Sunday, July 18, 2010

Чойбалсан дагуур ястан байсан гэв үү?


Интэрнэт дэх нэгэн матэриалд Х.Чойбалсангийн эцэг нь дагуур хүн гэжээ. Дагуурчууд нь киданы хойчис гэгддэг, нэг хэсэг монгол мөн үү, үгүй юу хэмээн эрдэмтдийг маргахад хүргэж асан ястан юм. Монголын Их (Язгуурын) гүрний үед, төрийн зүгээс кидан нарыг монголчуудад хамруулаагүй явдал байсан. Ар монголчуудтай төдийлөн хэлхээ холбоотой байдаггүй дагуурчуудын нэг нь цагаачлан ирээд, өрлөг жанжны маань эцэг болсон гэх нь гайхалтай.
Нутгийн ард иргэд хавчсанаас болж, Жамц гэх тэр дагуур хүн буцаж явсан гэнэ. Өрлөг жанжин маань Дугар гэдэг нэртэй байжээ (Арай Дагур биш байгаа даа?) Ард иргэд хавчсаны учир нь, ерөөсөө тэр дагуур хүн гэдэг нь дагуур ч биш, бүр монгол бус угсааны хүн байсан гэх яриа буй.
Дугар хоёр ч айлын өргөмөл хүү асан ч, аль алинд нь өөриймсөж чадалгүй, эх дээрээ буцаж ирсэн гэдэг. Шавилж суусан хийдийнхээ нэрийг авч Чойбалсан болсон түүхтэй аж.
Яагаад ч юм, эх нь бас бусадтай таарамж муутай явсан сурагтай. Эцэст нь нутгаа орхин, Нийслэл хүрээг зорьсон. Хорлоо барга юм уу, буриад ясны хүн байсан шиг байдаг. Эх хүү хоёр уулзалдахаар нэг нь Нийслэл хүрээнээс, нөгөө нь өнөөгийн Дорнодын нутгаас гараад, уулзалдаж чадалгүй зөрж, үүнээс болж, хэзээ ч ахин учраагүй эмгэнэл буй. 
Чойбалсан хүнтэй эв муутай, зожиг хажигдуу, ганцаардмал нэгэн байсан тул, “чоно” гэдэг хочтой явсан. Бодоо ламтан түүнийг их л өөд нь татсан байдаг. Ташрамд, Бодоо өндөр шар, том хамартай, монгол ёс уламжлалд эв дүйгүй нэгэн асан, түүнийг хүмүүс оросын хүүхэд гэдэг байжээ.
Өрлөг жанжин архи дарс, авгай хүүхний адал явдлаас буцдаггүй нэгэн явж. Үүнээсээ болж, янз бүрийн өвчин эмгэгт ч ороогдсон. Бортолгой гэдэг бүсгүйтэй 1921 оноос, Гүндэгмаатай 1935 оноос ханилсан. “Даанчиг завхай Бортолгой нь хө” гэсэн үгтэй дуу байдгаас, тэр бүсгүйн байдлыг гадарлаж болох биз ээ. Чойбалсан төрсөн үргүй, хоёр өргөмөл хүүхэдтэй байсан, гэхдээ Нэргүй төрсөн үр нь байж магад гэж бичигддэг.
Бодоогийн хэрэг, баруунтны хэрэгт хилсээр холбогдож толгойгоо алдах дөхсөн нь түүнийг уналт гутралд ч оруулж, бас хэрсүүжүүлж, муу санаа суулгасан. 10 жилийн амьдрал  нь их л бүдэг бадаг байдаг. Энэ хугацаанд ирээдүйн дарангуйлагч болоход бэлтгэгдэн оросуудтай ч нөхөрлөж, бас архи дарс, авгай хүүхэнд дурлан хятадуудтай ч нөхөрлөж явсан шиг билээ. Тэр үед, хөлчүүрүүлэх ундаа, хөнгөмсөг хүүхэнтэй холбогдвол хятадуудтай л холбогдчихдог байлаа шүү дээ. Одоогийнхоор бол баар цэнгээний газрын үйлчилгээг тэд атгаж явсан хойно. Хожим тэр найзуудаа дэргэдээ татан, дэвшүүлж ажиллуулж байсан бололтой байдаг.
Б.Догмид зохиолчийн нэгэн үгүүллэгт, манай хүчний байгууллагад Хөххүү гэдэг өмнө зүгээс гарвальтай хүн шургалан орж, харийн даалгавраар ажиллаж буй тухай үгүүлнэ. “Түүний гол зорилго бол “японы тагнуул”, “ардын дайсан” хэмээн сэрдэж, элдэв хуурамч хэрэг, баримт бүрдүүлж баривчлуулах, удирдлага толгойгүй болгох явуулга зохион байгуулах, эх оронч, үнэн шударга олон хүнийг хилсдүүлэн хэлмэгдүүлэх хорт бодлого зохион байгуулж байгаа юм. Тэр бол аргал түлээнд дарь хийсэн адил аюултай” гэсэн байдаг. Хөххүү бол зүгээр нэг зохиомол дүр биш, Б.Догмид зохиолчийн ихийг дуулж мэдсэний үр болов уу.
Үндэсний үзэлтэн З.Эрдэнэбилэг “Хүчний байгууллагад шургалсан хошуучаас дэслэгч гэнэрал хүртэл цол формтой болцгоосон 16 нэр бүхий хятад эрлийз Монголын элитүүдийг, эх орончдыг, сор болсон хөвгүүд охидыг толгой дараалан хэлмэгдүүлсэн аймшигт үнэн баримт байдаг юм” гэж бичжээ. Иймэрхүү хүмүүс өрлөг жанжны талархал сайшаалгүйгээр эл албан тушаалд очно гэж баймгүй. Хэзээ ч билээ дээ нэгэн сонинд Чойбалсанг архидуулдаг хятад найз нь (Хөххүү гээгүй байгаа даа) хүчний байгууллагын чухал албан тушаалд татаасаар нь томилогдоод, Лхүмбийн хэргийг хиймлээр зохион үүсгэсэн гэж бичсэн байсан санагдана.
Чойбалсан өөрөө Лхүмбийн хэрэгт холбогдсон гэдэг нь, түүний тоглоомын этгээд болсныг далдлах гэсэн жүжиг болов уу. Түүнийг ЗХУ Лхүмбийн хэргээр Москвад татан авчраад, харин жилийн турш хэлмэгдүүлэгч болгон сургаж, монголчуудыг байцаалгаж байжээ.


Энэ хүн большевикуудын гар хөл болж, олон мянган (80 мянга ч гэх боллоо) Монголын сор болсон хүмүүсийг хэлмэгдүүлэх ажлыг оройлон удирдаж, Онц байдлын ерөнхий комиссын дарга явсан.
“Чойбалсан өөрөө хэн байв? Алуурчин, садист, цусанд дуртай нэгэн байв уу? Эсвэл хийж байгаа юмандаа яг таг итгэчихсэн гэнэн тэнэг үү? Өөрөө алуулахаас айгаад нүд анин бусдыг алж явсан аймхай нэгэн үү?... Аль аль энэ хүнд холилдож байсан бололтой” гэж Баабар бичжээ.
Түүний зан байдлын нэг онцлог нь өсөрхөл, хонзогнол юм. Амьдралдаа бүтэлгүйтэж, ганцаардаж, хорсож явсан тэрбээр бараг л хэзээ нэгтээ хөл дээр нь гишгэж орхисон нэгнийг ч өршөөлгүй ардын дайсан хэмээн цаазлуулсан гэх нь буй. Зөвлөлтийн сургагч Фриновский хоёулаа ардын дайснуудын нэрсийг жагсаагаад үзье гэхэд мань хүн тэр дор нь нэр жирийлгэж, 115 нэрийн ихэнхийг нь бүрдүүлсэн ч гэдэг. Цаазлах ажиллагаанд уригдаад ихэд хийрхэн орилж хашгирч, буугаа сугалан гозолзуулж, өөрөө цаазлах дөхөн давшилж асан хүн.
Түүний ээж Хорлоо барга юм уу, буриад хүн байсан бололтой гэж түрүүн дурдсан. Тэгвэл Чойбалсан өөрийн ястанд хэрхэн хандав?
1937 оны 10-р сард МАХН-ын ТХ-ны 3-р бүгд хурал дээр тэр “Монгол ард улсын доторх японы тагнуулын ажил хэрэг ба арга маягийн тухай” гэх илтгэл тавьжээ.
Буриад нарын тухайд. Ерөөс эл Монголд суугаа буриад нар нь хэн бэ хэмээвээс, тэдний зарим хагас… нөхөд, Холбоот улсын олон ард өөрийн хүзүүн дээрээс буулгаж, зах хязгаараасаа хөөн гаргасан Семёнов, Унгерн зэрэг цагаантны генерал элдвийн үлдэгдлүүд болно.
Дагуурын… ЗГ-тай Монголыг хэн нийлүүлэх гэж байсан бэ хэмээвээс буриад Сампилон, Цэвээн Жамсранов нар нийлүүлэх гэж байсан. Сүүлийн  өдөр хүртэл Монгол дахь Японы тагнуулын хэргийг хэн удирдаж байсан бэ хэмээвээс, мөн л буриадууд болох бөгөөд Э.Ринчинов, Жамсранов, Цогт Бадамжав, Ринчин Бимбаев, Галон Галзутов ба бусад этгээд нар болон японууд нь МАУ ба СССР улсыг эсэргүүцэхдээ феодал, хөрөнгөтний ба цагаантны намын оюутнуудын үлдэгдлийн дотроос өөрийн төлөөлөгч тагнуулыг олж ашиглаж бүхий амой…
Баргын тухайд… 1800 шахам хүн буй бөгөөд хотод суудаг ба цэрэгт шургалан орсон барга олонх нь төлөв японы тагнуулууд бөгөөд японы даалгавраар 16, 17, 18 он болон мөн дараагаар нэвтрэн ирсэн этгээдүүд болно.
Мэрсээ, Фуминтай, Эрхэмбат, Өлзий болон бусад нь японы ихээхэн том тагнуулууд болой” хэмээн буруушааж, ястнаар нь хэлмэгдүүлж явжээ. Зөвлөлтийн захиа даалгавар байсан хэдий ч, Чойбалсан ойр орчимдоо их өсөрхөж ирсэн, явсан газар бүрийнхээ ул мөрийг баллах гэсэн нэгэн байсан нь бас ч багагүй нөлөөтэй байв. Харин тэр ямар ямар нууцуудыг илрэх вий хэмээн айж байв гэдэг нь төдийлөн тодорхой болоогүй хэвээр.
Баабарын номонд бол гэмт хэргийн ертөнцтэй холбоотой байснаа далдлах гэсэн гэх санаа буй. Яс үндэстэй холбоотой нууц байж ч болох л доо.
Тус хуралд Х.Чойбалсан “Хятадуудын тухайд. Та бүхэн цөм мэдэх бөгөөд, хятадууд болбоос их л ажилсаг хүмүүс болой” хэмээн ихээхэн сайшаагаад, үлгэр жишээ тэдний заримыг л япончууд уруу татаад буруу үйл хийлгээд байгаа мэт, өршөөнгүй өнгө аясаар илтгэсэн байдаг. 
Улаанбаатар дахь хятад худалдааны газрын хэрэг гарсан бөгөөд,  тэр нь угтаа японы албан байгууллага байсан байна ч гэж байх шиг. Баянтүмэн дэх хятадуудын хэргийг мөн японы албан газар үйлдсэн гэнэ. Ийнхүү, хятадууд хэрэгт  холбогдвол, тэр нь хятадууд холбогдохгүй шахуу, японы албан байгууллага гээчийн хэрэг болчихдог байж үү дээ. Ингэхлээр, хятадууд монголчууд шиг хатуу ширүүнээр цээрлүүлэгдэх үндэслэлгүй болчихсон юм биш үү. Хожим Порт-Артурын хэргээр л 80 хятад иргэнийг хэлмэгдүүлэн хороосон бөгөөд, түүнээс өмнө хэрхсэн талаар мэдээ баримт бараг байдаггүй. Буриадуудыг “зарим хагас нь нөхөд” гэчихээд, олон буриад “ардын дайсныг” илтгэлдээ дурдсан тэр, хятадуудыг “их л ажилсаг хүмүүс болохыг нь цөм мэднэ” гээд, хятад “ардын дайсан” огт дурдаагүй, харин ч хятадуудтай холбогдсон хэргийг японы албан байгууллага үйлдсэн хэмээсэн. Би энд хятадуудыг заавал хэлмэгдүүлэх ёстой гээгүй, зөвхөн баримтуудыг л харьцуулсныг зөвөөр ойлгоорой.
Өдгөө Чойбалсанг тахин шүтэх үзлийг сэргээх оролдлого гарах боллоо. “Аргагүй байдалд автаад” гэхчилэн зөвтгөх оролдлого ч гарч байна. Аргагүй байдалд автаагүйг нь тахин шүтдэг юм биш үү?
Чойбалсангаас юу авах вэ гэвэл түүний зарим панмонголист үг үйлдлийг. Тэр Зөвлөлттэй нэгдлээ гэж, Тувагийн Салчиг Тогоог зодож нүдэж, сэлэм эргүүлэн хөөсөн гэдэг. Өвөр Монголыг БНМАУ-тай нэгтгэх амлалтаа зөрчлөө гэж Зөвлөлтийн элчинг  дарж унаган балбасан ч гэдэг. Казахын Оспан баатартай Шинжааны монголчууд суудаг нутгийг авах талаар ярилцсан байдаг.
ЗХУ панмонголизмыг хөзөр болгон ашиглаж байсан. Чойбалсангийн панмонголист хандлага зөвлөлтийн заавартай холбоотой л байсан. Гэхдээ л, зодолдож нүдэлд гэж байгаа юм биш, панмонголизмыг дээдлэх л хэрэгтэй.

No comments: