Tuesday, July 27, 2010

Монгол улс Төв Азийн Холбоог байгуулах ёстой!


Та бүхэн Төв Азийн спортын наадам боллоо гэж дуулсан уу? Эсвэл Төв Азийн дээд хэмжээний чуулга уулзалт? Киргизийн үймээнийг Төв Азийн цэргийн байгууллагын хүч зогсоов гэж?
Дуулаагүй шүү дээ. Учир нь Төв Ази нь, ямарваа нэг хамтын ажиллагаа, найрамдал нөхөрлөл, эдийн засгийн интеграци, эрх ашгаа хамгаалах зэрэг нэгдэл нягтрал байдаггүй цорын ганц бүс нутаг болой.
Үүний учир шалтгаан юунд оршино вэ? Монголд оршино гэвэл яахав? Тийм ээ, Монголд оршино. Хамгийн Төв Азийн орон болох Монгол нүүдэлчидтэйгээ бус, Зүүн Азийн нангиад соёлын сферийнхэнтэй нэгдээд яваад байдаг болохоор Төв Азийн интеграци бүтэж өгдөггүй юм шүү дээ. Азийн төв цэг нь манай улсын хэсэг асан Тагна Урианхайн Кызыл орчимд, өдгөөгийн хилийн маань хойхно орчимд байна. Өөр тооцоогоор бол, мөн л манай улсын хэсэг асан торгууд нарын /Шинжаан/ нутагт, хилийн маань өмнөхөн байна. Монголд бий гэх тооцоо ч байдгийг нуун дарагдуулдаг юм гэсэн.

1990 оноос хойш л манай эрх баригчид Монголын Зүүн Азийн орон болгочихсон. Бүр Зүүн-Өмнөд Азийн байгууллагад элслүүлэх гээд байсан гээч.
Уг нь Төв Азийнхантайгаа нэгдэх нь стратегийн өндөр ач холбогдолтой, шинжлэх ухааны хувьд зөв, түүхэн их учир шалтгаантай, улс төрийн алсын хараатай, эдийн засгийн хэтийн төлөвтэй, жинхэнэ гуравдахь хөршийг буй болгох, аврал, эрх чөлөө, тусгаар тогтнолын үүд хаалга юм шүү дээ.
Монгол л орохгүй болохоор Төв Азийн байгууллага үүсгэх оролдлого нь экс-зөвлөлт улсуудын пост-зөвлөлт холбоо шиг болчих гээд бүтэлгүйтдэг асан байна.
1997 онд Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа /ТАБНЭЗХА, КАРЕК/ гэдэг байгууллага үүссэн, Түркменээс бусад 4 стан, Афганистан, Азербайжан, Хятад, тун гайхалтай нь Монгол гэсэн 8 гишүүнтэй юм байна. Ийм байгууллага байдаг, манайх гишүүн нь гэж дуулаа ч үгүй учраас гайхсан хэрэг л дээ. Бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийг эрчимжүүлэх, хүн амын амьжиргааны төвшинг дээшлүүлэх зэрэг зорилготой. ТАБНЭЗХА-ны хөтөлбөр гэж буй агаад, тээвэрлэлт, эрчим хүч, худалдаа, үйлдвэрлэл, дэд бүтэц, хөнгөлөлтийн талаар төслүүд хэрэгжүүлнэ гэсэн байдаг. ОУВС, Исламын хөгжлийн банк, UNDP, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Евразийн эдийн засгийн хамтын нийгэмлэг /ЭЗХН/ зэрэгтэй хамтран ажилладаг, санхүүгийн эх үүсвэр хуримтлуулж, төсөл санхүүжүүлэх гол үйл ажиллагаатай гэж байгаа. Хятад л гоцлон тоглох тайз бололтой юм. 
2004 онд, Түркменээс бусад экс-зөвлөлт стан улсууд Төв Азийн хамтын ажиллагааны байгууллага /ТАХАБ, The Organization of Central-Asian Cooperation, OCAC/-ыг үүсгэжээ. Улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан-техник, байгал хамгаалал, соёл, хүмүүнлиг, тусгаар тогтнол болон газар нутгийн бүрэн бүтэн байдлын хамгаалал, хил-гаалийн салбарт нягт хамтран ажиллана, улс төр-эдийн засгийн хүч болж, эрх ашгаа хамгаалцгаана, Төв Азийн бусад улсуудыг үйл ажиллагаандаа татан оролцуулж, өргөн тэлнэ л гэсэн юм байна. Гэтэл ОХУ бид гол донор, спонсор болно, хариуд нь тэргүүлэх үүрэг ролийг гүйцэтгэнэ гэж орж ирээд, Евразийн эдийн засгийн хамтын нийгэмлэг /ЕЭЗХН/ болгож хувиргаад, татан буугдахад хүргэчихсэн.


Ийнхүү Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны дорвитой байгууллага гэж байхгүй байж ирлээ. Гэтэл Европ, Зүүн-Өмнөд Ази гээд бүс нутгийн үр бүтээлтэй интеграцийг өрнүүлж байгаа сайхан жишээнүүд байна. Монгол улс энэ асуудлаар санаачлага дэвшүүлж, зохион байгуулах түүхэн үүрэг рольтой гэж бодном. Учир нь, Монгол Төв Азийг нэгтгэж, Алтан ургийн төртэй болгож асан. Төв Азийн нүүдэлчин ард түмнүүдтэй ураг төрлийн хүйн холбоотой ч юм.
Төв Азийн Холбоо /ТАХ/ гэдэг улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан-техник, батлан хамгаалах салбарт нягт хамтран ажилладаг байгууллагыг үүсгэх санаачлага дэвшүүлээч ээ гэж төрдөө хандан уриалж байна. Солонгосын хойгийн асуудлыг зохицуулахад оролцоно л гээд байдаг юм билээ. Солонгос хуваагдах, иргэний дайнд татагдах нөхцөл байдал үүссэнд холбоотой Хоёр Солонгос, Орос, Хятад, Америк, Япон зургаан улсын л шийддэг асуудал шүү дээ. Зүүн Ази руу ингэж хэт хадуурч байхын оронд, Төв Азийнхаа асуудалд анхаарал хандуулъя.
ТАХ-нд юуны өмнө Монгол, экс-зөвлөлт 5 стан: Казахстан, Киргизстан, Тажикстан, Түркменистан, Үзбекистан болон Афганистан улсууд бүхлээрээ орох ёстой. Хэрэв улс зөвхөн бүхлээрээ элсэнэ гэвэл, энэ 7 улсын байгууллага байх учиртай. Манай нийслэлд үүсгэн байгуулах хурлаа хийж, Улаанбаатарын 7 гээд явбал хичнээн сайхан.
Газарзүй, ЮНЕСКО-гийн тодорхойлтоор бол Төв Азид мөн Оросын зүүн өмнөд /Урал-Сибирийн өмнөд/, Хятадын баруун, Энэтхэг, Пакистан, Ираны хойд хэсэг мөн ордог аж. Тэдгээрт багтах тус улсуудын засаг захиргааны нэгжүүдийг /ЗЗН/ мөн элсүүлж болох юм. Жишээ нь, Оросын Буриад, Тува, Алтай, Татарстан, Хятадын Шинжаан, Төвд, Энэтхэгийн Ладак ч гэдэг юм уу. Мөн Орос, Хятад, Энэтхэг, Пакистан, Ираныг бүхлээр нь ч элсүүлж болох агаад, тэдний хэн нь ч их гүрний эрмэлзэл гаргах боломжгүйгээр бие биеэ тэнцвэржүүлэх юм.
ТАХ-г байгуулснаар Монгол улс Зүүн Азийн хамтын ажиллагаанаас гарна гэсэн үг бус. Хэрэв газарзүй-улс төрийн онцлогтой аваас, нэг улс өөр өөр бүс нутгийн байгууллагын гишүүн байж болох нь, Орос, Хятадын дээр дурдагдсан жишээнээс харагдаж байна.
Миний бие “Шинэ Алтай” ЧЭЗБ-ийн тухай саналыг дэвшүүлж ирсэн. Энэ нь ТАХ-тэй салшгүй уялдаатай байх учиртай. Төв Азийн интеграцид чухал ач холбогдолтой санал юм. 
Монголд чөлөөт эдийн засгийн бүс (ЧЭЗБ) байгуулах нь ач холбогдол ихтэй болох талаар 1999 онд бичиж байснаас хойш, даруй 11 жил өнгөрчээ. Өнөөдөр, манай улсад ЧЭЗБ байгуулах шийдвэр нь хийгдсэн боловч хэрэгжилт нь эхлэл төдий байгаа бөгөөд, “үр ашиггүй, зогсоох шаардлагатай төсөл” ч гэгдэх боллоо.
Монголд ашигт малтмалын асар их нөөц буй нь, олборлол-боловсруулалт-үйлдвэрлэлийн цогцолборуудаас нь олох ашиг дээр суурилан, олон салбарт эдийн засгийн бүтээн байгуулах боломжийг олгоно. Ашигт малтмалын нөөцтэй бол түүнийгээ, хожим ашигт малтмалгүйгээр амьдрах хэтийн төлөвт чиглүүлэн дээд зэргийн үр ашигтайгаар зориулан зарцуулдаг нь жишиг билээ. Жишээ нь: Эмирт.
Бид ч бас тийнхүү ажиллах ёстой. ЧЭЗБ бол олон салбарт эдийн засгийг бүтээн байгуулах үйлсэд багагүй хувь нэмэртэй алхам, уг үйлсийн салшгүй нэгэн хэсэг нь болох юм.
Урьдаас бодож боловсруул-саар, 2008 оны 4-р сард хэвлэлээр олон нийтэд дуулгасан минь, Монгол, Орос, Хятад, Казахстан дөрвөн улсын уулзвар бүсэд олон улсын ЧЭЗБ байгуулах тухай юм.
Монгол улсын хувьд баруун хязгаарыг хөгжүүлэхэд алслагдмал байдал, дэд бүтцийн дутагдал гээд олон бэрхшээл учирдгийг нурших юун.
ОХУ Алтайн хязгаар нутгаа хөгжүүлэхэд зохих анхаарлыг тавьж эхлэв. 1991 онд “Алтай” ЧЭЗБ байгуулах ерөнхийлөгч Б.Ельциний шийдвэр гарсан. Хэрэгжилтийн хувьд янз бүрийн бэрхшээлүүд тохиолдсоор иржээ.
Эрчимтэй хөгжлийн зарчмыг зарлан тунхаглаж, амжилттай хэрэгжүүлж буй БНХАУ-ын хувьд мөн Алтайн бүсээ хөгжүүлэх ихээхэн сонирхол буй.
Казахстан улс дорнод хязгаараа хөгжүүлэх, энэ үйлсдээ хөрш улсуудтайгаа хамтран ажиллах маш их сонирхолтой байгаа юм. Дөрвөн улсын уулзвар бүсэд казах хүн нэлээд хэмжээгээр оршин суудаг нь уг сонирхлыг нь улам хүчжүүлдэг.
Тийм ч учир, 4 улсын төлөөлөлтэй “Бидний нэгэн гэр – Алтай” гэдэг зохицуулах зөвлөл байгуулагдсан байна.
Өнөөдөр, 4 улсын найрамдал, хамтын ажиллагаа, хөгжил дэвшилд оруулах ёстой хувь нэмрээ, энэ бүс нутаг оруулж чадахгүй байна. Бие бие рүүгээ гараа сунгаж шийдэмгий алхам хийх цаг иржээ. Тэр нь, 4 улсын уулзвар бүсэд байгуулах олон улсын ЧЭЗБ юм.
“Шинэ Алтай”, “Алтайн дөрөв”, “Найрамдлын Алтай” зэрэг нэртэй байж болох энэхүү ЧЭЗБ нь улс бүр 4 улсыг холбоход хангалттай газар нутгийг олгосны дээр, эдийн засгийн хөнгөлттэй нөхцөл, хуульзүйн онцгой статустайгаар оршин тогтноно. Худалдаа, эдийн засаг, нийгэм, үйлдвэрлэл, байгалийн баялгийн эзэмшилт, дэд бүтэц, хүний нөөцийн ашиглалт, тээвэр, жуулчлал, шинжлэх ухаан-техникийн зорилтуудыг шийдвэрлэхэд ихээхэн ач холбогдолтой бүс болох төлөвтэй юм.
Гааль, түрээс, татвар, валют, виз, хөдөлмөрийн тусгай дэглэмүүд нь хөрөнгө оруулалтад нэн тааламжтай нөхцлүүдийг олгох ёстой. Нээлттэй, олон улсын онцгой хот, технополисийг хамтран байгуулж болох юм.
Алтайн шинэ ЧЭЗБ-д Туманганы ЧЭЗБ үлгэр жишээ болж өгнө. Тэрхүү олон улсын ЧЭЗБ-ийг хөгжүүлэхэд БНХАУ, ОХУ хүчин чармайлт тавин ажиллаж буй. Монгол улс ч хувь нэмрээ оруулж ирсэн юм.
Алтайн дөрвөн улсын ЧЭЗБ-ийг байгуулах санаачилгыг МУ-ын ЗГ нааштайгаар хүлээн авч, энэхүү асуудлыг хөршүүддээ ул суурьтайгаар дэвшүүлэн тавина гэдэгт найдаж байна. Алтайн олон улсын ЧЭЗБ Монгол орны хөгжил дэвшилд ихээхэн ач холбогдолтой болох нь дамжиггүй билээ.Төв Азийн хамтын ажиллагаа амьдралд хэрэгжиж, Монгол улс үндэстэнд үр нөлөөгөө өгөх учиртай билээ.
Ч.Мөнхбаяр
ММХ.VII.III

1 comment:

Unknown said...

Ene bytehgyieee. Mongolchuud l tuv azi ba dundad azi gej yalgaad baigaa bolohoos. baruund central asia gej dundad aziig dangaari ni nerledeg. Ter uls turiin asuudaltai oros/ udahgyi hyatadiin ilt haraat baidald baidag avtoritar turtei yumnuudtai zuuraldaj yhsenee hiih yum. Manaid yu unah yum? Afghan gesen horvoogiin hogiig bas nemne gevel za ter byyr hudlaa.
Mash olon asuudal baigaa tul manaihan ugaasaa zyyyn azi bolon zyyn hoid azi gesen So, Yopon gesen talluugaa haraad baigaa ni uchirtai. Edgeer ulsuud ni ediin zasagiin powerhouse-nuudaas gadna Amerikiin tsergiin baaztai bys nutgiin amerikiin tynshyyd. Manaid iluu chuhal. Tsever oros hujaagiin nuluunii togloomiin holboog bii bolgoyo geegyi l bol ene demii sanaa. Shanhain nuhurluluus zugtaj yadaj baihad chin......