Sunday, July 22, 2012

Н.Энхбаярыг муухай баривчлав гэж Ц.Нямдоржийг огцруулах гэж байхад, сайхан баривчлав гэж Ц.Элбэгдоржийг баярын бичгээр шагналаа

Н.Энхбаяр хоёр айлд зэрэг зэрэг сууж байгаа нь тодорхой байсан тул хоёр айл руу дайрч, хоёуланг нь баривчилсан бололтой

УИХ-ын гишүүд уг язгуураараа балмад наймаачид, хулиганууд учир нударгын хүчээр асуудлыг их шийдвэрлэдэг гэнэм. Нударгын хүчээр тийнхүү асуудлаар шийдвэрлэх чадваргүй, хүсэлгүй нэг ч гишүүн байхгүй. Бүгдээрээ 40, 50 мянгатын, эсвэл хотын хогийн хулиганууд, хөдөөний хөгийн атаманууд байсан гэдэг. Тэдэн дунд бие хамгаалах урлагаар хичээллээгүй хүн нэг ч байхгүй. Хөгшин гишүүд нь бяр хүчээр ааглаад байхгүй ч залуу наснаас нь уламжлагдан ирсэн бүр нэг хөгцөрчихсөн муухай мэхээрээ хөөрхөн хорлочихдог тул залуу гишүүд тэдгээр үхсэн буурын толгойнуудаас айдаг.
Тэдний нударгын нэг эрдэм нь салаавч гаргах болой. Бузар булай утга агуулга бүхий энэ цээртэй үйлдлийг харин ч тэд баяжуулан хөгжүүлсэн. Тэдний дунд салаавч моодонд орсон. Са гишүүн тэрхүү хөгжүүлсэн хэлбэрийг сургуулилж, баясан инээж, хоёр гараараа салаавч гаргаад зогсож байсан нь папарацци дуранд өртөж, паактанд оруулсан билээ. Ер нь тэдний бүхий үйл ажиллагаа бол ард түмнийхээ өөдөөс гаргасан салаавч шүү дээ.
“Шинэ үзэгдэл” Шинээ Н.Энхбаярыг баривчлахаар очсон тусгайгийнхны өөдөөс тувтан салаавч гаргаад л суугаад байсан. Энийг нь зарим нь мужик гэж өхөөрдсөн. Мужик гэдэг салаавч юм уу.
Тэгвэл олонхи ер нь дургүйцсэн. Тиймээс Ц.Шинэбаяр гишүүн уучлал гуйж, ахин салаавч гаргахгүй гэсэн билээ. Харин тэр баривчлах гэж ирсэн хүчнийхнээс бол уучлал гуйхгүй, дүрэмт хувцасгүй, тогтоол танилцуулгагүй, нүүр амаа тагласан этгээд дайрч орж ирээд, УИХ-ын гишүүдийг алан хядагч, аюултай рецидивист байгаа аятай “Гараа шилэндээ ав, газар хэвт” гээд байвал тэр байтугай юм болж болно гэсэн юм. Уучлал гуйх нь байтугай, удирдсан сайдыг нь огцруулах гэж байгаа билээ.
Гэтэл үүнд хүчнийхэн гомджээ. Салаавч гаргасан тул эрүү үүсгэнэ, наанадаж нэг жил, цаанадаж арван жил хорьж болдог юм байх. Онцгой аюултай гэмт хэрэгтнүүдийн эсрэг ажиллагаа явуулж байхад доромжлон салаавчлан онцгой саад учруулбаас онцгой хандана шүү гэсэн зүйл анги байдаг аж. Дэлхийн практикт, иймэрхүү доромжлон донжгонолтыг хараад сандарсандаа салаавчийг юм уу, салаан даргаа буудчихсан тохиолдол байдаг гэнэ. Салаавч хараад эрчүүд салаавчны сарнингуйшил гэдэг маш аюултай сэтгэлзүйн үзэгдэлд ордгийг германы эрдэмтэн тогтоосон гэнэ. Тийм ээ, арав хорин жил ч хорьж болдог юм байх.
Өөр айлд андууран орсноо хүчнийхэн, андуураагүй ээ, аль алинд нь Н.Энхбаяр сууж байна гэх найдвартай мэдээлэл авсан байсан юм гэж тайлбарлаж буй. Хоёр айлд хосгүй рид шидэт Н.Энхбаяр зэрэг зэрэг сууж байна гэх хорвоогийн нэгэн гайхамшигт хүчнийхэн итгэсэн аж. Будда будда л гээд байдаг тэр будаа болгож магадгүй шүү, ид шидээрээ л гэж явсан бололтой.
Нямдорж сайдын талаар Шинээ гишүүн ярихдаа, нэг унтахаараа сэрэхээ мэдэхгүй унтдаг гэх талаас нь их ярьжээ. “Тэгэхэд ХЗДХ-ийн сайд нь орондоо зүүдэлж хурхираад унтаж болохгүй шүү дээ… Тэр тусмаа Ц.Нямдорж ажлаа өгчихөөд, гэртээ унтаж байх хэрэгтэй” гэжээ.
Н.Энхбаярыг мартах эвгүй процесс явагдаж байна. Хэдэн сэтгүүлч л хэлхэн бичиж байх шиг. Нэгэн гишүүн “Н.Энхбаярыг баривчилсан нь жижигхэн асуудал шүү дээ. Ердөө л нэг хүний тухай юм” гэжээ. Яагаад шөнө нойргүй хонон хамгаалж байсан хүнээ ийнхүү “жижигрүүлэх” болов. Хамгаалаагүй, харин үзэж сонирхсон мэт зүйл хэлж байна. Ийнхүү ижил нөхөд нь Н.Энхбаяргүй ертөнцөд амьдрах бэлтгэлээ хангаж байх шиг.
Нямдорж буруутай, Нядо сайдыг огцруул гэж, их үймээн дэгдэж байхад, Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг баривчлуулж гавъяа байгууллаа гэж талархаж шагнах явдал эхэлж байна. Тавын таван ТББ хамтарч Ц.Элбэгдоржийг талархлын бичгээр шагнажээ. “…Н.Энхбаярыг цагдан хорьсон нь… Таныг эхлүүлсэн тэмцлээ цаашид үргэлжлүүлж, авлига, хээл хахууль бугшсан хана хэрмийг нураах үйлсэд их гавъяа… Таны шударга ёсны төлөөх үйл ажиллагааг өндрөөр үнэлж…” зэргээр талархлын бичигт бичсэн байна.
Буруу хүнийг огцруулах гээд байгаа юм биш бээз? Муу талын бурхан Аида Салхины бурхан, Мөсний бурхан, Галын бурхан нарыг “Сайн талын Зевс бурхны хүү Геркулесийг гэсгээн цээрлүүл!” гэж явуулахдаа хаа байгааг нь хэлэхээ мартсан тул буруу тийшээ яваад өгсөн гэдэг. Тийм юм болоод байгаа биш биз дээ?
Ч.Мөнхбаяр

No comments: