Sunday, July 18, 2010

Барон Унгерн яагаад шар дээл өмсдөг байв?


Барон Унгерний большевикуудад баривчлагдан байцаагдаж байх үеийн фото буй. Дээлэн дээр погон хадсан байдаг шүү дээ. Шар торгон дээлтэй байсан юм билээ. Яагаад тэр дээлтэй байв? Цагаан армийнх нь шинель олдсонгүй гэж үү хэмээн зарим уншигч гайхах магад. 
Шинель олдоогүй биш ээ. Армийнх нь дүрэмт хувцас ийм байсан юм. Ямар армийнх вэ? Нармай Монголын.
1919 онд Нармай Монголын засгийн газар байгуулагдсан. Ташрамд, Нармай Монголыг байгуулахад Халх оролцолгүй, бүх үйлсийг нураасан гэх яриа явдаг. Уг нь Ар Монголын Сайн ноён хан Намнансүрэн нарын эх орончид Нармай Монголыг байгуулах үйлсэд оролцсон юм билээ шүү дээ. Нармай Монголыг байгуулах хуралд Намнансүрэн хан нар оролцох учиртай асан ч, дайснуудад хорлогдсон эмгэнэл буй.



Нармай Монголыг байгуулах үйлсийг Япон, Цагаан гвардийнхан дэмжиж байв. Харийн эзэрхийчүүдээс монголчуудаа чөлөөлөхийн тулд даруйхан армитай болох шаардлагатай байлаа. Байгалийн казакийн атаман, монгол цустай Семёнов, Монголд элэгтэй Барон Унгерн гэх хоёр хүн Нармай Монголын үйлсийг идэвхийлэн дэмжиж асан тул, тэдэнд зэвсэгт хүчнийг зохион байгуулахыг даалгаж, дэслэгч генерал цолыг шинэ тулгар ЗГ-аас олгосон байдаг.
Нармай Монголын Азийн морин дивиз гэх хүч Ар Монголд орж ирэхэд ард олон талархан угтаж, тэднийг Лувсанцэвээн тэргүүн манлайлсан. Энэ бол ар монголчууд Нармай Монголын үйлсэд өргөнөөр оролцсоны бас нэгэн баталгаа болой. Нармай Монголын өөр хэсэг хүч Нэйс гэгээн Мэндбаяр, гүн Норимпил нараар толгойлуулан Хиагтаар орж ирээд, энхийн гэрээ байгуулна гэсэн хятадуудад хууртан мөхсөн харамсалтай түүх буй.


Нэгэнтээ, Нармай Монголын арми учраас дүрэмт хувцас нь монгол дээл дээр суурилан тогтоогдсон хэрэг. Бароны шар дээлийн учир энэ буюу. 
Ташрамд, Барон Унгерн, Лувсанцэвээн тэргүүн, Баяр гүн, Резухин, Жамбалон, Туванов нар нь Богд хаант Монгол улсын баатар цолыг хүртсэнийг сэргээх нь зүйтэй. Мөн Нармай Монголын бусад баатруудад ч баатар цолыг нэхэн олгох хэрэгтэй.
Барон Унгернийг Новониколаевскад большевикууд шүүж, байцаалт авахад цэргийн цолоо дэслэгч генерал гэсэн байдаг. 1945 онд атаман Семёновыг зөвлөлтийнхөн баривчилж, мэдүүлэг авахад цэргийн цолоо мөн дэслэгч генерал гэжээ. Энэ нь Нармай Монголын засгийн газраас олгосон цол гэнэм.
Ч.Мөнхбаяр

No comments: