Wednesday, November 3, 2010

Эрх баригчид ард түмнийхээ эсрэг дайн хийж, бараг хоёр сая монголчуудын амийг хөнөөжээ


Саяхан найз А.Баасандорж маань насан нөгчлөө. 
1990 онд МУИС-д суралцаж байхдаа л анх танилцсансан. Б.Галсансүх, С.Анудар, С.Соёмбобаатар бид авангард уран зохиолын “Шинэ цус-хязгааргүй хамтлаг” бүлгэмийг байгуулж явсан. Гэр бүлтэй болсных нь цайллага дээр хэсэг нөхөд бид мөн ч их хөгжилдөж байсан ч, удалгүй хайртай эхнэр нь төрөхийн хүндрэлээс болж нас барсан эмгэнэл тохиосон.
Тэрбээр авъяаслаг, хөдөлмөрч сэтгүүлч, даруу төлөв хүн чанартай нэгэн байлаа. Анд найз Д.Алтангэрэлийн маань хамаатан байсан. Янз бүрийн сонинд ажиллаж байхад нь би ийм тийм юм тавьж өгөөч, ингэж тэгж тус болооч гэхэд дандаа л тусалдагсан. 
УИХ-ын гишүүн Т.Гандийн туслах байхад нь би уран зохиолын бүлгэмээ сэргээж, хамтын ном гаргах санал тавьсан юм. Тэрбрээр маш их талархалтайгаар хүлээн авч, өнөө маргаашгүй л ном гаргачихъя гэж байсан. Би харин заавал шинэ бүтээлүүдээр  гаргана гэж зүтгэн, номыг хойшлуулсан нь үнэнтэй. Тэрбээр, нээрээ ч шинэ бүтээлээр ном гаргах нь зөв шүү гэж байсан. Хамтын номонд зориулж бүтээл хийж л байсан байх даа. А.Баасандорж маань жаргал нь дэндсэнээс болж, энэ хорвоогоос халиагүй юм. Сүүлийн үед л дэвшсэнээс бус, сорилт бэрхшээл, хүнд хүчир дүүрэн амьдралыг тэр туулсаан…

Миний найз нөхөд цэл залуугаараа уван цуван одсоор л байна. Яг л дайн болж байх шиг санагднам. Хорь гучин найз минь явчихжээ. Дандаа сэхээтэн, уран бүтээлч, нэртэй хүмүүс, нийгэмд хэрэгтэй залуус. Юун дайн болоод байна вэ, та минь ээ?
Сонин хэвлэл сөхөөд үзэхэд:
-БГД-ийн Iхорооны Алтай хотхонд цахилгаан шатанд засварчин даруулж,
-ЭНЭШТ-д ЧД-ийн нэг сартай Э өвчин гэмтлийн шинжгүй ирээд,
-Нинжа сумын даргад буудуулж,
-Булганы Хутаг-Өндөрт тариан талбай манаж байсан залуу Тоёота Ландкрүзэр УБА-4000 жийпэд дайруулж, 
-37 настай эмэгтэй нүүрс түүж яваад галт тэргэнд дайруулж,
-Нэг өдөр гурван хүн, БГД-ийн 9-р хороонд 29 настай Г сууцныхаа дээврээс, СХД-ийн 3-р хороонд 31 настай Г хашааны булангаас мяндсан утсаар, СБД-ийн 16 дугаар хорооны 25 настай Б барьж байсан барилгынхаа дам нуруунаас боомилж, 
-Бээжин-Эрээний автобусанд 20-25 настай залуу учир битүүлгээр,
-СХД-ийн 18 дугаар хорооны “555” зочид буудалд 160 см өндөртэй эрэгтэй шатаж,
-БЗД-ийн 6-р хорооны гүүрнээс 41 настай Ө үсэрч,
-ЧД-ийн 1-р хорооны иргэн 43 настай Э цонхны бариулаас мяндсан утсаар боомилж,
-БГД-ийн 19 дүгээр хорооны 55 дугаар байрны дээвэр дээр 13 настай Т ил цахилгааны эх үүсвэрт өртөж,
-Сэлэнгийн Ерөө суманд орших, Хятадын төмрийн хүдрийн уурхайн тогтоол усанд, тоглож явсан 3-5 настай хоёр охин живж,
-Бага насны хоёр охин нэгнээ буудаж,
-СХД-ийн 1-р хороонд 91 настай П түймрийн утаанд угаартаж,
-СБД-ийн 13 дугаар хороонд 30 настай Э амиа хорлохоор өндөр хүчдэлийн багана өөд авираад, 6000 вольтын тогонд цохиулж,
-Номин Констракшны барилга дээр ажиллаж байсан гурван хүн шат нурснаас нэг нь эмчлэх боломжгүй хүнд бэртэл авч,
-Хэнтийн Цэнхэрмандал суманд суудлын машин жийп хоёр мөргөлдсөнөөс садан төрөл дөрвөн хүн газар дээрээ нас барлаа гээд л хуурай мэдээнүүд өчнөөн төчнөөнөөр хөвөрнө. Тэр бүх мэдээний ард хүний амьдрал, хувь заяа, ойр дотныхны нь уй гашуу, эмгэнэл байгаа билээ.
Налайхад 2008-2010 оны хагас хүртэл уурхайн ослоор 38 хүн нас барав л гэнэ. Нийслэлд эхний зургаан сард 3314 осол гарч, 46 хүн нас барж, 1671 хүн гэмтэв л гэнэ. Улс даяар жилд автын ослоор 530 хүн нас барав л гэнэ. Жилд гэмт хэргээс болж 118 хүн амиа алдав л гэнэ. Ер нь жилд Монгол Улсад 15-20 мянган хүн нас бардаг нь өндөр үзүүлэлт гэнэ. Өндөр байхаас ч биш яахав. Эгэл сэтгүүлч миний өчнөөн олон найз нөхөд цэл залуугаараа хорвоогоос халиад байхад.
Үхлийн төвшингөөр хамгийн бага орнуудын тоонд ашигт малтмалын баялагтай улсууд ордог юм билээ. Гэтэл яагаад манайд эсрэгээр байна? Яагаад монголчууд үхээд байна? Өндөр төвшинд хүртлээ. Дайны төвшинд хүртлээ.
Яагаад гэвэл монголчуудын эсрэг дайн явагдаж байна. Бүртгэлд орсон 300-400 мянган хүн нэг хэрэг. Бүртгэлд ордоггүй аргаар ч хөнөөж ирлээ шүү дээ. Хүн амын өсөлтийг бууруулснаар нэг сая хүн амиа алдаж. Абортоор 600 мянган хүүхдийг алсан. Тэгээгүй бол, өдийд манай хүн ам таван сая руу дөхөж явах байсийм.
Жилээс жилд, монголчуудын эсрэг дайны цар хүрээ өргөжиж байна. Ажил амьдралгүй болгож, гудамжинд гарган хөнөөнө. Мөнгөн ус, цианит натригаар хордуулна. Ёс суртахуунгүй болгож хооронд нь алалцуулна. Эмнэлгийн үйлчилгээг үгүй болгож, өвчин халдварыг гааруулна. Байгаль орчныг сүйтгэж, уух ус, амьсгалах агааргүй болгоно. Элдэв хортой хүнс бараагаар хорлоно. Архидан согтууруулна. Шоронд хатаана. Осол сүйрлүүдийн нөхцлийг бүрдүүлнэ. Аливаа байгалийн гамшигт найр тавина. Сүүлдээ бүр өлсгөлөн ч гарч мэдэхээр болов.
Энэ дайны золиосууд асуудлыг хувь хүний, нэгэн гэр бүлийн эмгэнэл мэтээр үзэж өнгөрдөг учраас, ард түмнийхээ эсрэг дайн хэмээх аймшигт гэмт хэрэг анзаарагдахгүй өнгөрдөг байна.
Үүнийг анзаарахгүй байж болохгүй ээ. Маргааш хэн маань ч, хэний маань ч ойр дотны хүн дайны золиос болон амь насаа алдаж болно. “Хүсээ гэж үү, оросууд дайныг” гэсэн дуу байдаг. Хүсээ гэж үү, монголчууд дайныг.  Хүсээ гэж үү, та  дайныг.
Үгүй ээ, бид амьдрал, аз жаргалыг хүсэх ёстой. Бид дайныг зогсоох ёстой. 
Тийм учраас, ард түмэн минь, нийгмийн буруугаас, эрх баригчдын буруугаас, өөрөөр хэлбэл ард түмний эсрэг дайны буруугаас болж нас барсан ойр дотны хүмүүсийнхээ хөргийг барьж жагсацгаая! Уриалж байна! “Ард түмний эсрэг дайныг зогсоо!” гэдэг хөрөгт жагсаал хийцгээе! 
Жагсахдаа:
-Ойр дотны хүн маань өөрийн буруугаас болж нас бараагүй юм шүү гэдгийг онцолж, дурсгалыг нь хүндэтгэе!
-Арп түмний эсрэг дайн хийж, бараг хоёр сая монголчуудын амийг хөнөөсөн эрх баригчдыг яллая!
-Ойр дотны хүмүүсийнхээ төлөө нөхөн төлбөрийг шаардъя!
-Нөхөн төлбөрийг хийгээд, огцрохыг төр засгаас шаардъя!
Ард түмээн, сая сая монголчуудын амийг хөнөөсөн яргачид гэм зэмгүй өнгөрөх ёсгүй ээ! Тэд бидний эсрэг дайнаа үргэлжлүүлсээр байж таарахгүй ээ! Юутай ч гэсэн тэмцлээ хөрөгт жагсаалаараа эхлүүлье!
Сайн үйлс бүттүгэй! 
Муу бүхэн сөнөтүгэй! 
Ч.Мөнхбаяр
ММХ.IX.XV

P.S. Энэ үгүүллийг нийтлэгдэх хооронд найз, сэтгүүлч Гэрэлмөнх маань бусдын гарт харамсалтайгаар амь үрэгдсэн мэдээлэл дуулдав.

No comments: