Wednesday, October 22, 2008

Үндэсний их эвлэрлийг тогтоох уриалга


7.1-ний үйл явдлаас хойш улс оронд эвдрэл хагарлын уур амьсгал арилсангүй, нэг намживч, нэг хурцадсаар байна.
Миний бие монголчуудыгаа талцан бутрах вий гэж зовнисондоо, 7.2-нд бичсэн (7.9-нд нийтлэгдсэн) өгүүлэлдээ Үндэсний их эвлэрлийг тогтоох хэрэгтэй гэсэн санаачилгыг дэвшүүлж, бүх нийтийн гашуудал зарлах, 7.1-ний үйл явдалд оролцсон хүмүүсийн хэргийг шүүхийг хойшлуулах, “7.1-ний үйл явдалтай холбогдсон өршөөлийн хууль” гаргах, дахин сонгууль явуулах гэсэн 4 арга хэмжээг Үндэсний их эвлэрлийн хүрээнд хэрэгжүүлбээс зохилтой хэмээн томъёолсон билээ.
Тухайн үед би хүний амь нас эрсэдсэн, олон хүнийг хоморголон баривчилсан зэргээс үүдэн ахин дургүйцэл өрнөж, хүчирхийлэл гарах вий хэмээн түгшиж, дээрх арга хэмжээнүүдийг санал болгож байсан. Саналыг маань дэмжсэн үү, аль эсвэл адилаар сэтгэсэн үү, түүнээс хойш Үндэсний эвлэрэл, Өршөөлийн хууль хэрэгтэй гэсэн дуу хоолой их сонсдох болсоон. Ямар ч атугай нийгэмд хэрэгтэй зүйлийг дэвшүүлсэн минь тодорхой.
Улс төр, мэдээллийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулж, миний бие 7.24-нд бичсэн (8.4-нд нийтлэгдсэн) өгүүлэлдээ Үндэсний их эвлэрлийг шинээр томъёолсон. Түүнийгээ тусгай уриалга болгон олон нийтэд хүргэж байна. Үндэсний их эвлэрэл тогтоохын тулд:
1-рт, нийгэмд ноёлж буй, хардлага сэрдлэг, хавчилт хяхалт, мөрдөлт мөшгилт, хорьж цагдалт, айдас түгшүүрийг дагуулсан хагас онц байдлыг арилгах;
2-рт, 7.1-ний үйл явдалтай холбоотойгоор амь насаа хөнөөлгөсөн гэмгүй иргэдийн дурсгалыг хүндэтгэн, бүх нийтийн гашуудал зарлах;
3-рт, улс төрийн хэлмэгдүүлэлтийг таслан зогсоохын тулд, “7.1-ний үймээн самууныг дэмжсэн” гэж баривчлагдан, одоо хоригдож байгаа болон гадуур шалгагдаж байгаа хүмүүсийг хүний амь насыг хөнөөсөн, анх гал тавьснаас бусад тохиолдолд “улс төрийн байр сууриа илэрхийлсэн” гэж үзэн цагаатгах “7.1-ний үйл явдалтай холбогдсон цагаатгалын тухай” хуулийг тогтоон хэрэгжүүлэх;
4-рт, 7.1-ний үйл явдлын үеэр болон, хожмын нөхцөл байдлуудтай холбоотойгоор, хариуцлагыг ноцтой алдах, эрх мэдлээ урвуулан ашиглах гэх зэрэг хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн төрийн албан тушаалтнуудад хуулийн хариуцлага хүлээлгэх (гэмгүй иргэдийг буудан хороосон, зодож тамласан, эрүүдэн шүүсэн, хүчээр хэрэг хүлээлгэсэн, хоморголон баривчилсан, хэлмэгдүүлэн хорьсон, гүтгэн гүжирдсэн, хагаралдуулан бутаргасан, талцан сөргөлдөх замаар өдөөн хатгасан г.м. олон ноцтой гэмт хэрэг гарсан, зарим нь одоо ч гарсаар байна);
5-рт, өндөр урамшил амлаж, дээрх 4-р зүйлд заагдсан гэмт хэргүүдийн талаар мэдээлэл цуглуулж, гэм буруутнуудыг тодруулах;
6-рт, улс төрийн цагдаа буюу жандармерийн үүргийг ихээр гүйцэтгэх болсон цагдаагийн байгууллагыг өөрчлөн байгуулах юм уу, татан буулгаад шинэчлэн байгуулж, хууль ёсны үүргийг нь гүйцэтгүүлэх;
7-рт, УИХ-ын сонгуулийг дахин явуулах;
8-рт, худал хуурмаг, гүжир гүтгэлгийн чанартай суртал ухуулга явуулах; ард түмнийг хагаралдуулах, турхирах, үзэн ядалцуулах, нийгмийн уур амьсгалыг тогтворгүй болгох, хонзогнолд өдөөн хатгах; хэвлэлүүдийг хууль бус орлогоор санхүүжихэд хүргэх, захиалгат материал гэдгийг тодотгуулалгүй уншигчдыг хуурч мэхлүүлэхээр албадах, цензүрдэх зэргээр олон хуулийг зөрчиж, улс үндэстний эрх ашигт ноцтой хохирлыг учруулж буй МАХН-ын ХМА-ны үйл ажиллагааг зогсоож, хуулийн хариуцлага оногдуулах шаардлагатай байна.
Дээрх 8 зүйлийг хэрэгжүүлэхийн төлөө олон нийт, төр, намууд, ТББ, нийгмийн янз бүрийн салбарын нэр хүндтэй зүтгэлтнүүдийг хамтран ажиллаж, хагарч бутарсан эх орондоо Үндэсний их эвлэрлийг тогтоохыг монгол хүмүүний итгэл сэтгэлээсээ уриалж байна!

Чөлөөт сэтгүүлч Ч.Мөнхбаяр
2008.08.05

No comments: