Friday, February 25, 2011

Дээл өмсөхөд учир бий

Миний бие эх сайхан Монголынхоо үндэсний хувцас гоёлын соёлыг бахдан бишрэх сэтгэлээн зүрх тархиндаа тээн явдаг нэгээн. Монгол соёл уламжлалыг шүтээний хэлбэрт оруулан хүндэтгэж дээдлэе гэх идэй санаагаа 2003 онд тусгай номоор (  Н.Батжаргалын хамт ) дэвшүүлж асан. Харин сүүлийн үед, үндэсний өмсгөлийн соёлыг мушгин гуйвуулах, туйлшруулах, хялбаршуулах хандлага газар авах вий гэж санаа зовних болов.
Анх “Дээлтэй Монгол” гэж шуугиад эхлэхэд, бас нэг шинэ архи гарах нь уу, эсвэл аль нэг намын залуусын улс төрийн сурталчилгааны акци уу гэж бодож байлаа. Гэтэл энэ кампани улам их өргөн цар хүрээг олж, улс орны №1 тулгамдсан хурц асуудал мэт болж хувирах нь тэр.
Санаачилсан гэх хүнийг нь би урьд хамгийн космополит үзэлтний нэг гэж төсөөлж явав л.
Онигоо шиг байдалд ч орцгоолоо. “Монголчууд дээлтэй эсэхийг ЮНЭСКО өнөөдөр ирж шалгах гэнэ” гэсэн цуурхал тараад, баахан нөхөд үндэсний хувцас өмсч, ийш тийш харайлдан, үзүүлэн тоглолт маягийн юм хийсэн нь үр дүнгүй болов ч гэх шиг. ЮНЭСКО-гийн “Соёлын өвийн бүртгэл” гэж жил бүр өөрчлөгдөж шинэчлэгдэж байдаг, бэлгэдлийн чанартай жагсаалтад хэрээс хэтэрсэн ач холбогдол өгөх нь утгагүй юм. Тэр жагсаалтыг манайхнаас өөр тоож байгаа амьтан бараг байхгүй, бүртгүүллээ гээд дээрдэх зүйлгүй, бүртгүүлсэнгүй гээд дордох ч зүйлгүй. Олон улсын ихэнх байгууллага зүсэн бүрийн алдаа дутагдалд идэгдэн, ялзарч илжирч гүйцээд ямар ч нэр хүндгүй болж буйг ч хэлэх үү. Социализмын үед ЮНЭСКО чинь зөвлөлтийн лагэрийнхны утсан хүүхэлдэй, үзэл суртлын ухуулагч л байв шүү дээ. Одоо чиг өөдөлсөн юмгүй. ЮНЭСКО-д бүртгүүлэхийг ч алдаж байна гэж тайлбарлаж болно, глобалчилж л байгаа юм чинь.
Бидэнд дээлээ алдах аюул огт учраагүй байна. Булаах гэсэн, хориглох гэсэн хэн ч алга. Манайд үндэсний хувцасны хэрэглээ харин ч өндөр төвшинд байгаа: хөдөөгийнхөн, баяр наадам тэмдэглэгсэд, сургууль төгсөгчид, урлагийнхан, бөхчүүд, дарга нар гээд л. Бусад улс оронтой жишээд үз.
Хөөмийгөө харьд алдчихлаа гээд л нэг хэсэн үндэсний түгшүүр, гашуудал, онц байдал зарлах дөхөж асан. Үнэхээр тийм ноцтой нөхцөл байдал бүрдсэн гэж үү? Мэдээж үгүй. Хамгийн гол нь, бид өөрсдөө оршиж буй аваас алдах төдийлөн боломжгүй зүйлийн төлөө үхэн хатан бачимдчихаад, харин хүнээ харьд алдчихлаа гэж тийн сүйд болдог билүү дээ. Дотоодод ч, гадаадад ч нийт монгол үндэстний эсрэг ямар аюумшигтай, “чимээгүй” дайн явагдаж байна вэ?
Хүнээ ч ярих, хөөмийгөө ч ярих ёстой. Гэхдээ хүнээ мянга түм дахин илүү хүчтэй ярих, хайрлах, хамгаалах учиртай. Эсбөгөөс, бултаар дээлтэйгээ дэрийж, гуталтайгаа гулдаймой гэчихвэл хатуудсан болохгүй л болов уу. Дээлийн гол, мануухай, манэкэн, магадгүй маньяк болно гэсэн ч хатуудахгүй.
Дээлний хөдөлгөөнд:
1.Харийн ноёрхол дарлалд дургүйцсэн залуусын рэакци,
2.Хэт төвлөрлөөс үүдэн орон нутгийн мигрантууд уламжлалт ахуйн соёлыг ихээр нэвтрүүлж буйн нөлөө,
3.Нам засгийн зүгээс ард түмний тэмцэл бухимдлыг саармагжуулж сатааруулах зорилгоор хэрэгжүүлж буй арга хэмжээ,
4.Бизнэсийн ашиг сонирхол
5.Чамирхах дэгжирхэх эффэкт зэрэг хүчин зүйлс холилдож сүлэлдэн үйлчилж байна.
Гэхдээ гол нь байх учиртай хүчин зүйл буюу, бүх нийтээр дээл өмсөх эрэлт хэрэгцээ, үүрэг шаардлага гэж алгаа. Зарим дунд сургууль зөвхөн дээл өмс гэж багш сурагчдаа чирэгдүүлж байна. БГД-ийн ЗД дээл өмсөх зарлиг буулгав ( Шог үгүүллэгтээ, иргэний дүрэмт хувцастай болгов гэж бичсэн минь биеллээ олох нь шив). Нэг их сургуульд долоо хоногийн нэг өдрийг “Дээлтэй өдөр” болгон, оюутан багш нараан онцгой сайн дэглэв гэнэ. Тэгвэл нэг их сургуульд, дээлтэй хөдөлгөөнөө дэмжээд очсон оюутан маш их эвгүй байдалд орсноо өчин, гомдоллож байсан.
Нүүдэлчин амьдралд зохицсон дээл маань хотын ахуйд төдийлөн нийцдэггүйг уншигчид мэдэх нь ойлгомжтой. Наад зах нь энд тэнд очоод өлгүүрт нь өгчихөж болохгүй, халууцаж суухад хүрдэг. Хотын нэгэн эр дасаагүйн улмаас, олон түмэн цугласан уулзалт дээр дээлэндээ зохицуулан өмссөн монгол гутлаа сэм тайлан, хөл нүцгэн байсан агаад, нэрийг нь гэнэт дуудахад тэр чигээрээ харайлган ардуудыг хөгжөөн баясгасан удаатай. За, тэгээд халаас хармай үгүйн тул бүгдийг хольж хутган өвөртлөөд, сүүлд нь будлих мунгинах гэж буй. Оюутан залуус дээлтэй ирээд, паартай байшинд хөлсөө асгаруулан байж, олигтой сурч боловсрох уу даа.
Хотынхны хувьд дээл бол үнэтэй гоёо, тансаг хэрэглээ. Тийм л төвшинд байх учиртай болчихоод байгаа. Зүгээр нэг дээлтэйгээр арга хэмжээнд очвол чи чинь ямар хаашаа юм ханцуйлчихаа вэ гэгдэн, өмсөөгүйгээс ч эс юм болно. Дэлхийн хамгийн их баялигтай улсын хүн амын үнэмлэхүй олонх болох ядуучууд, ажилгүйчүүдэд маань дээлний хөдөлгөөн эдийн засгийн цохилт болж байна (Алт алмаазаар хийдэггүй л байлтай, яасан ч их үнэтэй юм б дээ).
Дээл өмссөнөөр улс үндэстэн маань сайн сайхан болж байна гэх хуурмаг ханамжийг авч, зүй бусаар тайвширч назгайрах байдал ажиглагдаж байна. Эдээр биеэ чимэхээр, эрдмээр биеэ чим гэдэг болохоос, эрдэнээр биеэ чим гэдэггүй. Үндэсний оюуны соёлоо огоорсон хэрнээн, ахуйн соёлоор туйлшрах нь дэвшил биш, ухралт. Үндэсний оюуны соёлоос ахуйн соёлын бэлгэдлүүдийг дээгүүрт тавин хөөрцөглөх нь бурангуй явдал. Тэр тал дээр бол, Хүннүгийн үед ч амжилттай “зочилж” буй.
Дээл өмслөө гээд монгол хүн гэж, өмссөнгүй гээд монгол хүн бус гэж омтгойрох янзтай. Чингэснээс болж, баян хятадууд монгол, ядуу монголчууд хятад гэгдэх мунхаг ташаарал ч гарч болно (Манай дарга босс нарын дийлэнхийг хятад гаралтай гэдэг, гэтэл тэд хамгийн сайхан дээлүүдийг өмсч, хоорондоо уралдаж өрсөлдөн байдаг биз дээ). “Монголын” гэх онцлогтой шинэ хятад үндэстэн ястан бүтээнэ, Хятадын Бүгд Найрамдах Монгол Улс байгуулна, шинэ үндэсний үзэл зохионо гэдэг гэнэлээ шүү, зарим дарга нар маань.
Үндэсний өмсгөл мөн болохоос бус, үнэн чанар нь хувцас, харин бурхан шүтээн биш шүү гэдгийг харгалзан үзүүштэй. Хувцас шүтэж болохгүй ээ, бид. Дээл бол үндэсний үзэл, үйл хэрэг, эрх ашгийн өчүүхэн хэсэг юм. Үндсэн чухал хэсэгт нь зохих анхаарлыг хандуулбаас дээл гутлын асуудал тун ч хялбар шийдэгдэнэ, бүтнэ.
Гадаад дотоодын харгисууд Монголд нэоколоничлол-гэноцид хийж, монголчуудын буй бүхнийг, өөрсдийг нь ч устгаж байгаа атлаа, үүнийгээ халхлах хөшиг болгож, бэлгэдлийн чанартай элэмэнтүүдийг ашиглаж ирэв. Бүх нийтээрээ МНТ, морин хуур, дээлтэй бол гэхчлэн. Энэ нь, урд хөршид өмнөд монголчуудыг гоё сайхан байна хэмээн харуулах гэж явуулдаг бодлогын 100 хувийн давталт, цэвэр копи юм. Тэнд монгол, хятад, тангад, түвд таван хэлийн улсыг хамж шимэн бөөндөж, хүчээр дээл өмсгөж, хуур бариулж, танхим талбай дүүргэн, сурталчилгааны зураг байнга авч байдаг. Гадаадын жуулчид ч сонирхож, эв хамт намын сан хөмрөгийн зоос мөнгийг нь арвижуулж өгдөг юм билээ. Элсэн цөл рүү хөөгдөж туугдан амьдрах аргагүй болсон, дээлтэйгээ хатсан уугуул ардууд ч иймэрхүү амьд үзмэр болж гол зогоохоо зол хэмээн эрхэмлэх нь цөөнгүй гэнэм. Ийм л ирээдүй биднийг угтах жамтай гэж үү?
Харь цус цөс, санаа сүнстэнгүүд энэ засагт дүүрсэн байгаа. Тиймээс чухалчлан хийж буй бүхнээс нь болгоомжлогтун. Албадаж шахан, залхаан цээрлүүлэх хэрэгсэл болгоод байхаар, зарим нь үндэсний соёлоосоо зугтан дайжиж эхэлнэ. Үүнийг л тэд хүсч байгаа. Энэ хөдөлгөөнийг дагаад олон ажлын байр буй болов, болгов гээд л бүр ч олон дарга нар рапортолж, рэклам сурталчилгаа хийж, дэвшиж, шагнуулж, элдэв нэр хаягийн дор бидний мөнгийг хулгайлж хуурайлж л байгаа. Тэмцэх гэсэн зүйлтэйгээ үзэлцэнэ үү гэхээс бус, өмсөх зүүхтэй л зууралдаад байж таарахгүй ээ. Монголын соёлын өвийг өөрийн нэр дээр бүртгүүлэх эрхийг харьд худалдах ажлыг олон дарга нийлж хийсэн юм билээ. Энэ мэт дайснуудтай тэмцэх нь л монголчууд бидний эн тэргүүний зорилт шүү дээ.
Монгол үндэсний гэчихээд, цэвэр хятад цамц өмсөх нь тохиолддог. Бүрэн бус дунд боловсролыг эзэмшсэн нэг ангийнхан тийм цагаан цамцаар ижилсэн, хонхны баяраа тэмдэглэсэн. Гоёл урлагч нэгэн: монголчууд хятад захтай, хятад хувцас өмсөөд байна, минийх л зөв гэх юм. Манжууд үндэсний өмсгөлийг маань гажуудуулж монголчуудын эсрэг дарлага болгон ашиглаж асан гэх яриа түгээмэл. Тэр нь үргэлжилж байна уу, үгүй юу? Жинхэнэ үндэсний соёлын нэгэн бүрэлдэхүүн хэсгээ бид зөвөөр тодорхойлон гаргаж ирж чадсан уу? Бодох л асуудал. Зарим тохиолдолд нэр нь дээл ч, нидэр дээрээ чөлөөт загвар, эротик өмсгөл ч тууж явах юм. Худлаа үнэн хавтгайруулж дээлжүүлэх нь монгол төрх, үйл хэрэг болж чадахгүй байна.
Элдэв урилга дээр ганган дэгжин дээл өмсч ирээрэй гэж бичих болов. Дээл өмссөнгүй гэж хатуурхаад, ирэгчийг буцаасан тохиол ч гарсан гэнэ. Дээл өмссөнөөр монгол ч болчихгүй, эх оронч, үндэсний үзэлтэн ч болчихгүй. Өмссөнгүй гээд урвагч, харь, дайсан ч болчихгүй. Дээл юм уу, хэн нэг космополитан биднийг монгол уу, үгүй юу гэдгийг тодорхойлохгүй. Бүхий монголчуудаа түмэн гаслан зовлон, дарлал доромжлолоос ангижруулан чөлөөлөх, нэгэн гэр улс болгон нэгтгэх, сэргээн мандуулахын төлөөх тэмцэлд хэдий хэр оролцож байнав, төдийчинээгээр жинхэнэ монгол болж шижиртэх бүлгээ.
“Хэл, хил, мал гурав” хэмээн, хүндэтгэж явдаг нэгэн найрагч маань шүлэглэсэн. “Дээл, хил, мал гурав” ч юм уу, “хэл, дээл, мал”, “хэл, хил, дээл” гээгүй юм шүү. Үнэн мөн эх оронч үзэл биднийг юуны өмнө үнэн мөн үндэсний ардчилсан, тусгаар тогтнолын, эрх чөлөөний хувьсгалыг хийж, эрүүл нийгэмтэй болохыг шаардаж байна.
Дээл өмсөх нь буруу гэж огт хэлэх гээгүй юм шүү. Түмэн зөв. Гэхдээ туйлширч, хэтрүүлж боломгүй. Дээл маань хүний эрхийг зөрчих бас нэг шалтгаан битгий болчихоосой билээ. Дээлээ диктат болгож болохгүй. Диктат ихэдвэл диктатур л бэхжинэ, үүнд ард түмэн л хохирно.
Ч.Мөнхбаяр
ММХI.II.VIII

No comments: