Tuesday, July 6, 2010

“Улс үндэстнээ аваръя” эрхэм зорилгын дор нэгдэж буй бүлхэмүүдээс тавих шаардлага



МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ,
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ,
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД 
НАР ТАНАА 

2010.07.02                               Улаанбаатар хот


“УЛС ҮНДЭСТНЭЭ АВАРЪЯ” ЭРХЭМ ЗОРИЛГЫН ДОР
НЭГДЭЖ БУЙ БҮЛХЭМҮҮДЭЭС ТАВИХ ШААРДЛАГА


Монгол Улсын Тусгаар тогтнолын баталгаа, аюулгүй байдал бүх талаар алдагдаж эрх баригчдын үйл ажиллагаа үндэсний эрх ашгийн эсрэг чиглэж байгаагаас эх орноо аврахын төлөө “Улс үндэстнээ аваръя” эрхэм зорилгын дор нэгдэж байгаа бүлхэмүүдээс дараахи шаардлагуудыг тавьж байна. 
1. “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хууль батлагдсанаас хойш бүтэн жил болж байхад Засгийн газар хууль биелүүлэхээс зайлсхийж улс орны эрх ашгийг хохироосоор ирлээ. 


Монгол орны экологийн тэнцвэрт байдалд онцгой нөлөө бүхий газар нутаг хамгаалагдах нэн чухал энэ хуулийг хэрэгжүүлэхийг үл ойшоож байгаа нь Засгийн газар хөнөөлт сүйтгэлүүдийг зориуд хаацайлан хамгаалж байгаа гэмт хэрэг бөгөөд үүнээс үүдэн гарч байгаа, цаашид гарах ноцтой хохирол, аюултай үр дагаварыг Монгол улсын Үндсэн хуулийн 41.1-д заасны дагуу Ерөнхий сайд та өөрийн биеэр хариуцах ёстойг дахин сануулж дараахи арга хэмжээг хэрэгжүүлэхийг. Үүнд:

1.1. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн  Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж батлах, нийтэд зарлах
1.2. “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох” хууль хэрэгжих газрыг 2010 оны 7 дугаар сарын 16-ны дотор онц чухал объектын жагсаалтанд авах
1.3. Хууль хэрэгжих газар нутгийн хүрээнд ашигт малтмалын хайгуул, ашиглалтын үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулсан хохирлыг 2010 онд багтаан тогтоох
1.4. Энэ хуулийн хэрэгжих хилийн заагийг тогтоосон өдрөөс эхлэн хилийн зааг дотор ашиглалтын болон хайгуулын үйл ажиллагаа явуулахыг зогсоож, тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгох 
1.5. Хуулийн хүрээнд хамрагдах нутаг дэвсгэрт стратегийн орд газруудыг шинээр бүртгэхгүй байх 

2. Өдий төдий нүүрсний уурхайгаа ашигласаар ирсэн туршлага байсаар атал Таван толгойг ард түмний ар хударгаар зөвхөн гадаадынханд өгөхөөр наймаалцаж, тэгэхдээ тухайн ордоос олох ашгийн зөвхөн 10 хувийг ард иргэдэд хувьцаа хэлбэрээр хүртээж 90 хувийг нь цөөн хэдэн этгээд гадныхантай хуваан завших гэж байгаа нь шуудхан хэлэхэд улс орныг тонон дээрэмдэх ажиллагаа бөгөөд Монгол улс, монголын ард түмний эрх ашгаас урвасан гэмт хэрэг мөн тул ял асууна гэдгийг сануулж дараахи арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг.  Үүнд: 
2.1. Таван толгойн ордыг ашиглах талаар Эрх баригч бүлэглэлийн хүрээнд дур мэдэн шийдвэр гаргахаа хойш тавьж, хэд хэдэн хувилбараар Монголын бүх ард түмнээр хэлэлцүүлэн нийтээр хүлээн зөвшөөрсөн хувилбарыг сонгох
2.2. Таван толгойн ордод одоо явагдаж байгаа ашиглалтын үйл ажиллагааны уршгаар байгаль экологи, орон нутгийн иргэдэд учирч буй хохирлыг гаргаж буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх
2.3. Хайгуулын болон ашиглалтын “Лицензи” нэртэй цаасаар монголын газар нутаг, баялагийг худалддаг болсноос өнөөг хүртэл, нийт хичнээн хэмжээний баялаг гадагш гарч, олзворлогчид ямар ашиг хүртэж, монгол улс ямар ашиг олсныг олон нийтэд тоо баримтаар нь тодорхой зарлах

3.  Монгол улс өдөр бүр ажилгүйчүүдээр хүрээгээ тэлсээр байхад гадаадын ажилчдыг үй олноор оруулж ирж монголчуудын ажлын байрыг эзлүүлж, амьжиргааны орлогыг нь булаалгах бодлого үйл ажиллагаа явуулж байгааг бид хэрхэвч зөвшөөрч чадахгүй бөгөөд дараахи арга хэмжээг нэн даруй авахыг. Үүнд:
3.1. Гадаадын ажилчид оруулж ирж гүйцэтгүүлэх төсөл, гэрээ хэлцлүүдийг нэн даруй зогсоож, одоо монголд уул уурхай, ашигт малтмалын олзворлолт, барилгын үйлдвэрлэл, нийтийн хоол, арьс шир боловсруулалт, түүхий эд бэлтгэл, тариа ногоо тариалалт, хөдөө аж ахуйн бусад үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллаж байгаа гадаадын ажиллагсдыг 9 дүгээр сарын 1-нээс өмнө даруй гаргах
3.2. Цаашид гаднаас авсан зээлийг тухайн зээл олгогч улсын иргэдийг ажлын байраар хангахад нь зориулж буцаан зарцуулчихаад харин зээлийн өрийг монголын ард түмний нуруунд үүрүүлж байгаа бодлогыг таслан зогсоож, монголын нийт ажилгүй иргэдийг ажлын байраар хангах

4.  Оюутолгойн гэрээгээр 34 хувийг нь монголын тал эзэмших нь үнэн юм бол олон улсын хөрөнгийн зах зээл дээр энэ том ордыг тавьж олсон мөнгөний 34 хувь нь манайд ирэх ёстой байлаа. Гэтэл Монголын ард түмнийг хууран мэхлэж, монгол улсын эрх ашигт хохирол учруулсан гэрээ байгуулан асар их баялгийг зувчуулан харийн этгээдийн “халаасанд шургуулаад” зогссонгүй баялгаас хүртээж байгаа нэрээр зээл авч Монгол улсыг давхар өрөнд унагасан ялт хэргийнх нь төлөө Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Лүй.Гансүх нарын эх орноосоо урвагчдыг ажил, албан тушаалаас нь зайлуулж, шүүхэд шилжүүлэхийг.

5. Төрийн аливаа эрх мэдэл албан тушаалыг эрх баригч намуудын өөр хоорондын наймааны хэрэгсэл болгож, далд тохиролцоогоор хувааж авдаг, ах дүүс, найз нөхөд, бүлэглэлийн хүрээллээр албан тушаалыг өмчилдөг бусармаг явдлын гайгаар нийгэмд хариуцлагын тогтолцоог үгүй хийж, намын эрх ашгийг улс орны эрх ашгаас дээгүүр тавьж, намыг тахин шүтэх болтлоо нийгмийг ялзруулж, төр засгийн үйл ажиллагааг завхруулж байгааг таслан зогсоож дараахи арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг. Үүнд: 
5.1.   Нам хоорондын тохиролцоогоор Засгийн газрын бүтцийг нүсэрдүүлсэн яамдын дэд сайдууд, агентлаг, газруудын дэд дарга, зөвлөх гэх мэт илүү орон тоо, ах дүү, амраг садандаа зориулж төсвийн мөнгө идэх ажил албан тушаал бий болгохын тулд байгуулсан Хөгжил шинэтгэлийн хороо, агаарын хяналтын алба гэх мэт хэрэггүй нүсэр бүтэц, байгууллагуудыг 7 дугаар сарын 16-ны дотор цомхотгож нийтэд мэдээлэх
5.2. Улсын өмчит үйлдвэрийн газрын ашиг орлогоос хандив нэрээр хулгайлан авч МАХН-ын байр барьж байгааг зогсоож, хандив өгсөн дарга нарыг нь шүүхэд шилжүүлэх, оруулсан хөрөнгийг улсын төсөвт буцааж хураан авч нийтэд мэдээлэх 
6.  Монгол хүний хийж чадах бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг гаднаас импортоор оруулж ирж, мөнгөө гадагш урсгадаг арчаагүй харалган бодлогыг зогсоож, импортыг тэтгэсэн эдийн засгийн бодлогын гайгаар доллар шүтэх үзэл санаа нийгэмд давамгайлж үндэсний мөнгөн тэмдэгтээ үнэгүйдүүлж, доллараар төлбөр хийх сонирхол түрсээр байгааг бүрэн хаахыг.   

7.  Хувийн ашиг сонирхлоо хангахын төлөө хэнийг ч юуг ч золиослохоос буцахгүй болсон эрх мэдэлтнүүд болон тэдний хууль бус далд орлогыг бүрдүүлэгчдийн нэг хэсэг болсон алтанд шунагчдын гайгаар газар шороо, ус ургамал нь хордож, оршин суугчид нь үе удмаараа аюулд нэрвэгдсэн нь тодорхой болоод байгаа Хонгор сумынхны амь амьдралыг аврах бүх талын арга хэмжээг цаг алдалгүй нэн яаралтай авахыг   

8. УИХ-ын сонгуулийн дүнг булхай луйврын аргаар өөрчлөн, хууль бусаар төрийн эрх мэдлийг булаан авсныг ард иргэд эсэргүүцэж, энэ нь олон нийтийн эмх замраагүй байдалд хүргэсэн 2008 оны 7 дугаар сарын 1-ний хэрэг явдлын үеэр ард иргэд рүү буу шагайн, шүүхийн ямар ч тогтоол шийдвэргүйгээр 5 хүний амь хороож, олон хүнийг эрэмдэг зэрэмдэг болгосон цуст хядлагын хариуцлагыг тухайн үеийн Төр засгийн удирдлагад байсан этгээдүүдтэй тооцон шүүхэд шилжүүлж, цаашид дахин ийм хэрэг гаргуулахгүйн тулд уг хэрэг явдалд дүгнэлт өгч Монгол улсын төр нийт ард түмнээсээ уучлалт гуйхыг 
    
Эдгээр шаардлагын хариуг 2010 оны 7 дугаар сарын 16-ны дотор олон нийтэд нээлттэй хэлбэрээр өгөхийг бид шаардаж байна. 
Шаардлагыг үл тоомсорлосон тохиолдолд монголчууд нийтээрээ босон тэмцэж болзошгүй нөхцөл байдал нэгэнт үүсээд байгааг анхааруулж байна! 

ШААРДЛАГА ХҮРГҮҮЛСЭН “УЛС ҮНДЭСТНЭЭ АВАРЪЯ” ЭРХЭМ 
ЗОРИЛГЫН ДОР НЭГДЭЖ БУЙ БҮЛХЭМҮҮД:

МОНГОЛ УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ ТББ.

ТУСГААР ТОГТНОЛ ЭВСЭЛ

МОНГОЛЫН ГОЛ НУУРУУДЫН НЭГДСЭН ХӨДӨЛГӨӨН

ТУСГААР МОНГОЛЫН ТӨЛӨӨ НЭГДЭГСЭД

ХӨХ НУРУУТ 

ХОХИРОГСДЫН НЭГДСЭН ХОЛБОО

No comments: