Монголчуудын дунд байгаа Цагаан хэрмийг нураах цаг болжээ!
Саяхан, “Олуулаа болох санаачилгыг дэлхийн монголчууд дэмжиж байна!” сэдэвт хэвлэлийн хурал болсон билээ. Энэ хурлыг өмнөд монголчууд (“Олуулаа” дугуйлангийнхан) зохион байгуулсан нь онцлог байлаа. Өмнө нь, Монгол улс-ӨМӨЗО-ны тал бүрийн харилцаа, хамтын ажиллагаатай холбоотой, БНХАУ-ын төрийн байр суурийг илэрхийлсэн хэвлэлийн хурлууд, Монгол улсад ӨМӨЗО-ны тоглолт, ажлаар ирсэн дуучин жүжигчнийг танилцуулах, сурталчлах хурлуудад өмнөд монголчууд оролцож байснаас бус, энэ удаагийнх шиг өмнөд монголчууд хөрш орны байр сууринаас хамаарахгүйгээр, монгол үндэстний асуудлыг чөлөөтэй хөндөн ярьж, дэвшүүлж байсан хурал Монгол улсад болж байсангүй шиг. Индрийн ширээний ард өмнөд монголчууд сууж ярьж байснаас гадна, сэтгүүлчдийн суудалд олон өмнөд монгол хүн сууж, талархан дэмжиж, алга нижигнүүлэн ташиж байлаа. Хурлын эрхэм оролцогчдын ярианаас толилуулъя.
Зүүн гар талаас А.Өлзийбаяр, Ч.Энхээ, О.Соёлт, Ч.Мөнхбаяр, А.Пунцаг, Х.Төгс
А.Пунцаг (Монголын ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн Дундад зууны түүхийн салбарын эрхлэгч, доктор профессор, Монгол улсын иргэн):
-“Үрээгээ танихгүй баян, үрээ танихгүй өнөр бол”, “Хөнжил дүүрэн хүүхэд, хөндий дүүрэн малтай бол” гэж монголчууд хэлэлцэж, өнөр өтгөн байхыг, олуулаа байхыг эрхэмлэж ирсэн. Эзэн Чингис маань олон монгол овог аймгаа нэгтгэж, олуулаа болж байсан.
Монгол хятад үндэстнийг зааглан босгосон Цагаан хэрэм гэж буй. Гэтэл өнөөдөр монгол ахан дүүсийг хооронд нь хувааж зааглан босгосон Цагаан хэрэм бас буй болсон байна шүү. Бидний дунд, монгол үндэстний дундуур босгосон Цагаан хэрэм гэж байна. Берлиний хана нурж герман үндэстэн нэгдэж байсан. Түүн шиг, бид өөрсдийн дунд байгаа Цагаан хэрмийг нурааж байж олуулаа болно оо.



