Tuesday, April 28, 2009

Монголын дарга нар зөвхөн Тера Патрикийн л үгийг сонсоно!


Тайлбар: Миний бие 10-р сарын 10-нд гадуур явахдаа, зүй бус нэгэн плакатыг харж, эгдүүцэл төрсөндөө уг плакатан дээр зураг нь буй АНУ-ын иргэн Тера Патрикад захидал бичихээр шийдсэн ч, ноороглоод л орхин, харин мэдээ бичиж нийтлүүлсэн билээ. Саяхан бичиг цаасаа онгичин байтал уг ноорог олдон, “сонирхуулах үүднээс нийтэлдэг ч юм билүү” гэж бодтол, “Нэгэн сайд сауны, бүсгүйчүүдийн өрөөнд нүцгэн дайрч ороод, бие дээрээ пиво асган, долоо гэж шаардсан” гэх мэдээ сонорт хүрч, санаа шулуудав (захидлыг илгээгээгүй л дээ).


Энэ өдрийн мэндийг дэвшүүлье, хатагтай Тера Патрик!
Монгол Улсын эгэл жирийн сэтгүүлч бичиж байна.
Таны уран бүтээлийг бишрэгчид манай оронд цөөнгүй байдаг гэж бодно. Ялангуяа төрийн удирдах албан тушаалтнуудын дунд их байдаг бололтой. Яагаад ингэж үзэж байна гэхлээр, тэдгээр дарга нар таны нэрийг Монголд ихээхэн алдаршуулсан юм.
2008 оны 6-р сарын 29-нд явагдсан парламентийн сонгууль маш их будлиантай болсон тул, бухимдсан ард олон 7-р сарын 1-нд үймээн дэгдээж, эрх баригч намын байрыг шатаасан билээ. Үймээнийг онц байдал тогтоож, арми, цагдаагийн хүчээр дарахад 5 хүн амь үрэгдэж, 800 гаруй хүн баривчлагдсан; шархадсан, гэмтсэн хүний тоо тодорхойгүй, хүний эрх асар их зөрчигдсөн.
2008 оны 10-р сарын 12-ны орон нутгийн төлөөлөн удирдах байгууллагын сонгуулийг шударга явагдана гэдэгт итгэхгүй байсан ард түмэн сонгуульд маш идэвхгүй оролцох магадлал өндөр байв. Тийм учир төр сонгогчдыг санал авах байранд ирүүлэх онцгой арга хэмжээ авах болсон.
Тэгэхдээ таны дүрийг ашигласан юм. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, дарга нарын сэтгэлийг та маш их татдаг бололтой. Тийм болохоор таны дүр сонгогчдыг маргаангүй татна гэж эрх баригчид шийджээ.
Тэгээд “Залуус аа! 10-р сарын 12-нд нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах байранд би чамайг хүлээнэ...” гэсэн бичигтэй плакатыг хэвлүүлж, хаа сайгүй наасан юм. Харин маргааш нь ард түмэн сонгуульд маш идэвхгүй оролцсон нь Монголын түүхэнд байгаагүй үзэгдэл байлаа.
Гэхдээ үүнээс болж, дарга нар танд татагдахаа болиогүй байх. Дараа нь юу болох вэ гэдгийг ч бодох сэхээгүй болтлоо танд татагдсан тэдний хайр унтрахгүй л болов уу.
Дарга нар маань Монгол Улс үндэстний эсрэг бодлогыг явуулдаг. Тиймээс, ашигт малтмалын баялгаар дэлхийд 1-рт ордог Монголын хүн ам нэн ядуу аж төрж байна. Монголын сайн сайхан бүхэн устан сөнөж байна. Улс орныхоо асар их байгалийн баялгаар олдог мөнгөө тэд дэлхийн хэвлэл мэдээлэл, улс төрийг худалдан авахад ашигладаг. Тиймээс монголчуудын зовлонг хилийн чанадад төдийлөн мэдэхгүй. Ард иргэд шударга ёсыг 1990 оноос хойш шаардаж ирсэн ч (өмнө нь Зөвлөлтийн дагуул орон байв), дарга нар огт сонсдоггүй.
Тэдэнд “Монголын холокостыг зогсоогооч!” гэж хэлж өгөхийг танаас би хүсч байна. Тэд таныг л сонсоно!

Хүндэтгэн ёсолсон Ч.Мөнхбаяр. ММVIII.X.X

No comments: