өрөнд унагаад байгаа хулгайч дээрэмчин Паушок оргодлуудаа манай дарга нартай хүч хавсран барьж, өндөр дээд ял оноон, шорон гянданд хатааж, бүх ажиллагсаддаа сургамж өгч чадав хэмээн санаа амарч байсаан. Өдгөө тэр бас л эвэр тууртнуудтай маань хуйвалдаж, утсан хүүхэлдэй, нэр хаягийн тусламжтайгаар Монголын ашигт малтмалыг ховх сорсоор л байгаа.
Сайн сайхан гэж шалгарч, элгэн дотно хүмүүсийнхээ төлөө алд биеэн хайрлалгүй зүтгэхээр ирсэн ажиллагчид ялт хэрэг үйлдээд нуугдана (тийм хэрэг дуулддаггүй), ар гэрээсээ, ижийгээсээ хүртэл олон жилийн турш зугтана гэж баймгүй.
Бидний сайхан эх орон Бэрмудын гурвалжин болчихов гэж үү?
Ч.Мөнхбаяр
ММХ.XII.XXI
http://moenhbayar.blogspot.com

1 comment:

Anonymous said...

Сайн байна уу,таны блог их сонирхолтой юмаа.Манай найз хүүхэн бас "жди меня" нэвтрүүлгээр дүүгээ олсон. гэхдээ зураагтаар гаргалгүйгээр сургийг нь гаргуулаад өөрсдөө очиж уулзсан гэсэн уг нь зурагтаар гарсан бол их гоё нэвтрүүлэг болох байсан юм.Аав казахстан ганц насны зөрүүтэй 2 охинтой, тэгээд 1,2 настай байхад Монгол, Орос руу 2 тийш охидоо 1, 1-ээр нь аваад салцгаасан гэсэн,Тэгээд 26 жилийн дараа уулзалдсан байгаа юм.