Sunday, February 14, 2016

УИХ-д Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр шийдлээ!


Эрдэнийн улсыг цогцлооё!

Монгол улсын нийгэм-эдийн засаг, тусгаар тогтнолын байдал нэн уруудан доройтлоо. Лам ноёд нь хуйвалдаж, хэн хэдэн лан мөнгө шан болгож авахаа гадаадын элчин төлөөлөгчтэй наймаалцан тохирч байж, харьд дагаж орох гэрээ байгуулж, төрийн тэргүүнд нь сөгдөн мөргөж; ард олон нь зовлон зүдгүүрийн туйлд хүрч, сөнөж мөхөж байгаа үндэстэн гэж судалгаанд тодорхойлогдон байхад тэднийг авах идэхийн шуналын нүдээр л харан дарлаж, тансаглан туйлж тавьсан өрөө хүчээр төлүүлж, энэ насанд хэдийчинээ тарчилбаас хойд насандаа төдийчинээ жаргана хэмээн мунхруулан төөрөгдүүлж байсан цаг үетэй адил боллоо.
Тэр үед Монголд хэт шашинжин хоцрогдсон феодалын бурангуй нийгэм байсан бол өдгөө хагас колоний шинжтэй, хагас маоист-ленинист маягийн үзэл сурталтай, клепто-феодалын дарангуй нийгэм оршин тогтнож байна. Клептос буюу хулгайч нарын хэн хамгийн их гэмт хэрэг үйлдсэн нь “ноён” болж, угсаа залгамжлан ард түмнээ боолчлон шулж мөлжиж, хамаг үндэсний баялгийг харьд урваж шарван бэлэглэж, хариуд нь шавхруугаар шагнуулан шарваганаж байдаг нь эрүүгийн аппарат болсон өнөөгийн нам засгийн үнэн төрх.


Зуун жилийн өмнө ард түмэн маань дугуйлан байгуулан тэмцэж, түмэнтээ заргалдан бичиг юугаан өргөвч, есөн эрүү тулгуулж, төрөл бүрээр харгислуулан дарагддаг байсан. Харин XX зууны 10-аад, 20-иод онд үндэсний ардчиллын үзэл санааг дэвшүүлж, улс төрийн аргаар нам хүчийг байгуулан тэмцэж, урвасан хулгай нараар зөвийг үйлдүүлэх гэж чармайн мухардахын оронд, бултаар нь төрөөс таягдан зайлуулж, өөрсдөө ардын засаг байгуулъя хэмээн зориглосон болой.
Яг л үүн лүгээ адил ард түмнийхээ төлөө сэтгэл зүрх, оюун бодлоо шатаан бадраан зовниж явдаг эх оронч хөвүүд охид төрийг эзэгнэсэн хулгайчдаас гуйх биш, гуядаж тэднийг тонилгоод, өөрсдөө ард түмнээ төлөөлөн, үндэстнийхээ эзэн мэдэх эрхийг мандуулан ажиллах нь сайн дурын хэрэг биш, зайлшгүй үүрэг хариуцлага болжээ.

Saturday, December 5, 2015

Нью-Мексикод зорчсон тэмдэглэл

Цөмийн штатад тавтай морил!

Энэ цэгээс холгүй буюу, Альбукерке хотын төвд манай буудал оршиж байв

Альбукерке хотын “Блю” хэмээх эгэлхэн нэртэй хөөрхөн зочид буудал дахи өрөөндөө оронгуут орны хажуудхи утас дуугарч, “Монголоос ирсэн зочдыг хүндэтгэн оройн зоог барих тул буугаад ир” хэмээв. Хөтөлбөрийн ахлагч Пол гуай миний т-цамцыг зааж, “Мөнхбаяр миний анд байгаа юм!” (Ц.Мөнхбаярын зурагтай цамц өмссөн байв) хэмээн олзуурхан хэлж угтав. Ингээд Ариунцэцэг бид гурав зунаараа байгаа мод цэцэгстэй бүлээн гудамжаар алхаж, “Суши Хана” ресторанд орвол Гэри, Хизер, Наталья нарын америк нөхөд хүлээж байлаа.
Энэхүү япон зоогийн рестораныг эх орон нэгтнүүд маань ажиллуулах агаад, найрсаг гэгчээр биднийг хүлээн авч, залуу ажилтан нь намайг эчнээ таних болохоо мэдэгдэв. Үзэл бодол нэгтнүүдийн халуун дотно яриа бүрдлээ. Нэгэн гэр бүлийн Гэри, Хизер хоёр Оросод ажиллаж байсан, Наталья орос үндэстэн, Ариунцэцэг орос хэл зааж байсан, Пол гадарладаг, би Свердловскод сурч байсан тул яриа оросоор ч өрнөчихнө.
Баруун-Өмнөдийн судалгаа, мэдээллийн төвийн (БӨСМТ, SRIC) Судалгааны албаны захирал Пол Робинсон гуай бол энэ ТББ-даа 1971 онд байгуулагдсанаас нь хойш 40 гаруй жил хоёргүй сэтгэлээр зүтгэсэн, байгаль орчны төлөө тууштай тэмцэгч, профессор, инженер-эколог хүн юм. Тэрбээр Монголд хэдэнтээ аялан ажиллаж, манай байгаль хамгаалагчдыг АНУ, ОХУ улсуудад сургалт семинарт хамруулан чадваржуулж, эх орон нэгтнүүдтэй маань 10 гаруй жил хамтран ажиллаж ирсэн буянтай буурал болой. Миний хувьд хоёр жилийн өмнө түүнтэй Улаанбаатарт танилцаж байсан.

Sunday, March 30, 2014

Макүчид орсон Какурю Ананд гэж хэн бэ?

2006 онд Какурю М.Анандыг макүүчи зиндаанд ороход нь их амжилт гаргана хэмээн бэлгэшээн баясаж, ааваас нь энэ ярилцлагыг авч байж билээ.

Монголын ид чадалт, эрхэм хийморьт баатар хөвүүд бол Японы мэргэжлийн сүмод хүч ухааныг сорин мандаж буй залуу бөхчүүд маань билээ. Дээд зиндаанд орж, макүчийн монголчуудын тоог 8 болгосон авъяаслаг бөх Какурю Ананд ард түмнийхээ итгэл найдварыг биелүүлж, баяр баяслыг авчирсан юм. Ананд хөвүүний аав, ШУТИС-ийн багш, профессор, доктор Ч.Мангалжалавтай хүүгийнх нь амжилт, замналын талаар хуучилснаа уншигч олондоо толилуулъя.


-Та өөрийгөө танилцуулна уу? Ямар ажил мэргэжилтэй вэ? Эрдмийн амжилт бүтээл тань юу вэ?
-Би энэ Их сургуулиа онц дүнтэй төгсгөж, эндээ багшилсаар л өдий хүрсэн хүн дээ. Хөргөлтийн техник, технологийн судалгаа, шинэ техник технологийг эх орондоо нэвтрүүлэх чиглэлийн ажлыг хийдэг. Нарны энергийг хөргөлтөд ашиглах тухай сэдвээр 1989 онд Туркменистаны Ашхабадад эрдмийн зэрэг хамгаалсан. Манай улс гадаадаас өндөр үнээр хөргөлтийн төхөөрөмжүүд авдаг, тэдгээр нь бүгд цахилгаанаар ажилладаг болохоор орон нутагт ашиглахад хүндрэлтэй зэрэг бэрхшээл тохиолддог л доо. Монголд ашиглаж болох НХТ-1,8 м2 гэдэг нарны хөргөх төхөөрөмжийг судалгаан дээрээ суурилан бүтээсэн. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дунд, жижиг төслийн тендерт шалгараад, амьдралд хэрэгжих, нэвтрэх шатандаа орсон доо.

Saturday, January 18, 2014

Улаанбаатар-Улаанбадрах: Хамтдаа тэмцэцгээе!


НЭГ

Огторгуйн түнэрт гэрэлтэх дэлгэцээр гагц урсах зам л хөвөрч, эртний хүн гал манах адил суунам. Гэхдээ аян зам ямагт амирлангуй сэтгэгдлийг төрүүлдэг. Тамын тогооноос холдон тагтын диваажин руу дэвшиж ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг. Ямар сайхан юм болов гэхэд хэлэх үг төдийлөн олдохгүй. Гэвч аялсан л болохоор дурсамжтай.
Тайлшгүй баяслыг 12-р сарын бүлээн намар шингээнэ. Дэндүү нэгэн хэвийн мэт ч давтагдашгүй өнгө үзэмжүүд цаг цагаар жирэлзэхэд гөлрөөд л баймаар. Зүүдэлсэн тал дунд хөөрхөн хот ургах нь Догмидын нутаг Сайншанд. Бас ч гэж Ар Шанд Өвөр Шанд гээд ижил хоёр бөөр шиг ихэр хотон маягтай. Улаанбаатараасаа бараг цухуйж үзээгүй надад Шанд эгэл сонин, кино жүжиг шиг санагдана.
Зуу зуун км-ээр аялах, алхлах, эх орноо гэсэн эв санаагаа нэгтгэсэн, иргэний хөдөлгөөдийн хэмээх мундаг нэр хаягтай нөхөд бид хамгийн тансаг хаад ноёдын өргөө рүү нь давхиад орчихов. Уясан гэгэлзэх сэтгэл хийлийг ураны аюулын тухай яриа тасалдуулан, аялгууны төгсгөл мэт бодит байдал амдвай…

Thursday, December 26, 2013

Улаанбаатар-Улаанбадрах: Хамтдаа тэмцэцгээе!

Цөмийн эсрэг цуглаан дээр. 2012.X.1

НЭГ

Огторгуйн түнэрт гэрэлтэх дэлгэцээр гагц урсах зам л хөвөрч, эртний хүн гал манах адил суунам. Гэхдээ аян зам ямагт амирлангуй сэтгэгдлийг төрүүлдэг. Тамын тогооноос холдон тагтын диваажин руу дэвшиж ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг. Ямар сайхан юм болов гэхэд хэлэх үг төдийлөн олдохгүй. Гэвч аялсан л болохоор дурсамжтай.
Тайлшгүй баяслыг 12-р сарын бүлээн намар шингээнэ. Дэндүү нэгэн хэвийн мэт ч давтагдашгүй өнгө үзэмжүүд цаг цагаар жирэлзэхэд гөлрөөд л баймаар. Зүүдэлсэн тал дунд хөөрхөн хот ургах нь Догмидын нутаг Сайншанд. Бас ч гэж Ар Шанд Өвөр Шанд гээд ижил хоёр бөөр шиг ихэр хотон маягтай. Улаанбаатараасаа бараг цухуйж үзээгүй надад Шанд эгэл сонин, кино жүжиг шиг санагдана.
Зуу зуун км-ээр аялах, алхлах, эх орноо гэсэн эв санаагаа нэгтгэсэн, иргэний хөдөлгөөдийн хэмээх мундаг нэр хаягтай нөхөд бид хамгийн тансаг хаад ноёдын өргөө рүү нь давхиад орчихов. Уясан гэгэлзэх сэтгэл хийлийг ураны аюулын тухай яриа тасалдуулан, аялгууны төгсгөл мэт бодит байдал амдвай…

Monday, July 22, 2013

МНН-ынхан “БНХАУ хөрш улсуудаа хүндэтгэ!” гэж шаардав

2013.7.4-нд МНН-ынхан БНХАУ-ын ЭСЯ-ны гадна мэдэгдлээ хүргэж, эсэргүүцэл илэрхийлэв. БНХАУ нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж, Бутан улсад зүй бусаар цэргээ оруулснаас гадна, ноднин Япон, Филиппин, Вьетнам улсуудтай газар нутгийн маргаан өрнүүлж, заримынх нь нутагт цэргээ оруулсан, гаргаагүй, энэ жил Энэтхэг, Тажикистан улсуудад мөн цэргээ оруулсан, Тажикистанаас гаргаагүй. Бутанд цэргээ оруулсан нэг шалтгаан нь хятад иргэдээ хамгаалах явдал гэгджээ. Тэгвэл Монголд саяхан иргэд нь Монголын ажил олгогчид бидний эрх ашгийг шамшигдуулж байна гэж жагсаал цуглаан хийсэн нь түгшүүр төрүүлэх шалтгаан юм.


БНХАУ-ын ЭСЯ-ныхан цагдаа нарт энэ хүмүүсийг явуул гэж хашхичин шаардаж, мэдэгдлийг эс хүлээн авч, төрөл бүрээр бүдүүлэг авирлаж байв. Хэвлэлийнхэн байгаагүй, цагаан хоолойгоор цагдаа нар хятадуудын жагсаал цуглааныг чөлөөтэй хийлгэснийг хэлж байгаагүй бол, тэд эсэргүүцлийн ажлыг хүч хэрэглэн таслан зогсоох байсан биз. Эсэргүүцлийн дараа тарж явахад цагдаа нар хоргоон саатуулахыг оролдож, янз бүрийн хариуцлага шийтгэлийн талаар анхааруулж байв.

Чингисхотын тухай

Бид өнөөдөр Чингис хааны нэрийг хэлэхэд айх эмээх явдалгүй болов. Цагтаа барууны залуусын сэтгэлийг эзэмдэж явсан Германы "Чингис хаан" хамтлагийн дууг соронзон тоглуулагчаар хангинуулан, цагдаагийн хажуугаар өнгөрсөн ч болно. Учир нь тэр хамтлагийн нэрийг авсан манай гол хамтлагийн тоглолтыг цагдаа нар хамгаалж байдаг цаг. "Чингис хаанд төрийн шагнал нэхэн олгоё!", "Чингисийн өргөн чөлөөнд манай ажлын газар байдаг", "Мөнх тэнгэрийн хүчин дор" сайн юмтай кино шүү. Гэхдээ гол дүр нь Ф.Кастрог санагдуулах юм. Чингис хаан Баабар шиг бага биетэй, жонгиносон дуутай, хэгжүүн ёжтой хүн байсан ч байж болох шүү дээ", "Чингис" зочид буудалд үйлчлэгч хийхсэн"... Чингис хааны нэрийг үнэхээр хэлж болох болжээ. Их Эзний нэрийг бид утга учиртай ч хэлнэ, утга учиргүй ч хэлнэ.
 Чингис хааны нэрийг хүнсний бүтээгдэхүүнтэй ч холбож байгаа нь Их Эзнийг хүндэтгэх бидний сэтгэлд хязгаар үгүйг нотлох мэт ч хязгааргүй хүслийг утга учир залж өгөх ёстой билээ.
Бид хэрэв нийслэлээ Чингис хааныхаа нэрээр нэрлэбэл харин үүн шиг утга учиртай юм үгүй гэж хэлэхээр алхам болно. Би яг л энэ тухай өгүүлэх гэсэн юм. Хэрэв бид хүсвэл нийслэлээ Чингис хааны нэрээр нэрлэж болно. Ингэж бид Эзэн Богдыгоо хүндлэх сэтгэлээ утга учиртайгаар илэрхийлж болохгүй гэж үү?

Ардчиллын өмнө ичицгээе!

Миний бие саяхан танил нэгнийд зочлон суухдаа, хэрээс хэтэрхий өндөр өсгөлүүн, хүн идэхээс буцахгүй байрын зэрлэг нохойд нь бариулах дөхөж билээ. Гэрийн эзэн, адгуус нөхрийнхөө эрдэм чадал, гоо үзэсгэлэнг надад үзүүлэх сонирхолтой байдаг. Гэтэл нөгөө махчин мангас нохой нь байсхийгээд л хар хур хийн над руу улангасна. Эзнийгээ хоолой өндөрсгөхөд л эл нохой зочныг дайсан гэж үзэн ядаж, галзуурсан мэт уухилан амьсгаадаж, тогтож ядах нь аймшигтай. Бэмбэгнэн суух хэцүүхэн уулзалт миний хувьд нэгээр хязгаарлагдсангүй.
Нэгэн том сонины редакцид сууж байтал олонд цуутай (өрөвч энэрэнгүй сэтгэлийн үүднээс нэрийг нь энд бичсэнгүй) найрагч хаалга саван орж ирэв ээ. "Битгий солиор! Та нар шиг юмнуудыг цөмийг буудна!" хэмээн үсчиж, харааж, элдэвлэж гарах нь тэр. Цуутай зартайгий нь бодоод танил маань шууд хөөлгүй, ярилцаж ойлголцох гээд үзлээ.

Аугаа их найрамдлын тухай бичих цаг

... Өнөөдөр монгол-зөвлөлтийн бус япон-монголын найрамдлын тухай бичих цаг аа. Оросоос хөндийрсний дараа бидэнд найрамдал сүрхий дутагдах шинжтэй байтал найрамдалтай дахин золгох нь тэр. Шагналын сюрпризүүд. Шидтэн болж хувирах үзэгдлийг хөгжмийнхөн эхлэв. Японы тайзад зориулсан «Чингис хаан» псевдонимыг хүртэл бодож олсон «Соёл эрдэнэ», кинонд өөрөө өөрийнхөө дүрийг тоглох хүртлээ алдаршсан (Битлз шиг) Оюунтүлхүүр, «экспортын тусгай» «Блек волф», ер нь бараг хэн ч байсан тэнд Фурор! Зураачид, киночид, жүжигчид , сэтгүүлч зохиолчид, түүх, хэлнийхэн ч амжилт олов. Зохион бичлэг хийх чадвартай хүүхдүүд ч гэсэн. Монголчууд ийм авьяаслаг гэдгийг бид мэдээгүй явжээ. Урьд өмнө байгаагүй найрамдал. Өмнө бид хэзээ ч Зөвлөлтийн тухай сэтгүүл гаргаж байсангүй. Харин оросууд л «Зөвлөлт Холбоот Улс»-аа монгол хувилбараар, «Октябрийн туяа»-г зөвхөн манай уншигчдад зориулан гаргаж байв. Улаанбаатараас бол «Монголия»-г илгээн хариу барина. Тэгтэл Японы тухай хэвлэлүүд болох «Сакура», «Моничи Шимбүн»-ий талаар юу хэлэх вэ.
Хэдийгээр ТУХН-ийн бүрэлдэхүүнд багтвал илүү дөхөмтэй ч Японтой конфедераци байгуулах тухайд бол зоригтой дуугарч байна. 1919, 1930-аад онд монголчууд Японтой хоёр ч удаа улс төрийн хэлхээ холбоотой болж байсан нь Нармай Монголын асуудлаас үүдсэн. Энэ удаа санаачилгыг буриад, өвөрлөгч нар бус ар монголчууд авсан хэдий ч, Нармай монголыг бус, Нармай... Хэн бүхэн л «Японы бизнес» хийх гэж ухаан сийлнэ. Японоос бүхий л боломжийн тусламж, санхүүжилт дэмжлэг урсах ажээ. Япончууд бүр регрессив төсөлд хандивлахад хүрснээс олон хэт хуучинсагчууд үзэл суртлын шинэ тулгууртай болж японы консервлогдсон архаизмуудыг жишээ болгон номлох болов. Энэ найрамдлын хөдөлгүүр юу вэ? Найз маань «Хамаг олигтой охид хүүхнүүд Япон руу алга боллоо. Дархиа, Оюунтүлхүүр, Куланда, Галсан найрагчийн охин Амарсайхан, Цэцэгсайхан...» хэмээн хошигнож байж билээ. «Саппород учирсан Цэцэгсайхан охион гэж...» хэмээн нэгэн сэтгүүлч маань сүүрс алдсан. Хүчтэй найрамдал.

Бат-эрдэнэ л биш бол болоо

шог эвлүүлэг

-Та хэнийг сонгох гэж байна даа?
-Бат-Эрдэнэ л биш бол, хэн ч юу ч байсан яах вэ?
-Яагаад тэр вэ?
-Бат-Эрдэнэ чинь нэг муу бөх. Хэн ч бөх барилдаж чадна шүү дээ. Харин ерөнхийлөгч болж бол хэн ч чадахгүй.
-Бөх гэдэг тийм муу гэж үү?
-Юу муу гэж үү гэж? Бөх гэдэг чинь бөх л байхгүй юу даа. Хэрвээ тийм биш сэн бол бөхийн барилдаан биш ерөнхийлөгчийн барилдаан гэж нэрлэнэ биз дээ. Бөх гэдэг чинь ерөөсөө их амархан гэж байгаа юм. Нэг бөөн хар мах байхад л өөр нэг бөөн хар махыг бол тэгээд л унагачихдаг гэж байгаа.
-Ухаанаар барилддаг юм шүү дээ.
-Ха ха чи бүр элэг хөшөөгөөд хаячихлаа. Яаж ухаанаар барилдах вэ дээ. За алив чи наанаа хөдөлгөөнгүй суугаад ухаанаараа намайг унагаагаадах. Чадахгүй ш дээ. Юмыг чинь ухаанаар хийдэггүй л байхгүй юу. Хар бяраар, хар махаар хийдийм, за.

Израилийн талаарх бидний төсөөлөлд үнэн юм бий юу?

Палестиний арабуудыг израильчууд биш, арабчууд дүрвүүлсэн

Израилийг үзэн яддаг, жигшдэг хүмүүс дэлхий даяар олон бий. Тэд Араб, Палестиний газар нутгийг булаан эзэлж, хүн ардыг нь зовоож байна л гэдэг. Хамаг муу муухайг үйлдэж, даян дэлхийг атгаж байна ч гэх шиг. Манай зарим сэхээтэн еврейг үзэн ядах үзэл буюу антисемитизмд автаж, хүн төрөлхтний түүхийн хог болсон “Сионы мэргэдийн протокол” зэрэг шар сонины хамгийн муу зохиомол дуулиан шуугиануудыг туйлын үнэн хэмээн сүсэлж, амтархан уншиж судалж байна.
Гэвч Израилийн эсрэг элдэв мэдээлэлд үнэн зүйл бараг л байхгүй дээ. Тэд бол хүүхдэдээ 3 настайд нь бичиг тоо зааж өгдөг, эрдэм ухааныг эрхэмлэдэг, шашинд нь “еврей бол Бурханы сонгосон ард түмэн” гээд заачихсан, оюунлаг учраас их амжилтад хүрч, атаархал хорслыг төрүүлдэг ийм л ард түмэн. Еврейчүүд шиг ухаантай, оюунлаг болохыг хэн ч хориогүй. Еврейг хавчиж хяхсанаар ухаантай болохгүй, улам л дорддог. Нэгэн аугаа антисемит сүүлдээ сэтгэл мэдрэлийн хүнд өвчтэй болсон жишээ бий.

Сая саяар доллар цацаж Н.Энхбаярын эсрэг өнгөт хувьсгал хийлгэсэн?

Тэд Б.Бат-Эрдэнэ зэрэг улс төрчдийг онилж мэднэ

2000-аад онд Серб, Гүрж, Украин, Кыргызстан, Беларусь, Орос зэрэг олон оронд өнгөт хувьсгал гэх үйл явдлууд болсон билээ. Эхний 4 оронд төр засаг нь солигдсон. Тэр орнууд илүү ардчилсан, шударга болсон уу гэвэл огт үгүй юм. Гагцхүү барууны улсуудын хувьд илүү таатай л болсон.
Сербэд коммунист дарангуйлагч Милошевич унасан ч, авлигажсан тогтолцоог бүтээгч, бэртэгчин Коштуница гарч ирсэн. Гүржид популист, хий хоосон уриа лоозонгоор ард түмнээ тэтгэгч, Америкийг туйлшран бишрэгч Саакашвили. Украинд улс орноо ууж идэхээс өөрийг боддоггүй хомхой сувдаг, эртний олигарх Ющенко. Кыргызстанд галзууран даврагч, алтан хөзрөөр наадагч, ухаангүй алхмуудыг хийгч Бакиев. Тэд бүгд он удаан жил ноёлсон, посткоммунист дарангуйллыг унагасан, Гүржид Зөвлөлтийн гадаад яамны сайд асан Шеварднадзе, Украинд улаантан Кучма, Кыргызстанд мөн л коммунист номенклатурч Акаев унасан билээ л. Одоо энэ дөрвөн ардчилагч бүгд шившигтэйгээр түлхэн унагагдаад байна. Сүүлийн 3 оронд нь анти-өнгөт эргэлтүүдийг Орос ихээхэн оролцож байж хийлгэсэн.

ЗХУ-ын дэлхийг эзлэх төлөвлөгөөг нураасан хоёр аймшгийн архичин

Ард түмэн, олон нийтэд нөлөөлөх арга янз бүр байдаг. Гэхдээ ухаантай хүн ухаалгаар олон нийтийг удирдаж чаддаг уу? Энэ бол тун эргэлзээтэй юм. Мэдээж хэрэг, ухаантай, оюунлаг хүмүүс хүн амынхаа асрын асар өчүүхэн хувийг эзэлдэг. Тэгэхлээр тэр хүмүүсийг олон нийт ойлгох нь амаргүй. Олон нийт өөрсөдтэйгөө л адил, ойролцоо хүнийг сонгох чиг хандлагатай. Массын оюун санааны харьцангуй сул. Ардчилал ч, дарангуйлал ч энэ масс дундаас оюунлаг удирдагчийг гаргаж ирэх ямар ч баталгааг өгч чадахгүй. Энэ бол том эмгэнэл бөгөөд нийгэм сайдсан ч, муудсан ч мөхөл рүү явчих гээд байдаг. Ард иргэдээ дээд зэргээр хайрлаж халамжилдаг гэх нийгмүүдийн удирдлага нь олонхийн дур хүслийг хэрэгжүүлэх бичиг цаас л үйлддэг диспетчерүүд болж хувирсан байдаг агаад, тэдэнд удирдаад байгаа юм үнэндээ үгүй. Терминатор л хэлсэн болохоос “Хүн төрөлхтөн бол өөрийгөө устгах механизм” гэдэг үнэний хувьтай.
Нэгэнтээ олон нийт Айнштайныг сонгоод дагаад явахгүй нь ойлгомжтой тул энэ их хоосон орон зайн дээр зальтан мэхтэн хүмүүс гарч ирж, олон нийтийг мэхлэн толгойлж явах боломж их. Ташрамд, оюунлаг хүмүүс илүү их оюуны өндөр төвшин рүү тэмүүлэхээс бус, бага төвшин рүү буюу масс руу тэмүүлдэггүй, тэднийг удирдах, тэдэнтэй ажиллахыг төдийлөн хүсдэггүй болно. Айнштайныг Израилийн удирдагч болооч гэхэд татгалзсан байдаг.

Бурхан Цэнгэл гэх буянтай хүн олон хоног өлсгөлөн зарлаад үхэх гэж байна

Өвөр монгол Цэнгэл гэх үйлтэй хүн Монголд нэг байна. Тэрбээр 90-ээд онд хятадуудад хавчигдан, Монголд орж ирсэн. Бизнес эрхлэх гэтэл хулгайч луйварчдад хавчигдаж олигтой юм болоогүй. Өвөр монгол хүнийг дээрэмдчихээд, “дээрэмдүүлэв” гэж гүтгэдэг новшийн аргад нь өртөж, хоригдож, шүүгдэж байсан ч, аль аль тохиолдолд цагаадаж байв.
Монголд өвөр монгол хүн бол хүн биш, хятад хүн бол бурхан. Тиймээс өвөр монголчуудын хувьд Монголд амьдрах ганц л арга зам бий. Энэ нь орчуулагч хийх.
Мань Цэнгэл орчуулгаа хийхийн сацуу, боловсролоо дээшлүүлж, түүхийн ухааны доктор хамгаалах гэж байв. Тэдний гэрт хогшил гэвэл, хааяагүй хураасан ном л байдаг. Тиймээс эхнэр хүүхэд ч байхгүй. Хэнтэй ч хамаагүй яриад суучихдаг найрсаг зантай, далай их мэдлэгтэй. Монголын сэхээтнүүд дунд түүнийг танихгүй хүн ховор. Бүгд л түүнээс юм асууж, эрдмийн туслалцаа авч байдаг. Одоо харин бүгд түүнээс зугтаад, нэг том албан тушаалтан найз нь хамгаалах байтугай, танихгүй мэдэхгүй гэж хүртэл солиороод байгаа болохоос.

Хятадад элэгтэй ерөнхийлөгч сонго гэх далд санаагаар жагсаагүй биз?

Монгол улсын хамгийн их эрх ямбатай давхаргынхан бол хятадууд билээ. Монголд дарга нар ч тайван амгалан суухын аргагүй. Өнөөдөр хагарч тэсэртлээ идэж уугаад, хорвоо мөнх юм шиг мунхаглаад явж л байна, маргаашийн сонин дээр тэр дарга хоригдлоо гээд л гараад ирдэг.
Гэтэл хятадууд л ямар ч ял зэм хүлээдэггүй. Тэдний цалингийн төвшин монголчуудынхаас 5-10 дахин их. Энд би төвшин ярьж байна шүү, хэмжээ яриагүй. Нэг хятад барилгачин 1 сая төгрөгийн цалин авч байхад НИТХ-ын төлөөлөгч 3 саяын цалин авдаг. Үүнийг мэдэн будилж болохгүй юм. Хэрэв тэр хятад иргэн манай НИТХ-ын төлөөлөгч болбол 15-30 сая төгрөгийн цалин авах ийм л нийгэм. Яг адилхан ажил хийчихээд тэнгэр газар шиг ялгаатай цалин авахыг цалингийн төвшингөөр илэрхийлж ярьж байна.
Гайхалтай нь тэрхүү хятадууд цалин бага байна гэж саяхан жагслаа. Гадаад яамны гадна баахан жагссанаа, ЭСЯ дээрээ очиж үргэлжлүүлэв. ЭСЯ нь тэднийг урьж оруулав. Энэ одоо юу болж байна вэ?

Хоёр толгойт

шог өгүүллэг

Эрхэм сайд Дорноговийн Улаанбадрах гэж эрүүл байгальтай, саруул уугуултай хачин сайхан газар байна гээд байхаар нь очоод жаахан шоудчихсан чинь хоёр толгойтой болчихов. Улаанбадрахад ч гайгүй байсан, Улаанбаатарт тийм биш юмаа. Хүн болгон эвэртэй туулай үзсэн юм шиг эргэж хараад. 1930-аад оны үед эрдэмтэн Шопе гэдэг хүн анх эвэртэй туулайг судалсан агаад энэ бол үнэндээ вирусаар үүсгэгддэг ур юм. 80-аад онд Индонезийн Деде хүүд Шопегийн ур ургаж, хүн-мод гэгдэх болсон. За энэ ч яахав.
Тархи хүний хэрэглэж буй хүнсний 1/3-ийг залгидаг. Хоёр тархитай болсон тул сайд 323 сая байтугай долларыг идэж ууна, сүүлдээ ачааллыг дийлэхгүй давсаг сулрав. Энэ нь хоёр толгойтлоос ч бэрх зовлон аж. Идэх яах вэ, гаргах гэж ирмүүн асуудал байна, наана чинь.
Эмнэлэг домнолгоор явъя гэж шийдлээ. Эрүүл мэндийн даатгал авах гэтэл нүүсээн гэх. Тэр газар нь очиход бас нүүж. Ураны хайгуул хийдэггүй л байлтай. Асуусан сурсныг нь хүмүүс шал буруу зааж өгөх юм. Хаашаа ч болчихсон юм. Тэмээг ямаа гээд л заагаад өгчихнө. Уг нь зүг чиг гэж нэг л байлтай. Орчлонгийн зүг, хорвоогийн зүг юу юу ч гэнэв. Зүг чигийн баримжаагүй, мэддэг хүн байхгүй болчихож. Ядаж байхад хоёр толгой нь орчлонгийн зүгээр явъя, үгүй ээ хорвоогийн зүгээр явъя гэж зөрөлдөөд. Танилцаж ч амжаагүй байж хэрэлдээд унах толгойнууд юм, үгүй энэ монголчууд чинь юу болчихов.

100 гаруй хятад модоор зэвсэглэн, монголчуудыг зоджээ

10 гаруй монгол хүн хүнд гэмтэж, нэгнийх нь амь дээсэн дөрөөн дээр байна

Өвөр Монголын Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошуунд монгол, хятад хүмүүсийн хооронд мөргөлдөөн гарчээ. Үнэндээ бол хятадууд хүний олноор түрээ барин, монголчуудыг зодсон юмсанж.
Өвөр Монгол дахь хэрэг явдал XIX зууны колоничлолын байдлыг олоод байгаа билээ. Тэр үед колоничлогчид шууд л нутгийн ард иргэдийн нутаг баялгийг хүчээр дээрэмддэг, хүн зоныг амьдрах аргагүй болгон сөнөөж, эсэргүүцвэл харгисаар нухчин дардаг байсан. Өвөр Монголд яг л тийм байж ирэв гэхэд болно.


Баруун Үзэмчин хошууны монголчуудтай хятадууд газрын маргаан гаргаж, булааж авахыг оролдох болжээ. Монголчууд үүнийг зөвшөөрсөнгүй. Тийм учраас хятадууд 100 гаруй хүнээс бүрдсэн зэвсэгт бүлэг байгуулж, таарсан бүхнийг зодож занчин хөөх харгис ажиллагаа явуулсан байна. Урт мод барьсан тэд өөдөөс нь тэмцэлдсэн 10 гаруй монгол хүнийг ухаан алдаж үхэтхийн унатал балбаж нүдсэн агаад, тэд хүнд бэртэж, ялангуяа нэг залуугийн амь дээсэн дөрөөн дээр байна.

Социализмын үед Монголыг Хятадад нэгтгэх нууц байгууллага амжилттай ажиллаж байв

Уг байгууллагыг байгуулсан хүн сэжигтэйгээр тархи нь устан, Хятадад үхсэн

Нэгэн их мэдэгч хүмүүн сонин үүх түүх ярьсныг сийрүүлвэй :
“1980-аад оны эцсээр Монголд Хор…-ын холбоо гээч байгууллага байгуулагджээ. Тэр нь ...-р сургуулийн ойролцоо байрлаж байсан гэдэг. Тус байгууллагыг хожим нь ерөнхий сайд болсон нэг хүн удирдаж, хожим сайд болсон … гэдэг хүн орлож байж.
Энэ байгууллага үүсэнгүүт л, хятадууд эндээс салахаа байжээ. Мөн манай “социалист” дарга нар салахаа байсан аж. Хятадууд: “Танай манай улсууд найрамдалтай сайхан явбаа. Хамаагүй ваа. Хоёр улсын хамтын ажиллагааг дэмжих танай нам төрийн ажилтнуудыг манай улс өндөр үнэлваа, үнэгүй аялуулваа, харж үзваа” гээд л дайлж цайлдаг, ятгаж сэнхрүүлдэг, бэлэг сэлтээр булдаг байж. Ийнхүү манай дарга нар хятадуудын атганд яг л Манжийн үед монгол ноёд бэлэг сэлт, уран үгэнд автан атганд нь ордог байсан шиг орж эхэлжээ. Тэр байгууллагад авдар авдар гоё сайхан, үнэтэй цайтай бэлэг овоолоостой байдаг байсан байж.

Монголын “фашистууд” улс төрд хүч түрэн орж ирсээр

Тэд нам байгуулан нэгдэж хүчирхэгжих гэж буй гэнэ

Монголын улс төрд фашизм, неонацизм хүчтэй нэвтэрч байна гэж судлаачид үзэж байна.
МАХН Шударга бус аяны гэрээг 3-р сарын 18-нд байгуулсан. Олон нам, хөдөлгөөн үүнд нэгдлээ гэж байсан ч, хэдхэн хөдөлгөөн нэгдсэн. Тэдгээр хөдөлгөөдийн төлөөллүүдийн голд СС-ийн штандартенфюрер Мюллерийн дүрэмт хувцсыг захиалан хийлгэж өмссөн нэгэн залуу ихээхэн гол байр суурь эзлэн байсан билээ.
Тэрбээр “Талын цөөвөр чоно” бүлхэмийн тэргүүн Эрхэмбаяр бөгөөд, МАХН-ын үйл ажиллагаанд эхнээс нь идэвхтэй оролцсон.
Н.Энхбаярыг баривчлах үед бүлхэмийнхээ нөхдийн хамт хамгаалан, улс төрийн од болсон болно. Өдгөө Удвал ерөнхийлөгчид нэр дэвшин, монголын эмэгтэйчүүдийн саналыг ихээр аван, ялах ч магадлалтай байгаа. Чингэвээс энэ залуу тамгын газрынх нь дарга буюу үндсэндээ дэд ерөнхийлөгч болох нягууртай аж.
Хатагтай Удвал ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа неонацистуудын сүрт парад, зогсоцоор чимэх хувилбарыг ч анхааран ажиллаж буй гэнэм.
Дүү намаасаа яаж дутахав гэсэн шиг МАН ч неонаци нартай идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Ялангуяа Н.Энхбаярын үед. Н.Энхбаяр бол “Хөх Монгол” бүлхэмийн загалмайлсан эцэг гэхэд болно. “Даяар Монголтой” ч тэр хамтран ажиллаж байсан. Н.Энхбаяраас хойш ч МАН-ынхан зарим иргэдийн хөдөлгөөдийн арга хэмжээг алсаас удирдахдаа хас-залуусаар хамгаалуулдаг байсан.

Ерөнхийлөгчийн сонгууль гэж, бүгд дүрээ хуваагаад авчихсан жүжиг?

2009 оны хувилбар давтагдаж, аварга дэмжигчгүй болох нь үү дээ?

Ерөнхийлөгчийн сонгууль гэж аймшгийн жүжиг болох нь уу хэмээх хүн ард айн түгшиж байна.
МАН хамаг намыг халаасандаа хийж байж сонгуульд орно хэмээн нэгэнтээ тодрон томорсон байдаг. Ингэж эрдэж бардаж байхын оронд эцээхэн оролдож чармайх хэрэгтэй байжээ. Харин ч АН үүнээс сэдэв авч, хамаг намыг хармаалж эхлэв.
МАН одоохондоо хэдхэн намыг талдаа татаад байгаа аж. Харин АН бол хажууханд нь тоос сорогч шиг л ажиллаж байна. ИЗН-ын С.Оюуныг нэр дэвшинэ гэж олон хүн санаж байсан ч, хагарал бутралдаа идэгдээд хэцүү байгаа энэ намынхан эрх баригч гол намыг бараадахгүйгээр өөдлөхөөн байсан бололтой, дэмжихээ мэдэгдэв. МҮАН М.Энхсайхан Шударга ёс эвслийнхээ байр суурийг ч харгалзахгүй, дэвшинэ барина гэж худлаа гүлдийн, таваарлаг чанараа тааваараа дээшлүүлэн тарвалзаж Таван толгойгоос том бялуу хүртэж, өөр бялуунуудыг амлуулсныхаа дараа “Элбэгдоржийг дэмжихийн учир” гэх улс төр-улиг домгийн том тууж роман бичиж, туушиндан умшсан болоод дэмжихээ дэндүү ихээр мэдэгдэв. Залхаасан гэхэд болно.
Манийг гаргавал АН-ыг дэмжинэ, манийг эс гаргавал МАН-ыг дэмжинэ гэсэн мааны кааш хутгаж зуурсан Н.Энхбаяр дээр архидан согтуурч, хордон хохимойтсон өрсөлдөгч нь үүр цүүрээр, хулгайгаар орж ирж учрахдаа тохироо хийжээ. Энэ тохироо хийгдсэний дараа, Архангайдаа ч авсан санал нь гавих юмгүй Удвалыг гаргаад ирсэн байгаа юм. Шавар дундаас удвал цэцэглэнээ гэдэг. Гэхдээ энэ үгийг хэт туйлшран биширч хэрэггүй юм.