Monday, July 22, 2013

Бурхан Цэнгэл гэх буянтай хүн олон хоног өлсгөлөн зарлаад үхэх гэж байна

Өвөр монгол Цэнгэл гэх үйлтэй хүн Монголд нэг байна. Тэрбээр 90-ээд онд хятадуудад хавчигдан, Монголд орж ирсэн. Бизнес эрхлэх гэтэл хулгайч луйварчдад хавчигдаж олигтой юм болоогүй. Өвөр монгол хүнийг дээрэмдчихээд, “дээрэмдүүлэв” гэж гүтгэдэг новшийн аргад нь өртөж, хоригдож, шүүгдэж байсан ч, аль аль тохиолдолд цагаадаж байв.
Монголд өвөр монгол хүн бол хүн биш, хятад хүн бол бурхан. Тиймээс өвөр монголчуудын хувьд Монголд амьдрах ганц л арга зам бий. Энэ нь орчуулагч хийх.
Мань Цэнгэл орчуулгаа хийхийн сацуу, боловсролоо дээшлүүлж, түүхийн ухааны доктор хамгаалах гэж байв. Тэдний гэрт хогшил гэвэл, хааяагүй хураасан ном л байдаг. Тиймээс эхнэр хүүхэд ч байхгүй. Хэнтэй ч хамаагүй яриад суучихдаг найрсаг зантай, далай их мэдлэгтэй. Монголын сэхээтнүүд дунд түүнийг танихгүй хүн ховор. Бүгд л түүнээс юм асууж, эрдмийн туслалцаа авч байдаг. Одоо харин бүгд түүнээс зугтаад, нэг том албан тушаалтан найз нь хамгаалах байтугай, танихгүй мэдэхгүй гэж хүртэл солиороод байгаа болохоос.

Явдаг нэвтэрхий толь гэгдсэн түүн рүү хүн бүхэн утасдаад л мэдэх гэсэн зүйлээ мэдээд авдаг. Тиймээс Цэнгэлийнд 9911 дугаартнуудын бараг бүгдийнх нь нэрийн хуудас байдаг агаад, манай хүн харин нэг том авдарт хийчихээд л гар хүрдэг ч үгүй гэнэ. Бас хэн нэг танил нь тааруу хувцастай харагдвал хувцсаа тайлаад л өгчихдөг, явган явж харагдвал машинаараа хүргээд л өгчихдөг хүн аж. Бурхан Цэнгэл л гэж хүмүүс түүнийг хэлж байснаас буруу Цэнгэл гэж нэг нь ч хэлж, алдаа хийж байсангүй.
Гэтэл нэг киночин залуу Цэнгэлийг түүхийн зөвлөхөө болгоно гэжээ. Нөгөөдөх нь ч түүхээ яриад суучихаж.
Нэг мэдсэн л төрийн эргэлт хийх гэсэн гэх хуурамч хэрэгт холбогдуулан Цэнгэлийг баривчилжээ. Ямар ч утга учиргүй явдал гэж энэ. Солиотой нийгмийн ээлжит солиорол.
Тэгэхдээ Төв аймгийн Мөнгөнморьтын чангалан гээч ярга тамын газар хууль бусаар хорьж зовоосон. Уг нь хорихын диваажин гэгддэг 414-р анги буюу “Шинэ Ганц”-д хорих ёстой байсан. Халхын хамгийн харгис хэрцгий хулгайчдаар дэглүүлэн зодуулсан. Хүчнийхэн 1937 он шиг авирлан, эрүү шүүлт хэрэглэж, нойр хоолгүй тарчилгаж, хээр аваачиж цаазлах дүр үзүүлэн хий буудаж дарамталсан. Байнга хувцас хоолыг нь дээрэмдүүлдэг. Монголын шоронд ийнхүү өвөр монголчуудыг Хятадын шоронгоос дор тамладаг. Хужаагаас дор хужаа болно гэдэг л энэ шүү дээ. Юун “Олуулаа болох”! “Хужаа болцгооё!” гэсэн бол үнэнд нийцэх байж гэм гэж олон хүн харуусан ярьж байна шүү.
Байнгын зовлон шаналан дунд ном бичиж сэтгэлээ аргацаая гэвч яахин бүтэх. Сүүлдээ тэсэхээ байгаад энэ бүхнийг эсэргүүцэн өлсгөлөн зарлаж, үүнийг бичиж байх үес 14 хоног өлсгөлөн зарлаад байна. Хэвлэгдэх үед бурхан болчихсон байж ч магадгүй. Басхүү хүчээр идүүлж уулгуулна хэмээн түүнийг тамлаж байгаа биз ээ.
Ийм тийм мундаг зөв үйлстэн гэх хүмүүс, байгууллагуудад хандахад хуурамч багийнх нь цаадах үнэн дүр нь илэрч огтхон ч хөдлөхгүй юм. Гэхдээ Монголын нийгэмд маань хүн мөстэй, чанартай хүмүүс байх л ёстой доо. Эв санаагаа нэгтгэж, Цэнгэлийн амийг аварцгаая гэж уриалж байна. Монгол хүний саруул ухаанд итгэнэ.
Ч.Мөнхбаяр
2013.VI

No comments: