Thursday, October 23, 2008

Уриалга


“Цагаатгах тухай” хуулийг гаргуулан хэрэгжүүлцгээе!


7.1-ний үйл явдлаас хойш нийгэмд буй болсон сөрөг уур амьсгал, тогтворгүй, эрсдэлтэй нөхцөл байдал өдийг хүртэл хадгалагдсаар ирэв. Хоморголон баривчилсан хүмүүсээ өмгөөлөгч, гэрчгүйгээр; эрүүдэж, дарамтлан шүүж гаргуулсан мэдүүлгийнх нь л үндсэн дээр; хууль бусаар; ямар ч хөнгөвчлөх хүчин зүйлийг авч үзэлгүйгээр; хүн нэг бүр 7.1-ний үйл явдлын гол буруутан мэт хандаж; бөөн бөөнөөр нь яаравчлан яллаж эхэлсэн нь нөхцөл байдлыг улам хурцатгаж, ардчиллын үйл явцыг үлэмж ухрааж, Монгол улсын нэр хүндийг дэлхийн тавцан дээр унагаж, 1937 оныхоос өөрцгүй, хүн ардынхаа эрх, хувь заяаг улан дороо гишгэн талхчисан, өргөн хэмжээний жинхэнэ хэлмэгдүүлэлт болон хувираад байна.
Монгол төр гэж байгаа бол хэлмэгдүүлэлтээ зогсоох, ухаарах сэхээрэх цаг нь болжээ. Өнөөдөр юуны өмнө, 7.1-ний үйл явдалтай холбогдсон “Цагаатгах тухай” хуулийг гарган, хэрэгжүүлэх шаардлагатай болоод байна.
Миний бие 7.2-нд бичсэн (7.9-нд нийтлэгдсэн), Үндэсний их эвлэрлийг тогтоох хэрэгтэй гэж уриалан, үүний тулд 4 арга хэмжээг эвлэрлийн хүрээнд хэрэгжүүлбээс зохилтой хэмээсэн өгүүлэлдээ 7.1-ний үйл явдалтай холбогдсон “Өршөөлийн тухай” хууль хэрэгтэй гэсэн саналыг анхлан дэвшүүлсэн билээ. 7.24-нд бичсэн (8.4-нд нийтлэгдсэн) өгүүлэлдээ Үндэсний их эвлэрлийг шинээр томъёолсныгоо, 8.5-нд тусгай 8 зүйлт уриалга болгон гаргаж (8.9-нд нийтлэгдсэн), түүн дотроо “7.1-ний үйл явдалтай холбогдсон Цагаатгалын тухай” хуулийг гарган, хэрэгжүүлэх санаачлагыг дэвшүүлэх зэргээр эвлэрлийн үйлсэд хувь нэмрээ оруулж ирэв.
Гэмт хэрэг үйлдсэн нь хууль ёсоор бүрэн тогтоогдоод ялаа эдэлж байгаа этгээдийг өршөөдөг болохоос; хоморголон баривчлагдаад гэм буруу нь бүрэн тогтоогдоогүй, хэргийн бүрдэлгүй атлаа хууль бусаар яллагдсан иргэдийг өршөөнө гэвэл зүйд нийцэхгүй гэдгийг тэгэхдээ дурдсан. Өршөөх аваас; хууль бусаар ялласныг, гэм буруутайг хүлээн зөвшөөрсөн хэрэг болно. Тэднийг гагцхүү цагаатгах хэрэгтэй.
Тэгж байж л Үндэсний эвлэрэл тогтох учир, “Цагаатгах тухай” хуулийг дорхи төсөл, үзэл санааны дагуу тогтоож хэрэгжүүлцгээе.

“Монгол Улсын Хууль
Цагаатгах тухай

Нэгдүгээр бүлэг
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь “7 дугаар сарын 1-ний үйл явдал”-тай холбогдон яллагдсан, сэжиглэгдэн шалгагдаж буй иргэдийг цагаатгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хуулийн үндэслэл

2.1. Энэхүү хууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Цагаатгалын тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль дээр үндэслэнэ.

Хоёрдугаар бүлэг
Цагаатгах хэлбэр, хүрээ

З дугаар зүйл. Ялаас өршөөн хэлтрүүлж цагаатгах

3.1. “7 дугаар сарын 1-ний үйл явдал”-ын үеэр (7 дугаар сарын 2-нд бүрэн таслан зогсоогдох хүртлээ үргэлжилсэн нь хамаарна) гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдсан иргэдийг ялаас өршөөн хэлтрүүлж цагаатгана.

4 дүгээр зүйл. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах

4.1. “7 дугаар сарын 1-ний үйл явдал”-ын үеэр гэмт хэрэг үйлдсэн гэж сэжиглэгдэн шалгагдаж буй иргэдийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгана.

5 дугаар зүйл. Цагаатгахад хамааруулахгүй тохиолдол

5.1. “7-р сарын 1-ний үйл явдал”-ын үеэр дорхи гэмт хэргүүдийг үйлдсэн нь хууль ёсоор бүрэн тогтоогдсон тохиолдлуудыг цагаатгахад хамааруулахгүй:
5.1.1. Хүний амь насыг бүрэлгэсэн;
5.1.2. Хүний эрүүл мэндэд санаатайгаар биечлэн хүнд хохирол учруулсан;
5.1.3. Төрийн албаны хариуцлагыг алдах, эрхийг урвуулан ашиглах хэргийг хүний эрх, эрүүл мэнд, хууль ёсонд хүнд хохирол учруулан үйлдсэн.

Гуравдугаар бүлэг
Хууль хүчин төгөлдөр болох

6 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох хугацаа

6.1. Энэ хуулийг ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Монгол Улсын Их Хурлын Дарга”

“Цагаатгах тухай” хуулийг гаргуулан хэрэгжүүлэхийн төлөө, 1937 оны хэлмэгдүүлэлтийг давтагдуулахгүйн төлөө тэмцэхийг ард түмэн, улс төр, төрийн зүтгэлтнүүддээ уриалж байна.
Монголчууд бидний эрүүл ухаан ялах болтугай!

Чөлөөт сэтгүүлч
Ч.Мөнхбаяр
2008.10.22

No comments: