Saturday, March 29, 2008

Би удирдлага, зохион байгуулалтгүй “Нэгдсэн Монгол” гэдэг хөдөлгөөн байгууллаа


"Элдэв явдал", 2007 он, №16 (036)


Бүх монгол туургатныг Монгол Улсын иргэн болгох хуулийн төсөл санаачилжээ.
Чөлөөт сэтгүүлч Ч.Мөнхбаяр “Монгол улс үндэстний нөхцөл байдлыг сайжруулах багц санал, төсөл”-өө төрийн өндөрлөгүүдэд өргөн барьжээ. Түүнтэй манай сэтгүүлч уулзан ярилцав.

— Та “Уугуулшууллын тухай”, “Элэгшүүллийн тухай” гээд хоёр хуулийн талаар хэвлэлийн бага хурал дээр ярьж байсан. Ойролцоо утга агуулгатай юм шиг санагдсан?
— Тийм ээ. Монгол туургатнаа нааш татъя гэсэн ижил санаатай, ахан дүү төслүүд юм. Уугуулшуулал нь элэг нэгтэн ахан дүүсээ Монгол Улсад нүүлгэн ирүүлж, уугуул болгоно гэсэн утгатай нэр томъёо. Репатриаци гэдгийг ингэж буулгалаа л даа. Элэгшүүлэл гэдэг нь бүх монгол туургатныг Монголын иргэн болгох зарчмыг тунхагласан. Монгол Улсад элэгтэй болгоно гэсэн үг шүү дээ. Үүнд тохирох гадаад нэр томъёог би олсонгүй. Инпатриаци гэсэн латин нэр томъёо зохиож, оноогоод байгаа.
Уугуулшуулал гэдэг нь заавал Монголд байнга оршин суухыг шаардана. Элэгшүүлэл гэдэг нь тийм шаардлага тавихгүй. Дан буюу давхар иргэншлийн зарчмаар элэгшүүлнэ.

— Энэ төслүүд хэрэгжиж гэмээнэ, хужаа нар үй түмээр орж ирээд, баллаж тавих юм биш үү?

— Хууль бус цагаачлалтай зохих тэмцлийг хийхгүй бол, энэ төслүүдээс хамаарахгүйгээр хужаа нар орж ирж л байгаа шүү дээ. 800 мянган хужаа орж ирлээ гэж ТВ-ээр ярьж байсан. Харин би бол монголчуудыгаа л оруулж ирж, хамгийн үнэт хүн-баялгаа нэмэгдүүлж, хөгжиж цэцэглэе гээд байгаа.
Хужаа цагаач орж ирнэ гээд үндэсний үзлээсээ бид ухарч болохгүй. Бид улам олон болоод, бүгдээр хамтдаа хууль бус цагаачидтай тэмцэх хэрэгтэй юм. Хэрэв цагаач орж ирнэ, тэрийг ч болохгүй, энийг ч болохгүй гээд байх юм бол бид юу ч хийж чадахгүй болно. Гол нь, хууль бус цагаачидтай хийх тэмцлийг л чангатгах хэрэгтэй байгаа юм.
Хууль, хууль бус явдал хоёрыг ялгаж салгаж үзэх хэрэгтэй. Миний төслүүд хууль бус явдлыг төрүүлэхгүй. Хууль сахиулах байгууллагуудын хариуцлагагүй ажиллагаа л хууль бус цагаачдыг гааруулаад байгаа шүү дээ.
Би төслүүддээ хууль бус цагаачдыг хязгаарлах олон шалгуур оруулсан. Баримт бичиг, монгол хэлний шалгалт, шаардлага гарвал нүүр-гавлын шинжилгээ гээд л…

— Нүүр-гавлын шинжилгээ гэдэг чинь нөгөө фашистууд хамар ам хэмждэг шиг юм болох нь уу?

— БНХАУ-д монгол хэлийг янз бүрийн хэмжээгээр сурсан хятад хүн олон байдаг. Тэд бас монгол хүн гээд баримт бичиг авчихсан байдаг. Тиймэрхүү хүний фотог урд, хажуугаас аваад, шинжиж, дүгнэлт гаргаж болно. Яс үндсийг тодорхойлоход бэрхшээлтэй нөхцөлд тэгнэ гэж би төсөлдөө заасан л даа. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэх эсэхийг бүгдээр хэлэлцээд шийднэ шүү дээ. Хууль бус цагаачдын учруулж буй бэрхшээл энэ мэт шалгуурыг хэрэглэхээс өөр аргагүйд хүргэж байна.
Хүмүүс энэ төслүүдийн талаар сонсоод, юуны өмнө хятадуудын талаар яриад эхэлдэг. Уг нь монголчуудын тухай төсөл.
Бид эх орондоо хэрэгтэй бүх л төслийг хэрэгжүүлэх ёстой. Харин хууль бус цагаачлалтай ард нийтээрээ тэмцэх учиртай. Ингэвэл бүх юм болоод явчихна даа.

— Давхар иргэншилтэй хүмүүс нийгэмд сөрөг зүйлүүдийг авчрах вий гэсэн болгоомжлол төрж байна…

— Тийм хүмүүс тагнана, хорлон сүйтгэнэ, харьд уусгана гэж үү? Энэ явдлуудыг гаргуулахгүйн тулд хуулийн байгууллагууд сайн ажиллах хэрэгтэй, ард нийтээрээ харж хянаж байх учиртай.
Миний хуулийн төслийн дагуу бол, зөвхөн монгол туургатан хүн Монголын давхар иргэншилд хамрагдаж болно, харин Монгол Улсын монголчууд харийн давхар иргэншилд хамрагдаж болохгүй. Монгол Улсын иргэд хятад цустай, гарвальтай гэдгээ нотлоод, Хятадын давхар иргэншилд хамрагдаж болох жишээтэй.
Төсөлдөө би давхар иргэншилтэй хүн Монголын төрд алба хааж, сонгуульд оролцож болохгүй гэж заасан. Мөн хууль бус цагаачид нь аюул учруулж байгаа оронтой давхар иргэншлийн тухай гэрээ байгуулахгүй гэсэн л дээ. Энэ мэтчилэн, элэгшүүллийн тухай хуулийн төслийг хортойгоор ашиглахаас сэргийлсэн зүйлүүдийг хангалттай л оруулсан даа.
Уг хуулийн зорилго нь монгол туургатныг эхлээд давхар, дараа нь дан иргэншилдээ хамруулж, аажмаар татаж авчрахад оршино.
Дээгүүр давхар иргэншлийн тухай асуудал нэлээд хэдэн жил яригдаж байгаа. Бусад улсуудтай чөлөөт давхар иргэншлийн гэрээ байгуулах юм ярьж төлөвлөөд байгаа гэсэн шүү. Дэлхийд тэр нь их түгээмэл болж байгаа л даа. Тийм гэрээ байгуулбал, Монголын бүх иргэн Хятадын, Хятадын бүх иргэн Монголын давхар иргэншилд хамрагдах нь бүрэн чөлөөтэй болно. Харьд нэгдэх хүсэлт гаргаад явж байдаг төрийн зарим түшээд тийм юм хийж дөнгөнө. Харин би түүнээс сэргийлж, давхар иргэншлийг зөв зүг рүү залуурдах төсөл хийлээ.

— Геноцидийн тухай хууль хөрш гүрнүүдийн дургүйцлийг төрүүлж болох бус уу?

— Орос сталинизмын үед, Хятад соёлын хувьсгалын үед бага ард түмнүүдийн эсрэг геноцид буюу хүй төрлөөр устгах, аймаглан устгах гэмт хэрэг үйлдэгдэж байсныг өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Тийм атал, бид яагаад түүнийг хүлээн зөвшөөрч болохгүй байх билээ. Зовох албагүй ч, зовлон зүдгүүр нэгэнт тохиолдчихсон бол элгэн саднуудыг ойртуулдаг. Геноцид бас монгол туургатныг ойртуулна, нэгтгэж өгнө. Ер нь би Монгол Улсыг бусадтай муудалцуулах зүйл санаачлахгүй байгаа.

— Та Монгол туургатны сайд байх хэрэгтэй гэсэн. Тэр талаар ярина уу?

— Манай засгийн газар монгол туургач буюу панмонголист номнолтой болж, түүнийхээ дагуу үйл ажиллагаа явуулах учиртай юм. Монгол Улс, монгол туургатан хоёрыг салшгүйгээр авч үзэх нь манай төрийн бодлогын нэг чухал зарчим байх ёстой. Тиймээс, монгол туургатны нэгдэл нягтрал, хамтын ажиллагааг дэмжих Монгол туургатны газрыг сайд тэргүүнтэйгээр байгуулъя гэсэн л дээ. Монгол туургач номнолын тухай саналдаа энэ бүхнийг өгүүлсэн.

— Та “Нэгдсэн Монгол” хөдөлгөөнийг үүсгэн байгууллаа гэсэн мөртлөө, энэ маань удирдлагагүй, зохион байгуулалтгүй гэсэн. Ийм хөдөлгөөн байж болох уу даа?

— Энэ маань сайн дурын, албан бус хөдөлгөөн. Аливаа хөдөлгөөний удирдлагыг худалдан авч, үйл ажиллагааг нь завхруулж байгаа нөхцөлд ингэхээс өөр аргагүй мэт. Өөрчлөн байгуулалтын үед “неформалы” гэх ийм хөдөлгөөн олноор байгуулагдаж байсан. Ер нь манайхан их хувь хүнч чанартай. “Нэгдсэн Монгол” хөдөлгөөн тийм чанар дээр суурилна. Эв нэгдэлгүй юм шиг атлаа, харин ч нийтлэг үндэслэлүүд дээрээ жинхэнэ эв нэгдэлтэй байх хөдөлгөөн юм. Болохооргүй бол зохион байгуулалтад орно. Түүнийг би үгүйсгээгүй.

— Өөр саналуудаа товч танилцуулна уу?

— Төрийн хас сүлдний тухай, улс, үндэстэн, парламентийн нэрийн тухай саналууд дэвшүүлсэн. Монголчуудын язгуурын сүлд нь гагцхүү Хас учир, түүнийг төрийн сүлд, туганд залж, Монголын хийморийг бадруулбал зохино. Тодорхой төслүүд зохиосон. Бас “Ашигт малтмалын тухай хуулийг автаркийн зарчмаар шинэчлэн зохиоё” гэсэн уриалга байж байна. Автарки гэдэг нь “өөрөө бүхнийг хийхийг эрмэлзэх” гэсэн утгатай эдийн засгийн нэр томъёо. Мөн латин үсгийн төслөө өргөн барьж байгаа. Энэ асуудлыг би 1991 оноос ярьж байгаа л даа.

— Сүүлийн асуултыг өөрт тань үлдээе?

— Миний багц санал төслийн бүрэн эхтэй moenhbayar.blogspot.com хаягаар ороод танилцаж болно шүү. Бас ний нуугүй хэлэхэд, эх оронч, монгол туургач үзлийг дэлгэрүүлэхэд санхүүгийн тусламж хэрэгтэй байна. Зөвхөн дээрх багц санал, төсөл гэлтгүй, Монголын сайн сайхны төлөө их л зүйл хиймээр байна. Тиймээс хандивын дансаа дурдчихъя: “Монгол шуудан” банк, 11-р салбар, 1155018797.

Ярилцсан Ц.Батбаатар

No comments: