Wednesday, November 3, 2010

Цогт эх оронч Д.Мөрөн гэж хэн байв?


Саяхан үндэсний үзэлт нөхөд бид цуглан, цогт эх оронч Д.Мөрөнгөө дурсан ярилцсан билээ…
1992 он. “Монголын залуучууд” сонинд ажиллаж байтал, эрхлэгч С.Батмөнх өрөөнд минь нэгэн урт үстэй, өвч жийнстэй залууг дагуулан оруулж ирж, ярилцлага авахыг даалгаснаар би Д.Мөрөнтэй анх танилцсан юм.
Чингээд энэхүү ярилцлагыг хийсэн билээ:

Эцсээ хүртэл тэмцэнэ

Хилийн чанад дахь монгол ахан дүүсийн хувь заяа хэзээд бидний сэтгэл зүрхэнд ойр оршиж ирсэн билээ. Ялангуяа эх нутагтаа буй хэдий ч нэг ёсондоо их гүрнүүдийн хаяа хатавчинд суугаа монголчуудын маань хүний эрх зөрчигдөх бүрийд бидний сэтгэл зүрх эмзэглэнэ. Саяхан Өвөр Монголын Оюутан Залуучуудын төв хэмээх шинэ байгууллага одоогийн БНХАУ-ын нутаг дэвсгэрийн гадна байгуулагдлаа. Энэ төвийн нэгэн идэвхтэн гишүүн, Өвөр Монголоос МУИС-д суралцаж буй аспирант Д.Мөрөнтэй манай сурвалжлагч уулзаж ярилцсан юм.


-Танай төвийн урьдал зорилго юунд орших вэ?
-ӨМОЗ төв нь Өвөр Монголын оюутан залуусын эрх ашгийг хамгаалахыг гол зорилгоо болгоно. Өвөр Монгол оронд ардчилал, хүний эрх, шударга ёс, олон улсын хууль зүйн баталгааг байгуулахын төлөө ажиллана.
-Өвөр Монголд оюутан залуусын эрх ашгийг хамгаалах байгууллага бий юу. Шинэ төв хилийн чанадад байгуулагдах болсны бодит шалтгаан юу вэ?
-Албан ёсоор бол ӨМОЗ Төв Швейцарьт байрлах юм. Гэхдээ Өвөр Монголтой зэргэлдээ оршдог олон өвөрмонголчуудын амьдран суудаг Монгол улсад манай төв үйл ажиллагааныхаа багагүй хэсгийг чиглүүлэх шаардлагатай болж байна. Бид үйл ажиллагаандаа олон улсын эрх зүйн хэм хэмжээ, ёс горимыг чанд баримтална. Өвөр Монголд оюутан залуусын байгууллагууд бий нэртэй боловч Бээжингийнхний гарт атгагдсан байдаг. Тэнд залуусын байгууллага чөлөөтэй ажиллах боломж байхгүй гэдгийг та бүхэн мэднэ шүү дээ.
-Та төвийнхөө зохион байгуулалтын талаар ярьж өгнө үү?
-ӨМОЗТ нь Өвөр Монголын нийт монгол оюутан залуусыг болон гадаадад оршин суугаа буюу цагаачилж байгаа өвөрлөгчдийг хамарна. Мөн тэдний холбоо, бүлгүүдийг нэгтгэнэ. Холбоо бүлгүүдийн ахлагч нар төвийн ажлыг хариуцан биелүүлнэ.
-Танай төвийн санхүүгийн асуудлыг сонирхож болох уу?
-Төвийн санхүүгийн эх үүсвэр нь гишүүд болон дэмжигчдийн хандив тусламжаас бүрдэнэ. Мөн төвийн үйл ажиллагааны далайцтай зохилдсон үйлдвэрлэл-худалдааны компанитай байна. Төвийн зөвлөл болон нэгдсэн арга хэмжээг санхүүжүүлэх асуудлыг зөвлөлийн гишүүдийн хурлаар шийднэ.
-Монгол улсад суралцаж байгаа өвөрмонгол оюутнууд энэ төвд бүгдээрээ нэгдэж байна уу?
-Ихэнх нь энэ төвийн гишүүн болсон. Гэхдээ бидэнтэй нэгдээгүй нь ч бий. Монгол улсад бодит ардчиллыг төлөвшүүлэх, хүний эрхийг баталгаажуулах олон алхмууд хийгдэж буй нь Өвөр монголын оюутан бидэнд багагүй нөлөөтэй байдаг.
-ӨМОЗТ-ийн бэлгэ тэмдгийн талаар…
-Төвийн далбаа нь хөх өнгөтэй бөгөөд дээр нь хийморийн цагаан сүлд, цагаан морь байна. Манай далбааны төслийг зураач Ш.Тэнгисболд бүтээсэн. Манай төв нь дэмжигч хэвлэл, тамга тэмдэг болон албан бичгийн нүүртэй байна.
-Сүүлийн үед Өвөр Монголын улс төрийн уур амьсгал ямар байна?
-Монгол хүн амын эрхийг хөсөрдүүлж байгаад дургүйцэх явдал газар авч, эрч хүч нь нэмэгдэж байна. Мөн Хятадаас Өвөр Монголоо тусгаарлах гэсэн үзэл бодол дэлгэрч байна. Үүнтэй холбогдуулан өвөр монголчуудыг баривчлах, мөшгих, хавчих, хардаж сэрдэх нь үлэмж ихсээд байна.
-Та бүхний үйл ажиллагаанд ар монголчууд хэрхэн хандаж байна?
-Ар монгол ахан дүүс маань үнэн сэтгэлээсээ их тусламж үзүүлдэг. “Хунтайж Дэмчигдонров” нийгэмлэгийн залуус өнгөрсөн намар Хятадын Элчин сайдын яамны дэргэд суулт хийсэн нь үүний нэгэн жишээ билээ. Нөгөө талаар бид үйл ажиллагаа маань Монгол, Хятадын харилцаанд сөргөөр нөлөөлөх вий гэж санаа зовоход хүрэх юм. Тийм ч учраас төвөө Швейцарьт төвлөрүүлэх болов.
-Эцсийн асуулт. Та өөрийгөө уншигч олонд танилцуулахгүй юу?
-Миний нэр Даваасамбуугийн Мөрөн. 1964 онд Өвөрмонголын Шилийн гол аймгийн Баруун Сөнөд хошуунд төрсөн. Одоо МУИС-ийн түүх судлалын хүрээлэнд аспирант. Хүний эрхийг зөрчиж байгааг эсэргүүцсэнийхээ төлөө би одоо Өвөр Монголдоо очих боломжгүй байна. Би цагаачлалд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээс өөр аргагүйд хүрээд байна. Хэзээ нэгэн цагт өвөр монголчууд эрх чөлөөтэй золгоно гэсэн итгэл намайг амьдралд авч явж байдаг.
Ярилцсан Ч.Мөнхбаяр


Есдүгээр ангидаа (1984) Өвөр Монголыг Чөлөөлөх Үндэсний Фронт гэсэн нууц бүлхэмийг байгуулж явсан, панмонголист үзэлтэн миний бие анх удаа говийн өмнөх Монголын үндэсний үзэлт хүмүүнтэй танилцсандаа ихэд олзуурхаж, найз нөхөд бололцсон билээ.
Д.Мөрөн 1964 онд, Өвөр Монголын Сөнид баруун хошуунд мэндэлжээ. Бага байхад нь, эцэг, эх нь хэлмэгдэн шоронд хоригдож байсан тул, нагацындаа өсчээ. Монгол хүн амыг багасгах хорт бодлогын дагуу, ой хүрээгүй дүүг нь ч хятад эмч хорлон алсан ажээ. Эргэн тойронд нь хэлмэгдсэн юм уу, хэлмэгдэгсдийн ойр дотны хүмүүс дүүрэн. Ийм аймшигт үндэсний дарлалын нөхцөл байдал дунд Д.Мөрөн ХКН-ын хөнөөлт бодлогыг тууштай эсэргүүцэгч, Монгол үндэстнээ бахдан бишрэгч, өмгөөлөн хамгаалагч болж төлөвшжээ.
1983 оноос Хөх хотын их сургуульд суралцаж, түүхч мэргэжлээр төгсгөөд, Сөнид нутагтаа түүх-соёлын дурсгал хариуцсан даргаар томилогдон очсон байдаг. Гэвч тэр энэ аятай таатай ажил дээрээ тогтож, ахиж дэвшихийг бодсонгүй. 1987 онд Өвөр Монголын нэг захаас нөгөө зах хүртэл дугуйгаар аялжээ. Дараа нь БНХАУ-ын нэг захаас, нөгөө зах хүртэл дугуйгаар аялж. Ингэхдээ Өвөр Монгол, Хятадын байдлыг таньж мэдэж, их л зүйл эргэцүүлж явсан ажээ.
1989 онд Д.Мөрөн МУИС-д түүхч мэргэжлээ дээшлүүлэхээр иржээ. Үнэндээ тэр монгол үндэстнийхээ төлөө тэмцэхээр шийдээд ирсэн байв. Ингээд л, түүний амьдралын хамгийн гол чухал үе болох, 10 жил, Монгол дахь он жилүүд эхэлсэн юм.
Тэрбээр олон түмэн хүнийг алж хороож, олон буман хүнийг тамлан зэрэмдэглэж ирсэн ХКН-ын Өвөр Монгол дахь харгислал, Өвөр Монголын тусгаар тогтнол, Өвөр Монголын эрх чөлөөний төлөө тэмцдэг байгууллагууд, зүтгэлтнүүд, хоригдож харгислуулсан өвөр монгол эх орончдыг суллуулах, Монгол Улсад явагдаж буй харь гүрний болон тавдугаар цувааны хорт бодлого гээд л, дандаа л амь насанд нь аюул осолтой асуудлуудын талаар бичиж нийтлүүлж, элдэв арга хэмжээ зохион байгуулж явдагсан. БНХАУ-ын ЭСЯ-ны өмнө эсэргүүцлийн акци зохион байгуулж, тугийг нь хичнээн ч удаа шатаав. Тавдугаар цувааныхантай хичнээн ч маргалдаж, мэтгэлцэж, тэмцэлдэв.
Өдгөө, мэдээлэл ч өргөн хүрээтэй, хүмүүсийн ойлголт ч ахисан, үндэсний үзэлтэй байгууллага, зүтгэлтэн ч зөндөө буй болж. Тэр үед харин эсрэг нөхцөл байдалтай байлаа. Олон зүйлд Д.Мөрөн анхдагч алтан хараацай болж явсаан.
1991 оны есдүгээр сард “360 хэм” гэх залуу сэтгүүлчдийн бүлгэмийн найз нарт маань өгсөн ярилцлагадаа л тэр, Монгол Улсад үзэл бодлоос нь шалтгаалан, мөшгих, заналхийлэх явдал их байгаа, тиймээс АНУ руу гарах бодолтой байна гэж өчсөн байдаг. Гэвч тэр  Монгол оронд элгэн халуун сэтгэлтэйн улмаас, Монгол улсын төлөө зүтгэх хүсэлтэйн улмаас 90-ээд оны турш энд амьдарсаар, тэмцсээр байсан юм.
Манай хүн чинь Монголын сэтгүүлзүйн хөгжилд ч хувь нэмрээ оруулсан шүү дээ. Янз бүрийн сонин хэвлэлд нийтлүүлсэн, үндэсний үзэл, панмонголизм, түүх, геополитик, улс төрийн сэдэвтэй үгүүлэл, мэтгэлцээн, ярилцлага нь өөрийн гэсэн нөлөөгөө үзүүлсээн.
Сэтгүүлч зохиолчидтой ч их найз. 1998 оны зун Фашист залуучуудын холбоогоо цаашидер нь яах вэ гээд Д.Мөрөн, Ц.Ганхуяг, Ц.Батбаатар бид хэлэлцэн суусан юм. Тэгэхэд Д.Мөрөн, Монгол Улсын ирээдүй тун ч хэцүү байна даа гээд их л гунигтай байсан сан. Ардчилсан гэх хүчнийхэн, эрлийз хурлийзууд улс орныг ч сөнөөж байна даа л гэж санааширч байсан.
Тийм ээ, ардчилсан эвслийнхний засаглаж байсан он жилүүдэд тавдугаар цувааны үйл ажиллагаа нэн идэвхжиж олон сүйрэл мөхлийн эх тавигдсан. Монгол Улсын нутаг дэвсгэрийн аль сайн сайхан хэсэг болох 60 хувь нь харийнханд лицэнзээр олгогдоод, монголчууд гишгэх газаргүй, уух усгүй, амьсгалах агааргүй болсон өнөөгийн эмгэнэлийн эх тэр л үед тавигдсан билээ. 
Д.Мөрөн Монголын улс төрийн асуудалд идэвхтэй оролцож, харийн эрх ашгийг эрхэмлэгч нам засгийн харгис бодлогыг хайр найргүй шүүмжилдэг байлаа. Тиймээс, ардчилсан, хүний эрхийг дээдлэгч гэх тэр төр засаг Д.Мөрөнгийн эсрэг элдэв хорлол хийж, “Хятадын тагнуул” гэхчилэн зүсэн зүйлээр гүтгэн гүжирдэж, эцэст нь үнэн хэрэгтээ хөөж гаргасан даа. Хэрэв үүнийг зөвшөөрөхгүй аваас, БНХАУ-д тушаах аюул нүүрлэж байв.
Ингээд л Швед рүү явсан. Тэнд очоод, ардчилсан, хүмүүнлэг улсын найдвартай хамгаалалтад орлоо хэмээн найдаж, Өмнөд Монголын эрх чөлөөний тэмцэлд нэн идэвхийлэн орсон юм билээ. Гэтэл тун удалгүй, 2001 оны эхээр, Рэнцэнтавхай нарын үндэсний үзэлт нөхөд маань түүнийг нас баржээ гэсээр, гунигтай явахтай тохиолдсоон. Шведийн өмнөд монголчууд түүнийг хятадуудад хорлогдсон гэж үздэг юм билээ (Тэдэнтэй форумдаж байгаад мэдсэн).
Яагаад түүнийг хорлов? Лидер болсон болохоор нь л тэр шүү дээ. 
Д.Мөрөн маань ийм л хүн байлаа даа… 
Түүний олон нөхөд, хүндэтгэгчид нь эртүүд цуглахдаа дорхи уриалгыг гаргасан юм:

Уриалга

Өмнөд Монголын Сөнид хошууны хөвүүн Даваасамбуугийн Мөрөн ухамсарт бүхий амьдралаа Монгол үндэстний эрх чөлөө , язгуур оршихуйн төлөө зориулсан гэрэлт хүмүүн билээ.Монгол үндэстний өмнө тулгамдсан хурц асуудлууд, харийн хорт бодлого, өнгөрсөн түүхийн сургамж , Монголчуудын цаашдын замналын талаар түүний бичсэн дайчин нийтлэлүүд олон хүнд ухаарал сэхээрлийг хайрласан билээ.
Тэрбээр зөвхөн бичиж нийтлүүлээд зогсолгүй харийн хорт бодлогыг эсэргүүцсэн эрсдэлтэй арга хэмжээнүүдэд оройлон оролцож байсан. Д.Мөрөнгийн маань бүхий л амьдрал Монголчуудын төлөө, тэмцэл эр зориг, гэгээн үйлс байсан юм.Бахархал дууриал болох баатар энэ хөвүүнээ Монголын ард түмэн мартах учиргүй ээ.Харин ч мөнхжүүлэн гэрэлтүүлэх учиртай. Саяхан швэдэд түүнийг оршуулсан газар бидэнд тодорхой боллоо. Тэр л газар цогт эх оронч хөвүүнээ хүндэтгэсэн хөшөө дурсгалыг бүтээцгээе! Түүний нийтлэл бүтээлүүдийг олны хүртээл болгон мөнхжүүлье. 
Энэ үйлс бол Монгол хүмүүн бүрийн эрхэм үүрэг гэж үзэж байна.Тиймээс Монголын төлөө цохилох зүрхтэй хэн бүхэнд бахдам эх оронч Даваасамбуугийн Мөрөнгийн дурсгалыг хүндэтгэх энэхүү үйлсэд хандив өргөн оролцохыг уриалж байна. Мөнхүү Даваасамбуугийн Мөрөн мэт Монгол үндэстнийхээ төлөө тэмцэж зүтгэж явахыг уриалж байна.

Монгол туургатны хуралдай ТББ
Монголын эрх чөлөө холбооны нам
Хөх Монгол бүлгэм
Цагаан хас бүлгэм
Нэгдсэн Монгол СДХ
Дэлхийн Монгол хэлтнүүдийн утга зохиолын нийгэмлэг 
"Үндэстэн" нэгдэл

Ч.Мөнхбаяр
ММХ.IX.XIX

No comments: